Наран гаригийг захирах гэж ХӨГЛӨСӨН НЬ

2015 оны 09 сарын 29

Жигжидсүрэнгийн НЭРГҮЙ


 

Нэгэн зүйл. Нар ойртож хаврыг улам нааш нь дуудахуй цагт хүний бие сүүлийн жилүүдэд улам тамирдах болсон нь юуных вэ? Хэнхдэг цээжин дотор минь зүрх хэмээх “атомын хөдөлгүүр” бус, ердөө л устай бензин хийсэн хөдөлгүүр паг пагхийх мэт ёг ёг өвдөх нь юуных? Хэнтэй ч таарсан бараг л толгой дараалан “Тийм ч юм өвдөөд, ийм ч юмаа эмчлүүлээд” хэмээх нь бас л юуных? Хүнд уг нь таван цул эрхтэн байдаг атал, “бүх зургаан цул эрхтэн” зэрэг зэрэг өвдөөд байх шиг санагдах болсон нь юуных вэ? Уншигч авгай Та энэ асуултыг өөртөө нэг тавиад орчин тойрноо эргэцүүлээд үзэгтүн.

“Хавар цаг яхир цаг, өдөр урт болдог, ногоо, цагаа дэлгэрэхгүй, нойтон мах идэхгүй юм чинь аргагүй шүү дээ” гэж хэн нэгэн маргах нь мэдээж. Гэвч, хаврын хаварт борцтой хоолоо идсээр байгаа өвгөцүүл, эмгэцүүл яагаад “урьд цагт ингэж ядардаггүй байлаа” хэмээн үглээд байгаа юм бэ? Тэгээд ч сайн цагийн буянаар малаа эргүүлж авсан ард түмэн маань одоо үед хаанаас чиг л гэсэн ногоо цагаа, нойтон мах, шар тос олоод идчихэж байгаа бус уу?

Өгүүлэх нь

Хүмүүн байтугай, бүхий л амьд бие махбодид биологийн цаг (хэмнэл) гэж нэг юм бий. Биологийн цагийг наран гариг удирдана. Хэзээ сэрэх, хэзээ нойрсохыг нар л зааж өгдөг. “Үхэр шиг тэнэг” гэдэг ёстой л өөрөө тэнэг хараал монгол үгсийн санд бий. Гэтэл гэрийн тэжээмэл амьтдын дотроос “ганц тэнэг нь болсон” мөн өөхөн үнээ нь яахлаараа тогтмол нэгэн цагт (уг нь нарны цаг гэх нь зүйтэй) “сүүгээ өгөхөөр” бэлчээрээсээ буцаад ирдэг юм бэ? Наран гариг түүний тархийг удирдаж буй нь тэр биш үү? Энэ мэтийн жишээ олныг дурдаж болно.

Хүмүүн рүүгээ одоо эргэж оръё. Хүний биеийн биологийн хэмнэлийг наран гариг яаж удирддаг, өөрөөр хэлбэл, бидний махбодид наран яаж нөлөөлдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ л хүн харанхуй цагт унтаж, гэгээн цагт сэрүүн байдаг. Унтаж байхдаа л хүний тархи оюун байтугай бүх эд эс нь “цэнэг” авдгийг, тэр нь хэчнээн хугацааны нөөцтэй байдгийг эрдэмтэд харин аль хэдийнэ тогтоочихсон. Нарны туяаны идэвхжил цаг, цагаар өөр байдаг.

Түүнийг дагаад хүний цусны бүлэгнэл өөрчлөгддөг, биеийн ерөнхий температур ихсэж, багасдагийг ч нотолчихсон. Түүнийхээ хажуугаар бас хэзээ босож, хэзээ унтахыг маань ч тогтоогоод өгчихдөг. Гэтэл нарны удирдлагаар л ухамсарт хийгээд ухамсраас ангид бүх үйл ажиллагаагаа явуулдаг хүн гэдэг ертөнцийн энэ гарвал зүй маань нарны хажуугаар цаг гэдэг механик хэрэгсэл бүтээчихсэн. Нар гэдэг ганцхан “дарга” байсаар атал шүү.

За тэр ч яах вэ, хүмүүн төрөлхтөн сүрэг сүргээрээ амьдрах учиртай юм болохоор бие биеэсээ заавал хамаардаг, үгүй ядахдаа идэх, уух юмаа бэлтгэдэг үйлдвэр дээрээ нэгэн зэрэг цугларахгүй бол болохгүй юм чинь. “Комбинатын яндан дуугарахаар ажилдаа ирээрэй” гэдэг нь үүнээс л үүдэлтэй.

Нэгэн зүйл. Энэ зууны эхээр Англид нэг “шизо”-той эр байж л даа. Ядуувтар юм байх, хөөрхий. Өвөл цагт түшмэл сандлаасаа ховхорч гэртээ ирэх гэсээр байтал нь харанхуй болчихдог байж гэнэ. Тэгээд л лаа асааж, хоол ундаа зэхэх гэхээр мөнөөхөн фунтууд нь урсаад байж.

Тэгээд бодож л дээ. Ажлаасаа арай эрт тарж байвал яасан юм бэ гэж. Мань эрийг юу гэж ганцааранг нь эрт явуулах вэ дээ. Тэгэхээр нь арга хайж. Бодож, бодож олж гэнэ. “Ердөө л бүгдээрээ эрт тарж байя” гэж. Харин яаж? Бас л бодсоор суугаад аргыг нь олчихож гэнэ. “Цагаа урагшлуулаад бүгдээрээ эрт цуглардаг болбол тэр хэмжээгээр эрт тарна шүү дээ, харанхуй болох яагаа ч үгүй байхад” гэж. Үүнийгээ зөвшөөрүүлэхийн тулд үндэслэл хэрэгтэй биз дээ? Дэлхийн анхны дайн дуусаж байсныг хэлэх үү, хаа сайгүй “хог оо, хог” … Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал.

Лааны үйлдвэр ч ялгаагүй. Тэгээд л харандаа, цаас аваад бодож гарч дээ. Гучин минутад нэг лаа төдөн см-ээр богиносно… шатна …мөнгө шатаана …гээд л. Нэг цагт …. Хоёр цагт …. гээд л, харж сууж, хэмжиж байгаад л …. Англид төчнөөн айл бий, орой бүхэн төдөн цаг лаа асаадаг гээд л. Хариу нь гэвэл хэдэн арван км гарсан юм байх. Ийм их арвилан хэмнэлтийг үйлдвэр-санхүүгийн “хөгшин чоно” Англи дэмжихгүй бол номонд хазгай. Тэгээд л эзэн хаан нь ч юм уу, хэн нэгэн нь лүндэн буулгаад орхиж гэнэ.

“Жил бүрийн аравдугаар сарын 1-нээс одон орны цагийг, өөрөөр хэлбэл нарны цагийг нэгээр ухрааж байсугай” гээд. Энэ мэргэн аргыг олон ч улс орон дэмжээд эхэлж. Дэлхийн “дэвшлээс” Монгол хожигдвол заяанд хазгай юм чинь. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1983 оны 51 дүгээр тогтоол гарч, жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зун цагийн тоололд шилжих тухай шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, наран мандах хугацааг нэгэн цагаар наашлуулжээ.

Чухамдаа гэвэл нарны цагаар одоо яг хэдэн цагт бид ажилдаа цугладгаа мэдэхээ больсон тул наашлуулсан уу, цаашлуулсан уу, одоо бол бүү мэд. Ийнхүү монголчуудын биологийн цаг төөрчих нь тэр. Азиас зөвхөн монголчуудынх гэдгийг анхааруулъя.

Ухаантай байгаа биз? Франц ч манайхаас “тэнэг”, яагаад гэвэл, дэлхийн (Америк, Европын голдуу) 40-өөд орон, бас “ухаант” монголчууд ийм мэргэн аргад шилжчихээд байхад орчин үеийн шинжлэх ухааны төрсөн нутаг гэгддэг шахуу мөртлөө “тэр муу” Франц “Энэ арга нь хүний бие махбодид сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсоныг харгалзан” цаг өөрчлөх шийдвэрийг цуцлуулахаар Европын холбоонд хандсан байгаа юм даа.

Голландчууд ч гэсэн “тэнэг” улс. “Цаг урагшлуулахаар үнээний сүүний гарц мууддаг нь нотлогдлоо” гэж “сүржигнээд”, бас л Европын холбоо руугаа дайрчихсан байна билээ. Голланд л ганцаараа үхэртэй нь юм уу, Монголд ч бас байгаа л юм чинь. За даа, Европын холбоо ч гэсэн дээ, бас л өөрцгүй, тугалган жад шиг шантрамхай гэдэг нь, “2000 оноос асуудлыг хэлэлцье” гэсэн хариу өгчихсөн байгаа юм даа…


Нэгэн зүйл. Гэтэл яагаад дорно зүгийн эрт балрын соёлт Хятад, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг орон энэ “мэргэн” аргыг ашигладаггүй юм бэ гэдгийг эргэцүүлье. Яагаад гэвэл хүн, нар хоёр салшгүй холбоо амьдралтай гэдгийг мэдсэнийх л болов уу? Энэ насандаа ч, хойт насандаа ч! Дорнын зурхайгаар бол өдөрт зургаан сайн, зургаан муу цаг гэж бий. Зохиомол цагаар явах юм бол энэ цагууд төөрөлдөх нь мэдээж. Цагууд өөрөө төөрөлдөх биш, хүн өөрөө будилах нь гарцаагүй.

Үүнийг дагаад хар, шар зурхайн сайн, муу цагаар үздэг бүх юм төөрөлдөнө. Идэх, унтах, ажиллах дэглэмээ огцом өөрчилчихөөр бид чинь ер нь яах болж байна аа? Үдийн өмнө, жишээ нь, 11 цагт олгойгоо авахуулбал үхэхгүй гэх баталгаа нь юу вэ? Бурхан болоочдын алтан хайрцгийг буруу цагаар нээчихвэл буг болохгүйн баталгаа алга.

Буруу цагт уусан эм тан хор болохгүйн баталгаа хаа байна? Зурхайн тооллын хоногийн 12 цаг бүхэн өөрийн зүгтэй. Зүг бүхэн өөрийн цагтай. Хуурамч цаг зохиочихсоныг мэдсээр атлаа шинийн нэгний өглөө юу бодож бид зүгээ зүглэнэ вэ? Үүнтэй нэгэн адил долоо хоног бүрийн баасан гаригийн жин үд буюу хоногийн 12 дугаар цагийг “Монгол төрийн сайн цаг” гэдэгт итгэж болно гэхээс дотор жихүүцмой.

Яг энэ цагт нар хэчнээн хэмийн өндөрт мандаж байгаа юм бэ? Яг жин үдийнх нь мөн юм уу, биш юм уу? Дорнын соёл, шашин, гүн ухааныг дэлхий дахинаараа улам л илүүтэй шүтсээр, биширсээр байхад, бид л гинжнээсээ алдуурсан нохой шиг өрнө рүү сээтгэнэсээр суух уу? Ганцхан жишээ татахад, цахим хэрэгслийн зуунд латин бичгийг монгол төрийн бичиг болгохгүй юм бол дэлхийн хөгжлөөс хоцорно гэсэн “гүн ухаан” сүүлийн үед тэнүүчлэх боллоо.

Гэтэл цахим хэрэгслээр дэлхийд толгой цохидгуудын нэг Япон ч юм уу, эсвэл Солонгос, Хятад улс нөгөө их адармаатай ханз бичгээ өнөө болтол хэрэглэсээр байгаа нь бас л тэнэгийнх үү? Үгүй бололтой. Яагаад гэвэл хүний биологийн хэмнэлийг жилдээ зургаан сараар байтугай, ер нь ямар ч үед эвдэж болохгүй гэдгийг Дорнын анагаах зүй сургачихсан байдаг юмсанж.

Нэгэн зүйл. Дорно зүгийн орнуудад ч бас зун болдог л биз. Гэхдээ Монголд болдог шиг гэнэтхэн л падхийгээд нэг цагийн түрүүнд хүрээд ирдэггүй байх. Наран гариг маань нэг, хоёр минутаар аажим, аажмаар наашилж, хүний бие организм түүнд нь мөн л тааваараа, аажим аажмаар дасдагийн баталгаа радио, телевизээс өглөө бүхэн ч юм уу, аль эсвэл “Билгийн улирлын цаг тооны бичиг”-ийг сөхөөд үзчихэд л амархан олдоно.

 

Тухайлбал, 1998 оны дөрөвдүгээр сарын 1-ний өглөө нар 07.32 цагт манджээ. Маргааш нь 07.30 цагт, нөгөөдөр нь 07.28 цагт, нөгөөдрийнх нь маргааш буюу дөрөвүгээр сарын 4-нд 07.26 цагт гэх мэтээр хоног өнгөрөх бүрий 1-2 минутаар эртэлсээр тавдугаар сарын 03-нд 06.32 цагт мандсан байх юм. Харин 1998 оны аравдугаар сарын 1-ний өглөө 06.51 цагт наран мандах юм байна. Тэгээд 2-нд 06.52 цагт, 3-нд 06.53 цагт гэх мэтээр хоногт мөн л 1-2 минутаар оройтсоор, хэзээ хойно буюу арваннэгдүгээр сарын 11-нд л 07.51 цагт нар мандах ажгуу.

 

Энэ тоонууд хүний биологийн цаг (хэмнэл) хоногт 1-2 минутаар л буюу хавартаа 33 хоногийн хугацаанд, намартаа 41 хоногийн хугацаанд нэг цагаар эртдэж, оройтож болохыг шим ертөнцийн эзэн хаан-наран гариг “зөвшөөрч” буйг илтгэж, нэг хоногийн дотор л падхийтэл бүтэн цагийн зөрөө гаргачихаж болдоггүйг баталмуй.

Харин наран гаригийн явдал, суудлыг өчүүхэн хүмүүн эрх дураараа өөрчилж буйгаа бодохоор бид чинь мөхөл рүүгээ явж байгаа юм биш биз дээ? Хэт хөгжлийг хөөсөөр яваад муурнаас долоон дор болчихсон хэрэг биш биз?

Нэгэн зүйл. 1976 онд Шинжлэх ухааны академиас эрхлэн Улаанбаатарт хэвлүүлсэн Б.Батжаргалын “Эртний Монголын математик” гэсэн номын 212 дугаар нүүрийг сөхье. Түүн дээр “Эртний монголчууд хоногийн янз бүрийн хэсэгт муурны нүдний цөцгий янз бүрийн хэлбэртэй болдгийг ажиглан тогтоож, түүгээр бүтэн хоног дахь цагийг тодорхойлон мэддэг тухай 1839 онд хэвлэгдсэн “Элдэв хэрэгт хаш хайрцаг нэрт бичиг”-т дурдсан байна.

Энд, “Хулгана, морь, туулай, тахиа цагт утсан тор адил (босоо зураас шиг, Ж.Н.) барс, бич, могой, гахай цагт толь мэт дугариг, луу, нохой, үхэр, хонь цагт чавга байдалтай” гэж бичжээ. Энэ нь персүүд муурны нүдээр цаг мэддэг байсныг санагдуулна” гээд ийм нэгэн зураг дагалдуулсан байх юм. Муур шиг биеэ шинжимтгий, өвчин даамтгай, ариун цэвэрч, эзэндээ үнэнч (нохойноос илүү шүү) амьтан байхгүй. Үүнээс үндэслэн бодохул, нарны цагт муур шиг үнэнч амьтан үгүй байх нь ээ.

Уншигч авгай танайд муур байдаг бол нүдийг нь ажаад үзээрэй л дээ. Дэлхийн бөмбөрцгөө дуурайлган хийсэн цорын ганц сууц бол монгол гэр. Нар хаана явж байгааг яг л заана. Унины углуургад нар тусуут үнээгээ саах болжээ, ханын толгойд буумагц хонио бэлчээх болжээ гэх мэтээр монголчууд цагаа мэддэг байснаас биш, өнөөх мангар англи эр шиг лаа хэмжээд суугаагүй бололтой юм даг шүү.

Аль эсвэл нарыг унины цээжнээс шууд ханын элгэнд буулгах тогтоол гаргаад л бүх юмыг шийдчих мэтээр “салдаганах” нь ёстой л “үхрээс дор тэнэг” хүмүүсийн зан бололтой. Зохиомол цаг эдийн засгийн үр ашигтай гэж надтай марган, “ухаантайд өөрийгөө тооцлоо” гэж загнах хүн зөндөө гарах нь мэдээж. Гэтэл манай улсын Стандарт хэмжил зүйн газрын Эталон лабораторид “1985-1986 онд өвлийн цагийн үрээр 700 сая квт/цаг эрчим хүч хэмнэжээ” гэсэн тооноос өөр юу ч алга.

Эрчим хүчний удирдах газрын техникийн хэлтэст ч энэ талын судалгаа алга. Тийм бол энэ зохиомол цаг хэнд хэрэгтэй юм бэ? Хулгай дээрэм багасдаг гэж үү? “Хүмүүс гэртээ эзгүй өдрийн цагаар хулгай ихэвчлэн гарч байна” гэж цагдаагийнхан яриад байгаа биш бил үү? Ер нь эцсийн эцэст эдийн засгийн үр ашиг гардаг ч гэлээ, хүн төрөлхтөнд эрүүл бие хэрэгтэй юм уу, аль эсвэл мөнгө хэрэгтэй юм уу гэсэн гүн ухааны даалгавар гарч ирчихээд байна шүү дээ.

1998.04.11

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД