НЭГ МОД 197 САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН БАЯЛАГ БҮТЭЭДЭГ

2015 оны 09 сарын 30

Бид зах болон гэр хорооллын нийтийн тээврийн буудлуудаар явахдаа түлээний мод ямар үнэтэй байгааг сонирхож, худалдан авч болно. Харин нийслэлд өнгө үзэмж нэмж, агаарын бохирдол бууруулж байгаа амьд мод нэг бүрийг үнэлсэн үнэлгээ байдаг болов уу? Жишээлбэл, Японд 300 жилийн настай Бонсай нэг сая 300 мянган доллар хүрсэн бол Англид 750 мянган фунтээр үнэлсэн модны тухай сонирхолтой баримтууд бий. Манай улсын хувьд амьд модыг ямар нэгэн байдлаар үнэлсэн, даатгуулсан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй аж.

Нийслэлд 180.000 гаруй улиас байдгийн 40 гаруй хувь нь 20-иос дээш настай хөгшинд тооцогдоно. Улиас 100 орчим насалдаг ба хамгийн хөгшин нь 70 гаруй настай аж. Сибирийн цагаан улиасыг Улаанбаатарт 1950- 1960-аад онд Зөвлөлтийн мэргэжилтнүүд олноор нь тарьжээ.

Ус хөрс голдоггүй, хурдан ургадаг энэ мод тухайн үед хуруу дарам цөөхөн модтой нийслэлийг 20 жилийн дотор ногооруулжээ. Богд хан уулын амууд, Хэнтийн нурууны эхний ой хөвчөөс гадна нийслэлд том, жижиг 20 гаруй цэцэрлэгт хүрээлэн социализмын он жилүүдэд байгуулснаас хамгийн том нь Хүүхдийн парк, Шар хадны Зөвлөлтийн цэргийн ангийн цогцолбор, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн цэцэрлэгт хүрээлэн, Залуу байгальчдын станцыг нэрлэж болно.

Тэнд нийт 15 төрлийн 250.000 гаруй мод байсан ч 1990-ээд оноос хойш Шар хадны шугуйг нийслэлчүүд хэдхэн жилийн дотор үгүй хийсэн. Түүгээр ч барахгүй дэд бүтэц хөгжиж, олон барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр нийслэлд чимэг болж, бидэнд хүчилтөрөгч бэлэглэдэг эдгээр модыг тайрч хаях, буруу танах зэргээс болж олноор хорогдож буй. Тухайлбал, нийслэлд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбай 1990 онд 315 га байсан бол 2011 онд 142 га болтлоо багасчээ.

Сүүлийн 10 жил оюутан, сурагчидтай хамтран мод тарьж, усалж буй “My club” клубийн тэргүүн, ШУТИС-ийн профессор Д.Сэрдарам “2011 онд Улаанбаатар хотод нийт 118 зүйлийн 724.804 мод, бут байгаагаас 67.6 хувийг нь улиас, хайлаас, шар хуайс гэсэн гурван төрлийн мод эзэлж байв. Хотын цэвэр, цэмцгэр үзэмжид зохистой гацуур, шинэс тавхан хувийг эзэлж байгаа.

Тэдгээр модны 90 хувийг социализмын үед тарьж, ургуулсан, аль хэдийнэ манай цаг уурт дасан зохицчихсон моднууд юм. Тиймээс нийслэлд өнгө нэмж байгаа моднуудаа ү н э л э х шаардлагатай. Жишээлбэл, ойр орчимд нь байрладаг албан байгууллагуудад тухайн модыг хариуцуулж, хамаагүй тайрч үхүүлэхгүй байх арга хэмжээ авч болно.

Эсвэл мод байгаа газар шинэ барилга, байгууламж барих шаардлагатай болбол тусгайлан үндсээр нь гэмтээлгүй авч өөр газар суулгаж ч болно шүү дээ” гэв.

Хамгийн сүүлийн жишээгээр Бээжингийн гудамжийг засахын тулд социализмын үед тарьж, нутагшуулсан маш олон модыг тайрч, хаяжээ. Хэрвээ тэдгээр модыг үнэлсэн байсан бол байгальд хэдий хэмжээний хохирол учруулсныг тооцох боломжтой байж.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД