Би эмэгтэй хүн

2015 оны 10 сарын 04

Би, бид эмэгтэй хүн. Хэн нэгнийг хайрлах гэж, хэн нэгнээр хайрлуулах гэж ирсэн хайрын эрэлч. Энэ уг нь ойлгоход тийм айхтар хэцүү, нарийн түвэгтэй зүйл биш. Гэвч эрчүүд “Учир нь ойлгогдохгүй хэцүү хүмүүс” гэж биднийг тодорхойлдог нь жигтэй. Тэгэх тусам нь бүр ч учир битүүлэг зан гаргаад, адраад баймаар санагдах үе цөөнгүй.

Аргыг нь олоод, ая донжийг нь тааруулаад хайрлаж чадвал эмэгтэй хүн хамгийн сайхан, хамгийн сэтгэл татам, хамгийн үнэнч, хамгийн урт наст цэцэг байсаар л байна. Санаанд оромгүй өчүүхэн зүйл ч бүсгүй хүнийг нулимстай инээлгээд тайтгаруулж орхидог хойно. Хавар шиг эмзэг, намар шиг ихэмсэг бидний л ертөнцийн сэтгэлийн байгаль.

Хааяа хүссэн ч, эс хүссэн ч эрчүүдийн аясаар өнгөө хувирган, улирлаа өөрчилдөг гэнэхэн. Ийм л үед хэн ч итгэхгүй үлгэр зохиож, төгсгөлд нь өөртөө зориулан алга ташмаар, хэнд ч итгэхгүй аж төрж, эцэст нь өрөөлийн төлөө ганц хундага тогтоомоор санагдах. Бас хэн рүү ч очиж болох, хэдийд ч буцаж мэдэх, хэнийг ч орхиж болох, хэзээ ч эргэж ирж чадах тунгалаг эрх чөлөөг хүсэх. Ай, таалал минь. Тайрах тусам ургах тас хар хүсэл минь.

Ердөө л хайрлахын төлөө, хайрлуулахын тулд шүү дээ. Хайрын төлөө сэтгэлээ хэдэнтээ эмтэлж, зүрхээ олонтаа сийчүүлдэг эмэгтэйчүүдийг мөнөөх хайр нь ихэнхдээ сул дорой болгож буйд сүүлийн үед үнэхээр дургүй хүрэх юм. Эмэгтэй хүнд, эхнэртээ, энхрий охиндоо хүч хэрэглэсэн эрэгчин араатнуудын тухай байсхийгээд л сонстох болов. Тэр болгонд дотор агзасхийн харуусаж, өрөөлийн өмнөөс итгэл найдвараа гээх юутай хэцүү.

Итгэж найдсан хүнийхээ гарт амьдралаа үйрүүлсэн хайран сайхан охид, бүсгүйчүүд юу эсийг бодож суугаа бол. Нийгэм ороо бусгаа болж, хүмүүсийн сэтгэхүй зэрлэгшин, ёс суртахууны доройтолд орохын хэрээр эрчүүд эмэгтэйчүүдийг дарангуйлалдаа байлгах гэсэн хүсэл давамгайлдаг гэж антропологич нэгэн бүсгүй хэлсэн нь ортой бололтой.

Тэгвэл энэ зэрлэг нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх юм бол. Болдогсон бол зуларсан цаг хугацаа миний цамаархал шиг хуурамчийг, зуны солонго миний уйдамхайг анзаардаггүй гэнэнийг, ерөөс бүхнийг умартан ерт өнцөд үзэн ядалгүй амьдармаар. Бид хувьтай нэгнийг нь хайрлахын төлөө, бас азтай нэгнээр нь хайрлуулахын тулд ирсэн бүсгүйчүүд шүү дээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.254.111.162 Үнэхээр тийм шүү...Өнөөгийн нийгэмд өрх толгойлсон, мэдлэгтэй сайхан залуухан хүүхэн ямар их болооо вэ.