Гэртээ хооллодоггүй, архи, тамхи ХЭРЭГЛЭДЭГ ХҮН Л ХОТЫН ТАТВАР ТӨЛНӨ

2015 оны 09 сарын 10

Нийслэлийн татварыг аравдугаар сарын 1-ний өдрөөс авахаар хуульчилсан. Харин нийслэлийн ИТХ татвар ногдуулах хувь хэмжээг тогтоох юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболдтой ярилцлаа.

-Хот татвар авах болсныг иргэд таатай хүлээж авахгүй байна.

-Би хотын татварыг иргэд дэмжиж байгаа гэсэн ойлголттой байгаа. Энэ нь хотыг хөгжүүлэхийн тулд л авдаг татвар. Дэлхийн хотуудын жишиг ч тийм байдаг. Татвараар цуглуулсан хөрөнгийг хотын дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулахад зориулдаг.

Тэгэхээр үүнийг зорилтот татвар гэж болно. Монгол Улс нийслэл хотын татвартай болъё гэсэн ч батлалгүй байсаар өнөөдрийг хүрсэн. 2003 оноос хойш таван удаа ажлын хэсэг байгуулж, судалгаа хийж тухайн үеийнхээ Засгийн газар, УИХ-д өргөн барьж байсан. Гэвч баталж байгаагүй.

Харин одоогийн хотын захиргаа санаачилга гарган Хотын татварын хуулийг батлууллаа. Хуулиар хоёр бараа, дөрвөн төрлийн үйлчилгээнд татвар ногдуулж байгаа. Ерөнхийдөө согтууруулах ундаа, тамхи, амралтын газар, зочид буудал, баар, ресторан гэсэн зургаан зүйлд татвар ногдуулах юм.

Хуульд татварын хэмжээг 0-1 хувь байна гэсэн байгаа. Татварын дээд хэмжээ нь нэг хувь байна гэсэн үг. Харин хэдий хэмжээний татвар авах вэ гэдгийг нийслэлийн ИТХ тогтооно. Мөн татвар суутгагчийг бүртгэх журмыг тэд батална. Хувь хэмжээг тогтоогоод, журам батлагдсаны дараа татвар хураах аргачлалыг нь Татварын ерөнхий газар батлах юм.

-Татварын орлогыг хотын хөгжилд зарцуулах ч иргэдийн амьжиргаанд дарамт болно гэх хүмүүс бий?

-Хууль гаргах болсон төрийн бодлого нь согтууруулах ундаа болон тамхины хэрэглээг багасгахад чиглэж байгаа юм. Тиймээс борлуулалтанд нь татвар ногдуулна. Тэгэхээр хотын татвар нийтийг хамрахгүй. Хотын татварыг согтууруулах ундаа, тамхи хэрэглэдэг, буудалд орж, баар, ресторанаар үйлчлүүлдэг хүмүүс л төлнө.

Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс байнга ресторанд хооллож, амралтанд явдаггүй. Харин Улаанбаатар хотод ирж байгаа дотоод, гадаадын иргэд татварт хамрагдана. Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэж яриад байгаа. Тэр жуулчид Монголоос бусад улсад татвар төлдөг. Хотын хөгжлийн төлөө татварын эх үүсвэртэй болох нь зөв.

Тиймээс хотын иргэдээс бус Улаанбаатар хотод ирж байгаа хүмүүсээс татвар авах зохицуулалт хийсэн. Үүнээс гадна хүн худалдан авалтаасаа урамшуулал авах боломжийг ч нээж өгч байгаа.

-Тодруулахгүй юу?

-2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхлэх юм. Худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талон бүр урамшуулал, сугалаатай байна. Урамшууллын хувь хэмжээг худалдан авалтын үнийн дүнгийн хоёр хувь байхаар тооцож байгаа.

Талон дээр нь хотын албан татвар гэсэн тэмдэглэгээ байх бөгөөд татвар ногдох бараа, үйлчилгээнээс ч урамшуулал авах боломжтой. Саяхан “Баянзүрх” худалдааны төвд туршилт хийж, сайн дурын хүмүүсийг оролцуулсан. Арав гаруй хоног туршилт хийхэд хамрагдсан хүмүүсийн орлого нэмэгдсэн.

Тэгэхээр урамшуулалд хамрагдсан хүмүүсийн орлого нэмэгдэж, худалдан авагчид худалдан авсан зүйлийнхээ үнийн дүнгээс урамшуулал авна. Энэ нь төлсөн татвараа буцаагаад авч байгаа гэсэн үг.

-Хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл хангагдсан уу?

-Татвар суутгагчийг бүртгэх тооллого хийж байна. Мөн худалдаа, үйлчилгээний газруудыг кассын машинтай болгох ажил ч үргэлжилж байна. Энэ сарын 28 гэхэд бэлтгэл ажил дуусна. Согтууруулах ундаа, тамхи онцгой албан татвартай бүтээгдэхүүн. Энэ хоёр барааг бөөнөөр болон жижиглэнгээр худалддаг газруудын бүртгэл, мэдээлэл Татварын ерөнхий газарт байдаг.

Одоо хотын албан татвар гэдэг төрлөөр нь бүртгээд, тусад нь тайлан гаргуулах л асуудал бий. Бид хүн амын төвлөрөл, цэгүүдийн судалгааг гаргачихсан байгаа. Судалгаан дээр үндэслээд нийслэлийн ИТХ татварын хувь хэмжээг тогтоох юм.

-Хотын татварыг иргэд эсэргүүцвэл Үндсэн хуулийн цэц дээр уначих юм биш биз дээ?

-Бидний ойлгож байгаагаар УИХ, хот зөв татвар тогтоосон. Хотын иргэдийн нуруун дээр биш, жуулчид руу л чиглэсэн татвар. Гэхдээ хэн Цэцэд хандаж, байдал яаж эргэхийг таах боломжгүй шүү дээ.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 xm, gaduur hoollodoggui hun gej bhuu? esvel mongolchuud yaduu bolohoor restaurant orj chadddaggui uchir, sanaa zovohgui bj bno gsn uguu? tsainii gazruud ch bas l tatvar neheed ehelne.