“731 ДҮГЭЭР ОТРЯД” ХИЙГЭЭД ЧӨЛӨӨЛӨХ ДАЙН

2015 оны 09 сарын 21

Цэргийн сэтгүүлч, дэд хурандаа Гомбын БААТАРНУМ


Дэлхийн ll дайны угтал болсон 1939 Халхын голын болон 1945 оны Чөлөөх дайны талаар сонирхолтой судалгаа хийсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVl хорооны Ахмадын зөвлөлийн гишүүн, Нийгмийн эрүүл мэндийн судлаач Ч.Чулуунбаатартай ярилцлаа.

“731 дүгээр отряд”-ын талаар Та багагүй судалгаа хийжээ. Энэ отрядын үйл ажиллагаа 1945 оны дайнаас ч хойш үргэлжилж байсан гэлээ. Энэ тухайгаа уншигчдад хүргэвэл сонин байх болов уу?

-Аливаа дайн байлдааны талаар судалгаа хийдэг нь миний мэргэжилтэй салшгүй холбоотой гэдгийг дашрамд хэлэх нь зүйтэй болов уу. Токиогийн Их сургуулийн халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Т.Тамия дайны үед “731 дүгээр отряд”-ад ажиллах Эмнэлгийн мэргэжилтнүүдийг сонгож байжээ. Мөн үед Байгалийн нөөцийг судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан К.Асунума, Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн М.Кимаока, К.Окуму нар “Цуцгамуси”  буюу “Японская речная лихорадка” өвчин үүсгэгчийг судалж, Нийгатагийн сэтгэцийн клиникийн өвчтөнүүдэд туршилт хийж байсан баримт нь эдүгээ нууц биш болжээ. Тухайлбал, 1953-1956 онд энэ өвчний үүсгэгчийг 118 өвчтөнд хийсний 9 нь нас барж, бусад нь туршилтын туулай болохгүй гэж амиа хорлосон байна.

Та ямар эх сурвалжаас ийм нарийн зүйлийг олж мэддэг юм бэ?

-Миний судалгааны энэ материал “Новое Время” сэтгүүлийн 1983 оны №37 дугаарт гарсан юм. Цааш нь өгүүлэхэд Токиогийн их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Т.Тамия, Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн захирал А.Сисидо нар Токиогийн ойролцоох Шоронгийн хоригдлуудад бөөсний хижигийн “А” хэлбэр нь “Б” болж хувирах эсэхийг туршилт хийж судалсан байна. Энэ нь мөнөөх “731 дүгээр отряд”-ад туршиж байсан туршилт шүү дээ.

Тэр аймшигт газар хэчнээн хүн туршилтад орж байсан судалгаа байдаг байх даа?

-“731 дүгээр отряд”-ад хожмоо Ногоягийн их сургуулийн Хүүхдийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.Огава, Кинкийн Их сургуулийн тэнхимийн эрхлэгч К.Окамото, Осакагийн Их сургуулийн Хүн эмнэлгийн факультетын эрхлэгч Х.Танака нарын нэртэй эрдэмтэд оролцсон 3000 гаруй хүн ажилладаг байжээ. 1940-1945 оны хооронд 3000 гаруй хүнийг бактерийн туршилтад оруулан хөнөөсөн байна. Туршилтад орж амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь Хятад үндэстэн байсан бөгөөд мөн Орос, Монгол зэрэг бусад үндэстэн ч цөөнгүй байжээ. Энэ тухай Жао Юй Ся гэдэг хүний бичсэн “Японы түрэмгийлэгчид Хөлөнбуйрын газар оронд хими ба бактерийн дайн явуулсан нь” гэдэг материалыг олж үзсэн юм.

Мэдээж, судалгааны давхар ажил явагдаж байсан болохоор гавьяа, шагнал хүртэгсэд ч байсан л байж таараа?

-Байлгүй яахав. Зохиомлоор хөлдөөх туршилт хийж байсан “731 дүгээр отряд”-ын судлаач Х.Иосомураг “Хүрээлэн байгаа орчинд дасан зохицох асуудлаар шинжлэх ухаанд оруулсан шинэ үйл ажиллагааны төлөө” гэсэн үндэслэлээр Эзэн хааны төрсөн өдрийг тохиолдуулан 1978 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тухайн үеийн Боловсролын сайд нь “Ургах наран одон”-гоор шагнаж байсан тухай мэдээлэл мөн “Новое время” сэтгүүлийн 1983 оны №37-д хэвлэгдсэн байдаг.

Та судлаач хүний хувьд үүнд хэрхэн ханддаг вэ?

-Бактериологийн Зэвсэгт хэрэглэсэн  нян, бактери, боом, холлера, балнад болон туршилтад хэрэглэж байсан хулгана, мал, амьтан нь нян тээгч, халдвар тараагч болон өсөн үржиж, хувьсан өөрчлөгдөж, халдвар тараах хоруу чанар нь одоо ч хадгалагдан байж болзошгүйг үгүйсгэх аргагүй. Энэ нь үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалж үзэх чухал асуудал гэдгийг хэлэх ёстой.

Өөр сонирхолтой судалгаанаасаа хуваалцаач...?

-Хятадын судлаач Хан Хиао, Хин Рэй Лин нарын бичсэн “Японы армийн 731 дүгээр отрядын Ялт хээрийн түүх” материал Хэй Лонг Жиан Мужийн Ардын хэвлэлийн хорооноос 1999 онд гаргасан нэгэн номонд хэвлэгдсэн байна. Тэр номонд “...Эдгээр боомын бактеритай сумыг хийсний дараа Яма-күчигийн тасгийн хүмүүс Номун хааны фронтын Их бууны галын шугаманд хүргэсэн юм гэсэн бол Япон дайнд ялагдсаны дараа эх орондоо буцаж ирсэн 731 дүгээр отрядын алба хаагч Каматагийн өгүүлсэн нь сонирхол татдаг. Тэрээр “Нэг өдөр манай гурван хүнтэй тасагт Хустайн голд бактери цацах тушаал өгч, бид тахлын болоод Хулганын хижгийн бактеритай шингэн агуулсан сав болон хижиг халдварлуулсан хулгана, хор цацах багажийг машинд ачиж Жанжин сүмээс хөдлөв. Бид яарч сандарснаас болгоомж алдаж, манай тасгийн дарга халдвар авч, Хайлаарын эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн боловч удалгүй нас барсныг хожуу сонссон. Замдаа нэг тариачин айлд түр саатаж, жирийн Япон хүмүүс гэж худал хэлсэн. Тэр айл халиараар банш хийж биднийг дайлсан. Тэднийхээс явах үедээ гэрийнхний хайхрамжгүй байдлыг далимдуулан биедээ авч явсан Хулганын хижгийн хатаасан бактерийг гэрт нь хаяж орхисон юм. Хустайн голд бактери хаях үүргээ биелүүлээд буцахдаа нөгөө айлдаа ирэхэд өрхийн гурван хүн бүгд үхсэн байсан” гэж үнэн баримтыг өгүүлсэн байдаг.

Халхын голд мөн бактери цацах ажиллагаа хийгдэж байсан юм уу?

-Тийм ээ. 1939 оны 7 дугаар сарын 13-ны өдөр “731 дүгээр отряд”-ын Окари Цүнёшике хошуучийн удирдсан амиа золиослогч 22 этгээд Халхын голд 22,5 кг хижиг, холер, ям зэрэг өвчний бактерийг цацжээ. Энэ нь чухамдаа Зөвлөлт, Монголын цэргийн эсрэг хийсэн бактериологийн дайн байсан гэж хэлж болно. Энэ ажиллагаанд оролцож явсан Бодончууд Цэрэнжавын Авид 2005 онд хэвлүүлсэн “Номун хааны дайн” номондоо дээрх тоо баримтыг өгүүлсэн байна. Дашрамд өгүүлэхэд Ц.Авид нь ОХУ-ын Чита Мужийн Доод Бооржид төрсөн Буриад хүн аж. Хайлаарт Орос бага сургууль, Харбинд Төмөр замын дээд сургууль дүүргэж, Хайлаарын галт тэрэгний өртөөнд тасалбар худалдагчаар ажиллаж байсан, БНХАУ-ын иргэн юм билээ. Тэрээр 1989 онд Монголд ирж, “Улаан-Од” сонины сурвалжлагч, дэслэгч Ц.Элбэгдоржид ярилцлага өгч байсан сонин түүхтэй хүн.

 

Япончууд өөрсдөө ч тэрхүү туршилтдаа хэлмэгдсэн тохиолдол цөөнгүй байдаг гэж Та өгүүллээ. Энэ тухайгаа тодруулна уу?

-1939 оны 8 дугаар сарын дундуур Хайлаар хотод Ямашитагийн удирдсан “731 дүгээр отряд”-ын өвчний гаралтыг судлах тасгийн хижгээс сэргийлэх 10 гаруй мэргэжилтэн цугларч, өвчний тархалт, бактерийн үйлчилгээг судалсан юм билээ. Тэд долоо хоногийн хугацаанд Японы армийн цэргийн дарга, жирийн цэргүүдэд үзлэг хийхэд 8500 хүн өвчилсөн байсан бөгөөд уг өвчин нь мөнөөх туршилтын бактериас үүдэлтэй болохыг тогтоосон байдаг. Дээрх отрядын хоёрдугаар эмнэлгийн цэргийн эмч, дэслэгч Катами, цэргийн эмч, хошууч Мияа, Пумадо, Инодияа, Биба, Күраками нар тахлын нянгаар нас барсан харамсалтай явдал ч тохиолдож байжээ. Энэ тухай ОХУ-ын нэрт сэтгүүлч Евгений Качурагийн бичсэн “Генерал Сиро Исийн сүүдэр” нийтлэл “Октябрийн туяа” сэтгүүлийн 1985 оны №16 дугаарт нийтлэгдсэнээс иш татаж байгаа юм.

Тас бас 1945 оны Чөлөөлөх дайныг судалдаг гэсэн. Түүхийн эх сурвалжийг нь тэр бүр хүн мэдэхгүй л болов уу?

-Японы эсрэг дайнд ЗХУ-ын оролцох тухайн асуудал Ираны Тегеранд анх хэлцэгдэж, гурван их гүрний тэргүүн нарын Ялтын бага хурлаар эцсийн шийдвэрийг гаргажээ. Тодруулахад, 1945 оны 2 дугаар сарын 11-нд И.В.Сталин, Рузвельт, Черчилль нарын гарын үсэг зурсан хэлэлцээрт “Фашистын Германыг бут цохисноос хойш 2-3 сарын дараа ЗХУ Алс Дорнодод Японы эсрэг дайнд орно” гэдгийг тов тодорхой заасан байдаг. Харин Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах тухай асуудлыг И.В.Сталин нарын ЗХУ-ын удирдлага Москвад авч хэлэлцжээ. Тухайлбал, 1945 оны 7 дугаар сарын эхээр Х.Чойбалсанг Москвад урьж авчран Зөвлөлт-Хятадын хэлэлцээний тухай мэдээлэх үедээ ярьж тохиролцсон байна.

ЗХУ-ын маршал А.М.Васильевскийн оролцон боловсруулсан дээрх төлөвлөгөө ёсоор Өвөр Байгаль болон Примөөрийн чиглэлээс гэнэтийн хүчтэй цохилт өгч, Манжуур, Хойд Солонгост байрласан Квантуны армийн бүлэглэлийг бүслэн авч, хэсэгчлэн бут цохихоор төлөвлөжээ. Энэ нь Чанчунь болон Шэньян (Мүгдэн)-нд байрласан Японы гол хүчин илүүтэй өртсөн гэсэн үг.

Маршал Р.Я.Малиновскийн командалсан Өвөр Байгалийн цэргийн фронтын бүрэлдэхүүнд Зөвлөлт-Монголын морьт механикжуулсан группыг байгуулахыг Зөвлөлтийн Жанжин штаб шийдэж, группын командлагчаар генерал И.А.Плиевийг томилно гэдгийг И.В.Сталин Х.Чойбалсантай Москвад уулзахдаа мэдэгджээ. Ийнхүү томилогдсон Морьт механикжуулсан групп нь Дэ вангийн удирдсан цэрэг, Сүй Юанийн группын эсрэг Чуулалт Хаалга-Бээжин болон Долнуур-Жэхэ-Бээжин гэсэн хоёр чиглэлээр давших үүрэг авсан байна.

Ямар хэмжээний хүн хүч, зэвсэг техникийг төвлөрүүлж байсан юм бол...?

1945 оны 8 дугаар сарын эхээр Зөвлөлтийн цэрэг гурван фронтоор давшилтад ороход бэлэн болжээ. Алс Дорнодод Ерөнхий цэргийн 11, агаарын 3, танкийн 1 арми бүрэн төвлөрч, 1 сая, 750 мянга орчим цэрэг, 30 мянган их буу, 5 мянга 250 танк, 5000 гаруй нисэх онгоцыг татан авчирсан байна. Харин МАХЦ-ийн зүгээс морьт дивиз 4, хуягт бригад, танкийн болон Их бууны хороо, агаарын хүчин оролцжээ.

Зөвлөлт Засгийн газраас 1945 оны 8 дугаар сарын 9-нд Японд дайн зарласан бол маргааш нь буюу 8 дугаар сарын 10-нд БНМАУ Японы эсрэг дайн зарласан юм. Харин уг дайн ямар хугацаанд өрнөж, ямар хэмжээний ялалт байгуулсныг нурших нь илүүц биз ээ. Харин “Ялагдашгүй” хэмээн бардамнаж байсан Квантуны армийн үүслийн талаар товч дурдъя. Хятадын зүүн хойд хэсэг болох Манжуурт байрлаж байсан Квантуны арми нь 1919 оны 4 дүгээр сард байгуулагдаж, Армийн командлагчаар дэслэгч генерал Тачибана Койчиро гэдэг хүн анх томилогдож байжээ. 1932 оноос Квантуны Армийн командлагч нь Манж-Год суух элчин сайдын албыг давхар хашиж, 1939 оноос энэ Армийг командалж байсан генерал Уеда гэгч Эзэн хаанд захирагдах онцгой эрхийг эдэлжээ. Өөрөөр хэлбэл Японы Жанжин штаб түүнд Эзэн хааны зөвшөөрөлгүйгээр ямар нэг тушаал өгөх эрхгүй байв. Квантуны Арми 1932 онд ганцхан дивизтэй байсан бол 1939 онд 8 дивиз, хоёр бригад, танк, Морин цэргийн, Хилийн гаринзионы 8 нэгж, хамгаалалтын 5 анги, агаарын 3 бригад бүхий 250.000 хүнтэй болтлоо өргөжсөн байдаг.

            Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД