Б.ХАНГАЛ ШИЛДЭГ ГУРАВТ ШАЛГАРЧ, ЦОМ АВЛАА

2015 оны 09 сарын 09

Сүүлийн жилүүдэд ой тогтоолтын спортоор хичээллэгч хүүхэд залуус олширчээ. Манай улс энэ спортоор Азид тэргүүлэх болсон. Өнгөрсөн сард Хонконгод болсон Азийн аварга шалгаруулах ой тогтоолтын уралдаанаар үүнийг дахин баталсан.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк улсын нийслэл Анкарад болсон соробан сампин болон түргэн бодолтын уралдаанд монголчууд амжилтын буухиагаа үргэлжлүүллээ. Энэхүү тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчин Б.Болд-Эрдэнэ, Б.Хангал, С.Чинбаатар , Б.Ариунзаяа , Б.Бат-Эрдэнэ нар оролцож, тэмцээний эхний өдөр болсон соробан сампин төрөлд олон орны 256 хүүхэдтэй өрсөлдөж, бүгд медалийн эзэн болжээ.

10 настай Б.Хангал шилдэг гуравт шалгарч, цом хүртсэн байна. Дараагийн өдөр 87 тамирчны дунд болсон найман оронтой хоёр тооны үржвэр, 10 оронтой 10 тооны нийлбэр, флаш анзан буюу дэлгэцэнд маш хурдтай гарч өнгөрөх тоог нэмж бодох, язгуур гаргах зэрэг төрөлд манай тамирчид медаль хүртжээ.

Мөн энэ үеэр насны хязгааргүй болсон “Хүн хуанли” төрөлд Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар тэргүүлж, Монгол Улсын баг нийт хоёр цом, 13 медаль хүртсэн амжилт үзүүлэв.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.20 MUNDAG YUM AA. MONGOL HUNII OYUN UHAAN BOL UNEHEER BISHIERMEER SHUU!