КАЙ ХОЛМ: МОНГОЛ ОРНЫ СОЁЛ, УЛАМЖЛАЛЫГ ҮНЭХЭЭР БИШИРЛЭЭ

2015 оны 09 сарын 15

Олон улсын мастеруудын анхдугаар наадам энэ сарын 11-13-нд нийслэл хотноо болж өндөрлөсөн билээ. Энэ үеэр Дэлхийн мастеруудын холбоо (IMGA)-ны ерөнхийлөгч, Дани улсын иргэн Кай Холм манай улсад айлчилсан юм.

Олон улсын олимпийн хороо (IOC)-ны гишүүн, Данийн үндэсний олимпийн хороо (NOCSCD)-ны ерөнхийлөгч... зэрэг томоохон албан тушаалыг хашиж явсан түүнтэй ярилцлаа.

-Ноён Кай, юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Бүгдийг нь яривал урт түүх болно. Товчхондоо бол спортын ертөнцөд ороод тавь гаруй жилийн нүүр үзэж байна. Залуудаа усанд сэлэлт, усан поло, хөлбөмбөг, гандбол, хоккей, цанын спортоор хичээллэж байсан. 50-иад оны сүүлч, 60-аад оны эхээр хөлбөмбөг, хоккейн төрлүүдээр Данийн лигт тоглож явлаа. Харин сүүлийн дөчин жилийн турш гольф л тоглож байна даа.

Өдгөө миний бие Дэлхийн мастеруудын холбоог тэргүүлдэг. Данид төрсөн, одоо Испанид амьдардаг, харин оффис маань Швейцарьт байрладаг.

-Манай оронд анх удаа ирж байна уу?

-Нуулгүй хэлэхэд арваад жилийн өмнө интернэтээс л Монголын тухай мэдээлэл авч байснаас өөр төсөөлөлгүй онгоцноос буусан. Харин өөрийн нүдээр харсны дараа танай орны соёл, уламжлалыг үнэхээр биширлээ. Ер нь би очсон улс болгоныхоо түүх, соёлтой аль болох гүнзгий танилцахыг хичээдэг.

-Монголын тамирчдын тухай хэр зэрэг мэдэх вэ?

-Канадын Квебект болсон Мастеруудын наадмын үеэр анх Монголын тамирчидтай танилцах завшаан тохиосон. Тэрхүү наадмаас монголчууд хэд хэдэн медальтай буцахыг хараад үнэхээр гайхсан шүү.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Ингэхэд Дани улсад ямар спорт түлхүү хөгжсөн бэ?

-Данийн хүн ам таван сая орчим. Европтоо цөөнд тооцогдоно. Манайд хамгийн их хөгжсөн, бараг үндэсний гэж хэлж болохуйц спорт бол хөлбөмбөг. 300 гаруй мянган хүн хөлбөмбөг тоглодог, үүнээс 3500 орчим мэргэжлийн тоглогчтой. Мөн усан спорт, гимнастик, гольф, гандбол, бадминтон, далбаат завь, талбайн болон ширээний теннис, морин спортын төрлүүд харьцангуй хөгжсөн.

-Таны намтрыг уншиж байхад 1992 оноос улсынхаа Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн юм билээ. Тэр жил Данийн хөлбөмбөгчид Европын аварга болж, дуулиан тарьсан байх аа?

-Үнэхээр гайхалтай үйл явдал болсон шүү. Тивийн аваргын сорилгод манайхан хэсэгтээ Югославын дараа орж, шигшээ тэмцээнд оролцох боломжгүй болоод байсан үе. Гэтэл Югославт дэгдсэн иргэний дайны улмаас тус улсын шигшээ бутарч, оронд нь биднийг “Евро 92”-т оролцуулах шийдвэр гаргасан.

Гэтэл “цагаан хуудсаар” орсон Данийн хөлбөмбөгчид учраа бүрээ ялсаар, аваргын төлөө дэлхийн аварга Германы багийг 2:0- ээр буулган авч түрүүлсэн удаатай. Гудамж талбайгаар дүүрэн хүмүүс баяраа тэмдэглэж байсан тэр мөчийг одоо ч тодхон санаж байна.

-Дараа нь та ОУОХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан...

-Тийм ээ, би бол Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдсон хоёр дахь дани хүн. Миний өмнө Данийн бадминтоны холбооны ерөнхийлөгч энэ нэр хүндтэй албыг хашиж байсан юм. Дашрамд өгүүлэхэд ОУОХ-нд Монгол Улсыг төлөөлж байсан олимпийн нэрт зүтгэлтэн Ш.Магван гуайг сайн танина. Бид ажил төрлийн төдийгүй найз нөхдийн харилцаатай байдаг.

-Дэлхийн мастеруудын холбоотой хувь заяагаа хэрхэн холбосон юм бэ?

-Мастеруудын хөдөлгөөн анх 1986 онд Канадад үүссэн. Миний хувьд 1989 оноос холбогдож, Дэлхийн мастеруудын холбоог байгуулахад гар бие оролцож явсан. Өнөөдөр жил болгон л томоохон тэмцээнүүд зохиогддог болж. Мастеруудын олимп гэж хэлж болохуйц “World Masters Games” дөрвөн жил тутам зохиогддог.

2013 онд Италийн Туринд болсон бол 2017 онд Шинэ Зеландын Оклендэд явагдана. Яваандаа олимпийн наадам хаана болно, түүнийг дагаад тухайн улсад Мастеруудын наадам зохиогдох юм. Тухайлбал “Токио 2020” зуны олимпийн дараа жил буюу 2021 онд Японд, “Бээжин 2022” өвлийн олимпийн дараа 2023 онд БНХАУ-д болно гэсэн үг.

Дэлхийн мастеруудын зуны тоглолтод ойролцоогоор 20 гаруй мянга, өвлийн наадамд 5000 орчим тамирчин оролцдог. Мөн Европ, Америк, Ази тивийн мастеруудын наадам, ОХУ, Монгол, БНХАУ-ыг хамарсан тэмцээнүүдийг зохиох талаар ярилцаж байгаа. Эдгээр тэмцээнд Монголын тамирчдыг идэвхтэй, амжилттай оролцоно гэдэгт итгэж байна.

Р.МАНЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.117.4 Мастеруудын тэмцээнд Засгийн газар ач холбогдол өгвөл спортын хөгжилд мөн ч гайхамшигтай өөрчлөлт гарна даа
203.91.117.4 Монголын мастеруудын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зохих хэмжээгээр дэм болох нь гарцаагүй
203.91.117.4 Монголын мастеруудын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зохих хэмжээгээр дэм болох нь гарцаагүй