Ү.Нэргүй: Хүмүүс сормуусны урлагийг гоёл мэтээр л ойлгодог

2015 оны 09 сарын 29

БНСУ-ын Илсан хотод болсон “КASF 2015” олон улсын гоо сайханчдын ур чадварын уралдаанд сормуусны арт төрлөөр оролцож, түрүүлсэн Ү.Нэргүйтэй цахим шуудангаар холбогдлоо. Тэрбээр 1988 онд Дорнод аймагт мэндэлсэн бөгөөд өдгөө БНСУ-д ажиллаж, амьдардаг юм байна.

-Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Сонирхолдоо хөтлөгдөн суралцаж байна. Мэргэжлийн багш нараар нь хичээл заалгах их өөр юм билээ. Сонголтондоо 100 хувь сэтгэл хангалуун явдаг.

-“KASF 2015” уралдаан ямар онцлогтой явагддаг юм бол?

-Олон улсад нэр хүндтэй томоохон уралдаануудын нэг. Жилд хоёр удаа болдог. Би Монголоос оролцсон анхны гоо сайханч нь боллоо. Мэргэжлийн 300 гаруй хүн үс засалт, арьс арчилгаа, нүүр будалт, мэргэжлийн гоо сайханч гэсэн чиглэлээр 45 төрөлд өрсөлдсөн.

-Таны түрүүлсэн, сормуусны арт төрлийн онцлог нь юу вэ?

-Сормуусыг хэрхэн өвөрмөцөөр чимж болохыг харуулдаг. Нэг үгээр хэлбэл, сормуусны загвар гэсэн үг. Уран сэтгэмж, чадвар шаарддаг ажил.

-Уралдаанд түрүүлсэн бүтээлээ хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Санаагаа долоо хоног бодож байж олсон. Харин материалаа хайгаад нэлээд хугацаа зарцуулсан шүү.

-Энэ төрөл манайд хэр хөгжсөн юм бол?

-Монголд төдийлэн сайн хөгжөөгүй юм шиг санагддаг. Хүмүүс сормуусны артыг гоёл чимэглэл төдийхнөөр ойлгодог. Уг нь урлаг шүү дээ.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Монголын гоо сайханчидтайгаа хамтран дараа жил эл уралдаанд оролцохыг хүсэж байна. Мөн эх орондоо мэргэжлээрээ ажиллана гэж боддог.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД