Төр томорч, бизнес хумигдах жил

2015 оны 09 сарын 21

Д.Мөнхчимэг


Хэрвээ Та бизнес эрхлэгч бол банкнаас зээл авахын тулд төр гэдэг “том гар”-тай өрсөлдөх хэрэгтэй болох нь. ДНБ-ий өсөлт саарч, зах зээлд мөнгө ховордсон энэ хүнд үед төр Тантай уралдан арилжааны банкуудаас мөнгө зээлж байна. Үүнээс болж бизнес эрхлэгчдийн гар дээр очих мөнгөний хэмжээ улам багасаж, тэр хэрээр ажлын байрны тоо цөөрч, эдийн засаг хумигдах нь тодорхой болоод байгаа юм.

Урсгал сөрөх бодлого

Арилжааны банкуудын зээлийн хүү өсөж, нөхцөл, шаардлага нь улам хатуу болсныг бизнес эрхлэгчид анзаарсан биз. Энэ нь манай Төв банкны хэрэгжүүлж буй бодлоготой холбоотой. Дэлхийд аяараа мөнгөний бодлогоо зөөлрүүлэх аянд нэгдэж байхад Монголбанк урсгал сөрж явааг бид харж байна. 

Улс орнууд мөнгөний бодлогоо толгой дараалан зөөллөж байгаа бөгөөд энэ оны эхний сард л гэхэд 14 улсын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ. Рублийн ханшийн үнэгүйдэлтэй нүүр тулсан Оросын Төв банк хүртэл өмнө нь бодлогын хүүгээ огцом өсгөсөн шийдвэрээ “зөөллөж”, хүүгийн хэмжээг эргээд хоёр нэгж хувиар бууруулсан. Тэгвэл манай урд хөрш өнгөрсөн арваннэгдүгээр сард бодлогын хүүгээ доошлуулсан бөгөөд саяхан банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг багасгах шийдвэр гаргалаа. Харин Монгол банк бодлогын хүүгээ сүүлийн хагас жилийн хугацаанд хоёр ч удаа нэмж, 13 хувьд хүргээд байгаа юм. Үр дүнд нь, иргэд, бизнес эрхлэгчдийн гар дээр очих мөнгөний хэмжээ багасаж байна. Зээлийн өсөлтийн хурдац өнгөрсөн оны эхнийс ард 54.3 хувьтай байсан бол өнгөрсөн арванхоёрдугаар сард 16.1 хувь болтлоо татарчээ. Үүнээс үзэхэд, эдийн засгийн өсөлт энэ онд улам муудах нь ойлгомжтой болов.

2011 онд 17.5 хувьд хүрч байсан ДНБ-ий өсөлт 2012 онд 12.3 хувь болж саарсан. Энэ үзүүлэлтийг өөд нь татахын тулд Монголбанк 2013 оноос мөнгөний бодлогоо зөөллөж эхэлсэн байдаг. Тодруулбал, 2013 оны эхээр арилжааны банкуудад 900 тэрбум төгрөг байршуулж, 1.9 их наяд төгрөгөөр бага хүүтэй орон сууцны зээлийг дэмжиж, нэг их наяд гаруй төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан. Үүний зэрэгцээ, бодлогын хүүгээ гурван ч удаа бууруулж, 13.25-аас 10.5 хувь болгож байсан юм. Төв банкнаас эдийн засагт нийлүүлсэн зээлийн хэмжээ 2013 оны есдүгээр сард оргил цэгтээ буюу 3.2 их наяд төгрөгт (ДНБ-ий 17 хувьд) хүрч байжээ. Энэ бүхний үр дүнд 2013 онд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоо хадгалж, 11.6 хувьтай гарсан байдаг. Тэгвэл одоо Монгол банк мөнгөний зөөлөн бодлогоосоо нэгэнт татгалзсан учраас эдийн засгийн өсөлтийг дэмжих хөшүүрэг үндсэндээ алга болж байна.

Төв банкнаас эдийн засагт нийлүүлсэн зээлийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 2.8 их наяд төгрөг болтлоо буурсан бөгөөд цаашдаа ч багасах хандлагатай. Дээрээс нь, бодлогын хүүг нэмснээр арилжааны банкуудын зээлийн хүү ч өсөж, өнгөрсөн оны нэгдүгээр сард 18.9 хувь байснаа арванхоёрдугаар сард 19.5 хувь болжээ. Ийнхүү эдийн засгийн судсаар урсах мөнгөний үнэ нэмэгдэж, урсгал татарч байгаа нь юунд хүргэх вэ? ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд 6.9 хувь болтлоо саарсан байх таамаглал бий бол энэ жил түүнээс ч бага байж мэдэх юм.  

Тэнгэрт хадсан хүү

Зээлийн хүү өсөж, хэмжээ нь ч багасаж байгаагийн зэрэгцээ Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй уралдаж, арилжааны банкуудын активыг “булаацалдах” болсон. Тодруулбал, Засгийн газар 2013 онд түүхэндээ анх удаа 2.6 их наяд төгрөгийн үнэт цаас дотоодын зах зээлд арилжаалсан бол өнгөрсөн оны эхний гурван улиралд 1.3 их наяд төгрөгийн бонд гаргажээ. Ингэснээр Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ны үлдэгдэл өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 2.3 их наяд төгрөгөөс давсан байна. Харьцуулж үзэхэд, арилжааны банкуудаас жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг байгаа юм.

Засгийн газрын үнэт цаасны 96 хувийг дотоодын арилжааны банкууд худалдан авч байгааг эх мэдээлэл бий. Эдийн засгийн нөхцөл хүндэрч, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгож, эрсдэл үүрч байснаас Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь арилжааны банкуудад ашигтай шүү дээ. Энэ сарын 4-нд л гэхэд нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай үнэт цаасыг 14.9 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Нийт 20 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалахад эрэлт нь нийлүүлэлтээсээ 5.5 тэрбум төгрөгөөр давсныг Монголбанк цахим хуудсандаа мэдээлжээ.

Засгийн газрын үнэт цаасны борлуулалт сайн байх тусам иргэд, бизнес эрхлэгчдийн гар дээр очих зээлийн хэмжээ хумигдана. Аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ багасаад ирэхээр ажлын байрны тоо, ажилчдын цалингийн хэмжээ ч дагаад буурна. Үүний үр дүн одоо ч харагдаж байна. Энэ оны эхний сард л гэхэд 8139 хүн“ ажилгүй” иргэдийн жагсаалтад шинээр нэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Засгийн газарийн хүү хувийн хэвшлийнхэнтэй уралдан байж босгосон мөнгөө төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж буй. Төсвийн 80 гаруй хувийг урсгал зардал эзэлж байгаагаас үзэхэд энэ мөнгөний гэмд хэрэгтэй хөрөнгө оруулалтад зарцуулагдах магадлал тун бага. Харин төрийн албан хаагчдын цалин, төсвийн удирдагч нарын унааны мөнгө, гадагшаа явах томилолтын зардал болоод л дуусаж байх вий. Хамгийн эгдүү хүрмээр нь, Засгийн газрын үнэт цаасны өндөр хүү болон үндсэн төлбөрийг төсвөөс төлдөг. Өнөөх зээлээ булаалгасан аж ахуйн нэгжүүд, тэдгээрт ажиллаж буй хүмүүс татварын мөнгөөрөө Засгийн газрын үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийг төлж байна гэсэн үг. Татвар төлөгч бид хэр их мөнгийг үүнд зарцуулж байгаа вэ?

Засгийн газрын зүгээс өнгөрсөн онд гаргасан урт хугацаат үнэт цаасанд 68.8 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр, нийт үнэт цаасны үндсэн төлбөрт нэг их наяд гаруй төгрөг төлжээ. Тэгвэл энэ онд зээлийн үйлчилгээний төлбөрт төсвөөс 707.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь 2011 оныхоос даруй 19 дахин өссөн үзүүлэлт юм.

Засгийн газар бонд гаргах нь энгийн л үзэгдэл. Гэхдээ Засгийн газрын үнэт цаас гэдэг хамгийн найдвартай, итгэлтэй санхүүгийн хэрэгсэл гэж дэлхий нийтээрээ үздэг учраас хүү буюу өгөөж нь бага байж таардаг. Харин Монголд эсрэгээрээ болчихоод байна. Манай Засгийн газрын үнэт цаасны өгөөж 15-16 хувьтай байгааг тэдгээрийг худалдан авч буй банкирууд хүртэл шүүмжилж буй. Төрийн хүү бизнес эрхлэгчдээс өрсөн зээл авахын тулд тэнгэрт хадсан хүү амлаж, улмаар төсөвт ирэх зээлийн хүүгийн дарамтыг нэмсээр. Тэр хэрээр бизнес эрхлэгчдийн гар дээр очих бэлэн мөнгөний хэмжээ багассаар. Дээрээс нь Монгол банк мөнгөний хатуу бодлого баримталж буй учраас айсуй хонь жил бизнес хумигдах жил болох төлөвтэй.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД