ДУЛААНТАЙ ЗОЛГООГҮЙ ХҮМҮҮС ГЭРТЭЭ ХҮРЭМТЭЙ СУУЖ БАЙНА

2015 оны 09 сарын 29

Айл өрхүүдийн дулааныг энэ сарын 15- ны өдрөөс өгсөн ч өнөөдрийг хүртэл зарим орон сууц халаалтгүй байна. Энэ талаар засвар үйлчилгээгээ хийгээгүй болон төлбөрийн өртэй 50 орчим орон сууцанд дулаан өгөөгүй байгаа гэх мэдээллийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-аас өгсөн юм.

Өртэй орон сууцнуудад нийслэлийн Чингэлтэй дүүргийн VI хороо Баянбүрдийн тойргийн зүүн талд байрлах 60 дугаар байр, Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах “Үйтүмэн 40” айлын орон сууц зэрэг хэд хэдэн барилга орж байгаа аж. 60 дугаар байр л гэхэд арван сая төгрөгийн өртэй байгаа аж. Тиймээс асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандчихсан байгаа гэнэ.

Тус байрны оршин суугч нэрээ нууцлахыг хүсэж “СӨХ-нд хандсан. Өртэй байгаа учраас дулаан өгөхгүй байгаа гэсэн. Уг нь манай байр ашиглалтад ороод хоёр жил л болж байна. Хүмүүс нь мөнгөө цуглуулж өгөөд, аравдугаар сарын 1-нээс дулаанаа авах л юм ярьж байна лээ” гэж ярьсан. Гэвч зарим нь “Дулааны төлбөрөө тухай бүрт нь төлсөн учраас хохирч байна” хэмээн гомдоллов.


Тэгвэл дулааны төлбөрөө өгчихсөн атлаа гэртээ өвлийн хүрэмтэй сууж байгаа хүмүүс бас байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VIII хороо, Улаанбаатар зочид буудлын хойно байрлах 64 дүгээр байрны оршин суугчид гэрээ халаагуураар дулаацуулж, өдөр нь гадаа гарч, наранд суудаг болжээ.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-аас өгсөн мэдээллээр тус байр 70 сая төгрөгийн өртэй аж. Харин оршин суугчид нь дулаан, цахилгаан, усны төлбөрөө тухай бүрт нь өгдөг гэж байв. Тус байрны оршин суугч Дамдинсүрэнтэй уулзахад “Би хэрэглээний төлбөрөө тухай бүрт нь өгдөг. Гэтэл өртэй гээд байгаа. Манай байрны нэгдүгээр давхарт чигтээ аж ахуйн нэгжүүд байдаг.

Тэгэхээр тэдний л хуримтлуулсан өр байх. Одоогоор хэзээ халаалт өгөх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жил гэхэд л бид арваннэгдүгээр сарын дунд үеэс халаалттай золгож байсан. Өнгөрсөн өвөл их хүйтрээгүй тулдаа л бид тэссэн. Энэ жил тэсэх аргагүй болоод байна. Зарим нь гэртээ халаагуур залгаад эхэлчихсэн” гэв.

Тухайн байрны зарим айлаар ороход нээрээ л халаагуур залгажээ. Халаалтгүй байгаа учраас хувцас угаахаар чийг үнэртэж, үнэрээ гаргах гэж цонх ойлгохоор хүүхдүүд нь ханиад хүрч байгаа хэмээн зарим хүн ярьж байлаа. Иргэн Чулуун “Энэ байр 1980 онд ашиглалтад орсон. Би 20 гаруй жил амьдарч байна. Сүүлийн жилүүдэд өртэй гээд л байдаг болчихсон. СӨХ мөнгө авчихаад цааш нь өгдөггүй юм уу бүү мэд. Өнгөрсөн шөнө 2 градусын хүйтэн хоносон. Гэртээ бээрэх гээд байна шүү” гэсэн юм.

Энэ талаар СӨХ-ноос нь тодруулах гэсэн боловч эзгүй байлаа. Тус байр “Багатойруу 64” СӨХ-нд харьяалагддаг аж. Тус СӨХ-ны дарга Түмэнцэцэгтэй 8830хххх дугаарын утсаар холбогдоход “Манай байрны дулаан аж ахуйн нэгжүүдийнхтэй зэрэг аравдугаар сарын 1-нд ирдэг. Хаанаас юу сонссоныг чинь мэдэхгүй. Наад мэдээллээ өгсөн хүнээс нь тодруулж асуучихаад олон юм ярь” гэсэн юм.

Аж ахуйн нэгж, орон сууцны конторууд халаалтын улирлаас өмнө засвар хийх ёстой байдаг. Гэвч зарим аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл засвараа хийгээгүй байгаа ажээ. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хороонд байрлах “Женерал таун”, “Түшээ гүн” зэрэг хотхон засвараа хийгээгүй учраас дулаан аваагүй байрнуудын жагсаалтад оржээ. Засварын ажлыг нь хариуцаж буй зарим хүмүүстэй мэдээллийн мөрөөр холбогдсон юм.

О.НАМНАНДОРЖ: ДУЛААН БИД ХОЁРЫН АСУУДАЛ ТА НАРТ ХАМААГҮЙ

-Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах 93 дугаар байр халаалтаа аваагүй байгаа юм байна. Техникийн шийдэл хэрэгжүүлэх гэрээний дагуу холбогдох өргөтгөлийн ажил хийгээгүй гэж байна. Хэзээ дулаанд холбогдох вэ?

-Энэ хаанаас өгсөн мэдээлэл вэ?

-“Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-иас.

-Хажуудаа баригдаж байгаа барилгуудын шугамыг өргөтгөх ёстой юм. Нөгөө нөхдүүдийн маань ажил болоогүй гээд энэ жил хойшлогдож байгаа. Уг нь наад шугам чинь хэвийн ажиллаж байгаа.

-Тэгвэл дулааны асуудлыг яаж шийдэх юм бэ?

-Манайхаас шалтгаалсан асуудал биш болохоор бид дулаан руу албан бичиг өгчихсөн байгаа.

-Засварын ажил дуусах хүртэл дулаан өгөх боломжгүй гэдгийг холбогдох газар нь хэлж байсан?

-Хоёр компани нийлж хийх ёстой байсан юм. Гэтэл нөгөө компани маань амжсангүй. Тэд хугацаандаа ажлаа хийгээгүй учраас бид хохирч асуудал гараад байгаа юм. Өнгөрсөн онд бид гэрээ байгуулаад, дулаанаа авч байсан. Тиймээс албан бичгээ өгчихсөн.

-Уг нь өдийд оршин суугчид халаалтаа авчихсан байх ёстой шүү дээ.

-Бид дулааныхантай уулзана. Яаж шийдэхийг мэдэхгүй. Тэгээд ч энэ бол сонины асуудал биш байх. Дулаан бид хоёрын хоорондын асуудлыг та нар зохицуулж чадахгүй биз дээ.

Энэ мэтээр Улаанбаатар хотод хэзээ дулаан авах нь тодорхойгүй байранд амьдарч байгаа иргэд өөрсдийн бухимдлаа илэрхийлж эхэлжээ. Зарим нь СӨХ-ндоо гомдол гаргаж байгаа бол зарим нь “Угаасаа л ингэдэг” юм гээд хүлээж суугаа ажээ.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД