ХҮҮХЭД “БҮТЭЭДЭГ” ЭЭЖ

2015 оны 09 сарын 21

Б.Цэдэвсүрэн. “Ардчилал” сонин


 

Эмэгтэй хүн болж энэ ертөнц дээр ирсэн хувь заяаны туйл нь эх хүн болох ч байж магад.Энгэрээсээ сүү урсган, үрээ элгэндээ тэврэх­дээ л эмэгтэй хү­ний жинхэнэ гоо үзэсгэлэнг өөрийн биедээ цогцлоож чаддаг болов уу.Амьнаасаа амь тасалсан эх хүн хэзээ ч тамд очдоггүй гэдэг. Гэтэл тэр их хувь заяаны туйлыг амсчихаад, тэр их гоо сайхныг мэдэрчихээд, тамын хаалгыг хаачихсан мөртлөө төрсөн үрээ хаях зориг зөвхөн эх хүнээс л гардаг аж.“Эрэгтэй хүн хүүхэд төрүүлээд хаяна гэж хэзээ ч байхгүй.Эмэгтэй хүн л хүүхдээ хаядаг байхгүй юу” хэмээн ярьж асгарах нулимсаа арчих нэгэн эмэгтэйтэй уулзлаа.Хүн мэддэг зүйлээ даруухан ярих нь, хайр энэрлээр бялхах нь, хаанаас ч ундраад байгаа нь мэдэгдэхгүй аз жаргалд умбах нь, хажуудаа байгаа жаахан ч гэсэн баяр баясгаланг мэдрэх нь сайхан.Тэгвэл сайхан бүхнийг өөртөө цогцлоож чадсан энэ эмэгтэйг олон хүүхэд ээжээ гэж дууддаг.Заримдаа эмээ гэх нь ч бий.Хаа нэг Аамаа гэж дуудах нь ч элгэмсүү сонстоно.Өөрөөсөө дөрвөн амь тасалж хүн болгосон ч тэрээр 100 гаруй хүүхэд “бүтээсэн” ээж юм билээ. 

“Манай гэр” асрамжийн газрын Намжилын Гаамаа эгчтэй уулзахаар утас цохитол “Хоёр хүүхдээ зусланд амраасан юм аа.Өнөөдөр авахаар явж байна.Нөгөөдөр хоёулаа уулзах уу” хэмээн утасны цаанаас үг сольсон юм.Харин өчигдөр түүнтэй 11 дүгээр хороололд байх байранд нь очиж уулзав.Анх асуусан асуулт маань хичээлийн шинэ жилийн бэлтгэл.Асрамжиндаа 26 хүүхэд өсгөж буй түүний хувьд сургууль, цэцэрлэгийн бэлтгэл амаргүй даваа болов уу гэж сэтгэсэн хэрэг.Гэтэл “Өнгөрсөн зургадугаар сарын эхээр хүүхдүүд маань амарч эхэлсэн.Тэр үеэс нь эхлээд л жаахан олдсон юмаа нааш цааш нь хийнэ.Хүүхдүүдээ зуны амралтаар нь юм оёулна.Ингэсээр хичээлийн бэлтгэлээ базаадаг.Өнөө жилийн бэлтгэл хангагдаж л байна даа.60 хувьтай байгаа” хэмээн ярьсан түүний үгийг сонсох сэтгэлд өег аж.Ганцхан хүүхэдтэй мөртлөө амьсгаа дээр яваа эцэг, эх олонтой таарч байгаа учраас тэр шүү дээ. 

“Намайг дэлгүүрт 10 хоног худалдагч хийгээд өгөөч гэвэл би их өрөнд орох байх.Тооцоог нь будлиулаад, буруу үнээр наймаа хийгээд л. Харин гурван хүүхэд авч ирээд 10 хоног хараад өгөөч гэвэл би хэнээс ч илүү сайн хийнэ дээ” хэмээн бардам ярих тэрээр амьдралынхаа сүүлийн 31 жилийг боловсролын салбарт зориулж яваа юм билээ. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй түүний хувьд их сургуулийн ширээнээс Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгт ажиллаж, бүтээн байгуулалтад оролцож буй ээлжийн ажилчдын хүүхдүүдийг 24 цагаар асарч хүмүүжүүлэн эцэг, эхийг нь орлох болсон нь түүний хожмын амьдралын бахархал болж. “Их сургуулиа дөнгөж төгссөн охиныг ажилд авч, хамтран ажиллахын зэрэгцээ их зүйлийг сургаж заасан хамт олондоо одоо ч маш их баярладаг” хэмээн түүний ярих энэ явдал тэртээ 30 гаруй жилийн өмнөх. 

1990 он гарч нийгмийн ороо бусгаа үед хүн бүр л амьдрах гэж амьдралаа дээшлүүлэх гэж хүүхдээ ч үл хайхран зүтгэж явсан үе.Тэгэхэд “Орцны цэцэрлэг” олноор байгуулагдав.Н.Гаамаа багш ч гурван жилийн хөдөлмөрөө “Орцны цэцэрлэг”-ийн багачуудад зориулжээ.Ээж аав нь ажилтай, өвөө эмээ нь хэвтрийн, өвчин зовлон туссан гээд эмзэг давхаргын хүүхдүүдийг голдуу халамжилдаг “Орцны цэцэрлэг” түүнд арвин туршлага өгч. Харин Япон улсын иргэн, Токиогийн их сургуулийн багш Аратамэ-Кэн түүнд  туршлагаа ашиглан ажиллах гарцыг нь нээж өгсөн байна. Н.Гаамаа багш 2003 оноос эхлэн аав, ээжийн хайрыг дутуу хүртсэн, өвчин туссан зургаан хүүхэд  авч гэр асрамжийн газар нээж ажиллах болов. Энэ цагаас эхлэн түүнд өврөөс нь унаагүй ч өөрийг нь тойрох бяцхан үрс “ээж”, “эмээ”, “Аамаа” гэх алдрыг хүртээсэн хэрэг. Харин тэр хариуд нь түнх нь мултарсан, дутуу хөгжилтэй хүүхдүүдээ эрүүл саруул болгох гэж “Нарантуул” захаас дугуй булант, “Дэнжийн мянга”-аас шулсан яс хэдэн уутыг ч зөөсөн юм бүү мэд. Тоогоо алдаж.“Гүзээ кали ихтэй.Айлын хүүхдүүд талхан дээрээ чанамал түрхэж иддэг байхад манай хүүхдүүд чанаад машиндчихсан гүзээ тавьж иддэг байлаа.Асаргаа сайтай хүүхэд дороо л сэргээд ирдэг.Урамтай” хэмээн хуучиллаа.Хүүхдүүдийнх нь хэрхэн түүн дээр ирсэн талаар лавлах гэтэл “Би өөрийн дураар хүний хүүхэд аваад өсгөнө гэж байхгүй.Эд маань бүгд улсын хүүхэд.Халамжийн газраар дамжиж ирдэг” хэмээн товч хариулав.Үнэхээр тухайн хүүхэд түүн дээр ямархан замыг туулаад ирсэн нь сонин биш бололтой.Харин түүнийг гээд ирсэн хүүхдийнх нь эрүүл мэнд, өв тэгш боловсрол хамгаас чухал гэдгийг л ойлгосон юм.

“Өөрийн төрсөн дөрвөн хүүхэдтэй.Асрамжийн төвөөр маань 100 гаруй хүүхэд дамжин гарсан.Одоо 26 хүүхэд байгаа” хэмээн ярих тэрээр энэ бүх хүүхдийн ээж нь.“Хамгийн бага хүү маань одоо 28 хүрсэн.Эхнэр хүүхэдтэй л дээ.Оюутан байхдаа надад нэг удаа “Ээжээ уг нь би таны хамгийн эрх хүүхэд юмсан.Гэтэл өглөө цай ч ууж чадахгүй хичээлдээ явж байна.Харин та хүний хүүхдүүдийг л гэх юм” гэж хэлж байлаа.Тухайн үед чи яах вэ.Энэ хүүхдүүд шиг аав, ээжгүй биш.Чамд аав, ээж хоёр нь байна.Чимээгүй л бай гэж хэлдэг байлаа.Хүүхэд хэзээ ч дутуу заяатай явах учиргүй гэж би байнга өөртөө хэлдэг.Төвдөө ирсэн хүүхдүүдийнхээ дутууг дүүргэх гэж л зүтгэдэг.Тэдэнд би л байгаа гэж өөртөө байнга сануулдаг даа” хэмээн ярихдаа тэрээр зоримог, бахдал төрүүлэх. 

Биднийг ийн ярилцаад суутал гаднаас хурдаараа гүйж орж ирсэн жаал Н.Гаамаа эгчийн өмнө ирж эрхлэн эргэлдэж, нэг үнсүүлснээ нөгөө өрөө рүү гүйчихлээ.Түүнийг Тэмүүлэн гэдэг аж.Өнөө жил гурван нас хүрч байгаа ч тус төвийн хамгийн бага нь гэнэ.“Цэцэрлэгт оруулах гээд бүртгүүлнэ гэсэн чинь “Би том болсон.Цэцэрлэгт явахгүй цэрэгт явна” гэж томорсон залуу байгаа юм” хэмээн ярих ээжийн нүд хайраар гэрэлтэн хүүгийнхээ араас харна. 

Та асрамжиндаа хамгийн бага нь хэдэн настай хүүхэд авч байсан бэ гэхэд “Төрөөд 17 хонож байсан хүүхэд авч байсан. Гурван сартай, таван сартай гээд жаахан хүүхэд олныг авсан даа” хэмээн яриад түрүүнээс хойш ээжийгээ хэн гээчтэй юу ярьж суугааг “тагнахаар” орж гарсан охиныг зааж “Энэ маань л гэхэд таван сартай манайд ирж байлаа. Төрөлхийн зүрхний гажигтай.Бие нь тааруу ирсэн.Өдөр хоног өнгөрөх тусам ам, нүүр нь хөхрөөд хагалгаанд яаралтай орохгүй бол болохгүй хэцүү байсан.Хүүхэд өвдөх л ер нь хамгийн хэцүү” хэмээн ярихад түүний нүдний аягыг “дураараа” нулимс бүрхээд ирэв.Гэсэн ч тэрээр нэг урт амьсгаа авснаа “Одоо тэгээд таван настай хөөрхөн охин болсон байна.Чи харсан биз дээ” хэмээн инээмсэглэн тайтгарав. 

“Түр хамгаалалтад авсан хүүхдүүд хүртэл манайд ирдэг.Гэхдээ энд удсан хүүхдийг эргэн нэгдэлтэд өгөх хэцүү.Гэртээ очоод гэр бүлийнхэнтэйгээ таарч тохирохгүй.Хэдийгээр төрсөн эцэг, эх дээрээ очиж байгаа ч хэцүү нөхцөл тэднийг угтах нь элбэг.Ямар ч үед би хүүхдүүдээ өмөөрчих гээд байдаг юм” хэмээн ярихад нь дахиад л түүний нүдийг нөгөө “жолоогүй” нулимс эзэлж орхив.Энэ нулимс хүүхдүүдийнхээ төлөө түүний хийсэн хэцүү, хүнд бүхний илрэл гэлтэй. 

“Монгол эхчүүдийн хайр энэрэл, сайхан сэтгэл хаач­чихсан юм бүү мэд” хэмээн гомдол нэхсэн харцаар ширтсэнээ тэр дороо цэлмэж “Гэхдээ би бүх эхчүүдийг хэлээгүй юм шүү” хэмээн үгээ цайруулах.“Гудамжинд явж байхдаа хүүхнүүдийн гоё ганган хувцас, сайхан бие хаа, хөөрхөн төрхийг нь харахаас илүү хажуудаа дагуулж яваа хүүхдийг нь л хамгийн түрүүнд хардаг даа.Хааяа ч гудамжинд явж байхад хүүхдийг нь булаагаад авчихмаар явдалтай олон таарна.Шал согтуу ээж нь жаахан хүүхдээ цус нөжтэй нь холиод хаячихсан байх энүүхэнд.Тийм зүйлтэй таарвал цагдаад мэдэгдээд холбогдох байгууллагуудад нь шилжүүлдэг” хэмээн ярихдаа саяхан миний өмнө суугаад нулимсаараа хэлэх гэснээ илэр­хийлсэн шар царайтай эгчийн төрх зэвүүцлээр солигджээ.Тэр үүнийг л үзэн яддаг.Хүүхэд төрүүлчихээд хаяад явахыг, дураараа төрүүлсэн хүүхдээ зодож байгаа эхийг.Тэр ийм харгислалд дургүй. 

“Над дээр хүсээгүй мөртлөө жирэмсэн болчихсон хоёр гурван оюутан охин ирж байсан. “Би энэ хүүхдийг хүсээгүй.Тийм учраас өсгөж чадахгүй нь ээ.Сайн ээж, аав олж өгөөч” гэж хандаж л байлаа.Би тэгээд явж байгаа хүнд тусалдаг, хайрладаг.Төрсөн үрээ хог шаар шиг хаях сэтгэл өвөртлөөгүй, өөрөөсөө сайн хүнд даатгах гэж байгаад нь баярладаг.Асрамжийн төв болохоор хүүхэдтэй болох боломжгүй гэр бүл ч их ханддаг.Тэдэнтэй нөгөө охидыг холбож өгнө.Эхийг нь асарч байгаад төрүүлчихээд хүүхдийг нь албан ёсоор өргөж авсан гэр бүл ч бий.Манайхаас өргөгдөж очоод дүү дагуулсан хүүхэд ч бий.Тийм үед баярлахаасаа илүү үед өөрийнхөө л хүүхдийг боддог юм билээ.Өөрийн төрсөн хүүхэдтэй болсон айл хүүхдийг минь тоохоо больчих вий гээд л. Гэтэл харж байхад харин ч дүү дагуулсан болохоор нь илүү хайрладаг ч юм шиг...” хэмээн санаа алдав.

Та ингэхэд өөрөө хоёр охин, хоёр хүүтэй гэсэн шүү дээ.Анхны хүүхдээ өлгийдөж аваад ямар санагдаж байсан бэ гэхэд Н.Гаамаа эгчийн нүд баяраар дүүрээд ирлээ.“Анхны охиноо оюутан байхдаа төрүүлсэн юм.Оюутан учраас бие сул.Сүү муутай байсан.Нөхрийн маань эгч надтай ойрхон төрсөн ч хүүхэд нь эндчихсэн юм.Гэтэл эмэг эх маань чи сүү муутай, оюутан байж эгчдээ хүүхдээ өргүүлчих гэсэн.Би юу гэж төрсөн үрээ өргүүлэх билээ.Гэтэл сүү минь улам муудаад байдаг.Эгч сүү ихтэй, сууж байхад нь л сүү нь гоождог байсан учраас хааяа охиноо хөхүүлнэ.Хөхийг нь хөнгөлж өгч байгаа болохоор эгчийн сэтгэл ч гэсэн уярдаг байсан биз.Охиныг маань авчих вий гээд л айгаад аль болох охинтойгоо хамт байна.Залуу байж дээ” хэмээн хуучиллаа.Түүний хувьд эх хүн байх тэгээд энэ олон хүүхдийн ээж байх тэнгэрээс заяагдсан тавилан.Үүнийг тэр мэддэг.Мэдэрсэн эмэгтэй. 

Хүн урмаар тэтгэгддэг гэдэг.Эмэгтэй хүн хайрлагдах тусмаа гэрэлтдэг ч гэдэг.Н.Гаамаа эгч хайран дунд өдөр бүр умбаж шумбадаг нэгэн аж.“Гаднаас ороод ирэхэд хүүхдүүд маань нүд рүү хамгийн эхэлж харна.Сэтгэл санаа ямар байгааг нүднээс минь л ойлгочихдог юм.Хүүхэд ер нь цагаан цаас шиг.Тэдэнд яасан ч худлаа ярьж болдоггүй.Хэдэн цагт ирнэ гээд хэлээд явсан бол тэр цагтаа л ирэхгүй бол хүлээгээд, санаа нь зовоод байдаг.Гарах гэхээр хэзээ ирэх юм бэ, та хаашаа явах гэж байгаа юм бэ гээд л шалгаана.Толгой өвдөж байна гэвэл чив чимээгүй болцгоодог.Энэ чинь л хайр.Тэд намайг хайрлаж байгаа юм” хэмээн ярив.Энэ гэр бүлийн ээж нь уурлах хамгийн хэцүү.Охид хоорондоо хэрэлдэх, буруу зүйл хийх үед ээж уурладаг.Тэгэхдээ бүр хүүхдүүдэд оноодог шийтгэл нь ч хэцүү.Халширмаар. Учир нь ээж муухай юм амаараа ярьсан, гараараа үйлдсэн хүүхдүүдтэй харилцахыг хүсдэггүй.Дуугаа хурааж хүүхдүүдээ шийтгэдэг.Бүгд ээжийг дуугаа хураахаас айна.Тиймээс ээжийгээ үргэлж инээлгэж, хайрлана. 

Хүүхдүүд балчиртаа энэ төвд ирчихээд мэдээ орох хүртлээ, юмны наад цаадахыг ойлгох хүртлээ Н.Гаамаа эгчийг төрсөн ээжийгээ л гэж бодно.Харин түүнээс хойш яадаг нь сонин.Гэтэл энэ үед хүүхдүүд төрсөн эцэг эхээ нэхэхээсээ илүү “Цагаан сар болох гэж байна.Миний төрсөн эмээ, өвөө хаана байна” хэмээн нэхдэг гэнэ.Тиймээс Н.Гаамаа эгч жил бүр хүүхдүүдээ очуулдаг эмээ, өвөө хоёртой болгож өгсөн аж.“Олон жилийн туршлагаас харж байхад хүүхдүүд байхгүй зүйлээ өгүүлдэг.Энэ хүн миний төрсөн ээж биш юм байна гэдгийг зөнгөөрөө мэдчихдэг учраас эцэг эх гэхээсээ илүү өөр зүйл хүснэ.Архидалт, хэрүүл, зодоонгүй орчинд өсч торниод том болох тусмаа Цагаан сараар өвөө, эмээ дээрээ очих юмсан, айл хэсэх юмсан, ангийнхаа хүүхдийнд байсан гоё өнгөтэй гутлын алчуурыг гэртээ авч тавих юмсан гэдэг юм билээ.Тэр бүгдийг нь чадлынхаа хэрээр гүйцээх гэж зүтгэнэ.Гэхдээ би хэнээс ч хоосон хонох гэж байна мах өгөөч гэж гуйж байгаагүй.Шантрах үе гарч л байсан.Улсаас сард 800 мянган төгрөг өгдөг ч хүүхдүүдээ хоёр байранд хувааж байлгадаг.Нэгийнх нь түрээсийг төлдөг.Нөгөөх нь сайхан сэтгэлтэй хүний ачаар үнэ төлбөргүй хүүхдүүдийг маань амьдруулж байна.Гэсэн ч болдог л юм.“Их үйлсийн эрэлд” гээд группийнхэн бидэнд одоо байгаагаас маань арай том байр бэлэглэнэ гэж амласан.Сайхан сэтгэлт хүмүүсийн дэм их бий” гэх энэ ээжийн нэг харуусал нь энэ олон хүүхдийг өсгөчихөөд тэднээсээ түрүүлж энэ хорвоогоос явах.Үе үе “Эгч нь тийм ч залуу хүн биш шүү дээ.Удахгүй буцах цаг минь болно.Гэсэн ч хүүхдүүдээ яасан ч орхихгүй байж байгаад л явна даа.Өөрийн төрсөн хүүхдүүд, эднийхээ ах, эгчид л ажлаа даалгаад үлдээнэ” хэмээн ярих.Үнэхээр түүний төрүүлсэн дөрвөн хүүхэд нь дүү нартаа хайртай, ээжийнхээ ажилд идэвхтэй тусалдаг гэнэ. 

Олон хүүхэдтэй ээж байх нэг талаараа жаргал ч тэр бүрийн нууцыг хадгална гэдэг хэцүү.Ялангуяа шилжилтийн насан дээрээ яваа охид, хөвгүүдэд нууц их.Энэ явдал ч Н.Гаамаа эгчид яг одоо л ирж байгаа аж.“Хүүхдүүд маань шилжилтийн насанд хүрчихлээ.Охидын маань сарын тэмдэг ирээд эхэллээ.Хөвгүүд маань найз охинтой болж байна.Тэр бүрд ээждээ итгээд нууцаа дэлгэнэ.Бүгдийг хадгална.Заримдаа нуугдаж байгаад л яагаад сарын тэмдэг чинь ирэхгүй байна, хугацаа нь өнгөрөөд нэг хоночихлоо гээд асуухаар та яаж мэдэж байгаа юм гээд гайхна.Би охид бүр дээрээ хуанли хөтөлдөг юм.Тэгээд тайлбарлаж өгнө.Хүүхэд бүрийн минь судсаар өөр цус урсч байгаа болохоор нэгтгэж, гэр бүл болгох хэцүү.Гэсэн ч шантрахгүй хөдөлмөрийн минь дүнд эд маань бие биеэ хайрладаг, хүндэлдэг.Зарим хөвгүүд маань МСҮТ-д элссэн юм.Тэтгэлгийн мөнгөө авахаараа дүү нартаа зайрмаг авч өгнө.Одоо ийм сэтгэлтэй байгаа юм чинь цаашид ч гэсэн нэг нэгнээ аваад явах юм байна гэсэн итгэл төрдөг болсон” хэмээн ярихдаа тэрээр сэтгэл хангалуун, хамгийн баян эмэгтэйн төрх ингэж л гэрэлтэх болов уу гэмээр цэлмээд ирэв. 

Н.Гаамаа эгч “Энэ хүүхдүүд минь миний бүтээл.Би энэ хүүхдүүдийг төрүүлээгүй учраас бүтээж байгаа юм” хэмээн ярив.Харин тэр өөрийн “бүтээсэн” хүүхдүүддээ “Хэзээ ч битгий худлаа ярь.Худалч хүн хулгайч болдог.Тийм учраас сэтгэл дотор байгаагаа хэнээс ч айхгүй хэлж сур” хэмээн сургадаг.Түүний сургаалиар хүмүүжсэн олон хүүхэд эх орны минь ирээдүйн нэгэн хэсэг.Бас тэд бүгд аав, ээж болно. Гэхдээ хэзээ ч төрсөн үрээ орхихгүй... 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД