“Солонго” цэцэрлэг жинхэнэ эздэдээ очив

2015 оны 09 сарын 30

Манай сонин “Эзэнгүйдэл” цувралаараа цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилгыг өөр зүйлд ашиглаж байгаа талаар хөндөж байсан билээ. Эдгээр барилгын нэг нь Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1993 онд ашиглалтад орсон олон улсын билетийн касс, олон улсын тээвэр зуучлалын төвийн барилга байв.

Манай нийтлэлийн дараа УБТЗ-аас тус байрыг суллан, цэцэрлэг болгохоор өнгөрсөн зургадугаар сард шийдвэрлэсэн. Уг шийдвэр өчигдөр биелэлээ олж, хүүхэд багачууд цэцэрлэгтэй боллоо. “Улаанбаатар төмөр зам”-ын хүүхдийн секторын харьяа “Солонго” 236 дугаар цэцэрлэг тус байранд үүд хаалгаа нээсэн юм.


Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон УБТЗ-ын удирдлагууд үг хэлж, бяцхан авьяастнууд дуулж, бүжиглэн хурсан олныг баясгав. Ингээд хонх жингэнэж, багш нар хүүхэд, багачуудаа анги танхимд нь хүлээж авсан юм.

УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар “Хүүхдэд зориулсан барилгыг яагаад өөр зорилгоор ашиглаж байна вэ гэсэн асуудал энэ оны эхээр хэвлэл мэдээлэлд нэлээн хурцаар тавигдсан. Иргэд ч хэвлэлийнхэнтэй санал нэг байсан. Тиймээс УБТЗ-ын удирдлагууд асуудлыг хүлээн авч шийдсэнээр өнөөдөр (өчигдөр) үр дүн гарлаа” гэлээ.

Тус цэцэрлэг 200 хүүхдийн хүчин чадалтай ч Баянгол дүүргийн I, II, III, IV хорооны 400 орчим хүүхдийг найман бүлэгт хүлээж авчээ. Хүүхдийн 50 хувь нь хоёр настай тул бага бүлэгт элссэн байна. Найман бүлгийн дөрөв нь бага, хоёр нь дунд, ахлах болон бэлтгэл анги тус тус нэг аж.


Цэцэрлэгийг тохижуулахад 200 орчим сая төгрөг зарцуулсны 38 саяыг нь Баянгол дүүргээс санхүүжүүлжээ. Баянгол дүүргийн удирдлагууд цаашдаа ч цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

“Солонго” цэцэрлэгийн эрхлэгч М.Баярмаа “Манайх нийт 31 ажилчинтай. Үүнээс бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжлийн найман ахлах болон мөн тооны туслах багштай. Бүлэг бүр ардын зан үйлийн, дүрслэн урлахын, мөрөөдлийн анги гэх мэт өөр өөрийн гэсэн онцлогтой. Хүүхдүүд анги дамжин хичээллэж, хөгжих боломжтой” гэсэн юм.

Цэцэрлэг ховордсон өнөө үед хүүхдийн зориулалттай барилгыг эздэд нь буцаан өгсөнд эцэг, эхчүүд баяртай байв. Тус дүүргийн иргэн Б.Ариунцэцэг “Гурван настай том хүүгээ сая ангид нь оруулж өглөө. Цэвэрхэн, тохилог цэцэрлэг байна. 400 хүүхдийн эцэг эх гэртээ хүүхдээ хараад суухгүй, ажиллах боломжтой болж байна шүү дээ” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Гадаа нар ээж, нам гүм байсан ч хоёр давхар шинэхэн цэцэрлэгт хүүхдийн дуу хадаж байв. Одоо л энэ барилга “жинхэнэ” эздэдээ очиж, амиллаа.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД