2015 оны 09 сарын 24
Энэ оны эхний найман сарын байдлаар 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдаад буй улсын төсвийн тасалдал оны эцэст нэг их наяд төгрөгт хүрнэ гэж Сангийн яам тооцжээ. Энэ нь 2015 оны төсвийн тодотголыг ирэх оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай гэсэн үг.
Тиймээс ч аравдугаар сарын 1-нд намрын ээлжит чуулган эхлэхэд хамгийн түрүүнд төсвийн тодотгол хэлэлцүүлэхээр ажиллаж буйгаа өчигдрийн “Шийдлийн цаг”-ийн үеэр Сангийн сайд Б.Болор онцлов. Тэрбээр “Оны эхэнд тооцоолж байснаас эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд боллоо. Үүнд түүхий эдийн үнэ буурсан нь голлон нөлөөллөө. Төсвөө дахин хумих шаардлага гарч байна” гэсэн юм.
“Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч зөв зохицуулалт хийж, орлого нэмэх ямар боломж байгааг судалж ажиллах учиртай. Зэс, алт, нүүрсний үнийн уналтаас бид алдаж байгаа ч шатахууны үнэ буурч байна. Багахан хугацаанд шатахууны үнийг буулгах уу, төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр сонголт бидэнд байна.
Төсвийн тодотголын төсөл оруулж ирэхдээ шатахууны онцгой болон бусад татварыг нэмэхээр тусгах нь зөв гэж үзэж байна” гэж Ерөнхий сайд тэмдэглэв. Үүнээс гадна төрийн өмчийг худалдаж орлогын эх үүсвэр бүрдүүлэх ямар боломж байгааг судлан татварын уян хатан бодлого, зохицуулалт хийх хэрэгтэй гэлээ.
Мөн урсгал зардлын хувьд тэвчиж болох дээд хязгаарыг барьж, улс төрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах боломжтой, эсэхийг ойрын үед судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов. Ингэхдээ татвар төлөгчдийн халаас руу дүрэхгүй, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийг бууруулахгүй байхыг хатуу анхааруулсан.
Гэхдээ 2015 онд цалин нэмэхгүй бололтой. Энэ тухайд Ерөнхий сайд “Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо үүнийг таатай хүлээж авахгүй байх. Гэхдээ цалин буулгахгүйгээр асуудлаа шийдэх гарц хайж байхад нэмэх тухай асуудал байж таарахгүй” гэж байлаа. Эцэст нь тэрбээр “13 дахь сарын шагналт цалингаас төрийн гэлтгүй хувийн хэвшлийнхэн татгалзахад буруудах зүйлгүй. Бүсээ чангалахад төр, хувийн хэвшил гэж ялгалгүй санаачилгатай ажиллах шаардлагатай байна” хэмээлээ.