Т.БАТТУЛГА: АЙЛД ОРООД АВДРЫГ НЬ Л ХАРДАГ

2015 оны 09 сарын 16

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн, арьсан урлаач Т.Баттулгын урланд зочиллоо. Урланд арьсаар урласан сонин содон бүтээлүүд бишгүй. Багахан хэмжээний музей шиг санагдлаа. Арьсаар урласан том, жижиг авдруудыг газраар зэрэгцүүлэн өрж , хальт харвал сийлбэр мэт харагдах бүтээлүүдээ хананд өлгөжээ.

Түүний бүтээлүүд “Чухам юуг өгүүлэх гэсэн юм бол” гэсэн сониуч хүслээр над шиг олон үзэгчийг өмнөө торгоодог болов уу гэсэн бодол төрөв. Магадгүй энэ нь этгээд зохиомжоос нь үүдэлтэй байх.

-Ер нь ямар урсгал чиглэлээр бүтээлээ туурвидаг вэ?

-Уран бүтээлээ сюрреализм чиглэлээр туурвидаг. Нэг ёсондоо сэтгэлгээ болоод төсөөллийн чөлөөт байдлыг илүү эрхэмлэдэг. Миний бүтээлээс юуг ч олж харж, мэдрэх боломжтой. Заавал зураачийн санааг олж харж, тэр чигээр нь хүлээж авна гэсэн хууль байхгүй.

Өөрөөр хэлбэл, зургийг үзэгч хараад өөрийн оюун санаа, мэдрэмжиндээ үргэлжлүүлэн зурдаг гэмээр. Энэ чиглэлийг арьсан урлагт нэвтрүүлэхийг зорьж явна. Хүмүүс ч их сонирхож байгаа.

-Арьсан урлалын мэргэжлээр ямар сургууль төгссөн бэ?

-1983 онд Налайхын нэгдүгээр 10 жилийг төгссөн. Тэгээд Дүрслэх урлагийн сургуульд Арьсан урлалын чимэглэгч, зураач мэргэжлээр суралцсан. Түүнээс хойш 20 гаруй жил энэ төрлөөр уран бүтээл туурвиж байна.

-Арьсан урлаг манай оронд хэр хөгжиж байна вэ. Хүмүүс энэ урлагийг ойлгож, хүлээж авах нь хэр байдаг бол?

-Түлхүүрний оосор, үзэгний гэр, бүс, ханын чимэг гэх мэтийн гоёл чимэглэлийн зүйл их хийх болж. Илүү арилжааны чиглэлээр хөгжсөн юм шиг санагддаг. Зүгээр л нэг шир аваад дээр нь юу дуртайгаа зурчихдаг. Уг нь тэр арьсыг өөрийг нь урлаг болгож байж арьсан урлаг болох ёстой юм. Арьс их гоё материал. Манай оронд арьсан урлаг хөгжих бүрэн боломжтой.

Мал аж ахуй эрхэлдэг учир арьсны түүхий эдийн хувьд ч сонголт арвин. Арьсан эдлэлийг ч хэрэглээд сурчихсан улс. Социализмын үед арьс ширний ганцхан том үйлдвэртэй байлаа. Түүхий эдээ хамаагүй гаргадаггүй, сургалтад зориулж хэдэн арьс олгодог байсан. Одоо хувийн үйлдвэрүүд олон болсон. Тэндээсээ арьсаа авчихна. Хамгийн гол нь хүн өөрөө хөдөлмөрлөөд сэтгэж чадвал арьсаар юуг ч хийж болно.


-Таны бүтээлийг ажиглахад хар бор өнгө зонхилж, ихэнхдээ хүн амьтныг дүрсэлсэн байх юм.

-Аливаа уран бүтээлч өөрийн гэсэн арга барил, дүрслэгдэхүүнтэй байдаг. Тэр чанараараа ялгарч байгаа байх.

-Арьсаар бүтээл хийхэд цаг хугацаа их ордог байх даа.

-Тэгэлгүй яахав. Ямар нэгэн гадны нөлөөгүйгээр арьсаа өөрөөр нь хатаах хэрэгтэй болдог. Хатахаас нь өмнө бүх нарийн нугалаа бүртээ чамбай ажиллана. Хатсанаас хойш хуниас нугалааг засах, өөрчлөх боломжгүй шүү дээ.

-Таныг хуучирч муудсан эртний авдрыг арьсаар бүрээд “янзын эд” болгочихдог бас авдар цуглуулдаг хообийтой гэж дуулсан. Хэдийнээс авдар сонирхох болсон бэ?

-2006 оноос арьсаар авдар хийсэн. Надад 10 гаруй авдар бий. Яагаад ч юм бэ, айлд ороод авдрыг нь л хардаг. Хүнд хийж өгснөө тооцвол бараг 1000 хол давсан байх шүү. Дорноговь аймгийн Хамрын хийдэд Говийн догшин хутагт Данзанравжаагийн эдлэж хэрэглэж байсан зүйлсийг Түдэв гэдэг өвгөн модон авдарт хийгээд, гадуур нь арьсаар бүрэн агуй болон газарт булчихсан байсныг хожим гаргаж ирэхэд маш сайн хадгалагдсан байсан гэдэг. Тэрнээс санаа авсан.

Эрт дээр үеэс өвөг дээдсийнхээ тахин шүтэж ирсэн энэ зүйлийг өөрийн эзэмшсэн мэргэжлээ ашиглаад урлагийн бүтээл болгоё гэж шийдсэн.

-Тань шиг арьсаар авдар урладаг хүн байдаг болов уу?

-Байдаг. Гэхдээ маш цөөхөн.

-Зураач, урлаач хүний хувьд өөрийнхөө амьдралыг өнгөөр илэрхийлбэл ямар өнгө сонгох бол?

-Би аливааг хийхдээ их тэсрэлттэй, өвөрмөц шийдлээр хийх дуртай. Тиймээс хурц өнгийг л сонгоно.

-Яруу найрагч хүмүүс онгод орлоо гэж ярьдаг. Түүн шиг зураач, урлаачийг сайхан бүтээл туурвихад онгод нь хөтөлдөг болов уу?

-Мэдэхгүй. Зарим үед гэнэт сэдэв орж ирэх нь бий. Тухайн агшинд нь шууд цаас аваад зурдаг, тэгээд тэр нь сайхан бүтээл болох тохиолдол олон. Хүнтэй яриад сууж байтал шинэ санаа, сэдэл төрнө, түүнийгээ ургуулан бодно, төсөөлнө. Заримдаа орж ирсэн санаагаа бушуухан буулгах гэж яардаг. Үүнийг л л онгод гэх байх.

-Таны хамгийн хайртай бүтээл аль вэ?

-“Тэнцвэр” гээд бүтээл бий. 2010 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүд оролцсон “Намар” үзэсгэлэнгээс шилдэг бүтээлээр шалгарсан. Нэг өдөр гэртээ сууж байтал санаа нь орж ирсэн. Шууд л цаас харандаа аваад зураад тавьчихсан. Ажлаас ирэх бүртээ зассаар байгаад ийм бүтээл болгосон доо.

-Энэ бүтээлээрээ юу хэлэхийг хүссэн бэ?

-Амьдрал дээр олон зүйл тэнцвэрт харилцаан дээр тогтдог. Байгаль, нийгэм, бие махбодийн гээд л. Энэ зургаараа хүний бие махбодийн тэнцвэрт байдлыг харуулахыг зорьсон.

-Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Хийморь” нэртэй морины сэдэвтэй бүтээл хийж байна.

-Дээр үед авдаргүй айл гэж байдаггүй байсан. Хамаг нандин гэсэн бүхнээ авдартаа л хадгалдаг. Тийм ч учраас эд баялаг оршин тогтнох, эд юмсыг бат найдвартай хадгалж хамгаалах, муу муухай зүйлээс ангижрахын бэлгэдэл хэмээн дөрвөн хүчтэнийг дүрсэлсэн байдаг. Орчин үеийн хүмүүс авдар дээрээ юу дүрслүүлэхийг хүсэж байна вэ?

-Авдар гэдэг чинь аваад, дар гэсэн утгатай үг шүү дээ. Зарим хүмүүс авдрыг даллаганы уут ч гэж ярьдаг. Тийм учраас хамаг нандин бүхнээ хадгалдаг. Одоо хүмүүс янз бүрийн хээ хийлгэхийг хүсдэг. Зарим нь өөрийнхөө жилийг ч хийлгэх тохиолдол ч бий.


-Арьсаа сонгохдоо юуг нь чухалчилдаг бол?

-Тухайн бүтээлийнхээ зохиомж, санаанд тохируулан сонгож, захиалдаг. Зузаан, нимгэнийг нь хүртэл харна. Арьс үнэтэй материал учраас маш болгоомжтой, зөв ажиллахгүй бол эрсдэлтэй.

-Нэг авдар хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-14 хоногт нэг хос авдар хийдэг. Ер нь бүтээлийн хэмжээ, загвар, зохиомжоос хамаараад хугацаа нь харилцан адилгүй.

-Арьсан урлагийг сонирхож буй залууст хандаж юу хэлмээр байна?

-Хамгийн гол нь залуус маань сургуулиа төгсөөд уран бүтээл гэхээсээ илүүтэй худалдааны чиглэлээр явчихдаг. Эрсдэлээс айгаад байх шаардлагагүй. Юу л хийе гэж бодно түүнийгээ хийж байх хэрэгтэй. Арьс үнэтэй материал болохоор хүн авахгүй бол яах вэ гэсэн айдсаасаа болоод сайхан санаа орж ирсэн ч бүтээл болгохгүй байх тохиолдол олон.

Арьс авахын оронд ширээр түлхүүрийн оосор хийгээд зарвал хурдан борлогдоно гэсэн бодол байдаг бололтой. Ийм зүйл хийж болох ч хажуугаар нь уран бүтээлээ хаяхгүй байх нь чухал. Манайд материалын сонголт арвин. Би Монгол хүн болж төрсөндөө үнэхээр бахархдаг. Тэр тусмаа арьсан урлаач мэргэжил эзэмшсэндээ бахархдаг.

- “Час хийсэн” сайхан санаа орж ирсэн ч тэр хэвээрээ бүтээл болон амилахгүй байх тохиолдол хэр олон байдаг бол?

-Байлгүй яахав. Гэхдээ болохгүй, бүтэхгүй гэж шантарч болохгүй. Нэг санаа олоод түүгээрээ уран бүтээл хийж байх үед дараагийн санаа төрж байдаг нь гайхалтай. Жишээ нь, арьсаар юм хийж байх үед нэг нугалаанаас ч гэсэн шинэ санаа орж ирэх үе тохиолддог.

-Арьсаар урлахын хэцүү нь юу вэ?

-Хамгийн гол нь уйгагүй, тэвчээртэй байх хэрэгтэй. Арьсаа норгоод суусан л бол хаттал нь түүнтэйгээ зууралддаг. Зуны цагт 2-3 хоногийн дотор хатчихдаг бол өвөл 4-5 хоногоос наашгүй. Бүтээлээ дууссаны дараа хараад суух хамгийн сайхан.

Нэг том эрсдэл нь арьс хатсан л бол алдаа гаргалаа гэхэд дахин засаж, залруулах аргагүй. Тиймээс ерөнхий зураг, зохиомжоо маш сайн гаргадаг байх хэрэгтэй.

-Зураач, яруу найрагч хүмүүсийг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Магадгүй л юм. Уран бүтээлч хүмүүсийн сэтгэлгээ нь их өвөрмөц, юмыг олж харахдаа мэдрэмтгий байдаг. Энэ чанараараа л ялгардаг болов уу гэж боддог. Энэ бол мэргэжлийн онцлог. Би шавь нартаа “Та нар уран бүтээлч хүн бусдаас өөр байдаг гэж үзэж байвал, үнэхээр ялгарахыг хүсэж л байвал уран бүтээлээрээ л ялгар” гэж захидаг.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.190.129 Үнэхээр мундаг уран гартай өвөрмөц сэтгэлгээтэй залууд ажлын амжилт сайн сайхныг хүсье, Айл бүхэн авдартай болох хэрэгтэй дээ.
162.210.195.32 Uneheer saihan. Argagui l mongol uhaank