“Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог” буюу Хануйн бага сургуулийн сурагчид

2015 оны 09 сарын 21

2015 оны Балдорж шагналтан “Өдрийн сонин”-ы “Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатар


“Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог”  буюу

Хануйн бага сургуулийн сурагчид

  Хануй бригадын зүүн урдаас зээрд морьтой хүүхэддавхиулсаар улаан хүрэн өнгөтэй дүнзэн байшингийн өмнө ирлээ. Их л яарч сандарч байгаа бололтой, мориноосоо үсэрч буугаад үүрч явсан цүнхээ газар шидчихэв. Тэгснээ мориныхоо жолоо, цулбуурыг хурдхан гэгч нь эвхээд морио сул тавьчихлаа. Битүү цан болсон зээрд морь газар үнэрлэж байснаа гөлмөө дэрвүүлээд л ирсэн зүг рүүгээ хатирчихлаа. Мориныхоо араас хэсэг харж зогссон хүү цүнхээ шүүрч аваад сургуулийн зүг гүйчихэв. Хүйтэн жаварт хацар нь гүйцэт боловсорсон алимны бөөр шиг час улаан болчихсон ч саяын үйлдэлдээ хамарныхньхөлс бурзайжээ. Үнэгэн малгай, үстэй дээл, эрээн хүрэм, эсгий гуталтай хүү гүйх замдаа малгай, хүрмээ тайлж, дээлнийхээ бүсийг чирсээр сургууль руу ороод явчихав. Мань эр хичээлээсээ хоцорчихоод яарч сандарч яваа нь энэ аж. Төд удалгүй эсгий гутлаа тайлчихсан, сурагчийн дүрэмт хувцсаа засаад анги руугаа орж харагдлаа. 4 А ангийн сурагч Б.Гантөгс амралтын өдрүүдээр хөдөө гэртээ хариад даваа гаригийн хичээлдээ суухаар ирж байгаа нь энэ. Дээрх үйл явдал Хануй бригадын төвийн дөрвөн жилийн бага сургуулийн талаар сурвалжлага бэлтгэхээр очих үед таарсан юм.

Сургуулийн хашаан дотор бүдүүн гуалин мод давхарлан хураажээ. 50 эргэм насны эр “Дружба” хөрөө ёнгинуулан чөлөө завгүй мод хөрөөдөж байв. Сургуулийн анги танхим, дотуур байрыг дулаан байлгах үүрэгтэй галч Д.Мөнхтөрийн ажлын нэг өдөр эхэлж байгаа нь энэ. Хар модны үнэр хамар цоргин цаанаа нэг таатай мэдрэмж төрүүлэх ажээ.

Дөрвөлжин модон хүрээтэй цагаан хавтан дээр “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн бага сургууль” хэмээн бичсэн улаан хүрэн байшин бол тус сумын бага сургууль. Олон жилийн үүх түүхтэй энэ сургууль Монголын ууган бага сургуулиудын нэг. Сургуулийн захирал С.Монголмаа биднийг тосч аван уулзлаа. Уртааш нь барьсан дүнзэн байшингийн баруун гар талын эхний хаалган дээр 4А анги гэж бичжээ. 4А анги руу орлоо. Хоёр шавилхан хүү биедээ таарсан жижигхэн ширээнд сууж, дэвтэр, номоо дэлгэжээ.  Багшийнхаа самбар дээр бичиж өгсөн бодлогыг хуулж сууна. Ангийн багш М.Гэрэлмаа “Сурагчид бос” гэх команд өглөө. Хоёр хүү ярсхийтэл босч байна шүү. Захирал С.Монголмаа “Сурагчид сайн байна уу” гэж мэндлэхэд өөдөөс анги дүүрэн  “Сайн. Та сайн  байна уу” гэж байна. Багш нь “Сургууль нураачих гээд яасан чанга орилдог юм бэ” гэхэд өнөөх хоёр жуумалзаж байна. 4А анги гурван сурагчтай гэнэ. Гурвуулаа эрэгтэйаж. Тэр өдөр Г.Бат-Оргил хичээлдээ ирээгүй байна. Уг нь өчигдөр болсон багийн бүжигт ах нь явж байсан гэнэ. Тэрбээр “Өглөө эрт дүүгээ сургуульд нь хүргэж өгнө дөө” гэж багшид нь хэлж байжээ. Ангийн багш нь М.Гэрэлмаа гэх залуухан эмэгтэй. Уул гарвал нь Ховд аймгийн Дөргөн сумынх гэнэ. Өнгөрсөн жил МУБИС-ийг бага ангийн багшийн мэргэжлээр дүүргэжээ. Тэрбээр Хануй бригадын н.Шинэбаатар гэх залуутай айл гэр болж, энд суурьшжээ.

 4А ангийн дарга М.Мягмарсамбуу хичээлдээ онц сурдаг байна. Өнгөрсөн жил аймагт болсон математикийн олимпиадад оролцоод, хүрэл медаль хүртээд иржээ. Хануй багийн бага сургуулийн шилдэг сурагч аж. Түүнтэй хэсэг зуур хөөрөлдлөө.

-Аймгийн олимпиадад оролцоод хүрэл медаль авч, сургуулийнхаа шилдэг сурагч болсонд баяр хүргэе. Чи ямар хичээлдээ илүү дуртай вэ?

-Баярлалаа, ахаа. Би математик, монгол хэл, ер нь л бүгдэд нь дуртай.

-Бодлого нь хэцүү юм уу. Түрүүлээд алтан медаль авах боломж байсан гэж багш нь ярьж байсан. Дараа нь харамсаж байв уу?

-Харин тийм. Бүгд л миний өмнө нь бодож байсан бодлого ирсэн. Уг нь би хамгийн түрүүнд бодож дуусгасан юм. Тэгэхдээ нэг тоог буруу хараад бодчихсон байна лээ. Түрүүлвэл түрүүлчихээр л байлаа. Гэхдээ  энэ жил багштайгаа сайн бэлдэж байгаад дахиад орно.

-Мартын 8-наар ээжийгээ баярлуулж амжсан уу?

-Мэндчилгээ хийж, дээр нь өөрийнхөө зохиосон шүлгийг бичиж өгсөн. Бид хоёрыг ийн ярилцаж байтал хажуугаас  Б.Гантөгс хүү “Ахаа, би ч гэсэн хичээлдээ сайн шдээ. Миний дэвтрийг үзэх үү” гээд цүнхээ уудаллаа. Монгол хэл, математикийн дэвтрээ үзүүлэв. М.Мягмарсамбуу, Б.Гантөгс нар үнэхээр цэвэрхэн бичдэг юм байна. Дэвтэр дээр нь нэг ч алдаа байхгүй юм. Хуудас бүр А гэсэн үнэлгээтэй. Б.Гантөгс Хануй багтаа хурдан морь унадаг хүүхдүүдийн хамгийн сайн нь гэсэн. Өнгөрсөн зуны багийнхаа наадамд их морь, шүдлэн насны морьдоо дөрөвт давхиулж,  даагаа айрагдуулаад хязаалангаа 10-т давхиулжээ.

4А ангийн гурван сурагч сургуулийн дотуур байранд суудаг юм байна. Бүр нэг тасагт байдаг гэнэ. Орсон ч гарсан, хичээлээ хийсэн ч, хоол унд идсэн ч гурвуулаа явдаг аж. Сургуулийн амралтаар бие биенийгээ санасан амьтад ирцгээдэг гэнэ. Дөрвөн жил нэг ангид, нэг тасагт амьдарч байгаа тэд энэ хавар бага сургуулиа төгсөнө. Гурван найз хааяа муудалцдаг гэнэ. Гэсэн ч удалгүй сайндчихсан, хэлхэлдэж харагддаг тухай багш нь ярив.  Мартын 8-ны баяраар баярлуулах ангийн охин байхгүй болохоор ангийн багшдаа мэндчилгээ дэвшүүлж, цээжилсэн шүлэг, дуугаа дуулж өгч баярлуулжээ. 

Хануй бага сургуульд хот орж үзсэн сурагч хоёр  байдаг гэнэ. 4А ангийнхан ангиараа хот орж үзээгүй байна. Сум, аймгийнхаа төвд л очиж үзжээ. М.Мягмарсамбуу, Б.Гантөгс хоёр “Ахаа, хотод өндөр өндөр байшин байдаг тэ. Бас сургуулиуд нь өчнөөн олон сурагчтай, хүүхдүүд нь ангидаа багтдаггүй гэсэн тэ” гэж асууж байна. Өөдөөс нь “Та хоёр яаж мэдэж байгаа юм бэ” гэхэд  “Зурагтаар үзсэн юм. Хотод зун очвол гоё байдаг гэсэн. Аймаар өндөр байшингуудтай, гоё гоё машин байдаг юм гэсэн. Ээж намайг онц сурвал хот дагуулж явна гэсэн. Тэгвэл “Нарантуул” гэдэг захаас нь хурдан морины хүүхдийн эмээл, хувцас худалдаж авна аа. Бас нэг аятайхан гутал авах санаа байна. Хотоос авсан юм чанартай байдаг гэж хүмүүс ярьдаг. Хэрвээ чадвал дараа жил хотод байдаг хамаатныд суулгаж, тэнд сургуульд оруулна гэж аав ярьж байсан. Бүтэх бүтэхгүйг нь мэдэхгүй байна” гэлээ.

Дараагийн орсон анги бол 3А. Дээр үеийн 200 литрийн төмөр поошигийг дундуур нь тайраад гагнаж хийсэн зуух тавьж, галлажээ. Бөөр нь улайсан  зуухны илчинд анги халуун гэж жигтэйхэн. Улаа бутарсан царайтай хүүхдүүд хичээлээ хийгээд сууж байна. 3А анги гурван охин, ганц хүүтэй. Ангийн даргыг М.Оюунгэрэл гэдэг. Хойд бүсийн математикийн олимпиадын хүрэл медаль хүртээд удаагүй байгаа юм байна. Сургуулийн аварга дуучин М.Оюундалай, цэвэр бичигтэн А.Урангоо, бүх хичээлдээ жигд сайн Ц.Баярхүү нар түүний ангийнхан. Ганц эрэгтэй болох Ц.Баярхүү нь  ангийнхаа охидыг шоглоод, үс гэзгийг нь татаад хэрэндээ л үймүүлдэг гэнэ. Гэсэн ч ганцаараа болохоор тэгсхийгээд намддаг гэж багш нь өхөөрдөв. Мөн хичээлийн завсарлагаанаар ангийнхаа зуухан дээр ааруул шарж охиддоо өгдөг гэнэ. Ц.Баярхүүгээс “Ахын дүү Монгол Улсаа юу гэж боддог вэ” гэж асуулаа. Тэгсэн өөдөөс “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог” гэж хэнэг ч үгүй хариулж байна. “Яагаад” гэж асуутал “Аймгийн төв орох гэж л тийм хол явж байгаа юм чинь. Дээрээс нь Улаанбаатар явна гэвэл газар нь бүр барагдахгүй. Тэгээд л тэр. Ахаа, хот их гоё гэсэн үнэн үү” гэж өөдөөс асуув.

 Хотын их хөл хөдөлгөөн, дуу чимээнээс хэсэгхэн ч атугай хөндийрсөн надад Хануй багийн энэ амьдрал дэндүү амар амгалан санагдаж байгааг түүнд дуулгавал итгэсэн янзгүй мушийчихаад, дэвтэр номоо эмхлэв. Энэ ангийнхан бүгд хичээлдээ жигд сайн юм байна. Боловсролын сайдын баталж өгсөн өнөө жилийн хичээлийн шинэ жилд үзэх хичээлээ бүгдийг нь үзчихсэн гэнэ. Эхнээс нь дахин давтаж үзэж байгаа гэж ангийн багш Ч.Болортуяа онцолж байв.

Хануй баг мянга гаруй хүн амтай, 400 гаруй айл өрхтэй. Сумын төв рүү хүүхдээ сургуульд сургах гэхээр эндээс зуу гаруй километрийн зайтай. Зуун модын даваагаар даваад явах юм бол 60 гаруй километрийн зайтай. Гэвч Зуун модын даваагаар машин давахад их бэрх. Тиймээс Донгой уулыг тойрдог байна. Ингэж шороон замаар цаг хугацаа алдаж явахаар аймгийн төв рүү давхих илүү амархан. 30 километр шороон зам, үлдсэн нь засмал замаар давхиад хүрнэ. Тиймээс Хануй бригадынхан хүүхдүүдээ багийн бага сургуульд дөрөвдүгээр анги төгсгөөд, аймгийн төв рүү шууд явуулчихдаг байна. Энэхүү бага сургуулийн дүнзэн байрыг 1971 онд барьсан түүхтэй гэнэ. Түүнээс өмнө Хануй бригадын төвд гэр сургууль үйл ажиллагаа явуулж байсан гэсэн.Хануйн бага сургуулиас олны танил олонтөрсөн гэнэ. Зохиолч Ж.Барамсай,  Яруу найрагч Б.Баясгалан,  Их хурлын гишүүн байсан асан  МАХН-ын хэлтсийн дарга Жадамбаа, Аймгийн орлогч дарга байсан одоо ГЕГ-ын барилгын албаны дарга Чулуунбат, Барилгын цэргийн хурандаа, компанийн захирал  М.Төмөрбаатар, Говь ХК-ийн захирал Түмэнбаяр  гээд л өдгөө олонд танигдсан цөөнгүй хүн А үсгээ Хануйн бага сургуульд заалгаж байсан гэнэ.

Дөнгөж өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Хануй бригад цахилгаантай болсон гэнэ. Гэрэл цахилгаантай болохоос өмнө лаа, дэнлүүний гэрэлд ч хичээлээ заадаг байжээ. Хэдийгээр анги болгон XX зууны үеийнх шиг гар галлагаатай ч цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн юм. Нийслэл хотод улсын сургуулийн хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, нэг ширээнд гурван хүүхэд шахалдан  суудаг бол энд бүх зүйлс эсрэгээрээ. Анги дүүргэлт, нэг хүүхдэд хэдэн метр квадрат зай талбай оногдох ёстой гэх зэрэг бүх заалтыг зөрчөөгүй. Багш цөөн хүүхэдтэй болохоор сурагч бүрт хүрч ажиллах бүрэн боломтой аж. Иймд Хануй бригадын бага сургуулийн сурагчид хичээлдээ сайн, олимпиад, уралдаанд байнга амжилттай оролцдог байна. 2А анги тэр өдөр хичээл тасалсан хүүхэд байсангүй. Ангийн багш Б.Буянхишиг арав гаруй жил багшилж байгаа гэсэн. Г.Жанлавцогзол, Т.Бэрхмаа, Х.Хосцэцэг, Б.Амаржаргал, Б.Үржинханд нар Иргэний боловсрол гэсэн хичээл үзэж байлаа. Харин 1А анги өдөр орох гэнэ.

Бага ангийн хүүхдүүдэд “Үдийн цай” хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлж байгаа. Хануй бага сургууль Үдийн цай хөтөлбөрийг дараах байплаар хэрэгжүүлдэг байна. Аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа “Тансаг трейд” ХХК-иас нарийн боов, жигнэмэгээ худалдан авдаг байна. Мөн сургуулийн дотуур байранд арав гаруй хүүхэд хичээлийн жилд амьдардаг аж. Нэг хүүхдэдногдох хүнсний мөнгийг нийлүүлж байгаад мах, гурил, цагаан будаа, хүнсний ногоо худалдаад авчихдаг аж. Тэгээд сургуулийнхаа бүх хүүхдийн хоолыг хамт хийдэг байна. Бага үдийн алдад сургуулийн хүүхдүүд үдийн цайндаа орно. Сургуулийн дотуур байранд байрлах хоолны заал руу анги ангиараа жагсан орж ирцгээлээ. Сургуулийн тогооч Т.Цэнд-Аюуш, Л.Цэрэнлхам нар  гурилтай шөл хийжээ. Бүгд аяга дүүрэн хоол хийлгүүлж аваад ширээндээ суух юм. Хүүхдүүд хоорондоо уралдаад идэж гарав. Хоолныхоо шөлийг дуу шуутай гэгч нь сороод л идээд байх юм.

Сургуулийн дотуур байр мөн л модон байшин. Тасаг болгон зуухтай. Сургуулийн галч хоёр цаг тутамд галладаг байна. Нэгдүгээр ангийн хоёр сурагч дотуур байранд суудаг юм байна. Э.Буяндорж, Б.Дэлгэрхангай нар хичээлдээ явахаар хувцсаа өмсөж байв. Эхний цаг биеийн тамирын хичээл орох учраас тэд шууд тамирын хослолоо өмсөөд, ууттай кетээ бариад сургуулийн зүг гарч одлоо.

Бага сургуулийн номын сан гурван мянга гаруй номтой  аж. Уранзохиолын 108 дээжис бүтээлээс эхлээд дэлхийн шилдэг уран зохиолын ном гээд энд сурагчдад хэрэгтэй бүх төрлийн ном бий гэнэ. Багийн төвд ном уншдаг иргэн олонбайдаг аж. Номын санч “40 гаруй ном гадуур уншигдаж байгаа” гэж хэлж байсан юм. Мөн сургуулийн Хүүхэд хөгжлийн төв гэх жижигхэн дүнзэн байшин байна. Хүүхдүүд хичээлээ тараад Хүүхэд хөгжлийн төвд ирж дуртай зүйлсээ хийдэг байна. Цаасан байшин, цэцэгт наамлаас эхлээд хана дүүрэн бүтээл өлгөөтэй  байв. Олон жилийн түүхтэй Хануйн бага сургуулийн хүүхдүүд буйдхан, амар амгалан амьдарч, бүгд онц сурч байна лээ.

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.106 Үнэхээр хөөрхөн нийтлэл байнаа. Буйдхан бага ч гэсэн манай сургууль бүх техникээр хангагдсан бас хөгжлөөс огтхон ч хоцроогүй харин ч зардал чирэгдэл бага стрессгүй ,амар амгалан ,хүүхдүүд нь гэнэн цайлган яг хүүхдээрээ тусч, чадмаг сэргэлэн цовоо, хотын утаанаас дайжиж ирсэн шинэхэн багш надад үнэхээр их таалагдаж байсан. Харин одоо би 10 сар болж байна. Амьдрал , ирээдүй байнаа байна.
188.207.203.242 Яасан хөөрхөн юм бэ. Нүдэнд харагдтал бичжээ. Ёстой л нөгөө Ч. Мягмарсүрэн ахын ”Байрны хүүхдүүд” шүлэг одоо ч хэвээрээ байнаа. Энэ хөөрхөн нийтлэлийг уншаад сэтгэл уярч, зүрх баяслаа. Бага сургуулийн дүү нартаа номоо бэлэглэхсэн. Төрсөн нутгийн минь дүү нарын эрдмийн зам саруул байж дэлхийн дайд алдаршсан гавъяатнууд болохын ерөөл тавъя. Нутагтаа очихын цагт Хануйн бага сургуулиар заавал зочилноо. Монголын минь ирээдүй үргэлж гэрэлтэн дэлгэрч явах болтугай. Д.Энхтуяа.2015-11-14. Нидерланд улс.