ЯМАДЭРА ЁШИНАРИ: Монголчуудын аргаар мод үржүүлбэл цаг алдана

2015 оны 09 сарын 18

Японы ой судлаач, эрдэмтэн Ямадэра Ёшинари “Ойска Монгол” төрийн бус байгууллагын урилгаар манай улсад зочилж, мод үржүүлэх технологио танилцуулсан юм. Тэрбээр 10 жилийн өмнө Монголд ирж, мод тарьж байжээ.

-Таны тарьсан мод сайн ургажээ. Нууц нь юу вэ?

-Ой мод урт наслах, байгалийн гамшигт тэсэж үлдэхэд хоорондоо бат холбогдсон үндэс нь их үүрэг гүйцэтгэдэг. Байгалийн жамаараа ургасан модны үндэс хөрсний гүнд урт ургаж, салаалдаг. Харин бортгонд ургуулсан модны үндэс богино, нарийн, хоорондоо бат холбогдож чаддаггүй учир булгарч унах нь амархан.

Иймээс би олон жилийн судалгаандаа тулгуурлаад урт настай, байгалийн гамшигт тэсвэртэй, бахим урт үндэстэй мод ургуулах технологи боловсруулсан. Тэр бол хөрс, органик ялзмаг, бордоогоор хийсэн шахмал блок юм. Үүнийг гараар л хийчихдэг. Шахмал блокод тарьсан үрнээс шулуун, урт үндэс ургадаг. Үрийг хоёр янзаар суулгаж, үндэслүүлэх боломжтой.

Чийглэг газарт бол шахмалдаа үрээ хийж, хөрсөнд тарина. Чийг багатай бол үрийг үрсэлснийх нь дараа хөрсөнд шилжүүлэн суулгах нь зохимжтой.

-Та энэ технологиороо хэчнээн газарт мод тарьж байв?

-Би Япон, Хятад, Монгол, Балба, Бразил зэрэг оронд мод тарьж байсан. Гэхдээ хэдэн га газарт, хэдийг тарьснаа тоолж байгаагүй. Судлаач хүнд тооноос илүү чанар чухал. Хэр сайн ургах нь тухайн орны байгаль, цаг уурын онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг.

Би Монголд анх ирээд Дундговь, Сэлэнгэ, Багануурт судалгаа хийж, Багануурт мод үржүүлэх туршилт хийсэн. Хайлаас, улиас, гацуур, шинэс, чацарганы мод тарихад сайхан ургаж байсан ч дөрвөн жилийн өмнө ирэхэд тэр газрыг хувьчлаад бүх модыг тайрсан байна лээ. Их харамссан. Зарим тайрдас нь ургаж байсан шүү.

-Манай улс мод үржүүлэх, ойжуулахдаа юу анхаарах ёстой вэ?

-Монголчуудын мод үржүүлэх аргачлал их буруу. Голдуу урт ургасан, үндэс муутай мод зөөж, суулгадаг. Ийм мод тухайн хөрс, шороонд дасан зохицохоосоо өмнө шим тэжээлээ нөхөж чадалгүй үхдэг, услаад ч нэмэргүй.

Аль болох балчир мод суулгавал хөрсөндөө хурдан дасаж, амьдрах чадвартай. Цөлжиж буй өнөө үед ингэж мод үржүүлнэ гэвэл цаг хугацаа алдаж, үр дүнг ч үзэх боломжгүй. Харин миний технологиор мод үржүүлбэл богино хугацаанд ургана. Танай орны цаг уурын нөхцөлтэй төстэй Хятадын нутагт энэ технолгиор тарьсан мод маш сайхан ургасан.

-Шахмал блокны зардал хэр байх вэ. Тухайлбал, 2000 мод суулгахад ойролцоогоор хэдэн төгрөг болох бол?

-Энэ шахмал блокийг та нар өөрсдөө хийсэн ч болно. Тэгвэл зардал гарахгүй шүү дээ. Би “Ойска Монгол” ТББ-д блок шахдаг багаж гурвыг авчирсан. Түүнээс санаа авч, багаж бүтээж болно.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Yadaj shiljuulan suulgadag baigaa daa. Gazar hursunduu hairtai gej hudalaa charlahaas tsaashgui hooson tolgoitonguud. Hunii hudulmuriig hundelj suraagui.