ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ГАВЬЯАТНУУДЫГ ШАГНАЛАА

2015 оны 09 сарын 29

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан, БНХАУ-ын Засгийн газраас дайнд оролцсон Монголын дайчдыг ойн медалиар шагнасныг гардуулан өглөө.

Дэлхийн II дайны үеэр Хятадын зүүн мужуудыг Япон улс эзлэн авсан. Эзлэгдсэн газар нутгийг нь монгол цэргүүд чөлөөлж өгсөн гавьяатай. Тиймээс тус гавьяаг үнэлж, 1935, 1945 оны дайнд оролцсон Г.Хэнгэрэг, Г.Батмөнх, Ж.Үнэнбат, Л.Данзан, В.Аюурзана нарын таван ахмад дайчныг өчигдөр Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн дурсгалын медалиар шагнасан юм.

Медаль гардуулах үеэр ахмад дайчин Г.Батмөнх “Хоёрдугаар дайны эхэн үе болох 1939 оны эхэн, төгсгөл болох 1945 онд бид өөрсдийн яс, махны тасархай Өвөрмонгол, Хятадын нутгийг чөлөөлөх дайнд амь биеэ үл хайрлан оролцсон. Ингэснээр Монгол, Хятадын ард түмний хоорондын харилцаа улам өргөжин, зузаарсан. Цаашдаа ч хоёр улсын найрамдалт харилцаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Мөн ахмад дайчин Ж.Үнэнбат “Тухайн үед бидний зорилго Хятадын газар нутгийг дайны хөлөөс чөлөөлөх явдал байлаа. Монголын арми хамгийн түрүүнд Хянганы нурууг даван, хэдэн зуун километр явж, бүх мужийг чөлөөлсөн юм. Дайны үеэр манай арми усан замаар ч явж байсан удаатай” хэмээн дурсамжаа хуваалцлаа.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД