Ашигт малтмалын газар хууль зөрчсөн үү?

2015 оны 09 сарын 14

Ашигт малтмалын газраас 2015.01.26-ны өдрөөс эхлүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн  дугаарыг цахимаар олгож буй үйл ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоолгохоор нэр бүхий 4 компани Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Эдгээр 4 компанийн нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэх шатандаа яваа юм байна. Хэрэв захиргааны хэргийн шүүхээс цахим дугаар олгож буй үйл ажиллагаа хууль зөрчсөн болохыг тогтоосон тохиолдолд 2015.01.26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгж байгууллагаас хураан авсан VPN төхөөрөмжийн үнэ болон цахим дугаар авахаар нэвтрэх эрхээ авахад төлсөн мөнгийг буцаан төлөх үү гэдэг асуудал босож ирэх нь дамжиггүй юм.

Ийнхүү цахимаар дугаар олгох үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газар цахимаар дугаар олгох үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ тогтоосон нийтээр дагаж мөрдөх ямар нэг журамгүйгээр уг үйл ажиллагааг явуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж нэхэмжлэгч компаниуд үзсэн байна. Хууль зүйн хувьд хэм хэмжээ тогтоосон гадагш чиглэсэн захиргааны шийдвэрийг яам болон агентлагаас гаргахдаа заавал хууль зүйн яаманд хянуулан бүртгүүлж төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлүүлсний дараа хүчин төгөлдөр болдог байна. Гэтэл Ашигт малтмалын газар нийтээр дагаж мөрдөх, заавал биелүүлэх хэм хэмжээ тогтоосон захиргааны шийдвэр буюу цахимаар дугаар олгох шийдвэрийг гаргасан боловч уг шийдвэрээ Хууль зүйн яаманд бүртгүүлэлгүй зөвхөн үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоосон Уул уурхайн сайдын тушаалыг бүртгүүлсэн байдаг байна.

Цахимаар дугаар олгож буй ажиллагаанд хэрэглэж буй VPN гэх төхөөрөмжийн үнийг Ашигт малтмалын газраас 280 000 төгрөгөөр тогтоон Аксэнэ айти суппорт ХХК-ийн Хас банк дахь дансанд тушаалгаж байгаа бөгөөд одоогоор 873 аж ахуйн нэгж уг төхөөрөмжийг худалдан авсан талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Гэтэл уг төхөөрөмж нь  www.yubico.com/products/yubikey-hardware/ вэбсайт дээр 25 ам.долларын үнэтэй байгаа нь иргэдийг дэндүү шулж байгаа шийдвэр болох ньхарагдаж байна. Гэтэл энэхүү 280 000 төгрөгийг иргэдээс гаргуулах шийдвэрийг төрийн аль нэг байгууллагаас гаргаагүй байдаг байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.146 Энэ юу ч биш. Программаар луйвардаж байвал яахав? Эрс шинэчлэл хөдөлгөөн удахгүй дэлгэнэ. Цахимаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож буй талаар шүүхэд хандаж буй хүмүүстэй холбогдмоор байна. https://twitter.com/ganbaatar1 02
150.129.140.4 ашигт малтмалын газар цахим дугаар гэж луйврын юм хийгээд байгаа хүн бүр л болохгүй байна гээд мэдээд байгаа боловч яаж ч чадахгүй байсан харин сайн юм болж амжилт