ӨРСӨЛДӨӨН НЭМЭГДСЭН Ч ӨНГӨ ЖИГД БАЙЛАА

2015 оны 09 сарын 18

“Харыг хараар нь, цагааныг цагаанаар бичих нь буруу зүйл биш. Харин харыг цагаан болгож, цагааныг харлуулж бичвэл бурхны номонд үүнийг нүгэл гэж үздэг. Хэдэн үеэрээ ч төлж мэдэх муу үйлийн үрийг эндээс хурааж болно. Тиймээс сэтгүүлчид минь байгаа юмыг байгаагаар нь, үнэнээр нь бичихээс эмээх хэрэггүй” хэмээн БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц айлдсан.

Товч энгийн хэрнээ байгаа яг оносон энэ хэдхэн үг “Улаанбаатар” зочид буудалд хурсан олны сэтгэлийг эрхгүй хөдөлгөлөө. Сэтгүүлчийг үүнээс өөрөөр яаж эвтэйхэн “сургах” билээ дээ. Уржигдар буюу намрын дунд сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Монголын Пулитцер гэгддэг БАЛДОРЖ шагналын долоо дахь удаагийн шилдгүүд тодорлоо.

Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан нэг дор чуулж, нэгэн хэмнэлээр баярлан догдолж байх яг тэр мөчөөс дараа жилийн их сунгаа гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагнал хэмээх энэхүү нэр хүндтэй, босго өндөртэй, ардчилсан зарчимтай уралдаанд дээгүүр “давхихын” тулд манай сэтгүүлчид намраас намрын хооронд, бүтэн жилийн турш уяа сойлгоо тааруулдаг болсоор найм дахь онтойгоо золгож байна.


“Ардчилсан улсад хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал хэмээн өргөмжилдөг. Засаглалын хэмжээнд ажиллаж чадаж байгаа эсэх нь ардчиллын төлөвшлийн нэг гол хэмжүүр болдог. Бид ямар зэрэглэлд байна гэдгээ жил жилийн энэ өдөр эргэж нэг бодож байвал тун хэрэгтэйсэн. Дөрөв дэх засаглал гэдгийг өөрөө эдлэх эрх дарх, бусдыг айлгах хадны мангаа, тэнгэрийн ташуур гэж ойлгохгүй байна. Энэ бол хариуцлага юм.

Сэтгүүлч мэс бариад хагалгаа хийж байгаа мэс засалч мэт анхааралтай, бас хариуцлагатай байх үүрэгтэй. Мэс засалч нэг удаад нэг хүний бие эрхтэнийг мэсээр зүсдэг бол сэтгүүлч нэг удаа түм буман хүний оюун санааг зүсэж байдаг хариуцлагаа дээд зэргээр ухамсарлах ёстой” хэмээн Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцолсон нь учиртай.

БАЛДОРЖ шагналд хүч сорьж, өөрийгөө хаахна яваагаа мэдэхийн төлөө мэргэжлийн сэтгүүлчид авьяас, хөдөлмөр, ур чадвар, хүн чанар, ёс зүй, үүрэг хариуцлага гээд олон зүйлээр өрсөлддөг юм. Тиймээс энэхүү шалгаруулалтаар Монголын сэтгүүл зүйн өнгө төрхийг тольдож болохоор хэмжээнд хүрсэн гэдгийг шүүгч Г.Золжаргал хэлсэн. Сэтгүүлчдийн их хурдад энэ жил хэвлэл мэдээллийн бүхий л төрлөөс 80 орчим “уяач” 280 гаруй хурдан хүлгээ сойжээ.

Тэдгээрийг салбар салбарын төлөөллөөс сонгогдсон есөн шүүгч улирал тутам шүүн тунгааж, хамгийн чансаатайг нь шалгаруулан тухай бүрт нь “Өнөөдөр” сониноор зарладаг уламжлалтай. Энэ жил эцсийн шалгаруулалтаар 20 бүтээлийг шигшин, тэргүүн, дэд шагналтан болон шилдэг арвыг тодрууллаа.

Сүүлийн хоёр жил Монголын сэтгүүл зүйд шинэ залуу үеийнхэн өөрсдийгөө тунхаглан маш хүчтэй гарч ирж, шинэ, хуучны ялгаа мэдрэгдэхгүй болж байгаа учраас долоо дахь удаагийн шалгаруулалт шүүгчдэд нэлээд хүнд ачаа үүрүүлснийг шүүгчдийн ажлын албаны ажилтан Я.Сумъяа онцолсон.

Ингээд 2015 оны БАЛДОРЖ шагналтнаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна”, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” бүтээлүүдээрээ тодров. “Сэтгүүлчийг хөл нь тэжээдэг” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь ажил мэргэжилдээ нэвтрүүлж, хөдөө гадаа уйгагүй явж, цуцалтгүй хөдөлмөрлөснийх нь үр дүн гарлаа хэмээн үзэг нэгт нөхөд нь түүнийг халуун дотноор дэмжин баяр хүргэж байлаа.

“Өдрийн сонин”-ыхон ийнхүү их сунгаанд хоёр дахь удаагаа торгон жолоо өргүүлэв. 2011 онд тус сонины нэрт нийтлэлч Ж.Гангаа агсан тэргүүн шагналыг хүртэж байсан билээ. БАЛДОРЖ шагналын тэргүүн байрт 5000 ам.доллар олгодог бол дэд байрт 3000 ам.доллар, мөн “Улаанбаатар” хотын банк, “Балдорж” сан хамтран эхний арванхоёрт багтсан сэтгүүлчдэд тус бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгч, шилдгүүдийг гадаадад амраадаг.

Энэ утгаараа уг шагнал бол хувь сэтгүүлчид нэр хүнд, урам зориг өгөхийн зэрэгцээ бодитой дэмжлэг болдог юм. Э.Хүрэлбаатар Ерөнхийлөгчөөс шагналаа авсныхаа дараа “БАЛДОРЖ шагнал авч байгаа сэтгүүлчдийг харах үнэхээр сайхан байдаг. Тиймдээ ч би энэ шагналыг авч үзэх юм сан гэдэг гэгээн мөрөөдлөө тээн гэр лүүгээ алхдаг байлаа.

Энэ танхимд, энэ цаг үед мөрөөдлөө биелүүлсэндээ баярлаж байна. Надад Монголын сэтгүүл зүйн хаалгыг цэлийтэл нээж өгч босгоороо давуулан, одоо хүртэл хөтөлж яваа “Өдрийн сонин”-ыхондоо талархаж буйгаа илэрхийлье. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхийн зэрэгцээ өндөр хариуцлага хүлээж, үнэний төлөө илүү ихийг бичих урам зориг, ташуур өглөө гэж ойлголоо. Баярлалаа” гэж хэлсэн юм.

БАЛДОРЖ шагналын тэргүүн байрын эзэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжлал ёсоор шагнал гардуулсныхаа дараа танхимд цугласан улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын хүндтэй зочдод хандан үг хэлсэн.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд би есдүгээр сард УИХ-ын хүрэн индэр, БАЛДОРЖ шагналын цагаан индэр, НҮБ-ын ногоон индэр дээрээс үг хэлдэг уламжлалтай болоод байгаа. Энэ ёслолд ирэх нь миний хувьд хэзээд нэр төрийн хэрэг байдаг. Шагналыг хүмүүс янз бүрээр ярьдаг, хүлээж авдаг. Харин БАЛДОРЖ шагналын эздийг би шагналынхаа энд хүртэл нэр төртэй сайн яваа гэж хардаг. Тиймээс хошой БАЛДОРЖ шагналтан төрсөн ч болохгүй гэх газаргүй” хэмээн шагнал авсан хүмүүст баяр хүргэлээ.

Мөн “Балын маань бий болгосон сэтгүүл зүйн дэг сургууль, стандартыг өнөөг хүртэл хэвээр хадгалж ирсэнд нь энэ хамт олонд талархаж явдаг юм. Зарим хүнд хэцүү үед “MN25 дугаар суваг” телевизийн мэдээг үзэхэд арай тэнцвэртэй, ханатай мэдээлэл олж авдаг. Хааяа ээдрээтэй, эргэлзээтэй санагдсан зүйл дээр “Өнөөдөр” сонин юу гэж бичсэн бол гээд эргүүлээд харахад ер нь бодитой, голтой байдаг юм.

Сайн хүн үүсгэсэн учраас, сайн дэг сургууль үлдээсэн учраас сайн хамт олон энд байдаг гэж би боддог” хэмээн төгсгөлд нь онцолсон.

Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зарим зочдын хэлсэн үг болон

сэтгэгдлийг хүргэж байна.

П.Очирбат (Монгол Улсын анхны Ерөнхийлөгч): -Ардчиллыг чөлөөт хэвлэл мэдээлэлгүйгээр олон түмэнд ойлгуулах боломж хязгаарлагдмал.

Тиймээс ч сэтгүүлчдийн асар том хүчийг ардчиллын мөн чанарыг ойлгуулахад ашиглаж ирсэн. Түрүү нийгмийн үед хэвлэл мэдээлэл цензуртай байсан.

Гэхдээ одоо сэтгүүлчид цензургүй болсон гэж ойлгож болохгүй. Монголын сэтгүүл зүйд маш чухал цензур бий. Тэр бол сэтгүүлчийн ёс зүй.

Үүгээр сэтгүүлч өөрийгөө хязгаарладаг байх учиртай. Сэтгүүлч үнэн, бодит зүйлийг ямар нэг үзэл бодлын нөхөөс, түрээс байдлаар илэрхийлэх ёсгүй.

Н.Багабанди (Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч): -Ц.Балдорж хариуцлагатай сэтгүүл зүй төлөвшүүлэхийн төлөө хичээн чармайж, сэтгүүлчдээсээ хариуцлагатай байхыг, үр дүнг хатуу шаардаж чаддаг зангарагтай эрхлэгч байсан юм. Сэтгүүлчид онож, алдаж явдаг, бусдын адил мах цусанд төрсөн хүмүүс.

Сэтгүүлч ган үзэг хэмээх хүчирхэг зэвсэг байнга агсаж явдаг дайчин учир дур зоргоороо авирлах, ажил мэргэжлээрээ далайлгах үйлдэл хийгээд эхэлбэл аюул тарих нигууртай. Дур зоргын үйлдлийг чөдөрлөж байх гурамсан хамгаалалттай чөдөр сэтгүүлч бүрт ганзагалаастай бий. Чөдрийн хоёр хааны нэг нь хууль, нөгөөх нь ёс зүй, сум нь хүн чанар юм.

Нэгдүгээрт, хууль. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, сэтгүүлч мөн адил. Бусдаас давуу тэгш эрхтэй сэтгүүлч байж таарахгүй. Хууль зөрчсөн л бол мэргэжлээрээ өмгөөлүүлэн гоншгонохгүй, хуулийн өмнө хариуцлага хүлээх эр зоригтой байх ёстой.

Хоёрдугаарт, ёс зүй. Манайд сэтгүүл зүйн эрх зүйн зохицуулалт гарчиг төдий, тунхаг төдий байна. Ийм нөхцөлд хуулиар зохицуулаагүй харилцааг ёс зүй орлон зохицуулна. Ёс зүйтэй хүнд хуулийн үйлчлэл ч хэрэггүй. Сэтгүүлчид эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч, доош орох ёсгүй. Ул шагайх, бөгс долоох хоёр нь нэр төртэй, ёс зүйтэй сэтгүүлчийн орооцолдож оролцдог ажил биш.

Гуравдугаарт, хүн чанар. Энэ нь бусдад хандах хандлага юм. Сэтгүүлч бурууг өмгөөлөх хүн чанартай бус, буруугаас хамгаалах хүн чанартай байх ёстой.

Л.Цог (УИХ-ын дэд дарга): -Монголын нийгэм, сэтгүүл зүй, оюуны амьдралд чухал арга хэмжээ энэ үдэш болж байна. Миний бие энэ ёслолд анх удаа оролцож байна. Урилга аваад их олзуурхсан. Энэ нь хоёр шалтгаантай юм. Ц.Балдорж агсан бид хоёр Говь-Алтай аймгийн Шарга сумынх.

Мөн бид нас чацуу. Ц.Балдорж сэтгүүл зүйн хамгийн гол зарчмыг шулуухан хэлсэн. Ингээд зогсохгүй шилдэг, үлгэр дуурайл нь байсаар ирсэн. Үе чацуу, үерхэж явсан хүний хувьд түүнийг дурсахад сайхан байна. Энэхүү шагнал, ёслолын арга хэмжээ жил ирэх бүр жин дарж байна. Цаашид ч ийм байгаасай гэж хүсье.

Түүний хань ижил, үр хүүхдэд нь аз жаргал ерөөе. БАЛДОРЖ сангийн ажил сайн байгаа нь тэр хүний гоц авьяас, алдар суу амьд, үргэлжилнэ гэж бодоход хүргэж байна.

Шүүгч Г.Золжаргал: -Энэ жил манай телевизүүд тийм ч сайн үнэлгээ авсангүй. Нэг хэсэг нь улс төртэйгөө зууралдаад, үлдсэн нь зочин урьж ярилцах, эсвэл зугаа цэнгээн хөөцөлдсөн нэвтрүүлэг түлхүү хийх болж. Тоон систем, тод харуулах технологийн араас хөөцөлдөөд яг сэтгүүлчийн хөдөлмөр шингэсэн, нийгэмд үр өгөөжтэй нэвтрүүлэг хийх тал дээр тааруу байлаа.

Харин сонин, сэтгүүлийнхэн энэ жил байгаль орчин, эгэл хүмүүний амьдралын мөн чанар руу өнгийх, нэвтрэх тал дээр телевизийн сэтгүүлчдийг хол хаячихав уу даа гэж анзаарсан. Гэхдээ үүнд телевизийн сэтгүүлчдийг шууд буруутгах аргагүй л дээ. Нийгэм бухимдалтай байна, тэр хэрээр хүмүүс амар тайван байхыг эрхэмлэх болж.

Тэгэхээр хүмүүсийг хөгжөөх цэнгүүлэх, уран сайхны нэвтрүүлэг хийхийг илүүд үзэх болсон нь нэг талаар зөв. Гэвч телевиз бол хэвлэл мэдээллийн хүчтэй хэрэгсэл учраас нийгмийн дуу хоолой болж, хүний эрхийг өмгөөлөх тал дээр дуугарах ёстой. Телевизүүд үүнийг цаашид анхаарна биз.

Шүүгчдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Я.Сумъяа: -Энэ жилийн БАЛДОРЖ шагналд ирсэн бүтээлүүдээс харж байхад Монголын сэтгүүл зүйд залуу сэтгүүлчид маш хүчтэй түрэн гарч ирж байна. Дөнгөж оюутны ширээний араас өндийж, сэтгүүл зүйн гал тогоонд орж ирсэн сэтгүүлч хүртэл энэ уралдааны шилдэг аравт багтах боломж бүрэн бий болсонд их олзуурхаж байна.

Нөгөө талаар бас анзаарч анхаарах зүйлүүд ч байлаа. Уралдаанд ирсэн бүтээлүүдийн цөөнгүй хувиас монгол хэлний үг, үсгийн дүрэм, найруулга зүйн илэрхий алдаа харагдаж байна. Энэ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, редакцынхан сэтгүүлчийнхээ олж ирсэн материалыг засаж, нягталж, гүйцэд боловсруулалгүй шууд нийтэлдэг хайнга байдалтай холбоотой.

Ийм маягаар явсаар байвал сонин, сэтгүүлийн редакцын баг сэтгүүлчдэдээ гологдох хэмжээнд хүрэх вий хэмээн эмзэглэж буйгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудад анхааруулмаар байна.

“ШАГНАЛЫН ТӨЛӨӨ БИЧИЖ БАЙГАА ЮМ БИШ, ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙ БҮТЭЭХИЙН ТУЛД ЗОРЬЖ БАЙНА”


Шилдгээр шалгарсан сэтгүүлчдийн сэтгэгдлийг хүргэе.

Э.ХҮРЭЛБААТАР: ГЭРТЭЭ ДОЛОО ХОНОЧИХООД Л ДАРААГИЙН СУРВАЛЖЛАГАДАА

ЯВЖ БАЙЛАА

-Шалгаруулалтын явцыг улирал тутам танилцуулдаг болохоор өөрийгөө шагнал хүртэх байх гэж хүлээж байсан уу?

-“Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна” сурвалжлагаараа шилдэг аравт багтчих байх гэж бодож байсан. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд хөдөө орон нутгаар бага явсан болохоор эргэлзэж байсан. Найдаад, итгээд хүлээсэн, авлаа даа.

-Сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олж иддэг гэдэг. Э.Хүрэлбаатар томилолтоор байнга явдаг уу. Ихэвчлэн хөдөө орон нутгаас нийтлэл, сурвалжлагаа бэлтгэх юм.

-Монголын сэтгүүлчид улсынхаа нийслэлээс холдохоо больж, орой бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэг ижил мэдээ, нэвтрүүлэг гарч байна. Гэтэл Улаанбаатараас 2000 км зайтай суманд ч бас хүмүүс амьдарч байгаа. Тэд яаж амьдарч, юу бодож яваа нь сонин. Тэдний тухай мэдээлэл хомс болохоор уншигчид ч мэдэхийг хүсэж байгаа.

Миний очиж үзээгүй сумын тоо гарын арван хуруунд л багтана. 2012 онд л гэхэд гэртээ хамгийн ихдээ долоо хоночихоод л дараагийн сурвалжлагадаа явсан байдаг юм.

-Таны гэргий мөн л сэтгүүлч. Ижил мэргэжилтэй болохоор илүү сайн ойлгож, зөвлөж, хамтран зүтгэдэг үү?

-Бид их сургуулийн нэг ангийн хоёр. Манай эхнэр ажлын гараагаа “Өнөөдөр” сониноос эхлүүлсэн. Одоо ч бас хоёулаа өдөр тутмын сонинд ажиллаж байна. Миний завгүй амьдралыг ижил мэргэжилтэй хүн илүү сайн ойлгоно. Ар талын бат цайз болж, хоёр хүүхдээ асарч, амьдралыг минь авч явдаг болохоор тэгж хэлэлгүй яах билээ.

У.БЯМБАНЯМ: СЭТГҮҮЛЧИД ХУРДТАЙ ГҮЙДЭГ, АЯДУУХАН АЛХДАГ БАС

ШУДАРГА БАЙХ ХЭРЭГТЭЙ

-“Гэрэг” сэтгүүлтэйгээ нэгэн зэрэг сэтгүүл зүйд хөл тавьсан залуу сэтгүүлч өнгөрсөн жил БАЛДОРЖ шагналын шилдэг аравт багтаж, энэ жил дэд байрын шагнал хүртлээ. Магадгүй У.Бямбаням өөрийнхөө зүтгэлээр бусдыг ч бас эрч хүчтэй байгаарай гэж уриалж байгаа юм болов уу?

-Өмнөх үеийнхэн, ах, эгч нарынхаа бүтээснийг үргэлжлүүлж, цоо шинийг туурвиж чадах уу гэдэг асуулт залуу сэтгүүлч болгоны өмнө бий болдог. Өмнөхөөсөө муу бичиж, их тэрэгний замд тээг болон зогсвол яах билээ. Цаг үе ч үүнийг шаардаж байна. Хурдтай өөрчлөлтөд дасаж, шинэлэг байх үүрэг өнөөгийн сэтгүүлчдэд ногдсон.

Би ингэж ойлгодог болохоор л илүү сайн байхын төлөө хичээж байна. Яруу найрагч, зохиолч хүмүүстэй л ижилхэн, нэг юм бариад авбал ард нь гартлаа шөнө нойр хүрдэггүй. Шагналын төлөө ингэж бичиж байгаа юм биш, харин илүү сайн ирээдүйг бүтээхийн тулд зорьж байгаа юм.

-Өнөөгийн сэтгүүл зүйд хурд чухал уу, эсвэл мэргэжлийн байх нь чухал уу?

-Сэтгүүлчид хурдтай гүйдэг, аядуухан алхдаг, гадаад болон монгол хэлээрээ уншдаг бас шударга байх хэрэгтэй гэж би боддог юм. Мэргэжлийн, бас хурдтай байх ёстой болов уу. Алийг нь ч орхигдуулахгүй “универсал” байхыг цаг үе шаардаж байна.

-Сэтгүүл зүйн салбарт өөрийг тань замчилсан хөтөч нь “Гэрэг” сэтгүүлийнхэн. Зөв газраасаа гараагаа эхэлжээ гэж бодогддог уу?

-Би сэтгүүл, сонинд материалаа хэвлүүлж үзээгүй байхдаа “Гэрэг” сэтгүүлийг үүсгэн байгуулалцсан. С.Батбаатар эрхлэгч намайг дуудаж, анхны бичвэрээс минь эхлэн одоо хүртэл надад зөвлөж, материалыг маань засаж чиглүүлж яваа. Засвар хийснийх нь дараа би заавал тулгаж уншдаг юм. Миний бичсэнийг нэг их өөрчлөлгүйгээр оновчтой болгочихсон байдаг.

Х.БОЛОРМАА: СЭТГҮҮЛЧДЭД БАЙДАГ ГАНЦ ХӨРӨНГӨ НЬ СЭТГЭЛ. СЭТГЭЛД НЬ ДӨЛ БАЙДАГ. ОДОО БАДАМЛУУЛАХ Л ДУТААД БАЙГАА ЮМ

-2014 онд БАЛДОРЖ шагналын дэд байрт шалгарсан бол энэ удаа шилдэг арвын эхэнд бичигдлээ. Шагнал авсан сэтгүүлчдийг насаар нь ангилвал та яг дунд үеийнхэд багтах болов уу. Залуу сэтгүүлчид хүч түрэн орж ирлээ гэж хүн бүр ярьж байна. Харин та энэ жилийн БАЛДОРЖ шагналын шалгаруулалтыг хэрхэн дүгнэх бол?

-БАЛДОРЖ шагнал олгоод долоон жил болоход би дөрөвт нь оролцсон. Нэг удаа шилдэг 15-д, нэг удаа зургаад, ноднин дэд байр, өнөө жил шилдэг арвын эхэнд багтлаа. Тэр үед Монголын сэтгүүл зүйн луугарууд л энэ шалгаруулалтад оролцдог, бусад нь хардаг л байлаа шүү дээ. Харин тэд сүүлийн үед оролцохоо байж эхэлж байна.

Аваргуудыг эзгүйд хойморт тухлахаар залуус уралдаж байна. Зөв л дөө. Боломжийг алдаж болохгүй гэдгийг бүгд л мэднэ. Шүүгчид бол хүн. Өөр өөр үзэл бодолтой, аливаад хандах хандлага нь хүртэл өөр хүмүүс тэр олон материал дундаас нэгэн дуугаар ганцыг шигшинэ гэдэг хэцүү. Дээрээс нь сэтгүүлчдийн аль нэг бүтээл бусдынхаас үнэхээр хол цойлон түрүүлж чадахгүй байгаа учраас шүүгчдэд бэрхшээлтэй байгаа хэрэг.

Энэ бол сэтгүүлчид бид тааруу бүтээл үйлдвэрлэж байна гэсэн үг. Дээрээс нь мэргэжлийн сэтгүүл зүй гэж юу юм бэ гэдгийг эргэж бодох, харах шаардлагатай болжээ гэж санагдлаа.

-Монголын сэтгүүл зүйн салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Та ч бас хоёр сайхан охины ээж, айл гэрийн эзэгтэй. Бас байнгын бэлэн байдалд байдаг "бууж өгдөггүй" дайчин сэтгүүлч. Эмэгтэй сэтгүүлчдийн хөдөлмөрийг хэрхэн дүгнэх бол.

-Эмэгтэй хүн олон ажил амжуулах, бүгдийг нь нуруун дээрээ багтааж үүрэх, унагахгүй авч явах гэсээр яваад аль нэг талдаа онцгойрч, илүү өндөр амжилтанд хүрч чаддаггүй. Сэтгүүлчид ажил дээрээ амьдардаг, гэртээ хоног төөрүүлэх гэж л очдог.

Тиймээс ар гэрийн амьдрал, аз жаргал, эд хөрөнгө, мэдлэг боловсрол, үс зүснээс эхлээд юм юмаар дутуу гуцуу улс. Би оюутан байхдаа өдөр тутмын сонинд дадлага хийсэн юм. Тэр үед сонины сэтгүүлчдийг хараад “Ямар халтар юм бэ” гэж гайхдаг байж билээ. Тэнд дадлага хийж байгаа оюутнууд нь сэтгүүлчдээс илүү ганган, өмссөн зүүсэн нь хүртэл өөр байсан даа.

Гэтэл одоо тэр халтруудынхаа дунд өөрөө орчихоод 12 жил болж байна. Одоо манай сонинд дадлага хийж байгаа оюутнууд намайг хараад миний 14 жилийн өмнөхийг бодож яваа биз. Сэтгүүлч яагаад цалин багатай, үнэтэй гар утас барьж чадахгүй, хоёр зээрдээрээ хорвоог туулдаг, гэр хороололд амьдардаг, өдөрт мантуун бууз, хуушуурхнаар хооллодог байх ёстой гэж.

Тийм биз. Үүнийг бид л өөрсдөө өөрчлөх ёстой. Сэтгүүлчдэд байдаг ганц хөрөнгө нь сэтгэл. Сэтгэлд нь дөл байдаг. Одоо бадамлуулах л дутаад байгаа юм.

Д.МӨНХЧИМЭГ: СУДАЛГААТАЙ, АНАЛИТИК НИЙТЛЭЛ БИЧИХЭД Л АНХААРАХ

ХЭРЭГТЭЙ БОЛЛОО

-2008 онд Орост сургууль төгсөж ирээд “Өнөөдөр” сонинд ажиллаж эхэлсэн. 2009 онд “Үндэсний шуудан” сонины Б.Ганчимэг эгч БАЛДОРЖ шагналын анхны эзэн болохыг хараад их бахархаж байлаа. Монголын сэтгүүлчдийн урам зориг, хүсэл тэмүүллийг бадраасан ийм сайхан шагнал бий болсныг одоо “Монголын Пулитцер” гэж нэрлэж байна.

Энэ нэр хүндтэй шагнал руу хэдэн алхам дөхөж, шилдэг арван сэтгүүлчийн тоонд багтсандаа баяртай байна. Би эдийн засгийн сэдвээр нийтлэл, сурвалжлага бичдэг. Бас судалгаанд суурилсан сэтгүүл зүй буюу Data journalism-ыг чадлынхаа хэрээр хөгжүүлэхийг хичээж явна.

Манайхан Data journalism гэхээр инфографик л гэж бодоод байх нь элбэг. Гэтэл энэ бол нэг нийтлэл бичихийн тулд маш их судалгаа хийж, хэрэгтэй баримт, мэдээллийг түүвэрлэн авах ухаан. Технологийн энэ эринд хүмүүс мэдээг цахим хуудаснуудаас, хүмүүсийн үзэл бодлыг өөрсдийнх нь блогоос, эсвэл фэйсбүүк, твиттерт юу гэж бичиж байгаагаас нь шууд мэдчихэж байна.

Б.ГАНЧИМЭГ: ЭНЭ ШАГНАЛЫГ ЗӨВХӨН ШОНХРУУД ХҮРТДЭГ

Бидэн шиг сонины сэтгүүлчдэд телевиз, цахим хуудаснаас гадна олон нийтийн сүлжээ гэх том өрсөлдөгч гараад ирлээ. Тиймээс бид бусдаас ялгарч, уншигчдаа авч үлдэхийн тулд яах аргагүй судалгаатай, аналитик нийтлэл бичихэд л анхаарах хэрэгтэй боллоо. Дэлхий дахин ч энэ чиглэл рүү л явж байгаа учраас бид ч явж л таарна.

Уншигчдад олон талт мэдлэг, мэдээлэл өгөхөд би хувьдаа их анхаардаг. Жишээ нь, “Либерализмын бодит төрхтэй танилц” цуврал нийтлэлээрээ чөлөөт зах зээлд шилжсэнээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт гарсныг социализмын үетэй, ижил бодлого хэрэгжүүлсэн бусад улстай харьцуулан бичиж байна.

Энэ хүрээнд олон эдийн засагч, судлаачтай уулзаж, ярилцаж, мөн маш олон ном, судалгааны ажил уншиж байна. Их сонирхолтой сэдэв.

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН: БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭДЭВТЭЙ НИЙТЛЭЛИЙГ ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ СУРВАЛЖЛАХ НЬ ЧУХАЛ

-Би Бал эрхлэгчийн сүүл үеийнх нь шавь. Анх сэтгүүлч болоход Бал эрхлэгч надад байгаль орчны асуудлыг даалгаж байлаа. Тухайн үе буюу 15 жилийн өмнө байгаль орчны сэдвээр бичдэг сэтгүүлч цөөн байсан. Гарын таван хуруунд хүрэхтэй үгүйтэй. Харин өнөөдөр сэтгүүлчид байгаль орчны асуудлыг их хөнддөг болжээ.

Улмаар нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх, төр засгийн шийдвэрт нөлөөлөх өөрчлөлтүүд гарч байна. Бал эрхлэгч “Байгаль орчны сэдвээ хэзээ ч битгий хаяарай. Байгаль орчны сэдэвтэй холбогдохгүй сэдэв, салбар гэж байхгүй. Маш өргөн хүрээний, буянтай салбар юм шүү” гэж байсан.

Тэр ч утгаараа би 15 жил байгаль орчны чиглэлээр бичиж байна. Энэ удаагийн шалгаруулалтад байгаль орчны асуудал хөндсөн нийтлэлүүдээрээ оролцсон. Бал эрхлэгчийнхээ “Ашиг хонжоо харж бус алс ирээдүйгээ бодож байгаль дэлхийгээ хайрлая” гэдэг үгийг бүх сэтгүүлч, сэтгүүл зүйн салбарт ажилладаг хүмүүст дахин хэлж, уриалмаар байна.

БАЛДОРЖ шагналыг сэтгүүл зүйн олимп, их хурд, Монголын Пулитцер ч гэдэг. Ер нь сэтгүүлчид хаана, аль түвшинд яваагаа мэдэх, хэр сайн материал бэлтгэж, сэтгүүл зүйн салбарт хэр үүрэгтэй оролцож байна вэ гэдгийг дүгнэх дэнс гэж боддог. Байгаль орчны чиглэлээр бичихэд тухайн орон нутагт нь очиж, нүдээр үзэж, гараараа тэмтэрч үзэх нь чухал байдаг.

“Төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлахын учир”, “Би нинжа болмооргүй байна” нийтлэлээ бичихийн тулд Сэлэнгэ, Төв, Дорноговь, Дундговь, Завхан, Говь-Алтай гээд хувиараа алт олборлогчидтой холбоотой асуудал хаана тулгарч байна, тэр газар дээрээс нь сурвалжлага хийсэн нь арай илүү бодитой, амьд болж чадсан байх гэж бодож байна.

О.БАТ-УНДРАХ: БАЛДОРЖ ШАГНАЛЫГ БҮТЭЭЛД НЬ ОЛГОДОГ

-БАЛДОРЖ шагналын шалгаруулалтад анх удаа зориглож оролцоод шилдэг аравт багтсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Шилдэгт багтах болов уу гэсэн багахан горьдлого байсан ч үлдчихнэ гэсэн итгэл байгаагүй. Бүтэн жилийн хөдөлмөрөө маш томоор үнэлүүллээ, баяртай байна. “Өнөөдөр” сониныхоо хамт олонд маш их баярлалаа.

Энэ шагнал миний хувьд урагш алхах урам зориг, бас ташуур болсон. Өнгөрсөн жилийн өдийд энэ наадамд заавал оролцоно гэсэн зорилго өвөртөлж, үзүүрээс нь жаахан ч атугай атгаж чаджээ. БАЛДОРЖ шагналыг хэдэн жил ажилласан, ажлын хэр туршлагатай вэ гэдгээр үнэлж, дүгнэн өгдөг бус сэтгүүлчийн бүтээлд нь олгодгоороо нэр хүнд, цараа нь ийм өргөн байдаг болов уу.

Сэтгүүлчдэд урам зориг өгөхөөс гадна санхүүгийн хувьд ч маш том дэмжлэг үзүүлдэг. Тиймдээ ч энэ жил 280 гаруй бүтээл шалгаруулалтад өрсөлдсөн хэрэг. “Улаан тарианы үе эргэн ирлээ” цуврал нийтлэлээрээ бэлгийн замын халдварт өвчин, тэр тусмаа тэмбүүгийн хор уршиг, халдварлах зам, тархалт, түүнээс гарах арга замыг эрэлхийлсэн.

Хувьсгалын он жилүүдэд Монгол Улсыг 500-600 мянган хүн амтай байхад бараг хоёр хүн тутмын нэг нь тэмбүүтэй байсан гэсэн. Тэр үед орос эмч нар ирж, соёлын довтолгоон өрнүүлэн, хүмүүсийг улаан тариагаар албадан эмчилж байсан юм билээ. Гэтэл 100 орчим жилийн өмнөх энэ үе дахин давтагдаж байна. Өдгөө жилд дунджаар 40 мянга орчим хүн халдварт өвчин тусаж байгаагаас 20-25 мянга нь бэлгийн замаар дамжих халдвар авч буй нь халаглахад ч багадах тоо.

Эдгээрийн 60 хувь нь Улаанбаатар, 20 хувь нь аймгийн төвүүдээс, үлдсэн нь авто зам, хилийн боомтууд дагасан аялал жуулчлалын баазуудаас бүртгэгдэж байгаа гэсэн дүн бий. Шалтгаан нь өнөөх л архидалт биеэ үнэлэх, ядуурал, ажилгүйдлээс болж байгаа. Энд төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж буйг дээрх цувралаараа хөндсөн.

Б.ЦЭДЭВСҮРЭН: ҮЕИЙН ХҮҮХЭД ТҮРҮҮЛЭХЭД НЬ УРАМШИЖ, ОРОЛЦОХООР ШИЙДСЭН

-Манай даргад жил бүр БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын урилга ирүүлдэг ч энэ уралдаанд манайхаас хүн оролцдоггүй болохоор очиж байгаагүй юм билээ. Хоёр жилийн өмнө дарга надад урилгаа өгч, сурвалжлуулсан юм. Тэр үед Ж.Тэгшжаргал тэргүүн шагнал авахад нь “Үеийн хүүхэд түрүүлж байхад би яагаад чадахгүй гэж” хэмээн урамшсан.

Өнгөрсөн жил хангалттай нийтлэл бичээгүй болохоор оролцоогүй. Энэ жил анх удаа оролцож, шилдэг аравт багтлаа. Урлаг, соёлын сэдвээр дагнадаг болохоор бусад оролцогч шиг нийгэм рүү чиглэсэн нийтлэл биш, хөрөг голдуу бичсэнээ өгсөн. Хүмүүс харилцаж үзээгүй, амьдрал руу нь өнгийж байгаагүй хэрнээ нэгнээ анхны сэтгэгдлээр өнгөцхөн дүгнэх нь бий.

Үнэндээ хүн бүр өөрийн гэсэн түүхтэй, амьдралаа бүтээх гэж яваа. Тиймээс сэтгэлийг нь уудалж чадвал хүн бүр онцлогтой. Тэр онцлогийг л харуулахын тулд хөрөг бичих гэж оролддог. Эхний улирлын шалгаруулалтад Ганбууш буюу Н.Ган-Одын тухай “Өрөөсөн ээмэг” хөрөг бичсэн.

Өдөр тутмын сониныхон шуурхай ажиллах ёстой учир өмнөх өдөр нь зургаан цаг ярилцсанаа маргааш нь боловсруулж хэвлүүлсэн. Өөртөө итгэлгүй байсан ч шалгарсандаа урамшиж, дараагийн шатуудад оролцсон.

А.АРИУНБААТАР: САЙН СУДЛАХ ТУСАМ МОНГОЛЧУУД БИД ХОСГҮЙ СОЁЛ, УЛАМЖЛАЛТАЙГАА МЭДЭЖ, БИШИРСЭН

-Өнгөрсөн жилийн өдийд “Нүүдэлчин өв соёл” цувралынхаа эхний дугаар, сая шалгарсан “Банхар”-ыг хийсэн. Үүнээс хойш монголчуудын уламжлалт өв соёлын тухай 20 гаруй дугаар бэлтгэлээ. Багийн хүч хөдөлмөрөөр нэвтрүүлэг бүтдэг болохоор хамт олондоо баярласнаа илэрхийлье. Монголчуудын хэл ярианд, наад захын энгийн үгэнд хүртэл ямар гүн утга санаа шингээсэн байдаг юм бэ.

Сайн судлах тусам монголчууд бид хосгүй соёл, уламжлалтайгаа нэвтр үүлэг хийх явцдаа мэдэж, биширсэн. Гэхдээ эртний Европын сүм хийд, дурсгалт газрууд тэр хэвээрээ шахам хадгалагдаж үлдсэн байдаг бол манайд 1930-аад оны хэлмэгдүүлэлт ч юм уу олон зүйлээс шалтгаалж, үнэт өвүүд үрэн таран болсон.

Телевиз бол харуулах урлаг. Тэгтэл бидэнд баримт олдсон ч энэ юм гээд үзүүлэх зүйл олдоц муутай байсан нь бэрхшээлтэй байлаа.

Б.ЕРЭНТЭЙ: МУНДАГ ЗАЛУУ СЭТГҮҮЛЧИД ГАРЧ ИРЖ БУЙД ӨӨРӨӨ ШАГНАЛ АВСНААСАА ИЛҮҮ БАЯРЛАЖ БАЙНА

-Ц.Балдорж агсантай “Үнэн” сонинд хамт ажилладаг, залуу зандан насандаа нөхрийн ёсоор харилцаж явсан. Биднийг залууд одоогийнх шиг интернэт, гар утас байгаагүй болохоор үргэлж явж баримт, материал, мэдээллээ цуглуулдаг байсан. Тэргүүн байрт шалгарсан Хүрэлбаатар хөдөлмөрч, бас явж бичдэг сэтгүүлч. Одоогийн сэтгүүлчид сууж бичээд байна.

Ингэж хэлснээрээ шүүмжилж байгаа юм биш шүү. Цаг үе өөрчлөгдөж, дараагийн шинэ үе гарч иржээ. Илүү мундаг залуу сэтгүүлчид түрэн гарч ирж буйд өөрөө шагнал авснаасаа илүү баяртай байна. Гурван удаа оролцож, хоёр дахь удаагаа шалгарлаа. Ахмад сэтгүүлчийн хувьд тэднийг өдөөх зорилготой оролцдог.

Б.ГАНЧИМЭГ: ИРЭХ ЖИЛ БИ СУРВАЛЖЛАГА СОЙНО

-Сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах энэ ёслол миний очихыг хамгийн их хүсдэг, дотроо том хүндэтгэл тээн ирдэг үйл ажиллагаа. Ц.Балдорж гэх их хүнд хүндэтгэл үзүүлж, төр, засгийн тэргүүнүүд, сэтгүүл зүйн салбарын өндөр зиндааны зочид ирдэг. Сэтгүүл зүйн ажил цаг наргүй, энэ ёслол дээр ирж бид олноороо уулзацгаадаг. Тэр утгаараа хүсэн хүлээдэг баяр төдийгүй өрсөлдөөний хамгийн том талбар болдог.

Мөн мэдээллийн бүх хэрэгслийн сэтгүүлчид оролцдог учраас энэ наадмын цар хүрээ бусадтай зүйрлэшгүй өндөр учраас би бусад наадамд очдоггүй. Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг гэдэг үг байдаг. Энэ шагналыг зөвхөн шонхрууд хүртдэг. Би энэ тайзан дээр БАЛДОРЖ шагналын анхны эзэн болж байлаа.

Сэдэв, арга зүй, хэл, хэлбэрийг нь онцгойлон анхаарч, төгс бүтээл туурвихын тулд бүтэн жил бэлдсэн. Тэмдэглэл, ярилцлага гэсэн сэтгүүл зүйн хоёр төрлөөр бичсэн бүтээлээрээ уг шагналыг хүртэж байлаа. Анхны гранпри шагнал гэдэг бол насан турш дааж явах алдар. Цаг хугацаа хурдан юм, долоон жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд би бүтээлээ туурвиж, өрсөлдсөөр л ирлээ. Миний дараа жилийн БАЛДОРЖ шагналын төлөөх өрсөлдөөн маргаашнаас эхэлнэ. Ирэх жил би сурвалжлага сойно.

Энэ төрлөөр өрсөлдөнө шүү гэдгээ албан ёсоор зарлаж байна. Сайн явж ажиллана. Одоо ч өдөр, шөнөгүй ажилласаар л байгаа. Манай салбарт нас, намын харьяалал хамаагүй, хил хязгааргүй өрсөлдөөн болдог. Энэ салбарт залуучууд хүч түрэн орж ирж байна. Гэхдээ үнэхээр тэсэрч, цонх хагалах шиг, хаалга тар хийж онгойлгон орж ирж буй сэтгүүлч харагдахгүй байна. Ж.Тэгшжаргалыг БАЛДОРЖ шагнал авахад үнэхээр догдолсон.

Тэр бол нэрээ нуусан ч энэ бол түүний арга зүй, техник байна гэж танигдахаар сэтгүүлч. Ийм л байх ёстой юм. Шүүгчид “Боловсруулалт багатай материалууд мэр сэр орж ирж байна” гэж дурдлаа. Гэхдээ БАЛДОРЖ шагналд тийм зүйл ховор л байгаа. Шүүгчдийн бүрэлдэхүүн “том” байгаа учраас үг үсгийн нэг алдааг ч эмзэглэн хүлээж авч магадгүй юм.

Сэтгүүлчид хамгийн сайн бүтээлүүдээ л энэ уралдаанд ирүүлдэг. Аз горьдож, юмыг яаж мэдэх вэ дээ гэж материалаа өгдөг юм биш байгаа даа гэсэн эмзэглэл шүүгчдийн дүгнэлтээс бас төрлөө. Бичсэн бүх материалаа явуулна гэдэг бол шүүгчдийг, уралдааныг хүндэтгэхгүй байгаа хэрэг.

Сэтгүүлч хүн БАЛДОРЖ шагналд материалаа өгөхдөө хайнга хандах нь мэргэжлээ үл хүндэтгэсэн хэрэг. Хэн нэгнийг бүү даган дуурай. Онцгой бүтээлээ л сой.

Ж.ТЭГШЖАРГАЛ: ЦААСАН ХЭВЛЭЛ ЦААШИД Ч БАЙХ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭДЭГ

-Өдөр тутмын сонины зах зээлд маш том өөрчлөлт гарч байна. Маш хурдтай, дуу, дүрстэй, хэрэглэгчийн сэтгэгдлийг шууд хүлээн авдаг, урд хожид байгаагүй том өрсөлдөгч болох мэдээллийн сайтууд гарч ирлээ. Мөн олон нийтийн сүлжээ хүртэл өдөр тутмын сонинд нөлөөлөх гэж байна. Энэ бол зөвхөн Монголд биш, дэлхий нийтээр ярьж байгаа сэдэв.

Хүн бүрт өдөр тутмын сонин мөхөх үү, цаасан хэвлэл цаашид оршин тогтнох уу гэсэн бодол бий. “Хадаас” нийтлэлээ бичих болсон гол шалтгаан маань энэ. Уг асуултын хариуг олох гэж хичээсэн юм. Би цаасан хэвлэл цаашид ч байх болно гэдэгт итгэдэг. Би “Өнөөдөр” сониноос сэтгүүлчийн гараагаа эхэлсэн. Яалт ч үгүй намайг өсгөсөн газар, бойжуулсан хамт олон. Өдгөө хүсэл мөрөөдлөө дагаж, сэтгүүл гэдэг зүйлд дурлаж, түүнийгээ хийгээд явж байна.

Хэдийгээр дуртай зүйлээ хийхээр сониноос гарсан ч өдөр тутмын гал тогоогоо, “Өнөөдөр” сониноо санаж байсан сэтгэл маань нийтлэлээ бичихэд тусалсан. Дараагийн зорилго маань Монголын сэтгүүл зүйг сурталчлах. Бид нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, урлаг, эгэл хүмүүсийн амьдралаас эхлээд сайн, муу бүгдийг бичдэг хэрнээ өөрсдийнхөө тухай огт бичдэггүй.

Загасчны морь усгүй гэдэг шиг өөрсдийнхөө сайн сайхан зүйлс, амьдралдаа гарч буй өөрчлөлтийг бага мэдээлдэг. Өдөр тутмын сонины гал тогоо ямар байдаг, өглөөний шуурхай гэж ямар гоё “юм” болдог, тэнд ямар сайн сэтгүүлчид, үзэгдэл болсон хүмүүс ажилладаг, ерөнхий эрхлэгч гэж ямар хүн байдгийг, сэтгүүлч хүн нийтлэлээ бичихдээ яаж зовдгийг гаргах гэж хичээсэн. Бид хүссэн, хүсээгүй өөрчлөлтөд өртөж байна.

Тэр өөрчлөлтүүд нь хэрхэн нөлөөлж байгаа, цаашид ямар байвал зохих юм гэдэгт хариулт олох гэж 20 орчим хүнтэй уулзлаа. Ингээд өөрөө дүгнэлт өгөхийг хүсээгүй, тэр хүмүүсийн бодол санааг л гаргахыг хичээсэн. Сэтгүүл зүйн салбарынхан нэг нэгнээ сурталчилдаг, гарч байгаа өөрчлөлтүүд, бидэнд тохиолдож буй сайн сайхан зүйлсийн ярьдаг байгаасай гэж бодсоны үндсэн дээр “Гэрэг” сэтгүүл цаашид энэ сэдвээр байнга бичих болсон.

Эхлэл нь “Хадаас” нийтлэл. Энэ жил олон залуу сэтгүүлч шагнал хүртлээ. Сэтгүүлчид “хөлөөрөө” хоолоо олж иддэг гэдгийг залуучууд энэ жил маш сайн харууллаа. Нэр дэвшсэн бүтээлүүдийг уншихад маш сайн хөдөлмөрлөжээ гэдэг нь харагдаж байна. Тааз ширтэж, тэнгэр харж байгаад цээжний бангаар бичдэг гэж сэтгүүлчдийг шүүмжлэх хүмүүс бий.

Тийм нийтлэлүүд энд байсангүй. Залуучууд хүчээ гаргаж маш сайн сурвалжилсан, сайн эх сурвалжтай, баримттай нийтлэлүүд бичжээ.

Г.БААТАРНУМ: ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙГ ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭЛТЭЙ БОЛОХОД НӨЛӨӨЛДӨГ

-“Балдорж” сангийн шагнал авна гэж зүүдэлсэнгүй явлаа. Саяхан миний товч намтрыг авч, урилга өгсөн. Шалгаруулалтад оролцсон хүмүүст урилга өгч байгаа юм байх гээд хүрч ирсэн. Санамсаргүй сууж байтал шилдэг аравт багтсан гэж хамгийн түрүүнд нэр дуудахад их сандарсан. Тэргүүн байранд шалгарсан сэтгүүлч залуу “Энэ шагналыг авах юм сан” гэж бодож явсан гэж хэлсэн. Би сэтгүүл зүйн салбарт 30 орчим жил ажиллаж байна.

Үнэндээ тэгж бодох үе надад байсан. Гэхдээ бас “Надад ч яаж ирэх вэ дээ” гэж бодож явсан. “Балдорж” сангийн шалгаруулалт үнэн байдаг юм байна. БАЛДОРЖ шагналыг Монголын нийгмийг өөрчлөхөд, залуу сэтгүүлчдийг гаргаж ирэх, тэдэнд урам зориг өгөх, мэргэжилд нь дадлагажуулах, ирээдүйдээ итгэлтэй болгоход нөлөөлдөг нэр хүндтэй шагнал гэж боддог.

Намайг жаахан, гуравдугаар ангид байхад цэргүүд хил гарсан тухай сонсож байлаа. 1971, 1972 оны үйл явдал шүү дээ. Манай “Улаан од” сонины орлогч эрхлэгч байсан хурандаа Б.Чантуу “Хятад руу гарч явсан цэргүүдээс амьд сэрүүн хүн байна. Чи сэтгүүлчээр олон жил ажиллалаа. Нийтлэлүүд чинь ч даацтай байдаг. Хоёрдугаарт, чи өөрөө цэргийн хүн болохоор тэр хүнтэй очиж уулз” гэж хэлсэн.

Тэр хүн долоон жилийг яаж барсан тухайгаа ярьсан. Үнэхээр зүрх шимширмээр түүх. Улмаар “Амьдын тамд унасан долоон жил” нийтлэл бичсэнийг маань цахим хуудсуудад тавьсан байсан. Хүмүүс сэтгэгдлээ хэлж, баяр хүргэн, кино хийчихмээр ч юм гэж хэлж байлаа. “731 дүгээр отряд хийгээд Чөлөөлөх дайн” нийтлэл ч мөн ялгаагүй.

Дайны үед Халх голд бактерлогийн зэвсэг хэрэглэсэн талаар судалдаг хүнийг олж уулзсан. Энэ хоёр нийтлэлээ шалгаруулалтад итгэл муутай сойсон. Тэгсэн шилдэг 10-т багтлаа. Үнэхээр үгээр хэлж чадахгүй баяртай байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.194.114.135 Бүгдэд нь баяр хүргээд амжилт хүсье.