Гадаад дүрээр дотоод руу өнгийхөд хөрөг зургийн үнэ цэнэ оршдог

2015 оны 09 сарын 24

“Blue moon” галерейн үзэсгэлэнгийн танхимд яруу найрагч Ц.Хулан, Наро Банчен гэгээнтэн гээд л бидний мэдэх олон алдартны хөрөг бүтээлийг дэлгэжээ. Энэ бол тус галерейн гишүүн, зураач Н.Гүнчинсүрэнгийн “Сэтгэгдэл” үзэсгэлэн юм. Тэрбээр өнөөгийн цаг үеийн төрхийг баатруудаар нь дамжуулан түүхэнд мөнхлөхийг хүсдэг уран бүтээлчдийн нэг.

ОХУ-ын Красноярскийн Уран зургийн академид сурах хугацаандаа “Пейзаж”, “Осень”, “Весна”, “Мартовский кот”, Санкт-Петербургт “Копий”, Улаанбаатарт “Хар зураг”, “Оргил өөд” зэрэг үзэсгэлэн гаргаж байсан аж. Дөрөв дэх удаагаа бие даасан үзэсгэлэнгээ хүргэж байгаа тэрбээр энэ удаа 40 орчим бүтээлээ сорчилжээ.

Бүтээлүүд нь эгэл жирийн нэгнээс эхлээд түүхэн болон олны танил эрхмүүдийн хөргөөс бүрдсэн байх юм. Хөргийн эзний төрхөөр дамжуулан дотоод ертөнц рүү нь өнгийх, давтагдашгүй шинж чанарыг нь илэрхийлэхэд энэ төрлийн зургийн үнэ цэнэ оршдог.

Үзэсгэлэнгийн танхимд бүтээлийг нь сонирхох хүмүүсийг сонжин суух зураачаас үзэсгэлэнгийнх нь онцлогийн тухай асуухад “Хөрөг зургууддаа бодит хүнийг дүрслэхээс гадна тухайн хүний дотоод ертөнц болон онцлогийг илүү тусгахыг хичээсэн. Арга ажиллагааны хувьд реалист чиглэлээр гол төлөв туурвидаг” гэсэн.

Мөн тэрбээр “Хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүн. Өнөөдөр биднийг хүрээлэн буй ололт амжилт, дэвшил бүхэн хүний бүтээл. Тиймээс би янз бүрийн насны, ажил мэргэжил, амьдрал ахуйгаараа ялгаатай ч сэтгэл татам, сайхан хүмүүсийн хөрөг зурах дуртай” хэмээсэн юм.

Зураач цаашид ч хөрөг зургийн чиглэлээр бүтээл туурвиж, энэ төрлийг орчин үеийн урсгалтай сүлэн хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. “Сэтгэгдэл” үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД