ӨРХИЙН НОГООЧИД УРГАЦЫН ДЭЭЖЭЭ ДЭЛГЭВ

2015 оны 09 сарын 17

Сүхбаатар дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойн “Алтан намар 2015” арга хэмжээ зохион байгуулав. Тус дүүргийн дөрвөн хорооны 220 өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, даршилсан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа явуулсан юм. Дүүргийн ЗДТГ, “Дэлхийн зөн”, “АДРА Монгол” олон улсын байгууллага, хороодын ажлын алба хамтран 1998 оноос иргэдийг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор дүүргийнхээ өрхийн аж ахуй эрхлэгчдийг дэмжиж эхэлжээ.

Мөн 2012 онд тус дүүргийн ЗДТГ дээрх олон улсын байгууллагуудтай санамж бичиг байгуулан “Өрхийн тогтвортой тариалан” төсөл хэрэгжүүлж буй. Уг төсөл нь нийслэлийн захын гэр хорооллын иргэд, тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдэд газар тариалан эрхэлж, орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах зорилготой юм.

“Сүхбаатар дүүргийн хэмжээнд хүлэмжийн болон бусад хэлбэрээр хүнсний ногоо тариалдаг 3000 орчим иргэн байдаг аж. 40 гаруй нэр төрлийн хүнсний ногоо тариалсан, XVI хорооны иргэн Ж.Наранцэцэг “Өнгөрсөн жилүүдийг бодвол энэ зун гантай байлаа. Гэсэн ч гэр бүлийнхээ тасралтгүй хөдөлмөрөөр ургац арвин хураасан. Манайх 360 ам метр эдлэн газартай. Хашаандаа гүний худаг, таван хүлэмжтэй, 40 гаруй нэр төрлийн хүнсний ногоо тариалдаг. 17 дахь ургацын баяртаа зориулж хүнсний ногоо, даршилсан бүтээгдэхүүний дээжээсээ худалдаж байна” гэлээ. “Алтан намар 2015” ургацын баяраар хүнсний ногоонууд ямар үнэтэй байгааг сонирхлоо.

Э.ДОЛГОРСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД