Засвараа хийгээгүй, хуримтлагдсан өртэй 50 байранд дулаан өгөөгүй байгаа

2015 оны 09 сарын 25

“Улаанбаатар дулааны сүлжээ” НӨҮГ-ын дарга Р.Хайдаваас дараах зүйлсийг тодрууллаа.

-Дулааны хоёрдугаар магистрал шугамд гэмтэл гарч, “Өргөө” амаржих газрын дулаан тасарсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Зүүн дөрвөн замаас цааших шугамыг хоёрдугаар магистрал гэдэг. Жуковын музейгээс Кино үйлдвэр хүртэлх шугамд гэмтэл гарч, засвар хийсэн тухай манай ерөнхий инженер хэлсэн. Энэ гэмтэл Сэлбэ голын эрэг дагуух орон сууцнууд, “Өргөө” амаржих газар орчимд хамаарахгүй. Одоогоор манайд үүнээс өөр гэмтэл гарсан гэсэн мэдээлэл байхгүй байна.

-Энэ өвөл хагарах магадлалтай шугам бий юү?

-Улаанбаатар хотын төв магистрал шугамын 50 орчим хувийнх нь ашиглах хугацаа дууссан. Ямартай ч бид төлөвлөсөн бүх засвар, үйлчилгээгээ хийсэн. Энэ зун зөвхөн өөрсдийн хөрөнгөөрөө таван км шугам сольсон. Гэхдээ хаана гэмтэл гарахыг бид урьдчилан тооцох боломжгүй. Энэ жилийн хувьд Москва хорооллоос Таван шар хүртэлх шугамууд, Офицеруудын ордноос цааших шугамууд хагарч болзошгүй гэж таамаглаж байгаа.

-Кино үйлдвэр орчим болон зарим орон сууц халаалтаа аваагүй байна гэсэн мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Хэрэглэгч байгууллагуудын засвар үйлчилгээний талаар янз бүрийн юм дуулдаж байгаа. Халаалт өгөөгүй үед тэд засвараа хийж байх ёстой. Хотын хэмжээнд 50 орчим орон сууц халаалтгүй байгаа гэсэн гомдол бидэнд ирсэн. Энэ нь манайхтай хамаагүй.

Конторууд засвараа хийгээгүй, дээрээс нь их хэмжээний өртэй учраас дулаан өгөөгүй юм билээ. Кино үйлдвэр орчмын байрнуудын хувьд Ус сувгийн удирдах газар дулааны шугам тавьж, байраа ашиглалтад оруулах гэж байгаа учраас дулааныг нь хязгаарласан байгаа.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД