ГОЛОМТ САХИХ ГОРЬДЛОГО

2015 оны 09 сарын 21

“Гэрэг” сэтгүүл, У.Бямбаням


“Монголчууд аа, олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ”. Тохиолдлын байдлаар холбогдсон нийтлэлийн баатрууд маань (Буриад, өвөрмонгол, хазар, тува, дээд монгол хүмүүс) 2011 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн дээрх үгийг ярианыхаа эхэнд эшилсэн нь сонирхол татлаа.

Өнөөг хүртэл “Youtube” хуудсан дээр байрлаж буй (www.youtube.com/watch?v=ek­GdQ_oXs7g) энэ уриалгын хэрэгжилтийн талаар бодитой ажил хэрэг хайсан ч 2013 оны намрын чуулганаар хэлэлцсэн “Олуулаа болох хуулийн төсөл”-өөс өөр зүйлийг олж үзсэнгүй. Харамсалтай нь тэр төсөл хүн амзүйн бодлогод хамаарахаас монгол туургатнуудын асуудалд өчүүхэн төдий ч хандаагүй байв.

NTV телевизийн “Монголоо хайсан монгол” нэвтрүүлгийн баг Афганистанд очих үеэр “Цахим өртөө холбоо” ТББ-ын тэргүүн Д.Сайнбаяр хазар монгол гурван залууд Монголд суралцах тэтгэлэг олгосны нэг нь Мегдад байжээ. Аав ээж, эмээ өвөөгийнхөө өгүүлсэн хууч, перс хэл дээрх түүхийн номны товчхон мэдээлэлтэйгээр “Чингис хаан” онгоцны буудалд буухад сэтгүүлчдээс эхлээд Оюутны холбоод, ТББ- ынхан угтсан нь түүнд төсөөлж байснаас ч өндөр сэтгэгдэл үлдээснийг дурслаа. “Цаашдаа энд амьдрах сонирхол байна уу” гэсэн бидний асуултад тэр “Магистраа төгсөөд энд ажиллаж болох байх. Гэхдээ гадаад хүмүүс оршин суухад их хэцүү. Бид ч гэсэн гадаадуудтай адилхан. Визний асуудлаа шийдэхийн тулд их хүчир байна. Ядаж Афганистанд Монголын консул, Элчин сайдын яам байдаг бол Энэтхэгээр дамжиж илүү ажил болохгүй, амар байхсан. Дээр нь, эндхийн цалин Афганистаныхтай ойролцоо боловч юмны үнэ хамаагүй өндөр, гурваас дөрвөн хувь илүү” гэж хариуллаа.

2009 онд хамгийн анх ирсэн Мегдад Сахели тэргүүтэй гурван хүний мэдээллээр олон хазар хүн аялах, сурах зорилгоор ирэх болжээ. Офицеруудын ордны урд байрлалтай, Солонгосын хөрөнгө оруулалттай “Mongolia International University”-д гэхэд л 20 гаруй хазар оюутан суралцаж буй гэнэ. 2009 оноос өмнө, “Чингис хаан” онгоцны буудалд гурван залууг тосож буй бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдахаас өмнө бид “монгол” гэх үл мэдэгдэх хүслэнтэй ийм хүмүүс байдаг тухай төдийлэн мэддэггүй байлаа. Бидний сонирхон асуусан шиг танилцсан монгол хүн бүхэн “монголд амьдрах уу, энд амьдраарай, битгий яваарай” гэж хэлдэг тухай Мегдад талархан ярилаа. Харамсмаар нь сэтгэл хөдлөлөөр шийдэх асуудал биш гэж хэлэв.

Тэд Монгол Улсын төрд хандан хүсэлт гаргаж, иргэншлийн асуудлаар удаа дараа холбогдох байгууллагуудад хандаж, саяхан хүртэл “Би Хазар” гэсэн бичиг барин Чингисийн талбай дээр жагссаныг мэдэх учраас энэ хариултыг ойлгож болох билээ. Одоог хүртэл тэр талаар тодорхой шийдвэр гарсангүй. Жагсаалыг зохион байгуулалцсан Монгол туургатны хүний эрхийн идэвхтэн Ч.Мөнхбаярын бидэнд ярьснаар “Хуулинд бол Монголд таван жил суусан, Монголын талаар ойлголттой болсон хэн ч Монгол Улсын иргэн болж болно гэсэн байдаг. Чөлөөтэй гэмээр. Гэтэл энэ “чөлөөт байдал” дэлхийн монголчуудын хувьд төдийлэн хэрэгждэггүй. Яавал Монгол Улсын иргэн болох талаар хуулинд хангалттай тодорхой заагдаагүй учир, яасан ч Монголын иргэн болж болохгүй мэтээр тайлбарлаж болдог” гэнэ.

Энэ нь бодит байдалд яаж хэрэгждэгийг Монголд 22 жил амьдарсан өвөрмонгол иргэн Н.Алхаагийн талаарх цуврал нийтлэл “Гэрэг” сэтгүүлд хэвлэгдсэнээс үзэж болно. Алхаагийн адил 1990 оны эхээр Монголд хөл тавьсан “Орчлон” сургуулийн хятад хэлний багш Д.Нарангоо эгч (дээд монгол) хоёрхон жилийн өмнө Монгол Улсын иргэншил авчээ. Иргэншил авах олон шалгуурыг давахын тулд тэр амьдралынхаа 15 жилийг зарцуулсан гэж болно. Саяхан нутаг нэгт дүү нь Монгол Улсын иргэншил авч, бөөн баяр болсныг олзуурхан хуучиллаа. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгийг сонсоод бид бөөн баяр болсон. Монгол Улс маань урьж байна гээд л. Гэтэл бодит байдал дээр тийм байдаггүй юм билээ. Виз авлаа гэхэд оршин суух эрх олох үнэхээр хэцүү. Монголчууд монгол нутагтаа ирж амьдрахад туслаасай гэж хүсэх юм. Монгол хүнтэй гэр бүл болсон хойно ч ийм асуудал тулгардаг. Миний хувьд харьцангуй сайхан байна, гэр бүл, ажил төрөлтэй. Дээд монголд үлдсэн хэсэг нь эндээс очсон хүмүүсээсээ их зүйл асууна аа. Манай хамаатан садан, гэр бүлийнхэн манай хүн Монголд байгаа гээд бүр бахархана шүү дээ”. Түүний авга эгчийнх нь том хүүг Улаанбаатар гэдэг. Монголдоо ирж амьдрах хүслээс үүдэж ийм нэр өгсөн гэж тайлбарлалаа. Монголоо гэх тэмүүлэл амьдралынх нь хэрэгцээг хангачихгүй учраас өөр олон асуудал ургана. Монгол дахь амьжиргааны байдал, ажлын байр эдгээрээс хамгийн том тээг нь. Тиймээс иргэншил олох найдвар муутай Монголдоо визээр аргацааж амьдрах уу, хараат нийгэмд хангалуун амьдрах уу гэсэн эргэлзээ ихэнх монгол угсаатнуудын өмнө гарч ирэх ажээ.

Нарангоо багшийн ярьсан шиг асуудал Өвөрмонголын Шилийн гол аймгаас ирсэн Д.Хаварт мөн тохиолдсон байна. МУИС-ийн докторантурт зэрэг хамгаалахаар суралцаж буй түүний хувьд амар шийдэж чадахгүй хоёр сонголт тулгарчээ. Ирэхээсээ өмнө төсөөлж байсан амьжиргааны асуудал нь тэс өөр болохыг үзсэнээ ярилаа. “Дэлхийн соёлыг хүртсэнээрээ монголчууд өвөрмонголчуудаа дагуулахгүй юмаа. Гэхдээ энэ соёлыг хүртсэн нь амьжиргаанд нь нэг их нэмэр болохгүй байна. Дундаж цалин бага. Хотын хэмжээнд гэхэд тосгонтой адил байх жишээтэй. Дундаж орлогыг барааны үнэтэй харьцуулбал бүр бага хэмжээ гарах байх аа.” Гол шалтгаан энэ бас биш. Монгол угсаатнуудыг “олуулаа болох”-д саад болсоор буй иргэншил, визийн асуудал ахиад л шаналгаа болно. Нарангоо, Хавар хоёр шиг Хятадын иргэний харьяалалд байсан урд зүгийн монголчуудын хувьд санаандгүй олон бэрхшээл тулгарах магадлалтай. Хэн хэн нь л анх ирсэн даруйгаа хэлний дуудлага, аялгаас болж шоолуулж, хужаагаар дуудуулдаг байв. Энэ мэт бэрхшээлээс болж өмнө зүгийн монголчууд нийгэмд өөрийгөө илэрхийлж чадахгүй, олон саадтай учирдгийг гадарлах юм.

Харин буриадуудаас арай өөр төрхийг харж болно. Хоёр улсын Ерөнхийлөгч ОХУ, Монгол Улсын хооронд визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурснаар монгол угсаатнуудын дундаас хамгийн түрүүнд буриадуудад боломж нээгдлээ. 1994 онд анхны “Алтаргана” наадам болсноос хойш анх удаагаа, энэ жил Ерөнхий сайдын ивээл дор зохиогдсон. Монгол Улсын Ерөнхий сайд буриад эхнэртэй болсны завшаанаар төр засгийн анхааралд өртсөн “Алтаргана” жил ирэх тусам хүрээгээ тэлж, Орос, Хятад, Монголын бүрэлдэхүүнд буй гурван бүсийн 20.000 гаруй буриадууд чуулжээ. Бусад угсаатны бүлгүүдэд мөрөөдөл төдий байгаа виз түр ч болов хугацаагаар нээгдсэнд маш их баяртай байгаагаа Надежда багш хэллээ. “Маш их баяртай байна. Манай эмээ энэ орныг чинь “Бурхан орон” гэдэг. Бас манай найзууд наашаа ирэх их дуртай. Энд ирэхээрээ л би монгол хүн шүү гэдгээ мэдэрдэг. Анх ирснийхээ дараахан Арслантай гүүрэн дээр жаахан хүүхэд ээжээсээ хоцорчихоод “Ээжээ” гээд уйлсан нь их сэтгэгдэл үлдээж билээ. Бид чинь “мама” гэж дуудахаас ижий, ээж гэж дуудахгүй шүү дээ. Тэр мэтээр би чинь монгол хүн шүү дээ гэсэн сэтгэгдлийг надад үлдээж билээ” гэж ярих Сыренова Надеждагийн ярианаас буриадууд Монголоо санахын зэрэгцээ хэл, соёлоо ихэд үгүйлдэг болов уу гэсэн бодол төрсөн юм.

МУИС-ийн Нутгийн аялгуу судлалын багш Г.Гантогтох “Алтаргана” наадмын эрдэм шинжилгээний хурал дээр “Одоогийн залуус тайзан дээрээс буриад дуугаа бахтай дуулах боловч энгийн цагт буриад хэлээрээ ярихаас ч ичдэг. Энэ бол түүх соёлыг нь дарангуйлж буйн хор уршиг” хэмээн хэлснийг “Гэрэг”-ийн Дэвид Чэйс нийтлэлдээ онцолсон байна. Энэ дүгнэлтийг 2010 оны ЮНЕСКО-гийн хэлний судалгааны тайлангаар баталж болох юм. Тэнд буриад хэлийг устаж буй хэлний тоонд оруулжээ. Үнэхээр ч наадамд ирэгсдийн нас дунд үеэр тогтож, залуусаар дутагдаж буй нь үнэн. Гэхдээ хоёр жилийн өмнөөс байдал шал өөр болсныг Надежда багш онцоллоо. “Бид социалист үед буюу Чингис хаан дэлхийг эзэлсэн алуурчин, монголчууд зэрлэг догшин гэсэн ойлголттой үед өссөн. Харин одоо өөрчлөгдөж байна. Ялангуяа залуучууд энд ирээд, өөрсдөө найзалж нөхөрлөөд тийм бишийг ойлгож байгаа. Дээрээс нь “Алтаргана”, “Хамаг Монгол” төсөл зэрэг монгол угсаатныг нэгтгэх тустай үйл ажиллагаанууд явж байгаа нь сайшаалтай” гэж ярилаа. Нэгийг нь санаа зорилго нэгтэй, хэзээнээсээ уг удмаа гэдэг буриад зон санаачилсан, нөгөөг нь үндэсний үзэлтэй дуучин санаачилсан гээд харвал Монголын төр хилийн чанад дахь монголчуудаа ирүүлэх тал дээр юу ч хийлгүй өдийг хүрчээ.

Хойд хөршийн нэг хэсэг болж салсан Тува гэхэд хэдхэн үндсэрхэг үзэлтнээс бусдаар залуучууд нь өөрсдийгөө монгол гэж үзэхээ байсныг сонслоо. Тувагаас Монголд ирж суралцаж буй Дан-Хаяа гэхэд монгол хэлээр муухан ярьдгаа санаа зовнингуй хэлсэн юм. Хамт ирсэн найзууд нь бүр нэг ч үг солихгүй. Тэдний ярианаас өөрсдийгөө ОХУ-ын нэг харьяа тува хүмүүс гэдэгт итгэсэн байдал ажиглагдана. Тэдэнд визний асуудал тийм ч төвөгтэй биш гэнэ. Гэхдээ Монголтой холбогдох хэрэг бараг гарахгүй учраас Монгол Алтайн тувачууд, ӨМӨЗО дахь Ханасын тувачуудыг төдийлэн мэдэхгүй ажээ.

Монгол туургатны хүний эрхийн идэвхтэн Ч.Мөнхбаярын хэлснээр “Бусад олон улсад өөрийн голлох үндэстний хилийн чанад дахь ахан дүүсийг онцгойлон анхаарч, ирэх хүсэлтнүүдэд нь бүх нөхцөл бололцоог хангаж өгсөн байдаг. Бүгдээр нөхцөл байдалдаа зохицсон тусгай репатриацийн (уугуулшуулал) бодлоготой. Их хүн амтай БНХАУ хүртэл амжилт ололт гаргасан хүнийг даллах, хязгаарлагдмал уугуулшууллын бодлоготой байдаг” аж. Тэрбээр 2006 оноос “Монголын уугуулшууллын талаарх бодлого”-ыг санаачлан хоёр Ерөнхийлөгч дамнан хэлэлцүүлсэн ч төдийлэн үр дүнд хүрсэнгүй өнөөдрийг хүрснээ хэллээ.

Монгол Улсын иргэнээс гарсан, иргэн болсон тохиолдол 60:1-ийн харьцаатай байгаа талаар 2012 онд Ерөнхийлөгч үгэндээ дурдсан байдаг. Хоёр жилийн өмнөх байдал төдийлэн өөрчлөгдөөгүйг хилийн чанадад амьдарч буй монголчуудын судалгаанаас харж болно. Харин харьж ирэгсдийн дотор маш цөөн буй монгол угсаатныг олон болгох ажлыг “Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт оруулах, түүнийг монгол туургатны болгох юм уу, тэдэнд ээлтэй хөнгөлөлт гаргах, дээр нь зөвхөн монгол туургатанд зориулсан тусгай хууль гаргах зэргээр цэгцлэх хэрэгтэйг Ч.Мөнхбаяр онцоллоо.

Гадаад иргэдийн эзлэх хувь хүн амын нэг (29 мянга), нэг улсын иргэд бол 0.33 хувиас хэтрэхгүй байх гэсэнд монгол туургатнуудыг хамааруулахгүй байхыг мөн хуульчлах хэрэгтэй биз. Харьяатын тухай хууль ёсоор бол Монголд таван жил суусан, амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй хэн ч Монголын иргэн болж болно.

Гэвч хууль монгол туургатнуудад чанга хэвээрээ. Тэдний амыг таглахад хаашаа ч урвуулж болдог хууль дүрмүүд нь тусалдаг. Голомт нутагтаа ирсэн тэдний ярианаас эмээсэн байдал мэдрэгдэнэ. Учир нь манай төрийн албаныхан тэдний эмээх шалтгаан болдог аж. Ажлынхаа эрхээр далимдуулан, хэрхэн дарамт үүсгэдгийн жишээг нэрээ нууцалсан хэд хэдэн хүн хэлж байлаа. Монгол туургатнаа Монголдоо сайхан биш ч гэсэн амар жимэр суухад нь бид туслах хэрэгтэй. Төрийн хэмжээнд хууль дүрмээ цэгцэлж, олуулаа болох уриалгаа ажил болгох нь зүйтэйг энгийн иргэдээс эхлүүлээд дэмжиж байгаа.

Дуучин С.Жавхлангийн санаачилсан “Хамаг Монгол” төслийн шинэ уран бүтээл “Тэмээн жингийн цуваа” дуунд:

Тэмээн жингийн тэргүүн цуваа

Тэнгэрийн хаяанаас наашлан айсуй

хэмээн дуулж буйг нийтийн тээвэрт сонслоо. Энэ бол хүслэнгийн дуу. Бид нүүдэл тосох нь бүү хэл, буух буурийг нь бэлдээгүй сууна. Уг нь тэдэнд голомт залгах горь байгаа юмсан.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД