Сурагчийн үнэмлэх, “U money” карт хамтдаа хүчинтэй

2015 оны 09 сарын 22

Сурагчийн “U money” картаар насанд хүрэгчид болон оюутнууд зорчих зөрчил цөөнгүй гарах болсон. Иймд Монголын сурагчдын холбоо сурагчид болон сургуулиудын сурагчдын холбоогоор дамжуулан тус картыг нэгдсэн журмаар тараахаар болсон байна. Үүнээс гадна нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ цахим карт, үнэмлэхээ хамт үзүүлэх учиртай.

Тиймээс нийтийн тээврээр зорчихдоо сурагчийн үнэмлэхээ биедээ авч явах ёстой бөгөөд хугацаа нь дууссан болон огт үнэмлэхгүй бол сургуулийнхаа захиргаанд хандаж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг Монголын сурагчдын холбооноос анхааруулсан.

Харин цахим картны мөнгө нь дууссан тохиолдолд сурагчийн үнэмлэхээ үзүүлээд 200 төгрөгөөр зорчих боломжтой аж. Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгээс сурагчийн цахим картын талаар тодруулахад. “Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” хамтарч, сурагчдын цахим картыг нэгдсэн журмаар тараахаар өнөөдөр (өчигдөр) гэрээ хийсэн.

Сургуулиас нэгдсэн байдлаар захиалга өгсөн өдрөөс “U money” карт борлуулж буй цэгүүдэд сурагчийн карт зарахгүй. Яг өнөөдөр (өчигдөр) бол манай байгууллагын зүгээс сурагчдын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт олгож эхлээгүй.

Түүнчлэн манай холбооноос санаачилж нийт 140 мянга гаруй сурагчид тараасан “IC chip”-тэй үнэмлэхийг нийтийн тээврээр зорчихдоо үзүүлэх шаардлагатай” гэлээ.

  А.ТҮМЭННОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД