Үндсэрхэг үзлийн үр дагавар

2015 оны 09 сарын 21

У.Бямбаням (Гэрэг сэтгүүл)


Уурхайнууд зогсонги байдалд орж, улс төр шинэ сонингүй өвлийн дүнгээр машин засварын ажилчин Вьетнамууд бидний үндсэрхэг үзлийг өдөөлөө. Монголд өрнөсөн сошиал хөдөлгөөнийг колончлол, эзэрхийллийн эсрэг зуун дамжин дайтсан Вьетнамын түүхтэй л жишиж болохоор байна. Үр дүн нь харин тун тааруухан төрхтэй аж.

Монгол Улс дахь БНСВУ-ын Элчин сайдын яамтай холбогдож тодруулбал “Цахим ертөнцөд мэдээлэл тараасан хэргийг цагдаагийн газарт одоохондоо шалгуулаагүй байгаа. Харин “Өглөөний сонин”-д “Нохойн мах манай үндэстний хоол” хэмээн буруу ташаа мэдээлэл нийтэлснийг шалгуулахаар болсон. Shuud.mn сайтад гарснаас шууд эх сурвалж хийж бичсэн юм шиг байна лээ. Таагүй мэдээлэл цацагдсанаас хойш Вьетнам засварын газар халдсан гэмт хэргийн таван тохиолдол бүртгэгдсэн” гэлээ. Энэ мэдээллийг авснаас хойш цаг хүрэхгүйн дараа цахим ертөнцөд “Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх вьетнам засварын газар руу 25 настай Г бусадтай бүлэглэн халдаж, гурван вьетнам иргэнийг зодож, дарамталсан тохиолдол гарлаа” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байв. 

            Вьетнамчуудын эсрэг хөдөлгөөнд сэтгэл нь хөөрсөн, тэнгэр гарвалт угсаагаа мэдэрсэн “жирийн” Г нарын залуус Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147.2-т зааснаар “Давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгүүлэх магадлалтай.

            Энэ мэт хий хөөрөгдөл л долоон жилийн өмнө таван сайхан залууг буудаж хөнөөснийг бид цагийн урсгалд мартаа болов уу.

 

Энэ бүхэн эхлэхээс өмнө

 

“Хятад, Вьетнамын хил дээр вагоноо солисон юм. Хонгор морины ногт мултраад, явган бид гүйцэлгүй алдчихсан. Хонгор морь эх орноо зорьж гүйсээр 1960 оны сүүлээр Жанжин Чойрын  орчимд ирэхэд нь хилийн цэргүүд тороо тас хайчлаад оруулсан гэдэг. Тэр морь Хятадын Шар мөрөн, Хөх мөрнийг гатлаад намаг шалбааг, араатан амьтныг гэтлээд эх орондоо ирсэн байж билээ. Ер нь хүнд мал амьдаар нь битгий өгөөрэй гэж захимаар санагддаг. Биднийг буцахад манай мал хойноос хошуураад, уйлаад хоцрох шиг санагдсан” 1959 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад бэлэглэсэн 100 мянган малын хэсгийг хүргэх үүрэг хүлээсэн гуч гаруй хүний  нэг Г.Мягмаржав гуай “Өдрийн сонин”-ы өнгөрсөн оны дугаарт ийн ярьжээ.

 

Энэ түүх Вьетнамын Засгийн газраас 1950 онд гаргасан дипломат харилцааны саналыг харгалзан 1954 онд Монголын тал Хятад дахь Элчин сайдын яамаараа дамжуулан санал тавьснаас эхэлнэ. Дараа жил нь Ерөнхийлөгч Хо Ши Минь манай улсад ирж, дөрвөн жилийн хойно БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал айлчлахдаа мал малын захтай болгох ам гарчээ. Уур амьсгалын зөрүүг тооцон үзээд цөөн мал хүргүүлж, гуравдагч орноос үхэр худалдан авахад зориулж 1.5 сая ам.доллар өгсөн нь одоогийн Вьетнам дахь “Сүхбаатар”-ын нэмэржит аж ахуйн үйлдвэрийн эхлэл болсон гэнэ лээ. Социалист ахан дүүсийн андгай барилцсан Монгол Улс 1960-1970 онд дайны хөлд өнчирсэн 400 гаруй хүүхдийг авчирсан гэх сэтгэл хөдөлгөм явдал ч нэмэгдэнэ.  БНМАУ-ын Засгийн газар 1956-1990 оны хооронд нийтдээ 200 гаруй сая төгрөгийн хандив тусламж үзүүлснийг одоогийн ханшаар бодвол муугүй нөхөрлөсний баталгаа болохуйц тоо гарна. ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэнгэллхамын өгүүлэлд “Олон улсын хэмжээнд Вьетнамд тусалсан дүнгээрээ Монгол Улс нэгт ордог” гэж дурдсаныг энэ мэтээр амархан баталж болох юм. 1990 оноос 1994 оныг хүртэлх хоёр орны байдал хэн нь хэнийгээ бодоход хэцүүхэн цаг үе байжээ. Биднийг картын бараанд шилжин тэвдэж явахад хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 мянган ам.долларын буцалтгүй тусламж илгээснийг нь бас ч мартах учиргүй. 1994 онд тэр үеийн Ерөнхийлөгч П.Очирбат Вьетнамд айлчлан хоёр орны найрамдалт харилцааг шинэ шатанд гаргах хэлэлцээрт гарын үсэг зурж, 2000 онд Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дык Лыөнг манайд айлчлахдаа найрамдалт харилцааны гэрээгээ гуравдахиа шинэчилж байлаа. Эцэст нь, 2004 онд 2.4 сая байсан худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар 16-18 сая болж өссөнийг Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Данг Дыөнг ярилцлагынхаа үеэр дурджээ.

 

Шийдэл нь “энэ” биш


Хэдэн жилийн өмнө Ислам шашинт орнуудад эмэгтэй хүн нүүрээ халхлан гивлүүр зүүж, газар шүргэсэн хижаб гэх үндэсний хувцас өмсдөг нь тэдний эрхийг зөрчиж буй гэж үзсэн Европчууд гудамжиндаа гаран эсэргүүцэж билээ. Тэдний хүлээн авсан хариу тун энгийн. “Бидний юу хийхийг та нар шийдэх эрхгүй. Битгий оролц” гэж хэлээд хариуд нь цээж нүцгэн жагсаж байв. Нүүрээ гивлүүрдэж, хижаб өмссөн бүсгүйчүүд өөрсдийнх нь тунхагласан хувь хүний эрхийг тэдэнд эргүүлээд харуулчихсан хэрэг. Харин монгол дахь явдалд тийм боломж байсангүй. Монголоо өмгөөлсөн, өмөөрсөн сошиал давалгааны нэгээхэн хэсэг Вьетнам залуустай хамт зургаа татуулж, бичлэг хийлгэсэн монгол охидод чиглэн амиа хорлох оролдлогод хүргэв. Цагдаагийн байгууллагаас хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл гэж нууцалсан ч дэлхий дээр жил тутам 4400 орчим хүн амиа хорлодгийн 70 хувь нь яг ийм кибер доромжлолоос үүдэлтэй гэсэн судалгаа бий. Сошиал ертөнцийн хурдтай хөгжлийг даган энэ тоо аажмаар өсөж байгаа. Үндэсний хэт үзэлтэй жиргээч, бичээчдэд тэдгээр охидын “identity”-г хүлээн зөвшөөрөх, үндэс нэгтнээ өмгөөлөх хэмжээний ёсзүй байгаагүй нь шийдэл “энэ” биш болохыг батална.  

 

Элчин сайдын яамны мэдээлснээр “Монгол Улсад одоогийн байдлаар 700 гаруй Вьетнам иргэн байгаагийн дийлэнх нь ажил эрхэлдэг. Цөөн хэд нь суралцах шугамаар ирсэн байдаг. Тэд ихэвчлэн Олон улсын харилцаа, Хөдөө аж ахуйгаар суралцдаг” байна. Харин Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын бидэнд мэдээлснээр “Монгол Улсад 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар БНСВУ-ын нийт 663 иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж буйгаас хөдөлмөр эрхлэгч 473, хөрөнгө оруулагч 108, суралцагч 22 иргэн байгаа аж. Монгол улс 1990 оноос өмнө жил бүр таван оюутныг Вьетнамд сургадаг байснаа  2004 оноос 15 болгон өсгөж, Вьетнам оюутнуудыг монголд сургах солилцооны сургалтыг бий болгосны нэгэнд Вьетнам Улсаас монголд суугаа элчин сайд Фан Данг Дыөнг багтана. Хилийн дээс алхаж суралцахын тулд менежмент, удирдлага, орон судлалын дургүй мэргэжлээ өвөртлөн тийш зорих оюутнуудаа автын инженер, машин механизмын мэргэжилтэн болгон бэлтгэж, вьетнамчуудын дэргэд гууль болтол шарласан монголчуудынхаа мэдлэгийг дээшлүүлэх багахан сэтгэл бидэнд дутлаа.

 

“BBC”-гийн Оксана Воздаевагийн 2012 онд бичсэн “Вьетнамчууд Оросын үйлдвэрт боол шиг ажилладаг” нийтлэлд “Хоногт 18 цаг ажилладаг Вьетнамчууд өчүүхэн алдаанаасаа болж биеэ хөхөртөл зодуулж, хоёр нь цонхгүй дөрвөн жижиг өрөөнд 75-уулаа амьдарч байгаа” талаар бичжээ. Социалист орнуудын тусламжаар амь зууж, сав суулга зөөж наймаачин болсон Вьетнамчууд Унгарт дотуур хувцас худалдаж, Орост үйлдвэрт зүтгэж, Америкт цагаачлагч дөрвөн том бүлгийн нэг болсон байв. Францад 185 мянга, Австралид 226 мянган вьетнам иргэн цагаачилдаг талаар migrationpolicy.org бичжээ. Аль ч газрын Вьетнамуудад ганцхан ялгарах шинж бий. Хатуу ширүүн, бохир заваан нөхцөлд тэд олон цагаар ажиллаж, бага зарлага зарцуулдаг. Монголд ажил эрхлэгч 400 гаруй иргэний ихэнх нь энэ зарчмаар л амь зууна. Харин бид ажлын амрыг харж, нөхцөл бүрдэхийг хүлээсээр ажлын байраа тавьж туусан хэний ч нүдэнд ил гаргалгаа. Вьетнам засвар орж ирээд 10 гаруй жил өнгөрөхөд тэднээс суралцаж гавиагүй нь ч бидний тэнгэр санаатай, захирагч байх хүсэлтэй холбоотой биз. Социализмын жилүүдэд “төлгүүд” хоч сонсож, дуу нам, харц доогуур байсан тэд даврах боллоо гэсэн бухимдал нь ч өөрсдийгөө бусдаас доор тавих хүсэлгүй атлаа бусдаас илүү хөдлөх дургүй бидний буруу.

Эцэст нь, Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж ам тагладаг албаны үгээ биелүүлж, ард түмнээ эх орондоо амар тайван амьдрах нөхцлийг бодлогоороо зохицуулах шаардлага тулгарч байна. Ингэхийг хүсээгүй тохиолдолд тэр бүхний цаана эрх ашгийн зөрчил байгаа гэсэн өөр өнцөг цухалзаж мэднэ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД