Хятад ШИНДЛЕР

2015 оны 09 сарын 27

Хэ Феншань еврей нарыг гэртээ нууж, тэднийг ажилд оруулж байжээ. Тэрбээр Вена хотод Хятадын консулаар л ажиллаж байв. Тэгээд ханцуйн дээрээ шар таван хошуутай хүмүүст хэрэгтэй визийг нь нууцаар гаргаж өгч байснаараа олон мянган хүнийг аварсан юм. Хэ Феншань энгийн, эелдэг, даруу хүн байлаа. 1997 онд 96 насандаа нас барахад нь сонинд гарсан жижигхэн эмгэнэлээс өөр юм энэ хүнийг нэхэн сануулсангүй. Хятад “Шиндлер” өөрийн хийсэн үйлсийнхээ тухай гэргийдээ ч, хүүхдүүддээ ч, найз нөхдөдөө ч ярьж байгаагүй болохоор хэн ч тэр талаар нь мэддэггүй байжээ.

1938-1940 онд тэрбээр Австрийн Вена хотод Хятадын консулаар ажиллаж, энэ үедээ олон мянган еврейг үхлээс аварсан юм. Энэ хүн эрэлхэг тагнуулч байсангүй, гэхдээ л үзэг хөдөлгөөд хүмүүсийн амь насыг аварч байв. Тэгэхэд нацистуудад эзлэгдсэн Австриас гарч явахад еврейчүүдэд виз олох хэрэгтэй байлаа. Тухайн үеийн нөхцөл байдлыг сөрөн Хэ тэдэнд виз өгч байжээ.

Эрэлхэг хятад хүн чухам хэчнээн виз өгч, хэдэн мянган хүний аминд орсныг бид одоо мэдэх боломжгүй. Цагийн уртад олон бичиг баримт үрэгдэж, хадгалагдаж үлдсэн ганц нэг баримт дээр “4000” гэсэн тоо бичигдсэн байгаа нь виз авсан хүний тоо олон мянгад хүрснийг гэрчилнэ. Хэ 1200 еврей хүнийг Польшид үйлдвэрт ажиллуулах болж, амийг нь аварсаны төлөө нөгөөх Оскар Шиндлерийн дурсгалыг хүндэтгэж “Хятадын Шиндлер” хэмээн нэрлэх болжээ.

“Хэ Феншань лавтайяа 5000 хүний амь аварсан гэж бардам хэлж болно” хэмээн Нанжин хотын их сургуулийн профессор, еврейчүүдийн түүхийн судлалаар шинжээч гэгддэг Сюй Синь ярьж байна. “Түүнээс гадна еврей нарт заналхийлж байсан гарцаагүй аюулыг Хэ мэдэрч, тэдэнд тусаж эхэлсэн анхны дипломатч юм”.

Бусад улсуудын Элчин сайдын яам нацистын Засгийн газартай муудалцахаас эмээж, еврейчүүдийг хүмүүн бус дэглэмтэй улаан нүүрээр нь учруулаад орхиж, виз өгөхөөс татгалзах олон янзын шалтгаан хайж байхад Хэ наад зах нь ажил албаа, цаашилбал амь насаа гаргуунд нь хаяж байлаа. Хятадын Элчин сайдын яам байсан газарт еврей нарт гаргаж өгсөн байрыг нь нацистууд хурааж авахад ердөө хүмүүсийг аврах л зорилгоор Хэ өөрийн мөнгөөр шинэ байр худалдаж авч байжээ. Охин Маньли нь “Аав минь ийм л араншинтай хүн байсан. Зарчимч, чигээрээ, үнэнч” гэж хэлсэн байдаг. Тэрбээр аавынхаа амьдралыг судлаад 10 жил болсон байна.

Хүмүүст Хэгийн олгож байсан виз маш ховор эд байсан бөгөөд түүнийг ашиглан гагцхүү Шанхайд очдог байв. Тэр үед усан буудлын тэр хот Японы армид эзлэгдсэн ч нээлттэй, дүрвэгсдэд тавих хяналт гэж байхгүй, үнэн хэрэг дээрээ бол визгүйгээр ороод ирж ч болохоор байсан аж. Тэгэхдээ дүрвэгсэд ердөө Шанхайг л зорьж байсангүй. АНУ, Палестин, Филиппинд очих зөвшөөрөл авахдаа Хэгийн олгосон визийг ашигладаг байв. Гэвч эхэлж олгосон виз нь Шанхайнх л байсан болохоор Австрийн еврейчүүдийн дунд алс холын, аюулгүй амгалан Шанхайн тухай үлгэр домог шиг юм яригдаж, юу ч болдог байсан тэнд л очихсон гэцгээнэ.

“Цуу яриа хээрийн түймэр шиг хурдан тархана. Нэг л мэдэхэд Шанхай явах визний тухай яриа гарч түүнийг аль болох хурдан олж авах гэж еврейчүүд чадах бүхнээ хийх болсон байна. Удалгүй Шанхай гэх нэр тэдний амны уншлага болж, тийшээ зугтахад онцгой бичиг баримт хэрэгтэй бишийг бүгд мэдэх болжээ” хэмээн Маньли ярьж байна. Хүсэл болсон зөвшөөрөл олж авсан хүмүүсийн дунд 17 настай Эрик Гольдштауб байлаа.

Түүний гэрийн 20 хүнд Хэ виз олж өгчээ. Австрийг бууж өгсний дараа Эрик виз олчих санаатай бүх Элчин сайдын яам, Консулын газрын босго алхсан ч татгалзсан хариулт сонссон аж. Ийм хариултыг янз бүрийн орны дипломат төлөөлөгчийн 50 газар өгсөн гэхэд итгэхэд бэрх. Эцэст нь Хятадын Элчин сайдын яаманд ирэхэд нь Хэ халуун дотно хүлээн авсан байна. “Намайг дотно сайхан инээмсэглэн эелдэг угтаж авахад нь би үнэхээр гайхсан. Виз авахад паспортаа л авчрахад болно. Бусдыг нь бид хариуцна гэж надад хэлсэн” гэж Гольдштауб дурсан ярьдаг байж.

Тэрбээр 91 наслаад 2012 онд Торонтод нас барсан аж. Түүний хоёр хүү, нэг охин нь үлдсэн байна. “Тэр их идэвхтэй хүн байсан. Хөл бөмбөг тоглоно, цанаар гулгана. 90 хүрч байхдаа хүртэл өглөө болгон усанд сэлж, явган алхдаг байсан” гэж хүү Фэнни нь ярив. Шанхайн виз зөвхөн түүнийг олж авсан нэг хүний л аминд ороод зогсоогүй, үр хүүхдүүдийг нь ч аварсан юм. “Та бүхэн ураг садангийн хэлхээ холбоог бодоод үздээ. Хэ туслаагүй бол нэг ургийн олон хүний амь үрэгдэх байсан” гэж хүү Гольдштауб нь ярьж байна. Энэ бол олон арван мянган хүний нэгэнд нь л тохиолдсон явдал.

Японд эзлэгдэж, эвдэрч сүйрсэн, айдас хүйдэстэй Шанхай хот энд толгой хоргодсон 25 мянган еврейн хувьд “дулаан өлгий” нь болж байв. Япончууд иргэний харьяалалтай болоогүй дүрвэгсдэд зориулан энд 1943 онд тусгай дүүрэг бий болгосон нь нэг ёсны еврейчүүдийн хороолол болсон аж. Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн түүхийн профессор Ван Цянь Хятад дахь өнөө цагийн еврей нарыг судалдаг хүн юм.

Энэ хороололд амьдрал хүнд, тэнд амьдрагсад эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй нөхцөл, бөгс эргэх зайгүй өрөөнд, япон цэргүүдийн байнгын харгислал доромжлол дор толгой хоргодож байжээ. Гэлээ ч еврей дүрвэгчид энэ бүхнийг даван туулж, хэвийн амьдрал бий болгож улмаар хөгжиж дэвжсэн аж. Эндхийн байдал яваандаа Герман, Австрийн хотуудын өнгө төрхийг сануулах болж, зоогийн газар, дэлгүүр, шөнийн клуб олонтой гол замын дагуух газрыг “Бага Вена” гэж хүртэл нэрлэх болжээ. Өөрийн гэсэн театрын хамтлаг, хөгжимчин, спортын багуудтай ч болж.

Жишээ нь хөл бөмбөг, ширээний теннисний багууд байсан төдийгүй дүрвэгсдийн дундаас сэтгүүлч, редактор хүмүүс олдож, тэд герман хэлээр сонин хэвлэл ч гаргах болсон байна. Хэ их даруу хүн байв. Тэрбээр өрхийн тэргүүнгүй ядуу айлд өсчээ. Гэлээ ч боловсрол олж авч, дипломатч болсон аж. Эрэлхэг энэ хятад хүн амьдралын сүүлчийн жилүүдээ АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод өнгөрүүлжээ. Түүний намтар түүх тун тохиолдлын байдлаар олны сонорт хүрсэн байдаг.

Сэтгүүлчээр ажилладаг охин нь хагацлын үг бичиж, эцэг Хэ нь еврей нарыг гестапогийнхны бууны амнаас зайлуулж байсныг түүндээ дурджээ. Үүнийг амь аврагдсан еврей нарын музейн ажилтан олж үзээд Маньлитай холбогдсоноос тэрбээр аавынхаа амьдралын замналыг судлах болсон байна. Харин Хэ нас барсан хойноо л олонд танил болж, хүмүүс хүндлэн дээдлэх болсон аж.

2000 онд Израилийн иргэний дээд шагнал, еврей биш үндэстэнд олгодог “Энхийн төлөө хүн” шагналыг түүнд нэхэн олгожээ. Энэ шагналыг Хэгээс өөр ердөө ганц хятад хүн авсан нь Пинь Юньшунь бөгөөд ЗХУ-ын нутгийн зарим хэсэг германчуудад эзлэгдээд байсан үед еврей охиныг аварсныхаа төлөө 1995 онд түүнийг хүртсэн байна. Хэгийн байгуулсан гавьяаг хүндэтгэж АНУ-ын Сенат 2008 онд тогтоол гаргажээ.

Венад Хятадын консулын газар байрлаж байсан байшингийн хананд үүнээс нэг жилийн дараа дурсгалын самбар бий болгосон байна. Одоо уг байшинд “Ritz Carlton” гэдэг зочид буудал байрладаг. Энэ онд, Азид дайн дууссаны 70 жилийн ойгоор Тайванийн Ерөнхийлөгч Ма Инцю эрэлхэг хятад хүнийг шагнав. 1990 онд нийтлэгдсэн дурсамждаа Хэ “Еврей нарыг зовж шаналж байхыг хараад миний хүн чанар надаас ганцхан зүйл шаардсан нь тэдний зовлонг хуваалцах явдал байсан.

Ийм эмгэнэлт явдлын гэрч болсны хувьд түүнийг хөндлөнгөөс харах биш, тэр хүмүүст тус болохын төлөө бүхнийг хийх нь зүй ёсны юм байв” гэж бичсэн байна. “Чамд хэчнээн юм өгнөв, төдийчинээ юм чи өгөх ёстой. Энэ бол түүний амьдралын зарчим, мөрдлөг байсан” гэж охин Маньли нь дурсаж байна. Хэ гэдэг нэрийг цээжилж ав. Хүнлэг ёсны мөн чанарыг гаргаж чадсан хүнийг мартах учиргүй юм шүү.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД