Хорио цээрийн асуудлаа шийдчихвэл махаа экспортолж эхэлнэ гэлээ

2015 оны 09 сарын 24

            Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл уг асуудлаар “ОХУ-д махны экспортыг нэмэгдүүлэх боломж, зах зээл” сэдэвт зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Тус хуралд холбогдох албаныхан болон ОХУ-аас манай улсад суугаа элчин сайдын яамны мэргэжилтэн, ОХУ-д мах экспортлох зөвшөөрөл бүхий махны компанийн төлөөллүүд оролцож, нөхцөл байдал хэр байгаа талаар, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ.

Энэ жил манай улс 5.6 сая толгой мал буюу 128.5 мянган тонн мах экспортолж, дотоодын хэрэгцээнд арван сая толгой буюу 340 мянга гаруй тонныг хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Гэвч экспортлох махны хэмжээг үйлдвэрийн хүчин чадалтай харьцуулахад дээрх тоонд хараахан хүрэхгүй байгааг ХХАА-н сайд Р.Бурмаа хэлсэн.

Манай улсад мал төхөөрөх, мах боловсруулах 41 үйлдвэр байдгаас одоогоор 21 нь үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Өнгөрсөн онд шүлхий, гоц халдварт өвчин гарснаар хоёр мянга гаруй тонн мах экспортолсон байна. Энэ жил мөн л орон нутагт малын гаралтай халдварт өвчин гарсантай холбогдуулж олон улсын Мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг мах, махан бүтээгдэхүүн экспортлоход хориг тавиад байгаа.

Иймд малаа эрүүлжүүлэх нь нэн түрүүний тулгамдсан асуудал болоод байгаа юм. Шүлхий илэрсэн зүүн бүсийн нутгуудад эрсдлийн үнэлгээ хийхээр БНХАУ-ын найман шинжээч өчигдөр иржээ. Хорио цээр, мал эмнэлгийн байгууллагаас манай улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл олговол, даруй гэрээ хэлэлцээр хийж, экспортоо эхэлнэ гэлээ.

Э.Долгорсүрэн

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД