Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэв

2015 оны 09 сарын 21

                Наян жил туулсан замаасаа хагацаж, хорин таван жил шинэ замаар замнав, бид. Монголчуудад хүний бүтэн эрх, бүрэн эрх чөлөөг авчирсан ардчилсан сонголтынхоо зөв, бурууд бид огтхон ч эргэлздэггүй. Энэ сонголт өөрчлөгдөхгүй гэдэгт итгэдэг. Гэхдээ чөлөөт зах зээл хэмээх бас нэгэн шинэ замаар замнаад бид юу олж, юу алдав? Хорин таван жилийн дараа энэ бүхнийг эргэн харж, ирээдүйгээ цэгнэх үе ирснийг бид мэдрэх боллоо. Жишиг болгон дагаж дуурайсан зам маань мухардал руу хөтөлсөн юм биш биз. 1980-аад оноос дэлхийд эзэрхэх болсон либерализм, чөлөөт зах зээлд эргэлзэх хүн олон болжээ. Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглицээс эхлээд олон судлаач, эрдэмтэн энэ тогтолцоог шүүмжлэх болоод байна. Үзэл бодлын ийм нэг шинэ салхи Монголд ч сэвэлзэж эхэлсэн.

                Улс орны эдийн засаг, хөгжлийн бодлоготой холбоотой энэ чухал асуудлаар "ҮШ" сонин цуврал нийтлэл эхлүүлж байгаа юм. Энэхүү цуврал нийтлэлийг манай сонины тоймч Даваашаравын Мөнхчимэг Танд толилуулж байна.

Либерализмын бодит төрхтэй танилц: Цуврал №1

 

Чөлөөт зах зээлээс дэлхий татгалзаж байна

-Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэв-

Д.Мөнхчимэг

Бидний 25 жилийн турш итгэж, шүтэж ирсэн чөлөөт зах зээл нүдний өмнө мөхөж байна. Тэгэхдээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг шиг нүд ирмэх зуур нураад уначихгүй ч аажмаар, алгуурхан амьсгал хураах нь. 1980-аад оноос дэлхийд ноёрхсон либерализмын үр дүнд баян, хоосны ялгаа гаарч, эдийн засгийн өсөлт саарч, санхүүгийн систем туйлын хэврэг, бас тогтворгүй болжээ. Долоон жилийн өмнө эхэлсэн санхүү эдийн засгийн хямрал энэхүү системийн бүхий л сул тал, булхайг илчилсэн юм. Түүнээс хойш чөлөөт зах зээлийг шүүмжлэгчдийн дуу хоолой өдрөөс өдөрт чангарч, “тоглоомын шинэ дүрэм” хэрэгтэй болсныг анхааруулах боллоо. Пол Кругман, Жозеф Стиглиц, Жеффри Сакс, Томас Пикетти зэрэг нэрт эдийн засагчдын чөлөөт зах зээлийг хайр найргүй шүүмжилсэн ном, нийтлэлүүд дэлхий даяар “моодонд” ороод байна. “Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэсэн” хэмээн “BloombergView”-ийн нийтлэлч Ноа Смит онцлоод, либерал эдийн засгийг хамгаалагчид ярьсаар, бичсэээр хэвээр байгаа ч хэний ч анхаарлыг татахаа байсныг тэмдэглэжээ.     

Либерал эдийн засгийн “шилдэг сурагч”

Америк мөрөөдөл, ардчилал, эрх чөлөө, эдийн засгийн асар их хүч. Энэ бүхнээс болж дэлхий даяараа Америкийг дуурайх өвчин туссан билээ. Харин түүнийг нь өдөөх үйл ажиллагааг либерализмын загалмайлсан эцэг, эх буюу Рональд Рэйган, Маргарет Тэтчер нар хийсэн юм. ТэдАНУ, Их Британид төрийн оролцоог хумих, зах зээлийг чөлөөлөх шинэчлэл хийсэн нь неолиберализм, тэтчеризм хэмээх нэрээр олонд танигджээ. Чухам тэр үеэс буюу 1980-аад оноосДэлхийн банк, Олон улсын валютын сан(ОУВС) энэхүү үзэл суртлыг “экспортлох” үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Санхүү, эдийн засгийн хүнд байдалд орсон улс орнууд эдгээр байгууллагаас зээл авахын тулд чөлөөт зах зээлийн бодлогыг “импортлох” нөхцөлтэй тулгарч эхлэв. Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг “Америкийн амжилтын нууц” хэмээх шошготой бонусын хамт авахаас хэн татгалзах билээ? Тухайн үед өрийн хямралд ороод байсан Латин Америк болон Африкийн орнууд, дараа нь ЗХУ задран унасны дараах пост коммунист орнууд либерализмыг нутагшуулсан.

Дэлхийг хамарсан энэхүү шинэчлэлээс Монгол Улс хоцроогүйгээр барахгүй “Барууны либерал эдийн засгийн шилдэг сурагч” хэмээн өргөмжлөгдсөнийг профессор Моррис Россаби “Орчин цагийн Монгол” номдоо тэмдэглэсэн байлаа. Үнэхээр ч монголчууд гаднын зөвлөхүүдийн хэлсэн бүхнийг ёсчлон биелүүлж байв. Тэдний улс бүрт бичиж өгдөг ганц жор буюу “Шок эмчилгээ”-г Монголд тохирох болов уу, үгүй болов уу хэмээн эргэлзэх зүйлгүйгээр шуудхан хэрэгжүүлсэн. Үнийг огцом либералчилснаар нэг өглөө босоод ирэхэд л төгрөгийн ханш хоёр дахин унаж, улмаар инфляц 325.5 хувьд хүртлээ өсөж байлаа. Ийнхүү гипер инфляц, хүнсний хомсдолтой нүүрлэсэн монголчууд дэлгүүрийн үүдэнд дугаарлан зогсохдоо “Энэ бүхэн түр зуурынх” гэж итгэж байв. “Шилжилтийн үеийг л даваад гарчихвал бүх зүйл сайхан болно” хэмээн эрх баригчид тайлбарлахдаа өөрсдөө ч үүндээ бат итгэж байсан биз. Харамсалтай нь, бидний итгэж, хүсэж хүлээсэн үр дүн гарсангүй.

Тэр үетэй харьцуулахад өнөөдөр байдал тэс өөр болсон нь үнэн л дээ. Монголчуудын амьдрал сайжирч, хэрэглээ нэмэгдсэн. Гэвч Та эдэлж, хэрэглэж байгаа бүхнээ нэг хар даа. Бид юу хийж, юуг бүтээж байна вэ? Энэ бүхний эцэст манай улс ердөө “түүхий эдийн хавсарга орон” болж хувирчээ. Бид ашигт малтмалаа экспортлоод, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ импортлохоос өөр юу ч хийж чадахгүй сууна.Гадаад худалдаагаа чөлөөлж, аж үйлдвэрлэлээ хамгаалах бодлогоо устгаж, төрийн өмчит үйлдвэрүүдээ “хувьчлах” нэрээр үгүй хийсний гай энэ.

1989 онд Монгол Улс 3.6 тэрбум ам.долларын ДНБ-тэй байсан бол 1990-1993 онд энэ үзүүлэлт даруй 4.6 дахин буурчээ. “Чөлөөт зах зээлд шилжиж эхлэхийн өмнөх эдийн засгийнхаа цар хэмжээнд эргэж хүрэхэд 18 жил зарцуулсан” хэмээн эдийн засагч Х.Батсуурь “Шинжээч” сэтгүүлд гарсан нийтлэлдээ бичээд“Энэ хугацаанд аж үйлдвэрлэлийн цогц систем, ажилчин анги, хүчирхэг боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо зэрэг улс орны хөгжлийн тулгуур, сууриа устгасан юм” гэжээ. 1989 онд манай эдийн засгийн 33-35 хувийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлж байсан бол одоо энэ үзүүлэлт дөнгөж найман хувьтай байгааг тэрбээр онцолсон байв.

Бид 50 жилийн турш бүтээн байгуулсан аж үйлдвэрлэлээ тав хүрэхгүй жилд сөнөөж чадсан учраас “шилдэг сурагч” хэмээн гаднын зөвлөхүүдэд магтуулсан. Ийнхүү “ардчиллын алтан хараацай”, “чөлөөт зах зээлийг дээдлэгч” хэмээн өөрсдийгөө цоллож, онгирох хугацаандаа бид харин юу ч бүтээж амжсангүй. Эргэн тойрноо хар л даа. Хүн ам хэчнээн нэмэгдсэн билээ, хэдэн ширхэг сургууль, эмнэлэг, төрөх эмнэлэг шинээр босов? Барилга байшин хэчнээн нэмэгдсэн билээ, хэдэн ширхэг цахилгаан станц шинээр бий болов?

Зах зээлээ чөлөөлснөөр Монгол Улсын гадаад худалдааны түншүүд олширсон хэмээн либерал эдийн засагчид тайлбарладаг. Гэвч өнөөдөр манай экспортын 90 хувийг зөвхөн хятадууд худалдаж авч байгаа нь маргашгүй үнэн юм. “Хоцронгуй хөгжилтэй улсууд чөлөөт зах зээлийн бодлого баримталснаар хөгжилд хүрэх биш эсрэгээрээ, хөгжилтэй орнуудын эрхшээлд ордог” хэмээн эдийн засагч Фридрих Лист бичиж байсныг Х.Батсуурь эш татжээ. Социализмыг унагаж, ОХУ-ын нөмөр, нөөлгөөс гарсан монголчууд либерализмын ачаар Хятадын эрхшээлд орсон нь ёстой л хувь заяаны егөөдөл гэлтэй.

Бид элгээрээ хэвтсэн бол тэд гацаанд оржээ

Монголоос гадна чөлөөт зах зээлийг нэвтрүүлсэн бусад улс ч элгээрээ хэвтсэн түүхтэй. Тухайлбал, Латин Америк, Африкийн орнуудад байдал өмнөхөөсөө дээрдэх биш, дордсоныг Кэмбрижийн их сургуулийн профессор Ха Жу Чан “Капитализмын тухай Танд хэлдэггүй 23 зүйл” номдоо бичээд “Чөлөөт зах зээлийн бодлогоор ядуу орныг баян болгосон тохиолдол бараг байхгүй” гэжээ. Либерализм зөвхөн Монгол Улсыг, манайх шиг буурай хөгжилтэй орнуудыг сүйрүүлээд зогссонгүй, хөгжингүй орнуудыг ч байсан газарт нь гацаасныг харж бас болно.

“АНУ-д 1970-аад онд либерализмын эрин эхэлж, төр зах зээлээс гараа татаж авснаар юу болсныг мэдэх үү?” хэмээн Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц асуугаад “ДНБ-ий өсөлт мэдэгдэхүйц саарсан, ялимгүй өсөлт гарлаа ч түүнийг нь нийгмийн оргилд байх цөөн хүн хувааж авсан” гэж бичжээ. Америкчуудын дундаж орлого эдүгээ 25 жилийн өмнөхөөс ч дор байгааг тэрбээр тэмдэглээд, АНУ-д сүүлийн 40 жилийн хугацаанд дундаж цалингийн хэмжээ долоон хувиар буурсныг онцолсон байна. Гэтэл “Forbes”-ийн жагсаалт дахь баячуудын хөрөнгө жилдээ л 650 тэрбум ам.доллараар өсөж, эдүгээ долоон их наяд ам.долларт хүрснийг сануулъя. Чөлөөт зах зээлийн бодлогын үр дүнд дэлхий даяар баян, хоосны ялгаа гаарснаас нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэгчдийн жагсаал, хөдөлгөөн тасрахаа байлаа. 2011 оноос АНУ-д эхэлсэн “Уолл Стрийтийг эзэл”, 2012 оноос Их Британид эхэлсэн “Робин Гүүдийн татвар” зэрэг хөдөлгөөн асар хурдтай глобалчлагдаж байгаагаас үүнийг харж болно.

Чөлөөт зах зээлээс бүгд хожно, баячууд улам баяжихын хэрээр ядуусын амьдрал ч дээшилнэ гэх номлол худлаа байжээ.Ирэх жил гэхэд дэлхийн хүн амын хамгийн баян ганц хувь нь үлдсэн 99 хувийг эзлэх долоон тэрбум хүнээс ч илүү хөрөнгө “атгаж” суух тооцоог “Oxfam”судалгааны байгууллага гаргасан нь бий.

Чөлөөт зах зээлээс үүдсэн муу үр дагавар үүгээр дуусахгүй. Хөгжингүй орнуудын эдийн засаг гацаанд орж, дэлхий даяар санхүүгийн тогтворгүй байдал ноёрхох болсон нь ч үүнтэй холбоотойг Жозеф Стиглиц тайлбарлажээ. Либерализмын эрин эхлээгүй байхад АНУ-аас болжолон улсын хэмжээний санхүүгийн хямрал болж байгаагүйг тэрбээр сануулсан байна.

Тэдний хэлснийг биш, хийснийг дагадаг байж...

Төр зах зээлд гар дүрэх хэрэггүй, “үл үзэгдэгч гар” бүхнийг зохицуулчих учраас санаа зовох шаардлагагүй, хөгжил, цэцэглэлийг хувийн хэвшлийнхэнд даатгаад орхи... Либерализмын энэ бүх домогт итгэсэн монголчууд төрийн өмчийг хувьчилж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлж, татвар хураамжийг бууруулсан. Зөвхөн шилжилтийн үеийг л даваад гарчихвал бүх зүйл сайхан болно хэмээн хүлээсэн. Тэгээд эдийн засаг 17.3 хувиар өсөнгүүт одоо л нэг юм зорьсондоо хүрлээ хэмээн баярлаж, Азийн дараагийн "бар", эсвэл "чоно" эдийн засагтай болно хэмээн хөөрч байлаа. Харамсалтай нь тэр мөрөөдөл зүүд зэрэглээ мэт замхрав.

Үнэндээ Азийн барууд (Тайвань, Хонконг, Өмнөд Солонгос, Сингапур)-ыг “үл үзэгдэгч гар” ч амжилтад хүргэсэн юм биш. Харин ч “үзэгдэгч гар” буюу төрийн оролцоог зах зээлийн механизмуудтай хавсарган чадварлаг ашигласан учраас л “бар” болсон. Мөн бидний үлгэр жишээ болгон ярих дуртай Скандинавын орнууд (Дани, Финланд, Норвеги, Исланд, Швед) ч чөлөөт зах зээлийг сонгоогүй юм. Тэд либерализм, социализмын “алтан дундаж” болох загварыг өөрсдөө бий болгож, хэрэгжүүлснээр өнөөдөр хүний хөгжил, өрсөлдөх чадвар, аз жаргалын индекс зэргээрээ дэлхийд тэргүүлж байна. Харин Японы хувьд гадаадын хөрөнгө оруулалтад хатуу хязгаарлалт тавьж, аж үйлдвэрлэлийг төрийн оролцоотойгоор хөгжүүлээгүй бол өдийд ямар ч “Toyota”,“Mitsubishi”,“Sumitomo” байхгүй байсан биз. Үүний зэрэгцээ, бидний хөрш Орос, Хятад ч либерализмаас өөр замаар хөгжихийг хичээж, тиймдээ ч эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж ирсэн. 

Эцэст нь ганц асуулт үлдлээ. Чөлөөт зах зээл үнэхээр “Америкийн амжилтын нууц” мөн гэж үү? Харамсалтай нь, үгүй гэсэн хариултыг эдийн засагчид өгч байна. АНУ ч, Их Британи ч, ер нь өнөөгийн хөгжингүй орнууд бүгдээрээ аж үйлдвэрийн шинэ салбаруудаа протекционизм (худалдааны хамгаалалт) болон татаасаар дэмжсэнээр амжилтад хүрчээ. Их Британи эдийн засгийнхаа оргил өсөлтийн үед буюу 1720-1850 онд хамгийн протекционист орон байсан бөгөөд үр дүнд нь 1860-аад онд дэлхийн үйлдвэрлэлийн төв болж чадсан байна. Гэвч тэр үеэс худалдаагаа илүү чөлөөтэй болгосноор 1880 оноос аж үйлдвэрлэлийн хөгжил нь саарах болж. Харин АНУ түүний байр суурийг эзэлж, өрсөлдөөнөөр хэнийг ч дагуулахааргүй болсныхоо дараа буюу дэлхийн II дайнаас хойш л гадаад худалдаа, эдийн засгийн харьцангуй чөлөөт бодлого хэрэгжүүлж эхэлжээ.

Профессор Ха Жу Чаны хэлсэнчлэн, чөлөөт зах зээлийн бодлогоор баяжсан орон байхгүй бөгөөд байх ч боломжгүй. Биднийг энэ олон жилийн турш “чулуу хөөлгөж” байжээ. Зөвхөн бид ч биш, дэлхийн ихэнх улс үндэстэн хууртсан юм.Гэвч энэ нь неолиберализмын үзэл суртлын гол төлөөлөгч болох Милтон Фридманы буруу гэхэд хэцүү. 1970-аад онд тэрбээр чөлөөт зах зээлийн номлолоо айлдажбайх үед америкчууд төрийн хэт зохицуулалт, хэт их татвар, өндөр инфляцын асуудалтай байсан юм. Милтон Фридманы сургаалын дагуу дээрх асуудлуудаа шийдсэн АНУ хожим нь дэлхийг хамарсан санхүүгийн хямралын “буруутан” болно гэж хэн төсөөлөх билээ?Дашрамд, түүний бичсэн “Капитализм ба эрх чөлөө”, “Хувь заяагаа сонгох нь” ном 1960-1980-аад онд нэлээд нэр хүндтэй байсан ч монголчууд түүнийг нь хэтэрхий тахин шүтжээ. Энэ хоёр ном манай төр, засгийн эрх баригчдын бодлыг тодорхойлж, оюутан залуусын тархийг угаасаар өдий хүрэв.

Гаднын зөвлөхүүдийн хэлсэн, тулгасан бүхнийг ямар ч тооцоо, судалгаагүйгээр хэрэгжүүлж, улмаар хохирсон манайх шиг улс үндэстнүүд хэнд ч буруугаа тохож чадахгүй. Бид өөрсдөө л сонголтоо хийсэн. Юу хийж байгаагаа ч мэдэхгүйгээр “өрсөлдөөн” хэмээх дайны талбар луу гар нүцгэн давхиад оржээ.“Улс орны онцлогийг тусгаагүй, танил бус бодлогыг хэрэгжүүлэх гэж зүтгэсэн нь Монгол Улсыг өнөөдрийн эмгэнэлт байдал руу түлхлээ” хэмээн Х.Батсуурь тайлбарлаад, “Одоо бидэнд Монголын онцлогт тохирсон, өөрсдөө боловсруулсан эдийн засгийн хөгжлийн бодлого л дутагдажбайна” гэсэн юм.Бүх улс оронд таарах “хөгжлийн жор” гэж хаа ч байхгүй. Тэр тусмаа либерализм баян, хоосон ямар ч улсад сайн нөлөө үзүүлж чадсангүй. “Үл үзэгдэгч гар” гэх үзэгддэг ч үгүй, ажилладаг ч үгүй зүйлд итгэх нь аюултай юм байна.

2008 онд эхэлсэн санхүү, эдийн засгийн хямралын үеэр АНУ татвар төлөгчдийнхөө мөнгөнөөс 700 тэрбум ам.доллар гаргаж, эдийн засагтаа тохойгоо хүртэл гар дүрэхэд бид үүнийг ойлгосон. Дампуурсан “General Motors”-оо аварч үлдэхийн тулд чөлөөт зах зээлийн төрсөн нутаг болох тус улсын Засгийн газар тусламжийн гараа сунгахад сайтар харж авсан. “Төр зах зээлд гар дүрэх хэрэггүй” гэх сургаал худлаа байжээ. Тиймээс ч одоо дэлхийн эдийн засгийн салхи баруун биш, зүүн тийш үлээх болов. Улс орон бүр өөрийн гэсэн хөгжлийн зам, тоглоомын дүрмийг тодорхойлохыг хичээж байна. Харин бид яах вэ?

Либерализмын бодит төрхтэй танилц: Цуврал №2

УХААЛАГ ТӨРИЙН ЭРЭЛД

Чинээлэг орнуудын түүхийг том, хүчирхэг, бас ухаалаг төр нь бүтээжээ

Д.Мөнхчимэг

Та төрөөс юу хүсэж байна вэ? Энэ асуултад Монголын бизнес эрхлэгчдийн олонх нь “Бүү саад бол” гэж хариулсан тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх илтгэлийнхээ үеэр хэлж байлаа. Яг ийм явдал XVII зууны сүүлчээр Францад тохиож байсан юм. Тус улсын Сангийн сайд Жан-Батист Колбэрт хэсэг бизнесмэнээс ямар тусламж хэрэгтэй байгааг асуухад нэг нь “Laissez nous faire”буюу “Биднийг зүгээр л орхичих” хэмээн хариулсан гэдэг. Төр эдийн засгийн үйл хэрэгт хөндлөнгөөс үл оролцох тухай “Laissez Faire”онолоор бол чөлөөт худалдаа, бага татвар, бага зохицуулалт байж гэмээнэ эрүүл, чийрэг зах зээл бий болох учиртай.Монгол Улсад либерализм ноёрхсон энэ 20 гаруй жилд бидэнд “Төр зөвхөн шударга ёс тогтоох, хувийн өмчийг хамгаалах үүрэгтэй бөгөөд илүү юманд хошуу, хуруу дүрэлгүй сууж байх ёстой. Төр цомхон бүтэцтэй, зардал багатай байх хэрэгтэй” хэмээн сургаж ирсэн.Бид ч үүнд итгэж, төрийг ад үзэх болсон хэрнээ нэг зүйлд ер анхаарал хандуулалгүй өдий хүрчээ. Энэ онол бодит амьдрал дээр хэрэгждэг үү, үгүй юү?

Том төр муу биш, харин ч сайн

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тодорхойлсноор, төсвийн зардал ДНБ-ий 30 хувиас бага байвал “хэвийн”, харин түүнээс их бол “хэвийн бус” гэж үзнэ. Уг үзүүлэлт ДНБ-ий 40 хувиас хэтэрвэл төр мааньүрэлгэн, бас том болсны шинж. Манай энэ жилийн төсвийн зардал ДНБ-ий 32.7 хувьд хүрсэн нь байдал “хэвийн бус” байгааг анхааруулж байна. Либерализмын онолын дагуу бид төсвийн зардлыг яаралтай танаж, Засгийн газрыг “байранд нь тавих” учиртай. Үүнийг ч Дэлхийн банк, Олон улсын валютын сан (ОУВС) байнга сануулж, шаардаж ирсэн шүү дээ. Сонирхолтой нь, ОУВС-гийн хамгийн том хувь эзэмшигч болох АНУ-д энэ үзүүлэлт 36 хувь (санхүүгийн хямралын үеэр бүр 40 хувьд хүрсэн), Японд 42 хувиас давсан байдаг аж. “Чинээлэг орнуудын клуб” гэдгээрээ олны танил Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүдийн дунд төсвийн зардал нь ДНБ-ийхээ 30 хувиас бага ганц ч улс байхгүйг “График 1”-ээс харна уу. Бидний мэдэх тодорхойлолтоор бол, баян орнууд бүгдээрээ “хэвийн бус” бөгөөд “хэт том, үрэлгэн” төртэй болж таарах нь.

Төр том, төсвийн зардал их байснаар иргэд халамжаар “угжуулж”, залхуу болдог гэх ойлголт бий. Ийм улсын бүтээмж буурч, эдийн засгийн өсөлт саардаг бөгөөд дампууралд ч хүрэх талтайг либерал эдийн засагчид сануулдаг. Өнөөдөр Грек өрөө төлж чадахгүй, хэцүү байдалд орсон нь тэдний хувьд онолоо зөвтгөх сайхан шалтаг болж байна. “Тээр, харж байна уу? Том төртэй байхаар ийм л үр дүнд хүрдэг юм” гээд л... Харин Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц энэ тал дээр шал өөр тайлбар хийдэг. Төсвийн зардал, өр, төлбөртөө хяналт тавьж чадаагүй нь Грекийн алдаа мөн боловч энэ бүхэн дампуурлын ирмэгт ирснийх нь гол шалтгаан биш аж. Тус улс ОУВС, Евро комисс, Европын холбоо гэх “Гурвал”-аас зээл авч, тэдний шаардлагын дагуу “хэмнэлтийн горим”-д шилжсэн нь ийм байдалруу түлхжээ. ОУВС-гийн бичиж өгсөн жороор “эмчилгээ хийх” дөрвөн жилд Грекийн ДНБ 22 хувиар унасан бол ажилгүйдлийн түвшин 25, ядуурлын түвшин 40.5 хувьд хүрсэн байдаг. Харин улсын өр нь 2009 онд ДНБ-ийхээ 113 хувьтай тэнцэж байсан нь одоо 180 хувьд дөхөж очжээ. Өнөөдөр Грек хүнд байдалд орсны буруутан нь үнэхээр л том төр юм бол ЭЗХАХБ-ын бүх гишүүн дампуурах учиртай шүү дээ. Тэр тусмаа төсвийн зардал нь ДНБ-ийхээ 60 хувьд дөхөж очсон, бидний хэлдгээр “халамжийн төр”-тэй Дани хамгийн түрүүнд жагсаалтаас гарах ёстой. Гэтэл энэ улс дампуурах нь битгий хэл гялалзсаар байна. Хүний хөгжил, өрсөлдөх чадвар, аз жаргалын индексээр дэлхийд толгой цохих Данийн иргэд нэг хүнд ногдох орлогын хэмжээгээр ч  “толгой цохидог”. Энэ бүхнээс үзэхэд, том төр иргэдийг залхуу болгож, эдийн засгийг балладаг гэх номлол худлаа байжээ.

ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын 1990 оноос хойших эдийн засгийн өсөлтийг авч үзэхэд том төртэй байх тусмаа илүү хурдан хөгжсөн болохыг Кэмбрижийн их сургуулийн профессор Ха Жу Чан бичсэн байх юм. Тухайлбал, 1990-2008 онд ДНБ-ий өсөлтөөрөө “Чинээлэг орнуудын клуб”-тээ тэргүүлсэн Финланд, Норвеги хоёул асар том халамжийн тогтолцоотой гэдгийг тэрбээр тэмдэглэжээ. Төр зах зээлд бага оролцох тусам бизнес идэвхжиж, эдийн засаг өсдөг гэдэгч ч шал худлаа болохыг “График 2” харуулна. АНУ-ын төсвийн зардлын ДНБ-д эзлэх хэмжээ огцом нэмэгдсэн жилүүдэд л тус улс хамгийн хурдтай өсөж, хамгийн ихээр баяжиж байжээ. Харин 1970-аад онд либерализмын эрин эхэлснээр төр нь томрохоо байж, эдийн засгийн өсөлт нь ч саарч эхэлсэнаж.  

Laissez Faire” Монголд тохирохгүй

Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа нурааж, чөлөөт зах зээлд шилжихдээ “төлөвлөгөө зохиох хэрэггүй юм байна” гэх ойлголттой болсон. Төр эдийн засагт оролцох ёсгүй, юунд ч санаа зовох шаардлагагүй, “үл үзэгдэгч гар” бүхнийг зохицуулчихна гэх номлол Монголын эрх баригчдад туйлын их таалагдаж, амарчлах, бэлэнчлэх сэтгэлгээг нь өдөөжээ. Гараа хумхиад сууж байхад л чөлөөт зах зээл өөрөө ажиллаад, ид шидийн мэт сайхан үр дүнд хүргэнэ гэхээр хэн баярлахгүй байх билээ? “Импортын, хөдөлмөрийн болон үнийн хязгаарлалтыг устгаснаар бага үнэ, ажлын өндөр хөлс, илүү сайн бүтээгдэхүүн бий болж, улмаар бүх нийтийн хөгжил цэцэглэлийн дээд түвшинд хүрнэ” гэх Адам Смитийн хорхой хүргэм номлол хэнд таалагдахгүй гэж?Харамсалтай нь, тийм биш болох нь батлагдсан бөгөөд чөлөөт зах зээлээр хөгжил, цэцэглэлд хүрсэн нэг ч орон байхгүйг энэхүү цувралын өмнөх нийтлэлд бичсэн билээ. Хөгжилд хүрсэн бүх улсын түүхийг төрийн ухаалаг бодлого, төлөвлөгөө, оролцоо нь бүтээсэн байдаг.  

Дэлхийн II дайны үед АНУ, Англи, Герман зэрэг капиталист улс бүх зүйлийг нарийн төлөвлөж байжээ. Эдгээр улсын Засгийн газар стратегийн зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажилласан байна. Энэ хүрээнд аж үйлдвэрлэлээ хамгаалах зохицуулалт (импортын хориг, өндөр тариф г.м.), бизнесийг дэмжих бодлого (татаас, хөнгөлөлттэй зээл, монополийн эрх г.м.) зэргээр төр нь хувийн хэвшлээ дэмжиж байв. “Индикатив төлөвлөлт” гэх энэ технологийг амжилттай хэрэгжүүлснээр Европын орнууд, тэр дундаа Франц ч амжилтад хүрсэн тухай Ха Жу Чан бичжээ. Тус улс 1950-1960-аад онд хөрөнгө оруулалт болон технологийн инновацийг индикатив төлөвлөлтийн дагуу хөгжүүлснээр эдийн засгийн өсөлтөө хурдасгасан аж. Үр дүнд ньФранцын бизнесмэн “Биднийг зүгээр л орхичих” хэмээх алдарт үгээ хэлж байх үед улс нь эдийн засгаараа Английн дараа буюу Европтоо хоёрдугаарт бичигдэж байлаа. Харин Монгол шиг юунд ч хүрч чадаагүй, “нүцгэн” орны хувьд “Laissez Faire”гээд сууж байх нь зохимжгүй. Бидэнд төрийн оролцоо, бүр хэт их оролцоо ч хэрэгтэйбайж мэднэ. Бид үнэхээр л Азийн дараагийн бар болно гэж байгаа бол тэдний туршлагаас суралцах ёстой. Асар богино хугацаанд асар их хөгжсөн Сингапур, БНСУ, Тайвань, Хонконгийн эрх баригчид гараа хумхиад суусан бол өдийд Азийн барууд гэж нэр ч гарч ирэхгүй байсан биз ээ.

Төр “муу менежер” биш

Төрд ухаалаг бизнес эрхлэгчид байдаггүй учраас төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг хэмээн либерал эдийн засагчид тайлбарладаг. Мөн төрийн бизнес үргэлж авлига, шахааны наймаа зэрэг муу муухай бүхэнд автагдаж, идэгддэг гэнэ. Үнэхээр төр “муу менежер” учраас дандаа бүтэлгүйтдэг гэж үү?Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн алдаа гаргаж, шившигтэйгээр дампуурсан түүх төрд ч, хувийн хэвшилд ч байдаг билээ. Гэтэл либерал эдийн засагчид төрийн ганц ч алдааг гээлгүй шүүмжилдэг хэрнээ амжилтыг нь огт дурсдаггүй нь сонин.

1965 онд Өмнөд Солонгос дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байхдаа төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барих том төлөвлөгөө боловсруулжээ. Төмрийн хүдэр, коксжих нүүрсний ч нөөцгүй, мөнгө ч үгүй улсын энэ том амбийц хөгжингүй орнуудын инээдийг хүргэж байлаа. Гэтэл БНСУ-ын Засгийн газар 1968 онд Поханы төмөр, гангийн үйлдвэр буюу POSCO-г төрийн өмчит компани хэлбэрээр байгуулж, бизнесийн ямар ч туршлагагүй Тае Жун Пак генералаар удирдуулснаар хөрөнгө оруулагчдын элэг доог болсон байна. Дэлхийн банк үүнийг хүн төрөлхтний түүхэн дэх бизнесийн хамгийн муу төсөл гэж дүгнэсэн учраасганц ч хөрөнгө оруулагч олдоогүй тухай Ха Жу Чан “Капитализмын тухай Танд хэлдэггүй 23 зүйл” номдоо бичжээ. Гэсэн ч солонгосчууд бууж өгөөгүйгээр барамгүй 1973 онд үйлдвэрлэлийг нь эхлүүлж, 1990-ээд оноос дэлхийн тэргүүний гангийн компаниудын нэг болсных нь дараа л хувьчилсан байна. Эдүгээ POSCO үндэстэн дамнасан корпораци бөгөөд салбартаа дөрөвдүгээрт жагсаж буй. БНСУ-ын Засгийн газар ийнхүү эдийн засагтаа шууд оролцохын зэрэгцээ бизнес эрхлэгчдийнхээ алхам бүрийг зааж байв. Тэгэхдээ мөн л худалдааны хамгаалалт, татаас зэргээр дэмжиж байсны үр дүнд өнөөгийн LG, “Hyundai” зэрэг том компани төрсөн түүхтэй. Солонгосчууд ийм стратегийг Японоос суралцсан бөгөөд Тайвань, Сингапур ч энэ замаар хөгжилд хүрснийг Ха Жу Чан онцолжээ.

Төрийн өмчит компаниудыг өөлөх, гоочлох үйл ажиллагаа манайд тун идэвхтэй өрнөдөг. “Эрдэнэт”-ийн шахааны бизнес, улстөрийн томилгоо байнга л сенсаац дэгдээдэг шүү дээ. Асар их хэл аманд өртдөг энэ үйлдвэр маань Монгол Улсын хамгийн том татвар төлөгч байсаар ирсэн. “Төр муу менежер” гэх тайлбар төрийн өмчийг хувьчлах хамгийн сайхан шалтаг болдог. “Энэ нь манай улс төрийн болоод эдийн засгийн бүтцийг задалж, төр төвтэй тогтолцоог нураах зорилготой хар технологи” хэмээн эдийн засагч Х.Батсуурь “Төр муу менежер хэмээх хар технологи Монголд нутагшсан нь” нийтлэлдээ тайлбарласан байна. Чөлөөт зах зээлд шилжихийн өмнө манайд 900 гаруй төрийн мэдлийн үйлдвэрийн газарбайсан бол одоо 100 орчим компани л үлджээ. Тэдний олонх нь (ялангуяа эрчим хүчний компаниуд) яагаад байнгыналдагдалтайажиллаад байна вэ гэх асуултад Х.Батсуурь“Төрд хувийн ашиг сонирхол бүхий этгээдүүд орчихсон байна. Төрд муу менежерүүд байгаа болохоос биш төр өөрөө муу менежер биш” хэмээн хариулсан юм.

Либерализмын бодит төрхтэй танилц: Цуврал №3

Баячууд улам баяжих нь бидэнд хүртээлгүй

Бага татвар хөгжилд хүргэх тухай номлол худлаа байжээ

Д.Мөнхчимэг

Бага татвар, бага зохицуулалтаар баялаг бүтээгчдийг дэмжих нь либерализмын утга учир билээ. Ингэснээр тэд илүү их хөрөнгө оруулалт хийж, илүү олон ажлын байр бий болгож, улмаар эдийн засаг ч томрох учиртай. Энгийнээр бол, баячууд улам баяжихын үр шимийг нийгмийн дундаж ба түүнээс доод давхаргынхан ч хүртэх юм. Үүнийг “trickle down” буюу “халин асгарах” онол гэх бөгөөд либерализмын амин сүнс болж, сүүлийн 30 гаруй жил дэлхийн эдийн засагт ноёрхсон билээ. Гэтэл энэ хугацаанд баян, хоосны ялгаа гаарч, дэлхийн эдийн засгийн өсөлт саарахаас өөр үр дүн гарсангүй. Тиймээс ч чөлөөт зах зээлээс хүн бүр хожно хэмээх “молиго үмхүүлэгч” үзэл суртлаас дэлхий даяараа ухарч эхлэв. “Баячуудыг дэмжих замаар хөгжлийг хурдасгах бодлого хэрэгжүүлж байгаа нь энэ гээд 30 жил явлаа” хэмээн Кэмбрижийн их сургуулийн профессор Ха Жу Чан бичээд, энэ онол ажиллаагүй, ажиллах ч үгүйг тэмдэглэжээ.

Гаж тогтолцоо

АНУ-д энгийн ажилчны дундаж цалин 1970-аад оны дунд үеэс буюу либерализмын эрин эхэлснээс өдийг хүртэл огт өсөөгүй. Гэтэл дундаж компанийн гүйцэтгэх захирлын цалин, урамшуулал энэ хугацаанд 10 дахин нэмэгдсэн байгаа юм. Эдүгээ тус улсад дундаж компанийн гүйцэтгэх захирлын цалин, урамшуулал энгийн ажилчныхаас 300-400 дахин өндөр байгааг Ха Жу Чан онцолжээ. Тэгвэл Их Британид энгийн иргэний насаараа ажиллаад ч олохооргүй мөнгийг нэг банкир жилийн бонус болгон авдаг болж. Энэ тэгээд шударга хэрэг үү? Америкчууд ч, англичууд ч “Үгүй” гэж хариулж байна. Тиймээс ч тэд “Уолл Стрийтийг эзэл”, “Робин Гүүдийн татвар” зэрэг хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Баялгийн шударга бус хуваарилалт зөвхөн энэ хоёр улсад ч байгаа юм биш. Баячууд нь улам баяжиж, нийгмийн дунд ба түүнээс доош давхаргынхан сохор зоос ч хүртэхгүй байх гаж тогтолцоог Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас импортолсон олон орны нэг нь Монгол шүү дээ. Тиймээс ч баян, хоосны ялгаа дэлхий даяар гаарч буй. 

Хамгийн баян 80 эрхмийн хөрөнгө дэлхийн хүн амын тал буюу 3.5 тэрбум хүний нийт хөрөнгөтэй тэнцэж байгааг “Oxfam”судалгааны байгууллага илрүүлсэн. Тэдний тооцоолсноор бол ирэх жил гэхэд дэлхийн хүн амын хамгийн баян ганц хувь нь үлдсэн 99 хувийг эзлэх долоон тэрбум хүнээс ч илүү хөрөнгө “атгаж” суух юм. Энэ ялгаа өдрөөс өдөрт тэлж байгааг сануулъя. Учир нь, “Forbes”-ын жагсаалт дахь баячуудын хөрөнгө жилдээ л 650 тэрбум ам.доллараар өсөж байгаа шүү дээ. Либерал эдийн засагчдын хувьд энэ нь сайн мэдээ. Тэдний онолоор бол баячууд улам баяжихын хэрээр эдийн засаг өсөх ёстой. Гэтэл 1960-1970 онд дэлхийн нэг хүнд ногдох ДНБ жилийн гурван хувиар өсөж байсан бол 1980-2009 онд энэ үзүүлэлт 1.4 хувь болтлоо саарсан байх юм.

Энэ нийгэмд баялгийг зөвхөн баячууд хуваан авч байгаа бөгөөд нийгмийн дундаж ба түүнээс доод түвшний хүмүүс юу ч хүртэж чадахгүйг Парисын их сургуулийн профессор Томас Пикетти гаргаж ирсэн. Түүний бичсэн “XXI зууны капитал” ном өнгөрсөн жилийн турш шуугиан дэгдээсэн бөгөөд “халин асгарах”онол амьдал дээр хэрэгжиж чадахгүйг ахин нотолсон билээ. Ийнхүү нийгмийн “халуун” сэдвийг хөндөж, алдартай болсон Томас Пикеттиг Лондоны эдийн засгийн сургууль урьж ажиллуулахаар болжээ. Чөлөөт зах зээлийн “төрсөн газар” гэж хэлж болох энэ сургууль Олон улсын тэгш бус байдлыг судлах институт байгуулж, түүнийгээ Томас Пикеттигээр ахлуулах болсон нь салхи яах аргагүй баруунаас зүүн тийш эргэснийг харуулах ажгуу. Дэлхий даяар баян, хоосны ялгаа тэлэхийн хэрээр нийгмийн бухимдал нэмэгдэж, чөлөөт зах зээлд итгэх итгэл мөхөж эхэлсэн байна.

 “Шилдгийн шилдэг сурагч”

Гаднынхан Монголыг “Барууны либерал бодлогын шилдэг сурагч” хэмээн егөөддөг тухай энэхүү цувралын эхний нийтлэлд бичсэн. Бид либерал эдийн засагчдын хэлсэн бүхнийг ёсчлон биелүүлж ирлээ. “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг шиг хэтэрхий их хичээсэн байж ч мэднэ. “Чөлөөт худалдаа, бага татвар, бага зохицуулалт” гэх либерализмын гурван “алтан” дүрмийг Монгол шиг 100 хувь хэрэгжүүлсэн улс цөөхөн учраас “шилдгийн шилдэг сурагч” гэсэн ч болох биз ээ.

Тухайлбал, 2007 оноос Монгол Улс олон оронд хэрэгжүүлж буй орлогын шатлалаар татвар ногдуулах бодлогоос татгалзаж, “гурван аравт”-ын системд шилжсэнээр дэлхийн хамгийн бага татвартай орнуудын нэг болсон. Ингэснээр баян, хоосон ялгаагүй, татварын өмнө “тэгш эрхтэй” болсон юм. Өнөөдөр сарын 10 сая төгрөгийн цалинтай уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал, 500 мянган төгрөгийн цалинтай цэвэрлэгчийн аль аль нь орлогынхоо яг 10 хувийг татварт өгч буй. Тэгээд хэн ч үүнийг шударга бус гэж үздэггүй нь гайхалтай. Гэтэл либерализмын үзэл суртлыг бий болгосон АНУ-д  орлого багатай хүмүүс 17 хувийн татвар өгч байхад баячууд нь 30 хувийг төлж байна. Харин  Их Британийн хувьд энэ үзүүлэлт 20 хувьтай байхад баячууд нь 40 хувийн татвар төлж байгаа юм (Энд зөвхөн хувь хүний орлогын татварыг харьцуулсан болно). Ер нь нийгмийн чинээлэг давхаргад өндөр татвар ногдуулах нь байдаг л үзэгдэл. Ялангуяа хөгжингүй орнууд ийм бодлого хэрэгжүүлдэг учраас төсвийн орлого нь их, төр нь том байдаг. Харин Монголд авах ёстой татвараа авахгүй байгаа учраас л өнөөдөр бид “төсвийн орлого тасарлаа, төрийн сан улайслаа” гэж яриад байгаа хэрэг.

2007 оноос татварын ачааллыг багасгасан болохоор л татвар төлөх хүмүүсийн тоо нэмэгдэж, улмаар төсвийн орлого тэлсэн гэж албаны хүмүүс, бас либерал эдийн засагчид тайлбарлах дуртай. Гэхдээ энэхүү шинэтгэл нь яг Монгол Улсын ДНБ-ий хэмжээ огцом өсөж эхлэхтэй давхацсаныг хэн ч ярьдаггүй. Чухам 2007 оноос л дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнэ нэмэгдэж, монголчуудын цалин, орлого ч дээшлэх болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд татварын орлого нэмэгдэхэд бага татварын бодлогоос гадна эдийн засгийн мөчлөг нөлөөлжээ гэж дүгнэж болохоор байна.

Чөлөөт зах зээлд шилжиж байгаа нь энэ гээд олон улс баячуудын татварыг бууруулах бодлого хэрэгжүүлж байсныг Ха Жу Чан бичжээ. Тэдний нэг нь яах аргагүй Монгол Улс юм. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд ногдол ашгийн орлого, хүүгийн орлогод 2013 оны нэгдүгээр сарын 1 хүртэл татвар ногдуулахгүй байхаар заасан байв. Энэ нь манай улс дахь хөрөнгийн ихэнхийг атгаж суугаа чинээлэг хүмүүсийг хамгаалах бодлого байжээ. Төрийн өмчийг хувьчлах үеэр завшиж үлдсэн цөөн хүн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ихэнх компанийн хувьцааны дийлэнхийг эзэмших болсныг бид мэднэ. Арилжааны банкууд дахь нийт хадгаламжийн 90 хувь нь мөн л цөөн хүний гарт төвлөрсөн нь хэдэн жилийн өмнө илэрч байв. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээлд шилжих нэрээр Монголын баялгийг хувааж авсан хүмүүсийг татварын бодлогоор хүртэл дэмжиж иржээ.

Чинээлэг хүмүүсийг ад үзэхүй

“Wealth X” судалгааны байгууллага, “UBS” банкнаас гаргасан “Баячуудын бүртгэл-2014” тайланд Монголоос анх удаагаа ам.долларын тэрбумтан нэг биш, бүр хоёр тодорсныг өнгөрсөн оны сүүлчээр мэдээлж байлаа. Үүний зэрэгцээ, Монголын хэт чинээлэг хүн (100 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүн)-ий тоо 45 болж өссөнийг, мөн баячуудын тооны өсөлтөөр манай улс дэлхийд толгой цохиж явааг бид “Knight Frank”-ийн “Чинээлэг байдлын үзүүлэлт-2014”-өөс мэдэж байв. Гэтэл энэхүү мэдээллийг монголчууд тийм ч таатай хүлээж аваагүйг Та санаж байгаа байх. Баячууд улам баяжихын хэрээр нийгэм хөгждөг талаарх “халин асгарах” онол худлаа гэдгийг Монголын нийгэм хэдийнэ ойлгосон ажээ.

2011 онд манай ДНБ-ий өсөлт 17 хувиас давж, дэлхийг алмайруулсан. Сүүлийн таван жилийн дотор эдийн засаг маань бараг гурав дахин тэлсэн байтал ядуурлын түвшин ч олигтой буурч өгсөнгүй. Гурван монгол хүний нэг нь ядуу амьдарсан хэвээр л байна. Либерализмын энэ эринд эдийн засгийн өсөлтийг зөвхөн баячууд л хувааж авдаг тухай Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц хэлсэн нь Монголд ч хэрэгжжээ. Харин одоо бид энэхүү гаж тогтолцоог хэрхэн засаж, залруулах тухай бодох цаг ирж. Бага татвараар баячуудыг дэмжих замаар олон жил явлаа. Эцэст нь, хэн ч аз жаргалтай болсонгүй. “Дэлхийн аз жаргалын тайлан-2015”-аас үзэхэд, Монгол Улс 158 орноос 100 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэхүү жагсаалтыг Швейцарь тэргүүлсэн бол Исланд удаалж, Дани гуравдугаарт жагсжээ. Орлогын тэгш бус байдал харьцангуй бага, нийгмийн халамж, үйлчилгээ сайтай Скандинавын орнууд “аз жаргалын жагсаалт”-ыг тэргүүлдэгт гайхах зүйлгүй. Эдгээр оронд татварын хэмжээ ч өндөр байдаг билээ.

Либерализмын бодит төрхтэй танилц: Цуврал №4

“ЗОЛБИН МОНГОЛ”-ООС “НИНЖА МОНГОЛ”

Гаднын хөрөнгө оруулагчдад улсаа худалдах гаж тогтолцоог нутагшуулсан нь

Д.Мөнхчимэг

Монголчууд бид ардчилал руу тайван замаар шилжсэн хэмээн онгирох дуртай. Гэвч эдийн засаг талаас нь харвал энэ шилжилтийг тайван биш, харин ч хэрцгий, бүр дэндүү хэрцгий хийжээ. Хагас зуун жилийн бүтээн байгуулалтаа хэдхэн жилийн дотор үгүй хийчихээд, шалдаа буусан нийгэм, эдийн засгаа эзэнгүй хаясан. Тэгээд “үл үзэгдэгч гар” бүхнийг зохицуулчихна хэмээн итгэж, хүлээж суув. Харамсалтай нь, энэ хугацаанд бид ч, бидэнтэй ижил зах зээлд хөл тавьсан бусад буурай улс ч хөгжиж чадсангүй. “Хэрвээ би зургаан настай хүүгээ ажил хий гэвэл тэр маань сүрхий гутал цэвэрлэгч, эсвэл гудамжны наймаачин болж мэдэх юм. Гэвч хэзээ ч тархины мэс засалч, эсвэл цөмийн физикч болж чадахгүй” хэмээн Кэмбрижийн их сургуулийн профессор Ха Жу Чан буурай орнууд зах зээлийн өрсөлдөөнд орсноор амжилтад хүрээгүйн шалтгааныг тайлбарлажээ.

1990-ээд онд Монгол Улс зах зээлд шилжсэнээр олон монгол хүүхэд хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж билээ. Тэдний зарим нь зах дээр тэрэг түрж, зарим нь машин угааж, зарим нь гутал арчиж, харин юу ч хийж чадахгүй нь гуйлга гуйна. Мөн зүгээр л гудамжаар дэмий тэнэж явдаг халаасны хулгайч хүүхдүүд ч олон байсныг “траншейны хүүхдүүд”, “золбин хүүхдүүд” гэж ярьдаг байв. Одоо тийм хүүхдүүд хамаагүй цөөрснийг хүний наймаатай холбон тайлбарлах нь бий ч барим тавим нотолгоо гарч ирээгүй. Тэдгээр хүүхэд алт ухаж, бидний хэлдгээр нинжа болсон гэж үзэх хүмүүс ч байдаг. Үнэхээр тэр үеэс “Алт” хөтөлбөр хэрэгжиж, Монголын алтны олборлолт огцом нэмэгдсэн учраас энэ нь илүү үндэслэлтэй тайлбар болов уу. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих харгис, хэрцгий он жилүүдийн золиос болсон золбин хүүхдүүд яваандаа алт ухаж, амьдралаа залгуулж эхэлсэн байх нь. Тэгвэл шалдаа буусан Монголын эдийн засаг ч мөн хөлөө олж ядан явсаар, эцэст нь нинжа болжээ. Өнөөдөр манай экспортын 90 хувийг гагцхүү ашигт малтмал бүрдүүлж байна шүү дээ.

Шинэ колоничлол

Неолиберализмын энэ эринийг неоколоничлол буюу шинэ колоничлолын эрин ч гэдэг. Их гүрнүүдийн дарангуйллаас гарсан хэмээн “хошгирч” байсан улс орнууд чөлөөт зах зээлийн ачаар эргээд дарангуйлалд оржээ. Тэгэхдээ энэ удаад колоничлолын газрын зургийг их гүрнүүд биш, үндэстэн дамнасан корпорациуд зурсан байна. 30 жилийн өмнө дэлхий даяар либералчлал эхлэхэд үндэстэн дамнасан корпорациуд шүлсээ савируулан, бөмбөрцгийг хувааж идэх бэлтгэлээ базайж байлаа. Тэдний өмнөөс Дэлхийн банк, Олон улсын валютын сан буурай орнуудын тархийг угааж, зах зээлийг нь чөлөөлчихсөн байв. Ингээд үндэстэн дамнасан корпорациуд довтолгоогоо эхлэхэд Африк, Латин Америкийн орнууд аль хэдийнэ цагаан тугаа мандуулчихсан хүлээж суужээ.

 

Үндэстэн дамнасан корпорациуд асар их хүчтэй болохыг Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц онцолсон байна. Тэдэнд их мөнгө бий, бас тэдний ард их гүрнүүд бий. Хамгийн гол нь, тэдний эрх ашгийг хамгаалж буй бүхэл бүтэн тогтолцоо бий. Чөлөөт зах зээлийн энэ эринд дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаа ч үндэстэн дамнасан корпорациуд асар хурдтай томорч, улам хүчирхэгжиж буйг ганц тооноос харж болно. “PwC”-гийн гаргасан судалгаанаас үзэхэд, дэлхийн топ 100 компанийн зах зээлийн нийт үнэлгээ зургаан жилийн дотор хоёр нугарч, 8.4 их наяд ам.доллараас 16.2 их наяд ам.долларт хүрчээ. Энэхүү жагсаалтыг тэргүүлж буй “Apple”компани л гэхэд 2009 онд 94 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй байсан нь одоо 725 тэрбум ам.доллар болсон байх юм. “Их 20”-д л багтаагүй бол дэлхийн ямар ч улс ДНБ-ий хэмжээгээрээ “Apple”-ийг давахгүй нь. Тэгвэл “Rio Tinto”-гийн зах зээлийн үнэлгээ 68.5 тэрбум ам.доллар буюу манай нийт эдийн засгаас даруй зургаа дахин том байна. Тус группийн гүйцэтгэх захирал Сэм Уолш жилдээ 10 сая ам.долларын цалин, урамшуулал авдаг тухай гаднын хэвлэлүүдэд бичжээ. Өөрөөр хэлбэл, манай төр, засгийн хамгийн дээд албан тушаалтнууд мянган жил ажиллаад ч Сэм Уолшийн ганц жилийн орлогыг олж чадахгүй юм. Тиймээс үндэстэн дамнасан корпорациуд задгай мөнгөө шажигнуулж ирээд л хөгжиж буй, буурай орнуудын эрх баригчдыг лообийдож дөнгөнө. “Тэд өөрсдийн дүрмээр тоглодог” хэмээн Жозеф Стиглиц тэмдэглээд, шаардлагатай бол улс орнуудын Засгийн газарт авлига өгч, тусгай эрх эдлэх гэрээ (хөрөнгө оруулалтын гэрээ) хийдэг тухай бичжээ. Ялангуяа уул уурхайн компаниуд энэхүү бохир аргаар мэргэшсэн учраас өнөөдөр ихэнх улс “түүхий эдийн хавсарга” орон болсон байна. Иймэрхүү тусгай эрх, хөнгөлөлт эдэлснээр үндэстэн дамнасан уул уурхайн корпорациуд асар их ашиг олдгийг Жозеф Стиглиц хэлээд, харин тухайн улс орны хөгжилд хувь нэмэр оруулж шальдаггүйг онцолжээ.

Үндэстэн дамнасан корпорациудын эрхшээлд орж, ашигт малтмалаа гаргачихаад, оронд нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ импортолдог улс орнуудыг “шинэ үеийн колони” гэдэг байх нь. Харин бид яаж байна? Зэс, алтаа “Rio Tinto”-гоор ухуулчихаад, “Toyota”-гийн машин унаж, “Apple”-ын ухаалаг утсыг барьж байна. Газрын тосоо “PetroChina”-гаар олборлуулчихаад, бензинээ “Роснефть” компаниас авч байна шүү дээ.

Тэдний “тоглоомын дүрэм”

Танзани улс 1989-1992 онд чөлөөт зах зээлд шилжиж эхлэх үеэр уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татаж байж л нийгэм, эдийн засгийн хүнд байдлаас гарна хэмээн Дэлхийн банк, ОУВС-гийн зүгээс ятгаж байжээ. Тиймээс тус улсын эрх баригчид гаднын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 1998 он гэхэд “бага татвар, бага зохицуулалт, чөлөөт худалдаа”-г санал болгох хууль эрх зүйн орчныг бий болгов. Төлөвлөж байсны дагуу үндэстэн дамнасан корпорациуд орж ирээд, Танзанийн алтны ордуудыг 100 хувь эзэмшсэн байна. Үр дүнд нь, алтны экспорт 1998 онд ердөө хоёр тонн байснаа 2005 онд 50 тонн болж, 25 дахин нэмэгдлээ. Гэтэл тус улсад үйл ажиллагаа явуулдаг гаднын компаниуд 1998-2005 онд тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээсэн хэмээн тайлагнах нь тэр! Алтны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Barrick Gold”хүртэл алдагдалтай ажилласан гээд, аж ахуйн нэгжийн орлогын татвараа ч төлөөгүйг Танзанийн сэтгүүлч ярьж билээ. Тус улсын Засгийн газар гаднын хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай гэрээ, хэлэлцээрүүд хийсэн гэх боловч тэдгээр бичиг баримтыг олон нийтэд танилцуулдаггүй учир мэдээлэл олж авахад тун хэцүү байдаг аж. Ингэж л алт олборлолтоор Өмнөд Африк, Гана, Малигийн дараа буюу бүс нутагтаа дөрөвдүгээрт жагсдаг Танзани улс дэлхийн хамгийн ядуу орны нэг хэвээр үлджээ. Энэ бүхэн танил санагдагдаж байгаа биз?

Канадын “Centerra Gold” Бороогийн алтыг хэдхэн жилийн дотор хуу хамсан. Тус компанийн мэдээллээс үзэхэд, 2004 оноос эхлэн Бороогийн уурхайгаас нийт 1.8 сая унци (50орчим тонн) алт гаргасныг өнөөгийн ханшаар бодоход хоёр тэрбум ам.доллар болно. Гэтэл “Centerra Gold” манай Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнийхээ дагуу татварын хөнгөлөлт эдэлсний зэрэгцээ Монголбанкинд ч алтаа тушаагаагүй билээ. Ийнхүү Монгол Улсад ямар ч ашиггүй гэрээг гаднын компанитай байгуулсан эзэн нь ч олдоогүй бөгөөд тухайн үед засгийн эрхийг барьж байсан хүмүүс бурууг бие бие рүүгээ түлхсээр өдий хүрсэн. Гэтэл одоо нөгөө л “Centerra Gold”-тойгоо хамтарч, Гацууртын ордыг ашиглана гээд чичирч дайрах нь сонин. Тэд бидэнд дахиад л молиго үмхүүлэх гэж байгааг хэдхэн тоо гэрчлэх юм. Тухайлбал, Гацууртын орд 10 жилийн хугацаанд 340 тэрбум төгрөг буюу 180 сая ам.долларын ашигтай ажиллана гэж тооцоолжээ. Өнөөгийн ханшаар бол энэ нь тав хүрэхгүй тонн алтны үнэ юм. Та бодоод үз дээ, 50-70 тоннын нөөцтэй уурхайгаас тав хүрэхгүй тоннын ашиг хүртэх юм бол ажиллуулаад яах юм бэ? Энэ тооцоогоор бол, ирэх 10 жилд хамгийн ихдээ 10 хувь буюу жилийн ганц хувийн ашиг хүртэхээр байна шүү дээ. Иймхэн юмны төлөө Ноён уулаа хамгаалах хөдөлгөөн, олон нийтийн эсэргүүцлийг сөрөх хэрэг бий гэж үү?

Жозеф Стиглицийн хэлсэнчлэн, үндэстэн дамнасан корпорациуд, ялангуяа уул уурхайн компаниуд өөрсдийн гэсэн “тоглоомын дүрэм”-тэй. Тэд улс орнуудаас тэр дүрмээр нь тоглохыг шаардаж, гэрээ байгуулдаг. Тэд бас өөрсдийн гэсэн арга барилтай. Тэд манайх шиг хөгжиж буй орнуудын эрх баригчид, албаны хүмүүсийг амархаан “мангартуулчихна”, шаардлагатай бол “арын хаалгадана”. Энэ бүхний эцэст бид нэг л мэдэхэд 50 тонн алтаа зөөлгөчихөөд, өөрсдөө юу ч үгүй хоцорсон байдаг. Нэг л мэдэхэд Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байгаа нэртэй, бөөн өртэй сууж байдаг шүү дээ.

Гарц байна уу?

Гаднын хөрөнгө оруулагчдыг татаж байж л хөгжилд хүрнэ хэмээн бидэнд сургаж ирсэн улс орнууд өөрсдөө тэгэж байсан гэж үү? XIX зуунд АНУ банк санхүү, уул уурхай, тээвэр зэрэг салбартаа гаднын хөрөнгө оруулагчдыг орохыг хязгаарладаг байжээ. Тэгвэл япончууд 1970-аад оныг хүртэл ихэнх салбартаа гаднынхныг орохыг тас хориглодог байсан бөгөөд зарим салбартаа хүлээж авлаа ч 49 хувийн квот л олгодог байв. БНСУ ч энэ загварыг нь хуулбарлаж байж хөгжилд хүрээд, 1997 оны хямралын дараа л гаднын хөрөнгө оруулагчдад зах зээлээ нээж эхэлжээ. Харин Финланд улс 1930-1980-аад онд 20-иос дээш хувийн гаднын хөрөнгө оруулалттай компаниудыг албан ёсоор “аюултай” гэх ангилалд багтаадаг байв. Өөрөөр хэлбэл, өнөөгийн хөгжингүй орнууд бүгдээрээ гаднын тоглогчдоос зах зээлээ хамгаалж байж. Үүгээр зогсохгүй тариф, татаас мэтээр үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалж, дэмжиж байсныг өмнөх нийтлэлүүдэд тодорхой бичсэн билээ. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийн компаниудаа өлгийдөн авч, өсгөж торниулаад, чадалтай, чадвартай болмогц нь зах зээлийн өрсөлдөөнд оруулсан байна. Тэгсэн хэрнээ сүүлийн 30 орчим жилийн турш Монгол шиг буурай орнуудад “Зах зээлээ чөлөөл, гаднын хөрөнгө оруулагчдад зориулж таатай нөхцөл бүрдүүл” хэмээн сургаж, номлож ирсний учир юу вэ? Өндөр тариф, татаасын хүчээр дэлхийн аж үйлдвэрлэлийн төв болсон Их Британи бусад улсаас чөлөөт худалдааны бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байхыг Германы нэрт эдийн засагч Фридрих Лист 1841 онд шүүмжлэхдээ, “Өөрсдөө дэлхийн эдийн засгийн оргил дээр гарчихаад, бусдад боломж олгохгүйн тулд түүнд хүрсэн шатаа өшиглөөд унагаж байна” гэжээ. Тэдний “унагасан шат”-ыг ашиглаж байж л бид хөгжилд хүрэх юм. Яаж ч бодсон, 30 настай “том гар”-тай зургаан настай хүүхэд өрсөлдөж чадахгүй шүү дээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД