Хоёр улсын хоорондох шийдэгдээгүй асуудалд анхаарахыг хүсэв

2015 оны 09 сарын 23

ОХУ-д айлчилж буй манай УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 21-нд тус улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийжээ. Энэ үеэр В.И.Матвиенко Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэгд ордог гээд сүүлийн хоёр жил Төрийн тэргүүнүүд хэд хэдэн удаа харилцан айлчлал хийснийг онцлов.

Гэвч хоёр орны харилцаанд цөөн боловч тохиролцоонд хүрээгүй асуудал бийг сануулж, үүнийг шийдэхэд УИХ анхаарч өгөхийг хүссэн байна. Тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэр дэхь оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлын талаар бид тохиролцоонд хүрсэн. Гэвч үүнийг шийдэхгүй байгаа нь Монгол Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрийг зурахад саад болсоор ирлээ.

Мөн хоёр улсын худалдаа эдийн засгийн үзүүлэлт жилээс жилд буурч байна. Тиймээс эдийн засгийн харилцааг олон тулгууртай болох хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн хоёр орны харилцааг улам өргөжин хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал гэсэн юм. Эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой, Монгол Улсад нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний хэмжээгээ нэмэгдүүлэхэд ОХУ бэлэн байна гэжээ.

УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр “2009 онд тохиролцсон үл хөдлөх хөрөнгийн асуудлыг одоо болтол шийдээгүй байгаа нь манай Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа удаан байгааг харуулж байна. Энэ асуудлыг урагшлуулахын тулд анхаарах болно” гэжээ. Мөн “Манай улсаас ОХУ руу экспортлох бараа бүтээгдэхүүний тухайд уламжлалт мах, консерв, нэхий дээл болон зарим бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлоход тариф саад болж байна.

ОХУ-ын зах зээлд манай улсын бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх таатай орчин бүрдүүлэх нь чухал. Энэ хүрээнд хоёр орны гадаад хэргийн сайд ярилцсан. Манай хоёр улсын хамтын ажиллагаатай гол гурван зүтгүүр бол “Эрдэнэт” ХХК, “УБТЗ” ХНН, “Монголросцветмет” ХХК юм. Эдгээр үйлдвэр бүгд 1990 оноос өмнө байгуулагдсан. Цаашид тулгарсан асуудлыг шийдвэрлэж, хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Протоколыг УИХ соёрхон батлахаар ажиллаж байна” гэв.

Монгол, Оросын худалдааны хэмжээ 2014 онд 1.6 тэрбум ам.доллар байгаагийн дөнгөж гурван хувийг манай улсын экспорт эзэлж байгааг тэр сануулаад үүнийг өөрчлөхийн талаа дорвитой арга хэмжээ авах хэрэгэтй гэсэн юм. Энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболд ОХУын Холбооны хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай мөн уулзсан юм.

Энэ үеэр ноён С.Е.Нарышкин хоёр орны харилцааны дотор парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа хэлээд аг Монгол Улстай олон улсын тавцанд, Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй гэлээ. УИХын дарга З.Энхболд “Монгол Улс 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа тул ОХУ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд нэр дэвшиж байгаатай холбогдуулан хоёр тал бие биенээ уг сонгуулиар харилцан дэмжихээр болсон. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахисан бодлоготой орон болох талаар олон нийтэд танилцуулсан. Монгол Улс шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш төвийг сахих бодлогыг албан ёсоор зарлаагүй ч агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж ирсэн” хэмээлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД