ТЭР ХОС ТОГЛОЛТОД Ч ГАРШСАН

2015 оны 09 сарын 24

Талбайн теннисний отгон “Их дуулга” “US Open”-ий шигшээд тунаж үлдэх замд нь Роберта Винчигийн эсрэг мэргэжил нэгтнүүд нь олигтой тоглолт үзүүлж чадаагүй юм. Бас энэ тэмцээний аваргын титмийн төлөө өрсөлдөнө хэмээн шинжээчдийн үзэж байсан зарим тамирчин Нью-Йоркийн кортонд өрсөлдөөгүй билээ. Тухайлбал Мария Шарапова байна.

Тэрбээр гэмтэлтэй учраас “US Open”-ийг өнжжээ. Бас Янкович доогуур даваанд “уначихсан”. Тэрбээр дөрөвдүгээр тойрогт Бушартай тоглох байсан ч гэмтлийн улмаас өрсөлдөгч нь тэмцээнээ орхисон юм. Энэ мэтээр азын тэнгэр түүнийг харамгүй ивээжээ. Үүнээс гадна “US Open”-ий шигшээ хүртэл өрсөлдөгчдөө хожиход тэрбээр гурван сет л зориулсан байна.

Роберта Винчи Италийн нарлаг Таранто хотноо нягтлан бодогч Анжело, түүний эхнэр Луиза нарын гэр бүлд төржээ. Теннисний цохиур барин, аавтайгаа анх тоглож үзсэн охин төрсөн ах Франческотойгоо чөлөөт цагаа теннисний кортонд өнгөрүүлдэг болжээ. Түүнийг найман нас хүрэхэд аав нь хотынхоо теннисний сургуульд бүртгүүлж, Винчи үеийн хүүхдүүдээсээ спортын авьяасаар ялгарч эхлэв.

12 насныхны хооронд болдог тэмцээнд нас ахиж орохдоо тэрбээр хамгийн шилдэг нь болж чадсан юм. “Хүүхэд насаа эргэн дурсахад надад хүүхэлдэй тэврэн бүүвэйлсан цаг бараг үгүй. Сурагч болсноос хойш хичээл, эцэс төгсгөлгүй бэлтгэл гэж гүйж явдаг байлаа” хэмээн тэр нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Төд удалгүй Винчи Ромын теннисний үндэсний академид бүртгүүлсэн байна. Тэнд нутаг нэгт Флавия Пеннеттатайгаа танилцжээ.

Пеннетта бол Тарантогоос 70 км-ийн алсад орших Бриндизи хотын уугуул юм. Тиймээс энэ жил “US Open”-ий шигшээд өрнөсөн тэдний тэмцлийг сонин хэвлэлүүдээр “Апулийн дерби” хэмээн тодотгож байсан нь учиртай. Теннисчин охид бие биетэйгээ үерхэн дотноссоор. Тэд нэг өрөөнд дөрвөн жил хамт амьдарсан төдийгүй хамтдаа тоглодог байлаа.

1999 онд “Ролан Гаррос”-ын өсвөр ангилалд гар нийлэн тоглохдоо хос төрлийн шигшээд Клийстерс, Бушар нарыг ялан түрүүлсэн. Энэ цагаас хойш Винчи хос тоглолтод гаршсан аж. 2001 онд Катарын Доха хотноо Францын Сандрин Тестютэй хамтран түрүүлснийхээ дараа “Ролан Гаррос”-ын ¼ шигшээд шалгарав. Тиймээс хос тоглолтод дэлхийд чансаагаараа 22 хүртэл дэвшсэн бол ганцаарчилсан төрөлд 172-т бичигдэж байлаа.

Робертагийн гар нийлдэг бас нэг тоглогч бол Сара Эррани. Таван жилийн дараа итали бүсгүйчүүд “Австралийн нээлттэй тэмцээн” (2013, 2014), “Ролан Гаррос” (2012), “Уимблдон” (2014), “US Open” (2012)-т түрүүлсэн. WTA-гийн мэдээж олон тэмцээний түрүү тэднийх болсон. Винчид теннисчин найзууд, өрсөлдөгчид олон бий. 2006 оноос Италийн шигшээ багт тоглохдоо “Холбооны цом”-д дөрвөнтээ аваргалсныг ч онцлох хэрэгтэй. Энэ жилийн “US Open” итали охидын ноёрхол дор өндөрлөсөн билээ.

Винчи 2005 онд дэлхийн чансааны 115-аас 41 рүү өгсөж чадсан юм. WTA-гийн есөн тэмцээнд түрүүлсэн бүсгүй хатуу хучилттай талбайд хамгийн шилдэг нь байж чадсан билээ. Түүнийг Итали даяар андахгүй мэддэг. Итали мэргэжилтэн Франческо Чинагийн удирдлагад бэлтгэл хийдэг нь амжилтад хөтөлсөн гэж болох. “Хоёр жилийн өмнө би бэлтгэлээ эрс шинэчилсэн. Ачааллаа нэмэгдүүлснээр амжилт дээшилсэн” хэмээн тэр өгүүлж байна.

Тамирчин болсноосоо хойш Винчи нийт есөн сая долларын шагнал хүртээд байна. Түүнтэй рекламны гэрээ байгуулах хүсэлтээ ч мундахгүй олон компани илэрхийлсэн бөгөөд Италийн “Land Rover”-ийн нүүр царай болж амжжээ. Теннисээс гадна хөлбөмбөгт хорхойтой Винчи багадаа хашааны жаалуудтайгаа бөмбөг “хөөхөд” нь аав нь охиноо гэмтэл авах вий хэмээн болгоомжилдог байв. Өдгөө Винчи Италийн шигшээ баг болон “Палермо”-г дэмждэг аж.

Б.ӨГДЭЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД