Ургац хураалт 4-5 хоногоор хойшилно

2015 оны 10 сарын 01

Манай улс одоогоор үр тариа 83.300, төмс 90.800, хүнсний ногоо 45.700, 3600 тонн тосны ургамал хураан авчээ. Энэ нь үр тарианы 33.8, төмсний 65.7, хүнсний ногооны 68.1 хувийг бүрдүүлж буй юм. Буудай 252.300, төмс 117.300, хүнсний ногоо 75.300, тосны ургамал 28.700 тонныг авах урьдчилсан баланс гарсан. Цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалж ургац хураах ажил бага зэрэг удааширсан гэнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр нутгийн хойд хэсгээр, маргааш зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орохыг анхааруулаад буй.

ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Ургац хураалт 4-5 хоногоор саатах төлөвтэй. Өвөрхангай аймгийн Хархорин суманд бага зэргийн цас орсон. Тэндхийн ургацын хэмжээ бага, 3000-4000 га учраас хохирол бага. Харин тариалангийн гол бүс нутгуудад бороо орсон тул хаттал нь хураах аргагүй болчихлоо. Төв аймгийн Угтаалцайдам суманд 600 га талбайн ургац мөндөрт цохиулсан зэрэг цаг агаараас хамааралтай хүндрэлүүд гарч байна. Мөн тариалангийн талбай руу мал орох нь ихэслээ. Үүнээс шалтгаалж ургацын хэмжээ багасах нь тодорхой болсон. Гэхдээ хэр хэмжээгээр багассаныг одоогоор тооцох боломжгүй байна. Ургац хураах ажил хэд хоногоор хойшилж байгаа ч энэ сарын 20-ноос хэтрүүлэлгүй дуусгах төлөвлөгөөтэй” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД