Г.Буяндоржид зургаан сар баривчлах ял оноогоод суллажээ

2015 оны 10 сарын 01

“Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг бусдыг гүтгэсэн, нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр сүр дуулиантай баривчилж, ажлаа хийж явсан сэтгүүлч хүртэл хоморгонд нь өртсөн.

Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 28-нд хэлэлцээд Г.Буяндоржид Эрүүгийн хуулийн 111.3 дахь хэсэгт зааснаар бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбон гүтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараан, хүнд хор уршиг учруулсан гэх үндэслэлээр гурван жил, мөн хуулийн 253.1 дэх хэсэгт заасан хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон хэмээн зургаан сар баривчлах ял оноож, биечлэн эдлэх ялыг гурван жил гурван сарын хугацаагаар тогтоосон юм.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногт Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн юм.

Хэдийгээр тухайн үед Г.Буяндоржийг суллалаа хэмээн зарим цахим хуудсанд мэдээлсэн ч давж заалдах шатны шүүх ямар учраас тийм шийдвэр гаргасан тухай мэдээлэл хомс байсан юм. Харин өчигдөр давж заалдах шатны шүүхийн магадлал баталгаажмагц тус шүүхээс албан ёсны мэдээлэл өглөө. Нийслэлийн шүүх Г.Буяндоржид холбогдох хэргээс “Бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэснээс хүнд хор уршиг учирсан” гэх үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Учир нь Г.Буяндорж бусдад буюу С.Билэгтэд залилуулсан тухай өргөдөл цагдаагийн байгууллагад гаргаж, түүний дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, шалган сэжигтнийг цагдан хорьсон байдаг. Улмаар Г.Буяндоржийн гомдлоор хэрэг үүсгэн шалгаж байсан газар нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр С.Билэгтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Дээрх үйл явдалд Г.Буяндоржийг залилуулсан хэмээн өргөдөл гаргаж бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэж буруутгаж байгаа нь Үндсэн хуулийн 16.12 дахь хэсэгт “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн Монгол Улсын иргэний эрхийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Харин Г.Буяндоржийг бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 111.3 дахь хэсэгт зааснаар ял ногдуулсныг давж заалдах шатны шүүх хөнгөрүүлжээ. Улмаар энэ зүйл, хэсэгт заасан хамгийн хүнд төрлийн шийтгэл болох зургаан сарын баривчлах ял оноосон бөгөөд Г.Буяндоржийн цагдан хоригдсон нийт хоног нь шүүхээс оноосон баривчлах ялтай дүйцсэн учраас ял эдэлсэнд тооцож, шүүх хурлын танхимаас суллах шийдвэр гаргасан аж.

Мөн сэтгүүлч С.Баттулгын хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг нь харгалзан 9.8 сая төгрөгөөр торгох ялыг нь багасгасан бол бусад шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг зөвтгөж шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
211.36.157.77 Tgd yamarch butuugui hunees mongo luivardaagui gesen uguu