Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулна

2015 оны 09 сарын 22

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулах зорилгоор АНУ-ын ЭКСИМ банкнаас Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газарт авах 9,7 сая ам.долларын зээлийн 85 хувьд баталгаа гаргахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Барилгын хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгийн үлдэгдэл 15 хувийг 2016 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийсэн айлчлалын явцад MIC industries корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ санал болгосны дагуу Батлан хамгаалах яаманд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах талаар судлан үзэх үүрэг, чиглэл өгсөн юм. Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн хангалт үйлчилгээний газраас гаргасан тооцоогоор өнөөгийн зах зээлийн ханшаар 48х24 метрийн хэмжээтэй барилгыг тоосгоор барихад 1.3 тэрбум зарцуулагдаж байгаа бол хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжөөр ийм хэмжээний барилга барихад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Уг хөдөлгөөнт цогцолбор нь 1000 ам.метр талбайтай барилгыг нэг өдөрт гүйцэтгэх хүчин чадалтай юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД