Төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлахын учир

2015 оны 09 сарын 21

 

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН


-Нинжанууд бүхэл бүтэн уулыг ухаад дуусгаж байна-

2015 оны дөрөвдүгээр сарын 17. Төв аймгийн Борнуур сумын Сүжигтийн аманд шөнө дунд очлоо. Харанхуйд хаа сайгүй гялтганан анивчих гэрлүүдээр (нинжа нарын духандаа зүүдэг жижиг гэрэл) тэнд хэр олон хүн цугласныг баримжаалж болохоор байв. Холоос харахад, гэрэлт цохнууд ойн гүнд тойрон эргэлдэж буй мэт. Уулын энгэрт олон машин байх аж. Дийлэнх нь улсын дугааргүй жижиг тэргүүд харагдсан. Дизель моторын пажигнасан дуу орчны нам гүм байдлыг эвдэн “чарлана”.

Ганц нэг бус, хэдэн арван мотор ийнхүү зэрэг зэрэг “орилох нь” чихэнд чийртэй гэж жигтэйхэн. Дотор арзганамаар тавгүй сэтгэгдэл чухам тэр үед төрж байв. Байгаль эхийн хэвлийг ийнхүү өдөр шөнөгүй онгичин ухаж, тонон дээрэмдэх хулгай өрнөж байгаа нь энэ. Биднийг дөхөж очиход нинжанууд хэд гурваараа ухсан нүх рүүгээ орж, зарим нь духны гэрлээ унтраан “алга болцгоож” байлаа. Гэхдээ дийлэнх нь гаднын хүн ирснийг тоосон шинж алга. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Борнуур сумын нутаг дахь алтны үндсэн ордтой газруудад одоогийн байдлаар 500-600 нинжа цуглачихаж. Хууль бусаар алт олборлогчид ийнхүү олноороо цугласантай холбоотойгоор ганцхан сарын дотор тэнд гурван ч хүн бусдын гарт амиа алдчихаад байгаа гэнэ. Хүн амины хэргээс гадна архидан согтуурсан, танхайрсан, бусдад хүнд болон гэмтэл учруулсан гээд гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна.

“Анхнаасаа, ямар ч хаягдалгүй алт олборлодог технологийг нэвтрүүлсэн бол нинжа хочтой хувиараа ашигт малтмал олборлогчид төрөхгүй л байсан. Төрийн бодлогын алдаанаас болж нинжа бий болсон. Нинжаг Монголын төр өөрөө төрүүлсэн. Харин одоо төрүүлсэн хүүхдээ адлах эрх байхгүй” хэмээн хувиараа алт олборлогч Н.Батбаяр ууртай өгүүлэв. Хэдийгээр түүний хэлсэн үнэн ч төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлахгүй байх арга алга. Яагаад?

...Ногоон түмпэн, дэгээ төмрөөр “зэвсэглэсэн” ажилгүйчүүдээр төсөөлж байсан нинжагийн бүлэг малчидтай хүч нийлэн бүл нэмсээр. Малчин монгол морио сольж, геологи, уул уурхайн ажлыг мэргэжлийн түвшинд хийх болов. Уурхайн хаягдалд голдуу тухлан энгэр ээвэр газраар шоргоолж мэт бужигнаж асан нинжанууд өдгөө уулыг нурааж, усыг эргүүлэх дайны томоохон арми болон өргөжлөө.

Монгол орныг хэрэн тэнүүчлэх эрдэнэсийн ангуучдын хүрээгүй, ухаагүй газар гэж үлдэхгүй нь. Улсын тусгай хамгаалалттай газарт, байгалийн цогцолбор газарт, бүр дархан цаазтай газар нутгийг хүртэл хувиараа алт олборлогчид зүрхлэн тонож байна. Ашигт малтмал олборлоход шаардагдах том оврын машин техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан тэднийг өдгөө юу ч зогсоож чадахгүй хэмжээнд хүрчихсэн. Хөрөнгөтэй, техниктэй нэгнийхээ мэдэлд бүлэг болон ажилладаг нинжануудын олборлох үйл ажиллагааг хувиараа хэмээн тодотгох аргагүй. Багахан уурхайтай дүйцэхээр зохион байгуулалтад ороод удаж байна.

Төв аймгийн Борнуур сумын иргэн н.Гэрэлмаа:

-Сүжигтийн аманд манай сум, аймгаас гадна Сэлэнгээс олон хүн ирж алттай чулуу авч байгаа. Ер нь хулгай хар мөртэй гэж ярьдаг. Сүүлийн үед энэ хавьд нинжанууд ихсээд, тайван амьдрах ч хэцүүхэн болж байна. Хаа сайгүй архидалт, хэрүүл маргаан, зодоон цохион болсон дуулдах юм. Манайх энд олон жил нутагшсан болохоор хаашаа ч нүүх юм билээ. Эгч нь олон жилийн өмнө нинжа байж үзсэн, одоо нас ч явчлаа, бие ч дийлэхгүй болсон. Тэгээд ч алт гэдэг айхтар эрдэнэ шүү дээ. Хамгийн гол нь энэ залуучуудад ажил хийж, хөдөлмөрлөж амьдрах сонирхол алга. Иймэрхүү байдлаар хэд гурван төгрөг олж, өнөө маргаашаа болгоод сурчихсан, бүр салж чадахгүй болчихдог юм билээ.

Түүнээс гадна маш их хортой гээд олон жилийн өмнө хуулиар хориглосон мөнгөн усны хэрэглээ бүр замбараагаа алдсан. Хүдэр олборлож байгаа хүмүүс мөнгөн усаар л алтаа ялгаж авч байна шүү дээ. Энийг нь хууль, хяналтынхан мэдэж л баймаар юм. Тэгсэн атлаа ямар ч арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байна хэмээн ярилаа.

Уг нь 2009 онд Төв аймгийн Борнуур суманд мөнгөн усгүй технологи бүхий хүдэр баяжуулах цехийг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Бичил уурхайн төсөл”-ийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан түүхтэй. Гэвч уг цехийг ажиллуулах зөвшөөрлийг улсаас олгоогүй. Харин одоо тус газар нууцаар мөнгөн ус хэрэглэдэг, хүдрийн чулууг тээрэмддэг гол газар болсон сурагтай.

Мөнгөн усны хэрэглээ хувиараа алт олборлогчдын дунд эргэн дэлгэрч, бүр замбараагаа алдаж байгааг нутгийн иргэд баталлаа.

2004 он. Албан бус эх сурвалжаар хувиараа ашигт малтмал олборлогчдын тоо 100 мянгад хүрээд байв. Чухам энэ үед нинжанууд мөнгөн усыг бараг хоол хүнс шиг хэрэглэж байлаа. Мөнгөн ус нь хүний мэдрэлд нөлөөлөөд зогсохгүй, 3-4 удам дамжиж хордуулдгаараа тун аюултай бодис. Нинжанууд үндсэн орд ашиглаж эхэлснээр мөнгөн усны бохирдолт яг л борооны дараах мөөг шиг тархсан юм. Түүнчлэн эрдэмтдийн баталж буйгаар мөнгөн уснаас үүдсэн үр дагавар Монголд 2004-2005 оны үеэс гараад эхэлчихсэн. Төрөлхийн мэдрэлийн согогтой, саажилттай хүүхдүүд мөнгөн ус ихээр хэрэглэсэн сумдад төрж байв. Энэ асуудал хүн ам цөөнтэй Монгол Улсын хувьд түгшүүр биш гэж үү. Гэвч тэр үед төрийн байгууллагууд ард иргэдээ мөнгөн усны хор аюулаас хамгаалахын төлөө хөдөлсөнгүй.

2005 он. Хууль бусаар алт олборлогчдыг хөөдөг, баривчилдаг ажил ид өрнөж байв. Олныг сэрдхийлгэсэн нэгэн явдлыг нэхэн санъя. Оросын хөрөнгө оруулалттай аварга компани энэ зун Монголын төр, засгийн удирдлагуудыг сандаргалаа. Ерөнхий сайд хүртэл “Алтандорнод Монгол” компанийг нинжануудаас хамгаалах үүрэг өгснийг бодоход аргагүй том асуудал байв. 200 гаруй цагдаа, хамгаалалтын албаны залуус Заамар сумын Хайлааст багийн нутагт шаваарсан хэдэн зуун нинжаг хөөн зайлуулах ажилд идэвхтэй оролцсон. Үнэндээ “Алтандорнод Монгол” компанийн сүйтгэсэн, нөхөн сэргээлгүй хаясан газар шороо, экологийн хохирлын хэмжээг тогтоовол нүсэр тоо гарна. Хамгийн харамсалтай нь, Ерөнхий сайдын тушаалаар гүйцэтгэсэн энэ хөөлтийн үеэр Монголын 13 иргэн амиа алдсан. Түмпэн шороогоор амиа зольсон нинжануудаа төр, засаг нь хайхарч, эмзэглэсэн шинжгүй өнгөрсөн юм.

2006 он. Хууль бусаар алт олборлогчид хүрээгээ улам бүр тэллээ. Тэд улсын хамгаалалттай бүс нутаг руу довтолж эхэлсэн юм. Ганц, хоёр жишээ татъя. Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн Модон шанд орчмыг эзлээд байв. Хэдэн жилийн өмнөөс нинжанууд тэнд үүрлэж, алт агуулсан хэд хэдэн толгодыг “устгаж” амжсан. Түүнчлэн химийн онцгой хортой бодис мөнгөн ус, цианит натрийг дархан цаазат газарт их хэмжээгээр хэрэглэж байсан баримтууд нотлогдлоо. Өмнөговь аймгийн Хатанбулаг сумын Тэнгэр нуурын орчимд хэсэг хүмүүс гурван газар тэсэлж дэлбэрэх бодис ашиглан 10 метр хүртэл гүн ухсан байжээ. Мөн тэр орчимд цианит натри хэрэглээд тэр чигт хаясан газрыг хяналтынхан илрүүлэв. Төв аймгийн Жаргалант сумын Наран толгойн ордыг Хятадын хөрөнгө оруулалттай уурхай, нинжанууд хамтран устгасан.

2007 он. Хэдий хожимдсон ч төр, засаг химийн бодисоор хордсон нутгууддаа санаа тавилаа. Засгийн газар тус оны арваннэгдүгээр сард мөнгөн ус ашиглахыг хориглох шийдвэр гаргав. Үүний дагуу мөнгөн ус хэрэглэдэг 247 тээрэм хурааж, хяналт шалгалтынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хэдэн сар ажилласан. Эхний шалтгалтаар л байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах хорт бодисын тархалт гамшгийн хэмжээнд хүрснийг баталж байлаа. Ийм байдлаар хувиараа алт олборлогчид өөрсдийгөө төдийгүй монголчуудад балаг тариад зогссонгүй. Татвар төлөгчдийн халаасыг давхар ухсан. Мөнгөн ус, цианит натриар бохирдуулсан талбайг цэвэрлэхэд улсын төсвөөс гурван тэрбум гаруй төгрөг зарцуулж билээ. Олон улсын байгууллагуудын хандив, тусламжийн мөнгөн дүнг нэмбэл бүр талийж өгнө.

2008 он. УИХ-д өргөн барьсан Бичил уурхайн тухай хуулийн төслийг энэ оны хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулав. Ийн шийдсэн гол шалтгаан нь үндсэн ордод хувиараа алт олборлогчдыг оруулах, эсэх дээр нэлээд санал зөрсөнтэй холбоотой. Төслийг буцаахаас ч аргагүй байсан. Тэрчлэн алтны үндсэн ордод мөнгөн ус, цианит натри гэсэн аюултай бодис ашиглахыг хэдхэн хүн нийлсэн нөхөрлөлийн бүлэглэлд даатгаж болно гэж үү. Олон жил төрийн, тодруулбал ард түмний баялгийг хулгайлсан хүмүүсийн бизнесийг албан ёсных болгож дэмжсэнээр олон сөрөг үр дагавар гарахыг үгүйсгэх аргагүй байсан юм.

2010 он. Засгийн газрын 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг батлав. Ингэснээр нинжанууд “бичил уурхайчин” хэмээн нэрлэгдэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсэн албан ёсны ажлын байртай болох боломжийг бүрдүүлж өгсөн гэж болно. Тэрчлэн байгаль орчин, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Гэвч дийлэнх нь өнөөдөр “нинжа” хэвээр л байна. Заримд нь нөхөрлөл байгуулан ажиллах боломж, нөхцөл бүрдээгүй бол, зарим нь хуульд захирагдаж, татвар төлөхийг, бас ухсан нүхээ эргүүлэн булах гээд “давхар” ажил хийхийг, үүрэг хүлээхийг хүссэнгүй. Төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлахын учир бас энэ.

Дэлхийн хөгжиж буй орнуудад нууцаар эрдэнэс олборлодгоос 20 минут тутамд нэг хүн, тэр дундаа хүүхэд амиа алддаг гэсэн судалгаа бий. Үнэндээ хувиараа алт олборлогчдын хэд нь шороонд даруулж, хэд нь ухсан нүхэндээ амьсгал хурааж байгааг бид мэдэхгүй. Цаашлаад эдийн засагчдын гаргасан тооцоогоор жилд дунджаар 30 сая ам.долларын алтыг хувиараа олборлогчид олдог. Ийм хэмжээний алтыг нинжануудМонгол Улсын эрдэнэсийн санд тушаадаг, эсэх нь тодорхойгүй. Үүнийг батлах баримт ч алга. Түүнчлэн нинжануудын нөхөн сэргээлгүй хаясан газар, шороо шавраар дүүргэж ширгээсэн гол горхи, тайрсан мод, бохирдуулсан хөрсний хохирлыг хөрөнгөөр тооцвол хэдэн зуун сая, бүр тэрбум тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ.

Гэтэл одоо нинжануудын арми улам өргөжсөөр, байгаль дэлхийд учруулдаг хор хөнөөл нь ч улам нэмэгдсээр. Угтаа бол Монгол Улс дийлдэхээргүй хүчирхэг хорлон сүйтгэгчдийн армитай болчихоод байна. Засаг захиргаа гэдгийг мартсан, байгаль орчноо, цаашлаад эх орноо цэн алтаар золиосолсон хүмүүсээ одоо яах вэ.

 

-Алтны үндсэн ордуудад үхэл таригч мөнгөн ус эргэн тархлаа-

 

…За тэр, шарлачихлаа, шарлачихсан шүү хэмээн эмэгтэй шүүрс алдан өгүүлэв.Гал дээр тавьсан төмөр тавганы ёроолд хумсны толиог хоёр хуваасны дайтай алт шаргалтан харагдана.Эмэгтэй нимгэн тавгыг гараа түлэх нь холгүй барьж галаас холдуулаад, алтаа хөрөхийг түр хүлээлээ.

“Санаснаас бага юм авлаа.Дөрвөн шуудай шорооноос гарч байгаа алт шүү дээ.Гарц муу байна.Шороогоо угаах гэж өглөөнөөс хойш сунаж унатлаа зогссон юмсан.Уг нь нэг угаачихсан байхад амархан байгаа биз.Тоосонцор алтаа мөнгөн усаар бариулж, дараа нь гал дээр ууршуулаад авчихна” хэмээн тайлбарлангаа нэг жижигхэн сав гарган мөнөөх алтаа нандигнан хадгалав.Тэрбээр, алтыг мөнгөн усаар хэрхэн бариулж, ууршуулж авдаг гар ажиллагааг бодитоор харуулж байсан нь энэ.

Мөнгөн усаар алт ялгах үйлдвэрлэл явагдаж байна

Төв аймгийн Борнуур суманд хувиараа алт олборлогчид буюу нинжануудын дунд мөнгөн усны хэрэглээ сүүлийн үед бүр замбараагаа алдаж, ил цагаандаа гарч байна.Олборлосон хүдрийн чулууг тээрэмддэг, түүнийг нь угааж, мөнгөн усаар бариулдаг хүмүүс Борнуурт төвлөрсөн гэх мэдээлэл авлаа.Түүнчлэн мөнгөн ус ашиглаж байгаа гол цэг нь “Мөнгөн усгүй технологи бүхий хүдэр баяжуулах цех” нэртэй байр болж хувирсан талаар ярьж байна.Уг нь энэ цехийг Борнуурын хувиараа алт олборлогчид 2009 онд мөнгөн усгүй технологийг нэвтрүүлэх санал гаргаж, төр засаг, Швейцарийн хөгжлийн агентлагид хандсанаар байгуулсан түүхтэй.Гэвч “Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр баригдсан уг цех анхны зорилгоосоо хазайжээ.Нинжанууд тус цехэд нууцаар мөнгөн ус хэрэглэж байгаад хяналтынханд баригдсанаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгоогүй гэдэг.Харин одоо тэнд чимээгүй үхэл таригч мөнгөн усаар алт ялган авах үйлдвэрлэл ид явагдаж байгаа талаар нутгийн нинжанууд шивнэлээ.

Эндээс нэг асуудлыг сөхөх хэрэгтэй. Энэ цехэд Сэлэнгэ,  Баянхонгор, Өмнөговь, Булган, Төв, Говь-Алтай аймгуудийн үндсэн ордын бичил уурхайчид хүдрээ баяжуулдаг болоод байв. Үйлчлүүлэгчдийн тоо хэдэн зууд хүрсэн судалгаа бий. Тэгвэл одоо тэд хүдрээ хэрхэн баяжуулж, алтаа яаж гарган авч байгаа юм бол.Анхаарах ёстой асуудал энэ биш гэж үү.Алтны үндсэн орд дуусаагүй цагт, хувиараа олборлогчдын амьдрал эндээс хамааралтай байгаа цагт химийн бодисын хэрэглээ байхаас аргагүй гэдгийг хяналтынхан яагаад тооцсонгүй вэ.Үнэндээ энэ бүхнийг тооцоогүйдээ биш, мэдэхийг хүсэхгүй байгаад учир байна уу?

Мөнгөн усны хэрэглээний талаарх мэдээ чих дэлсэхтэй зэрэгцээд айдас, түгшүүр хамт дагуулав.Мөнгөн усны хэрэглээ нинжануудын дунд эргэн дэлгэрсэн нь хүн ам цөөнтэй Монгол Улсын хувьд түгшүүр биш гэж үү. Мөнгөн ус нь хүний мэдрэлийн системд нөлөөлөөд зогсохгүй гурав, дөрвөн үе дамжин хордуулдаг маш аюултай бодис.Хорт бодисын замбараагүй хэрэглээ 2003 оноос газар авсан түүхтэй.Харамсалтай нь, мөнгөн усны тархалт үндэсний аюулгүй байдал сөхөгдөх хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрөх хүн тухайн үед тун цөөхөн байсан юм.

 

Зөвтгөх хувилбаргүй сонголт

 

Монгол Улсын Засгийн газар 2007 оны арваннэгдүгээр сард мөнгөн усыг импортлох болон ашиглахыг хориглох шийдвэр гаргасан.Хожимдсон ч зөв шийдвэр.Эхний шалгалтаар л хорт бодисын тархалт байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах төвшин гамшгийн хэмжээнд хүрснийг баталсан. Байгаль орчны яамнаас (2008 он) хийсэн судалгаагаар Өмнөговь, Сэлэнгэ, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд цианит натри, мөнгөн ус тархаж, 53 мянга гаруй га талбайд химийн бодис ул мөрөө үлдээснийг тогтоов.Нэг удаагийн гэнэтийн шалгалтаар л энэ хорт бодис Монголд хэрхэн тархсаныг гэрчилсэн баримт энэ байлаа.Ганцхан грамм мөнгөн ус ууршихдаа 20 га хүртэл талбайг бохирдуулдаг гээд бод доо.

Тухайн үедмөнгөн устай шламыг хоргүйжүүлэх нэг ажлыг Чехийн нэгэн компани гүйцэтгэсэн.Тус компани энэ үеэр 100 хүртэл кг мөнгөн ус ялган авсан байна.Харин сүүлд нь Чехийн мэргэжилтнүүд “Биднийг тэнд мөнгөн устай шламыг цэвэршүүлж, хоргүйжүүлж байхад хувиараа алт олборлогчид хажууханд хэрэглэсээр байсан нь хамгийн харамсалтай байлаа” хэмээн тайландаа тэмдэглэн үлдээжээ.Хортой, аюултай гэсээр байтал эрүүл мэнд, үр хүүхдийнхээ ирээдүйн амьдрал чухал гэдгийг ойлгохгүй байгааг нь зөвтгөх хувилбар олдохгүй юм.Чухам энэ утгаараа нинжануудыг буюу хувиараа алт олборлогчдыг адлан буруутгасны учир энэ.

Япончуудын гашуун түүхийг сануулъя.Минамата буюу төв мэдрэлийн системийн гэмтлийн өвчин анх Японы Минамата хотод оношлогдсон.Япончууд Минамата хойгийн мөнгөн усанд бохирдсон талбайг цэвэрлэхэд 30 орчим жил зарцуулжээ (Монгол Улс мөнгөн усыг хоргүйжүүлэх ажлыг ердөө жил гаруйн хугацаанд өрнүүлсэн).Сүүлийн судалгаагаар гэхэд Японы хохирогчдод өгсөн нөхөн төлбөр болон нөхөн сэргээж цэвэршүүлэхэд зарцуулсан зардал нийт гурван тэрбум ам.долларт хүрсэн байна.Одоог хүртэл нөхөн төлбөр олгодог гэнэ.

 

Чимээгүй үхэлтэй эвлэрсэн нь

 

…Мөнгөн усаар алт хэрхэн ялган авахыг үзүүлсэн дээрх эмэгтэй дөч нэлээд гарсан хүн.Сэлэнгэ аймгийн Баянгол суманд нөхөр, хүүгийнхээ хамт сүүлийн долоо, найман жил ийм ажил хийжээ.Лав гуравхан сарын өмнө энэ гэр бүл мөнгөн ус хэрэглэж буйдаа огтхон ч санаа зовохгүй байв.Үүнтэй адил Монголын мянга мянган гэр бүл, залуус химийн онцгой хорт бодисын аюулыг мэдэхгүй өнөөг хүрлээ.

-Мөнгөн усыг Та ямар хортой бодис болохыг мэдэх үү?

-Их л хортой гэж сонссон.Олон жил мөнгөн ус хэрэглэлээ.Биед мэдэгдэх юм алга.Үнэнийг хэлэхэд хордлоо гээд яахав дээ.Бид хоёр ажилгүй.Нэг охин оюутан.Хүү сургууль, соёл төгсөөгүй.Шороо угаасны хүчинд л хоолтой, орох оронтой амьдарч байна шүү дээ.

-Энэ бодис хүний мэдрэлд нөлөөлөөд зогсохгүй, хэдэн үе дамжиж хордуулдгаараа тун аюултай юм билээ.Танай хүү гэхэд хэзээ ч аав болж чадахгүй, “үргүй” болж болно.Та айхгүй байна уу?

-Тийм үү.Гэхдээ бид нар гэртээ байнга халаагаад байдаггүй л дээ.Ихэнхдээ гадаа гал түлээд ууршуулчихдаг болохоор гайгүй байх аа.Хааяа дотор муухай оригоод, толгой өвддөг тал бий.Салхинд хэсэг зогсохоор зүгээр болчихдог юм.

-Мөнгөн усаа хаанаас авдаг юм бэ?

-Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад мөнгөн усны олдоц муудсан.Энэ жижиг шилтэйг 20, 30 мянгаар авсан.Уг нь нэг шилийг нэлээд удаан хэрэглэдэг.Тэгээд ч манайх намраас удахгүй хот руу нүүнэ хэмээн ярьж байв.Үүнээс өөр зүйл ярихыг эмэгтэй хүсээгүй.Нөхөр, хүү хоёр нь надтай бүр нэг үг солиогүй.Нүдэнд үл үзэгдэх чимээгүй үхэлтэй алт олборлогчид хэдийнэ эвлэрсэн байсан юм.

Төв аймгийн Борнуур, Сүмбэр, Сэлэнгэ аймгийн Баянгол гэсэн гуравхан суманд гэхэд хувиараа алт олборлогчид жилд 500 кг, таван жилд 2.4 тонн мөнгөн ус хэрэглэсэн тухай судалгаа бий. Баримт сөхье.Хувиараа алт олборлодог хоёр гэр бүлийн хүүхэд нь мэдрэлийн согогтой төрснийг судалгаа хийсэн эрдэмтэн нь баталдаг.Тэдний нэг нь өдгөө зургаа, нэг нь гурван ойтой.Зургаан настай охины зургийг харсан.Ээжийнхээ өвөр дээр сууж буй бяцхан охин явах нь бүү хэл толгойгоо ч даахгүй.“Минамата” гэж бичээд цахим сүлжээгээр хайхад энэ өвчинд нэрвэгдсэн япон эх, охины зураг гардаг юм.Мөнгөн усны хор уршгийг бүхэлд нь харж болохоор уг гэрэл зураг хүн төрөлхтөнд ихийг ухааруулах мессеж болсоор байна.Харин дээр дурдсан жишээг, төсөөлбөл үүнтэй адил гэхэд болно.

 

Цэн алтны төлөөс

 

Эрүүл мэндийн салбарын эрдэмтэд 2005 оны үед мөнгөн уснаас үүдсэн сөрөг үр дагавар Монголд бодитоор гараад эхэлснийг, цаашид улам нэмэгдэхийг баталж байлаа.Тэдний анхааруулга, таамаг хоосон байгаагүй юм.Ялангуяа Өмнөговь, Дорновь аймагт хэдхэн жилийн дотор мөнгөн усны хэрэглээ маш эрчимтэй нэмэгдсэн.Үүний хэрээр говийн аймгуудад тархины эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхэд хэдэн арваараа төрснийг бид хэзээ сүүлд нь мэдсэн.Зүрх нь цээжин дээрээ ил, дотор эрхтэн нь гаднаа байрлалтай хүүхдүүд төрж байв.Зүрх зүсэм ийм эмгэнэлтэй байдалд хүргэсэн буруутан хэн гэж Та бодож байна?Дэндүү олон буруутан гарч ирнэ.“Эдгээр хүүхдийн ээж, аав нь олон жил мөнгөн усаар алт бариулсан хүмүүс” хэмээн тухайн сумын эмнэлгийн ажилтан ярьж байлаа.

...Монголд мөнгөн усанд хордсон хэдэн хүүхэд төрөөд буйг, цаашлаад энэ тоо хэд болж нэмэгдэхийг хэн ч хэлж мэдэхгүй.Гэтэл манай төр, засаг нэг удаагийн цэвэрлэгээ, импортын хоригоор химийн онцгой хортой бодисын аюулаас ард түмнээ хамгаалах ажлыг зогсоочихсон нь хамгийн харамсалтай.Уг нь Өмнөговь аймагт мөнгөн усны нөлөөллийн түвшинг нарийвчлан тогтоох судалгааг нөхөн үржихүй болон хүүхдийн оюун ухааны хөгжилтэй уялдуулан судалж, цус, шээс, үсэнд мөнгөн ус тодорхойлох, генетикийн шинжилгээг хийж эхэлсэн талаар дуулдаж байсан ч сураг тасарсан.Учир нь судалгааны дүнг төрийн бодлогоор нийтэд зарлахыг хориглосон гэж зарим эх сурвалж баталдаг.

Монгол Улс 2013 онд Минаматагийн конвенцид нэгдэн орсон 92 орны нэг болсон.Конвенцийн зорилго нь хүний үйл ажиллагаагаар бий болсон мөнгөн ус болон түүний нэгдлүүдийн үүсэл, ялгарлаас эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад оршино.Гишүүн орнууд 2020 он гэхэд мөнгөн ус агуулсан зай хураагуур, унтраалга, флюрецент гэрлийн шил, гоо сайхны бүтээгдэхүүн, пестицид, хэмжилзүйн багаж тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспортыг хориглож, тэдгээрийг мөнгөн ус агуулаагүй бүтээгдэхүүнээр орлуулах үүрэг хүлээсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улс үүргээ биелүүлэх нь бүү хэл, нинжануудынхаа хэрэглээг хянаж чадахгүй байна.

“Нинжаг Монголын төр өөрөө төрүүлсэн.Харин одоо төрүүлсэн хүүхдээ адлах эрх байхгүй” хэмээн хувиараа алт олборлогч Н.Батбаяр ууртай өгүүлсэн яриаг өмнөх нийтлэлдээ дурдсан.Хэдийгээр түүний хэлсэн үнэн ч төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлахгүй байхын аргагүй болсныг дээрх баримтууд нотолж байна.Өнгөрсөн жилүүдэд хийгээд өдгөө ч учруулж буй  экологи, эдийн засгийн хохирол, цаашлаад химийн онцгой хортой бодисоор Таны бас миний, бидний үр хүүхдүүдийн эрүүл мэнд, удмын санд заналхийлж байгаа талаарх баримтууд хангалттай биш гэж үү. Засаг захиргаа гэдгийг мартсан, байгаль орчноо, цаашлаад эрүүл мэндээ цэн алтаар золиосолсон хүмүүсээ яах вэ?

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД