М.БОЛД: Хүн хөггүй болох тусмаа ХӨГИЙН БОЛДОГ

2015 оны 09 сарын 17

Даяаршиж буй энэ цагт хүн бүр аль болох их хотын стресс, дуу чимээнээс холдохоор зүтгэнэ. Яг энэ үед хүний оюун санааны ядаргааг тайлж, сэтгэл санааг сэргээх, Монголын үндэсний хөгжмийн ая аялгууны нэгдэл болсон шинэ бүтээлүүд “Bro’s records” компанийн төслөөс төрөн гарч байгаа юм. Продюсер М.Болдтой ярилцлаа.

-Ярилцлагаа “Ертөнц” цомгийн тухай асуултаар эхэлье. “Bro’s records” компанийн хэрэгжүүлж байгаа төсөл маш амжилттай үргэлжилж байгаа гэсэн?

-“Ертөнц” цомгоос өмнө “Introduction to nomads” гэж цомог гаргасан. Ардын хөгжмийг орчин үеийнхтэй хослуулсан. “Ертөнц” цомгоор Монголын хөгжмийг гадаад зах зээл рүү гаргая гэсэн зорилго тавьсан. Энэ төсөл 2009 оноос эхэлсэн л дээ. Дөрвөн жил ажиллаж байж, гаргасан цомог.

Судалгаа, бичлэгийн ажлыг удаан хийсэн. 2013 онд нээлтээ хийсэн даруйдаа “Hi-Fi records”-ын хамгийн их борлуулалттай цомгоор шалгарсан. Мөн дижитал хэлбэрээр худалдаанд гаргасан. Энэ нь гадаадын зах зээлд гарах бас нэг боломж юм. Эхлэл, оролдлого л юм даа. Асар хурдацтай хөгжил, нийгмийн бухимдлыг уран бүтээлчдийн бүтээлүүд л намжаана. “Ертөнц” цомгоос монгол хүн болж төрснөөрөө бахархах, амар амгалан байдлыг мэдрүүлэхийг хүссэн юм.

Дараагийн “Байгаль” цомгоо энэ онд багтааж гаргана. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдорж ахтай хамтран ажиллаж байгаа. Түүний бүтээлүүд ямар сайхан аялгуулаг билээ. Үүнээс гадна бид өөрсдөө энэ хүний уран бүтээлийг шимтэн сонсдог, хүндэлж явдгийн хувьд хамтарч ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. “Байгаль” цомог эх дэлхийг бүүвэйлэх болно. Энэ таван цувралаар дэлхий дахинд монголын урлагийг сурталчлах, таниулах зорилготой.

Ер нь уран бүтээл гэдэг хүний оюун ухаан, сэтгэхүйгээс л төрдөг. Тийм болохоор бид яагаад гадаадынханд өөрсдийн сайхан өв соёлыг танилцуулж болохгүй гэж. Авьяаслаг уран бүтээлчдээ нэгтгэж, уран бүтээлүүдийг цуврал цомгууддаа шигтгэж байгаа.

-М.Болд гэдгээсээ илүү “Томоо” гэж танигдсан. Энэ нэрийнхээ талаар яриач?

-107.5 радиод ажиллаж байхад Болд нэртэй хоёр найруулагч байсан юм. Тэгээд л ялгах гэж “Том, жижиг” гэж дуудсаар байгаад л ийм хочтой болчихсон. Одоо бүгд Томоо л гэдэг болж.


-Та “Сайн уу, амьдрал минь”, “Төрийн дайсан” гэх мэт дэлгэцийн уран бүтээлийн продюсерээр ажилласан. Дахин энэ салбарт ажиллах уу?

-Кино хийвэл маш сайн болгох ёстой. Гэхдээ өнөөдөр манай зах зээл сайн кино хийхэд шаардагдах хөрөнгө, эргээд ашиг олоход хангалтгүй байна л даа. Тийм учраас одоохондоо энэ төрлийн уран бүтээлийг хойш нь тавьчихаад байна. Ямар ч уран бүтээлч муу зүйл хийхийг хүсэхгүй. Бүгдээрээ л сайхан зүйл хийчих юмсан, олон хүний таашаалд нийцсэн зүйл хийе гэдэг. Гэтэл хэдхэн театртаа шахагдаж гарна. Ингэхээр эдийн засгийн хувьд асар их алдагдалтай.

Гэсэн ч уран бүтээлчид тухайн бүтээлээрээ хүмүүст сайн сайхан, амьдралын итгэл, тэмүүлэл, таашаал өгч байгаагаа л ашиг гэж ойлгодог. Ер нь зөвхөн Монголд биш, ядаж монгол хэлтнүүдэд, цаашилбал гадаадын зах зээл дээр гаргах тийм л кино хийхийг хүсэж байна.

-Таныг шүлэг бичих дуртай гэж сонссон. “Хурай” дууны шүлэг таных байх аа?

-Шүлэг гэхэд хэцүү хэдэн юм бий. Гэхдээ бичих дуртай. “Хурай” дууныхаа шүлгийг л овоо дориун болчихсон гэж тоогоод байгаа.

-Найрагчид ихэвчлэн сэтгэл хөдлөлд автсан үедээ шүлэг бичдэг гэдэг. Харин таны онгод ямар үед хөглөдөг бол?

-Ихэнхдээ ганцаараа байхдаа л бичих дуртай. Яагаад ч юм бичмээр санагддаг.

-Ганцаараа байх боломж гарах юмуу. Тэр үедээ дотоод хүнтэйгээ ярилцдаг байх?

-Эрт босож, орой унтахыг хичээдэг. Тийм болохоор ганцаараа байх үе гардаг шүү. Ихэвчлэн хөгжим сонсож тайвширна. Юуны төлөө амьдарч байгаагаа л өөртөө байнга сануулдаг.

-Ажлын тань ширээн дээр уламжлалт ёс заншил, түүхийн ном олон байх юм. Энэ чиглэлийн судалгаа хийгээд байна уу даа?

-Миний шүтэж, хүндэлж явдаг хүмүүсийн дунд Ж.Бадраа гуай бий. Билэг зүй судлал, монгол ардын хөгжим, дуу бичлэгийн салбарт энэ хүний оруулсан хувь нэмэр их бий. Энэ хүний хийсэн, бүтээсэн, судалсан зүйлүүдийг үргэлжлүүлэн судлах, унших дуртай.

-Радиогийн найруулагчаас “Bro’s records”-ын продюсер хүртэл хэчнээн жилийн хөдөлмөр байв?

-1995 оноос хойш гээд бодохоор урлагт хөл тавиад хорин жил болчихож. Одоо уран бүтээлч гэхээсээ илүү зохион байгуулдаг л хүн болоод байна. Би продюсер гэж нэрлүүлээд л яваад байгаа болохоос биш үнэндээ бол үгүй л дээ. Найруулга, зохион байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтыг холбох ажил хийгээд байгаа болохоор л тэр байх. Продюсер гэдэг чинь аливаа зүйлийг бизнесийн нүдээр хардаг, мөнгөтэй хүн байх ёстой.

-Урлагт хөл тавьсан 20 жил дандаа дардан байгаагүй нь лав. Шантрах, ухрах үе таарч байв уу?

-Хүн л юм хойно алдаж онолгүй яах вэ. Өвөг дээдсийнхээ хэлсэн сургаалыг дагаад даваад гардаг юм. Хүн алдаж, онож байж ухаарлыг олдог шүү дээ.

-Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвд харьяалагдах болсон. Оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг цэгцлэх тал дээр яаж ажиллавал үр дүнтэй байх бол?

-Оюуны өмч гэж эзэнтэй зүйлийг л хэлнэ шүү дээ. Тэгэхээр эзэн гэсэн асуудлыг эхлээд шийдэх ёстой. Тухайн дууны үг, аяыг хэн нэгэн зохиож, өөр нэг нь дуулсан юм байж. Гэхдээ энэ бичлэгийг эзэмших эзэн нь хэн бэ гэдэг чухал. Энэ тодорхой болоод ирвэл хамтын удирдлагын байгууллага нь хэрэглэгч, уран бүтээлч хоёрыг холбоод өгөх юм.

Монголд зохиогчийн эрх, Оюуны өмчийн тухай хууль байгаа шүү дээ. Гол нь хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхийн тулд эздийг нь тодорхойлох ёстой. Тэр тогтолцоог л бүрдүүлж өгөх хэрэгтэй байх даа.

-Та Кино урлагийн дээд сургуульд багшилж байгаа юм билээ. Шавь нартаа юуг хамгийн их захиж байна вэ?

-Ямар нэг зүйл хийгээд, түүндээ бардаж, ханах биш, улам ихийг бүтээхийн төлөө тууштай бай гэж захидаг.

-Олон ажил давхар хийж байгаа хүнд бухимдах үе гардаг л байлгүй. Бухимдлаа хэрхэн тайлдаг вэ?

-Би нэг их бухимдаад байдаггүй хүн. Миний аз жаргалтай өдрүүд арай олон юм болов уу даа. Үүнд хийдэг ажил минь нөлөөлдөг байх. Дуу, хөгжим гэдэг хүний сэтгэлийн мяндсан чавхдасыг хөглөж байдаг. Хүн чинь хөгтэй шүү дээ. Хүн хөггүй болох тусмаа хөгийн болдог.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.244.117 сайхан ярилцлага болжээ... Томоо ахдаа ажил хөдөлмөр, уран бүтээлийн өндөр их амжилтыг хүсье. Мөн эрүүл энх байж энэ дэлхийн бүх хүмүүсд эх дэлхийн хайрыг түгээж яваарай... амжилт