Унгарын Засгийн газраас 25 сая долларын зээл олгох талаар хэлэлцэнэ

2015 оны 09 сарын 23

Монгол, Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан өнөөдөр эхэлнэ. Уг хуралдаанд оролцохоор Унгарын Гадаад эдийн засаг, гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Унгар, Монголын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Унгарын хэсгийн дарга ноён Др.Микола Иштван тэргүүтэй 14 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн иржээ.

Энэхүү айлчлалын үеэр Унгарын төлөөлөл Монгол Улсын Гадаад хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Эрүүл мэнд, спортын яам болон Нийслэлийн Засаг даргатай хоёр талт хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэх зорилготой юм байна.

Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар Сонгино дахь Биокомбинатын шинэчлэлд зориулах 25 сая ам.долларын өртөг бүхий тусламжийн зээлийн асуудлыг хэлэлцэнэ. Мөн хөдөө аж ахуй, малын эрүүл мэнд, усны аж ахуй, байгаль хамгаалал, үйлдвэр, хөрөнгө оруулалт, худалдаа, эрчим хүч, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах чиглэлүүд болон боломжуудыг хэлэлцэх юм.

Унгарын тал Улаанбаатарыг хөгжүүлэх хөтөлбөрт анхаарал хандуулж байна. Ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлт, тээвэр, дэд бүтэц, цэвэр ус, бохир ус, хог хаягдал болон агаарын бохирдлыг багасгах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД