БИД ЦАГААН ЗЭЭРЭЭС Ч ХОЛ НҮҮДЭЛЛЭЖ ЯВСАН

2015 оны 09 сарын 17

Монголчууд улсынхаа хилийг хэдэн зуу, магадгүй мянган жилээр хамгаалж ирсэн түүхэн уламжлалтай ч орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж, хөгжөөд ердөө 80 гаруйхан жил болж байна. Үүнээс сүүлийн 30-аад жилд нь би улсын хил хамгаалах албанд зүтгэжээ. Гэхдээ ажилласан хугацааны маань нэлээд хэсэг нь хүйтэн дайны, үлдэх хэсэг нь тайван цаг байж.

Хүйтэн дайны үед фронтын шугам (улсын хил) дээр үүрэг гүйцэтгэснээ одоо бодоход жаахан жихүүцмээр ч, бас бахархмаар. Харин энэ дайны онцлогтой уялдан, хилчид байгаль, цаг уурын хүнд нөхцөл, өдөр шөнийн аль ч цагт, улсын хил дээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан шууд л дайсны суманд өртдөг байв.

Зөвхөн миний ажиллаж байсан отрядын хариуцсан хэсэгт гарсан зарим тохиолдлыг дурдваас:

Дэслэгч Я.Батням улсын хилд албан үүрэг гүйцэтгэж яваад ГАЗ-66 машиныхаа кабины дээд хэсгийг “шүүрэн шанага шиг” болтол дайсанд буудуулчихаад, жолоочийнх (Төв аймгийн харьяат байлдагч Батсайхан) нь шилэн хүзүүнд сум тогтчихсон ирж байсан юм. Мөн Хэнтий аймгийн харьяат Пүрэвсүрэн нарын хоёр байлдагч улсын хил дээр дайсны суманд өртөж нэг нь амь насаа алдаж, нөгөө нь морио буудуулж, алуулан явган гүйж ирсэн эмгэнэлт явдал ч бий.

Буудуулсан цэргийн цогцсыг хятадууд хөлнөөс нь чирээд аваад явчихаж байсан. Хожим нь бид цогцсыг хилийн уулзалтаар буцааж авсан. Түүнчлэн манай хөрш отрядын хариуцсан хэсэгт албан үүргээ гүйцэтгэж явсан хошууч Очир ахлагчтай хилийн манааны бүрэлдэхүүн Хятадын талд баривчлагдан, долоон жил шоронд хоригдож, нэг офицер нь дотор эрхтэндээ хоёр удаа мэс ажилбар хийлгэн, суллагдаж ирсэн тохиолдол ч байгаа.

1988 оны зун манай отрядын хилийн нэг заставын хариуцсан хэсгээр Хятадын талаас хил зөрчин орж ирсэн этгээд манай хилчдэд илчлэгдсэнийхээ дараа эсэргүүцэл үзүүлсэн учир түүнийг буудаж шархдуулан, баривчилж байсан явдал байдаг юм. Байнгын түгшүүрт байдлын тэр жилүүдэд эсрэг талаас ихэвчлэн оргодол босуул, төөрсөн малчин, эсвэл галзуу солиотон гэх мэт янз бүрийн халхавчаар хил зөрчигч орж ирдэг байсан бөгөөд олонх нь манай улсын хилийн харуул манаа, цаашилбал застав, отрядын байрлал, үйл ажиллагааг тагнан мэдэх үүрэг даалгавартай ирсэн болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээсэн байдаг юм.

Бид улсын хилээ өдөр шөнийн 24 цагийн турш сахиж хамгаалахын зэрэгцээ хилийн застав, отрядууд дайсантайгаа зах нийлсэн байрлалаас байлдаанд орох байнгын бэлтгэлтэй байх, байлдааны болоод улс төрийн бэлтгэл сургуулийг дайн байлдааны нөхцөлд аль болох ойртуулан явуулах, байлдааны зэвсэг техник, бусад нөөцийг тогтмол бэлэн байлгаж, зохих горимын дагуу бэлтгэж шинэчлэх зэрэг нь тийм ч амар хялбар ажил байгаагүй юм.

Тодорхой хугацаа, эсвэл нөхцөл байдлын өөрчлөлтийн улмаас байнга тодотгодог байсан “байлдааны хуваарь”-т л гэхэд байлдааны ажиллагааны үндсэн элементүүдээс гадна “ар гэрийн хүмүүсийг нутгийн гүнд татах бүлэг” хүртэл томилогдож, тэр дагуу дадлага сургууль тогтмол хийдэг байсныг тухайн үед ажиллаж байсан гэр бүлийн хүмүүс ч санаж байгаа байх аа. Хилийн нэг л отрядын жишээн дээр эдгээрийг цухас дурдахдаа би, хүйтэн дайны үеийн улсын хил дээрх нөхцөл байдал, хилчдийн үйл ажиллагааны талаар бага боловч ойлголт өгөхийг зорив.

Харин өнөөгийн нийгэм, түүний дотор төр, засгийн удирдлага ч дээрх нөхцөл байдлын талаар бага мэдэж, ихэнх нь мэдэхгүй шахам байгаад үнэн хэрэгтээ ахмад хилчид бид өөрсдөө буруутай гэж бодогдоно. Энэ талаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч До.Цэнджавын “Маргааш л дайн эхлэх юм шиг 1080 хоног минь” нэртэй баримтат туужаас өөр тухайн үеийн хилийн застав, салбарын “уур амьсгал,” түгшүүрт байдлын тухай баримт өгүүлсэн ном зохиол, нийтлэл бараг л гараагүй болов уу.

Гэтэл гавьяат сэтгүүлч маань тэр үед улсын хил дээр гурван жил алба хаасан жирийн цэрэг. Харин дархан хилээ хамгаалах албанд 30 жил зүтгэсэн хилчин офицер, ахлагч нар нь дээрх түгшүүрт байдлын нөхцөлд дунджаар 10 орчим мянган хоног үүрэг гүйцэтгэж илүү их хүндрэл бэрхшээлийг туулсан хүмүүс билээ. Миний хувьд энэ өгүүллээр хэлэх гэсэн гол санаа маань зөвхөн энэ биш юм.

Халх голын болоод чөлөөлөх дайн, Баруун хязгаарын тулгаралт-байлдаануудад оролцсон ахмад дайчдын талаар төр, засгаас зохих арга хэмжээ авсан бөгөөд өнөөдөр он цагийн эрхээр тэдгээр ахмадууд маань ч цөөрч байх шиг байна. Тэгвэл одоо хүйтэн дайны үеийн ахмад дайчид, ялангуяа уг дайны тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэсэн ахмад хилчдийн талаар төр засгаас, тусгайлсан арга хэмжээ авах цаг нэгэнт болжээ. Хүйтэн дайн нь тухайн үедээ бие биенийхээ эсрэг зогссон хоёр системийн хоорондох дайн байсан бөгөөд бид үндсэндээ тэр үеийн Зөвлөлт гүрний зэвсэг техникийн хангамжтайгаар, социалист системийн өмнөд хилийг дангаараа хамгаалж байсан юм.

Энэ утгаараа ч Монгол Улсын өмнөд хилийн хамгаалалт нь олон улсын шинжтэй үйл ажиллагаа байсныг, өнөөдөр тэр үеийн зарим ахмад хилчдийн энгэрт хааяа үзэгдэх, социалист гэгдэж байсан орнуудын хүндэт болон онц хилчин тэмдгүүд тодруулан сануулж байх шиг. Гэвч миний мэдэх, дээрх үед үүргээ нэр төртэй биелүүлсэн олон ахмад хилчин тэтгэвэрт гарсныхаа дараа хилийн аймаг, сумандаа суурьшин үлдэж, зарим нь Улаанбаатарт шилжин ирсэн боловч тохитой орон сууцгүй, хувьдаа өмчилсөн газаргүй, ах дүү, үр хүүхдээ бараадан хэрэн хэсэж явна.

Үүний дээр аль ч үеийн хилчдэд түгээмэл тохиолдож ирсэн, үр дагавар нь харьцангуй хожим илэрдэг гол бэрхшээл нь:

нэгдүгээрт, хилчин офицер, улирагсдын гэр бүлийн хүмүүс хэдийгээр дээд болон тусгай дунд боловсролтой хүмүүс байвч тэдэнд хилийн застав, отрядод мэргэжлийнхээ дагуу хийх ажил олддоггүй учраас угаагч, тогооч, ариун цэврийн зааварлагч зэрэг бага цалинтай ажил хийсээр насны эцэст хамгийн бага тэтгэвэр авдаг.

Хоёрдугаарт, хилийн отряд, заставт хүүхдийн сургууль цэцэрлэг хүрэлцээгүй, ихэнх тохиолдолд байдаггүйгээс офицер, ахлагч нарын хүүхдүүд сурлага хүмүүжлээр доголдох нь түгээмэл байдаг.

Гуравдугаарт, “Цэргийн хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэсэн хэлц үг байдаг ч хилчин офицер нь хилийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл нүүдэг учир түүний нүүдлийг цагаан зээрийнхтэй ч зүйрлэх аргагүй юм. Тухайн үед улсын хил хамгаалалтыг “байлдааны үүрэг” хэмээн үзэж хилийн цэрэгт алба хаах хүмүүсийн талаарх судалгааг Улсыг аюулаас хамгаалах байгууллага тусгайлан хийдэг байсан юм.

Иймээс өмнөх нийгмийн үед өгөгдсөн томилгоот үүргийг эх орноо хамгаалах үйл хэргийн төлөө өгч буй байлдааны тушаал хэмээн бид үзэж үг дуугүй биелүүлдэг байсан боловч, үүний эцэст өнөөгийн байдлаа бусадтай харьцуулан дүгнэж үзэх нь булан нь цоорсон хэдэн чемоданаас өөр үндсэн хөрөнгөгүй, зуслангийн байшин ч үгүй хоцорсон байгаагаа ахмад хилчид харамсан ярьцгаадаг болсон зэргийг нарийвчлан судлан үзэж холбогдох арга хэмжээг авууштай.

Хөндөж буй ахмад хилчдийн нийгмийн асуудал нь төсөв мөнгөний талаасаа ч төр засагт тийм их хүндрэл бэрхшээл учруулах зүйл биш билээ. Юуны түрүүнд 90-ээд оноос өмнө улсын хил дээр үүрэг гүйцэтгэсэн ахмад хилчдийг ажилласан жил насны байдлыг нь харгалзан ахмадын орон сууцанд очер дугаар харгалзахгүй оруулах, хувьд нь орон сууц олгох, үгүйдээ л хот, аймгийн төв, тэдний хүссэн газарт нь газар өмчлүүлэх асуудлыг “компьютерийн сугалаа таарахыг нь хүлээхгүйгээр” шийдвэрлэх хэрэгтэй.

Нягталж үзвээс тайван цагт үүрэг гүйцэтгэсэн өнөөгийн офицеруудынхтай харьцуулахад хүйтэн дайны үед алба хашиж 1990-ээд онд тэтгэвэрт гарсан офицеруудын өнөөдөр авч буй тэтгэвэр нь харьцангуй бага, тэдэнд нэг удаагийн буцалтгүй тэтгэмж болгож 2008 онд нэг сая төгрөг олгосон зэрэг нь өнөөдрийнхөөс үлэмж доогуур байна. Иймд офицер, ахлагч нарын тэтгэврийг хэзээ тэтгэвэрт гарснаас нь үл хамааруулан, хашиж байсан албан тушаалынх нь зэрэглэлд нийцүүлэн жигд болгож шинэчлэх хэрэгтэй байна.

Үүний зэрэгцээ тэдний тэтгэврийг цаашид нэмбэл ямар түвшний ажилтан байсныг нь үл харгалзан адилхан ханддаг зарчимд ч шилжих нь зүйтэй санагдана. Өөрөөр хэлбэл, офицер, ахлагч нарт анх тэтгэвэр тогтооход нь л хашиж байсан алба, авч байсан цалингаас нь хамааруулан ялгавартай тэтгэвэр тогтоох бөгөөд харин тэтгэвэрт гарсных нь дараа бол, уг тэтгэвэр авагч нь генерал байсан уу, жирийн ахлагч байсан уу гэдгийг үл харгалзан ижил хандана гэсэн үг.

Давтан онцолвоос, ижил зэрэглэл, түвшний ажил алба хашиж байсан офицер, ажилтнууд хэзээ тэтгэвэрт гарснаасаа хамааран ижил бус тэтгэвэр авч байгаа өнөөгийн байдлыг л даруй халах ёстой гэж үзэж байна.

Харин тэдний цолны мөнгийг эдүгээ цагийн ханшаар нь тооцож, тэтгэвэр дээр нь нэмж олгодог байвал зохистой бөгөөд ингэвээс цэргийн цол ч илүү үнэ цэнэтэй болох билээ. Тодруулж тэмдэглэхэд, манай улсын, төрийн хилийн бодлого нь хүйтэн дайны үед ч өнөөгийнхтэй адил “улсын хилийг аль болох тодорхой бөгөөд зөрчилгүй байлгах, улсын хил дээр аль болохоор зэвсэг үл хэрэглэх” агуулгатай байсан хэмээн үзэж болох юм.

Гэтэл өмнөд хөршийн маань хилийн бодлого хандлага манайхаас нэлээд өөр байсны улмаас манай хилчид эрсдэлд орох нь илүүтэй байсан болов уу. Ер нь хүйтэн дайны үеийн төрийн хилийн бодлогыг хэн хэрхэн тодорхойлж байсан болон холбогдох бусад асуудлаар судалгаа шинжилгээний ажил хиймээр байгаа юм. Гэхдээ хүйтэн дайны үеийн хилийн цагийн байдлын хүндрэлийг 1967 оноос эхлэн Монгол, Хятадын харилцаа эрс муудсан үе, 1979 онд тухайн үеийн Хятадын эрх баригчид Вьетнамд довтолсны дараах үе гэх мэтчлэн тогтоож, авах арга хэмжээг дэс дараатай, зохих ялгамжтай авч үзэх ёстой байх.

Ахмад хилчдийн нийгмийн асуудлыг сайжруулах талаар авч болох эдгээр арга хэмжээнүүд нь зөвхөн хилчин ахмадууд төдийгүй харьцангуй хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа өнөө цагийн хилчдэд ч зохих урам өгч, тэдний ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлж, улмаар улсын хил хамгаалалтын чанар үр дүнг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болно хэмээн үзэж байна.

Д.БУХБАТ


Ахмад хилчин, бэлтгэл хурандаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.58 Мөр зэрэгцэн хил манаж явсан ахмад хилчний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж залуу насаа хилийн застав отрядод өнгөрүүлсэн ахмадуудадйн урам хайрлаж дэмжлэг үзүүлэх учиртай. Монгол улсын Ерөнхийлөгчийн төрсөн ах нь хилчин байсаныг сануулж Зэвсэгт хүчний командлагч нэг зүйл санаачлахын хүсч байна Хилчин бэлтгэл офицер О.Баасанхүү