ДОМОГТ И.ИЛИАДАСЫГ СӨХРҮҮЛСЭН МОНГОЛ ХҮЧТЭН

2015 оны 09 сарын 08

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн алдарт уяач Лхагвасүрэнгийн гурван хөвгүүн Үйтүмэн, Шинэбаатар, Отгонбаатар нарыг монголын бөх сонирхогчид андахгүй сайн мэднэ. Хоёр ахыг нь монголчууд эчнээ мэдэх тул энэ удаад товч өгүүлж, монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлыг татсан бага дүүгийнх нь талаар уншигчдадаа өгүүлэхийг зорилоо.

Дашрамд сонирхуулахад эднийх бөхийн үүдтэй айл юм. Хүргэн нь хүчит гарьд Б.Гончигдамба бол үеэлүүд нь аймгийн арслан Ц.Нямдорж, аймгийн начин Ц.Баасандорж, цэргийн начин А.Мөнхболд нар билээ.

Ардын хувьсгалын 80 жилийн ойн наадам. Дөрвийн давааны төгсгөлд улсын начин Б.Одхүү Булганы Ц.Цогтжаргалыг амлаж Хөвсгөлийн Х.Мөнхбаатар, Архангайн Л.Үйтүмэн нар тунан барилдаж байлаа. Танхимын барилдаанд хоёр ч удаа учраа таарч байсан тэд улсын наадмын хариуцлагатай даваанд шовхоо үзэхээр тунасан нь энэ.

Хоёр залуу харгүй сайхан барилдаад Х.Мөнхбаатар давж улмаар начин цолд хүрч байв. Хойтон жилийнх нь наадмаар Л.Үйтүмэн мөн л гурав давж дөрвийн нугалаанд шилдэг заан Д.Сумьяабазартай учраа таарч унаснаар түүний наадам өндөрлөсөн юм.

Хүнд бэртлээс шалтгаалж идэр залуудаа барилдах боломжгүй болсон Л.Үйтүмэн арслан улсын наадамд хоёрхон удаа барилдахдаа хоёуланд гурав давж төрийн наадмын түрүү бөхчүүдэд шороодож байжээ. Мөн анагаахын барилдаан буюу аймаг цэргийн цолтны барилдаанд ч дээгүүр барилдаж олон удаа үзүүрлэж, шөвгөрсөн гэдэг.

2007 оны сар шинийн аймаг цэргийн цолтны барилдаан. Гурвын даваанд түмэн олондоо “уран гараат” хэмээн алдаршсан аймгийн арслан С.Намхай нутгийн бөх, сумын заан Л.Шинэбаатарыг амлан барилдаад тахим буулгаж байв. Ахмад арслангийн хишгийг хүртсэн Л.Шинэбаатар хожмоо аймгийнхаа баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн төдийгүй улсын цолд нэрлэгдсэн шилдэг арслан болсон билээ.

2013 оны наадмын сорилго барилдаан. Уг барилдааны нэгийн даваанд Хэнтий аймгийн арслан Э.Оюунболд Архангай аймгийн харьяат сумын заан Отгонбаатартай учраа таарчээ. Хоёр бөхийг гарч ирэхэд бөх үзэгчдийн дийлэнх нь төдий л тоосон шинжгүй байлаа. Арга ч үгүй биз, нэгэнт тодорсон идэр залуу аймгийн арслантай жирийн сумын заан таарсан байхад юунд гайхаж харах билээ.

Гэсэн ч хоёр бөхийн барилдаан тун тэмцэлтэй өрнөхөд үзэгчдийн анхаарал тэдэн лүү шилжиж “Энэ шөрмөслөг хүү чинь Архангайнх гэв үү, нөгөө Шинэбаатарын дүү юм гэнэ” гэлцэж байлаа. Өнөө “жирийн” сумын заан маань аймгийн арсланд барьц сонгуулсан ч дагуулж хөмрөөд давснаар үзэгч олонд өөрийгөө таниулсан юм. Энэ барилдаанд унасан Э.Оюунболд тэр зунаа улсын харцага цолд хүрсэн билээ.

Шинэхэн арсланг шороодуулсан жилээ аймгийнхаа наадамд Баянхонгорын Б.Бат-Орших арслангаар тав давж “аймгийн начин” болсон тэрээр өнгөрсөн жил Өмнөговь аймгийн баяр наадамд долоо даван үзүүрлэж начин цолоо заанаар сольжээ. Шинэ заан жүдо бөхөөр дөмөг барилддаг гэдгээ тив дэлхийн чанартай цөөнгүй тэмцээнд баталсан бөгөөд илүү олон хүнд танигдсан нь Инчёны Азийн наадам байсан болов уу. Азийн наадмын жүдо бөхийн 90 кг-ийн жинд барилдсан тэрбээр хүрэл медаль хүртэж улсынхаа далбааг мандуулж байлаа.

Энэ үед бөх шимтэн үзэгчид “Архангайн Л.Отгонбаатар ч жүдогоор хоосонгүй юм аа” гэцгээж байсан юм. Түүний удаад өнгөрсөн наадмын өмнөхөн болсон Улаанбаатарын гран при тэмцээнд алтан медалийн төлөө БНХАУ-ын бөх Чэн Жухотой хүч үзэж удтал хүч үзсээр үүрэх мэхээр гайхамшигтай ялалт авч монгол түмнээ ахин баярлуулсан юм.

Түүний үүрээ тухайн тэмцээний шилдэг мэхүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож, өөрөө харин монголын шилдэг бөхчүүдийн тоонд зүй ёсоор орох ёстойгоо баталсан билээ. Гран при тэмцээний аварга, аймгийн заан Отгонбаатар маань аймгийнхаа наадамд зодоглож олон шилдэг бөхийг шороодуулан долоо давж заан цолоо батлаад түрүү бөхөд тахим буулгажээ.

Цолоо ахиулж чадаагүй ч цойлж барилдах боломж, цол нэмэх нас түүнд бий. Ах нарынхаа хүрээгүй цол, даваагүй давааг давах авьяас бий учраас санаа чилээх хэрэггүй биз ээ.

Хэдхэн хоногийн өмнө болсон жүдо бөхийн ДАШТ-д монголын баг тамирчдыг явахад бөх сонирхогчид медалийн тавцанд хэн зогсож, хэн сайн барилдах тухай ам уралдан ярилцаж байлаа. Тэд олимп, дэлхийн аваргууддаа найдаж, онцгойлж заримыг нэрлэж байсан Отгонбаатарыг төдий л ярихгүй байлаа.

Тэрбээр эхний тойрогт Шведийн Маркус Немантай учраа таарч үүрээд угсруулж ороож этэн цэвэр ялснаар монголчуудынхаа магнайд оч гэрэлтүүлсэн юм. Гэсэн ч хэдхэн хормын ард дэлхийн гурван удаагийн аварга Грекийн алдарт бөх Илиас Илиадастай оноолт таарсан тухай хүмүүс ярилцаж, зарим нь сэтгэлээрээ аль эрт ялагдаад харамсаж байлаа.

“Тахим буулгах дургүй” домогт Илиас Илиадас учраас арга ч үгүй юм. Гэсэн ч Отгонбаатар басч болохгүй, бас тооцооноос хасч болохгүй бөх гэдгээ харуулж нэмэлт цагт агуу аваргыг бусгаж тонгорон цэвэр ялж, шимтэй тулаан болдог 90 кг-д шинэхэн, сонихон, дөмөгхөн бөх төрснийг дэлхийд зарласан билээ.

Дараагийн тойргийн барилдаанд хэт яарч гэнэ алдан ялагдсан ч хойш хойшдын тэмцээнд бүгдийг цэвэр ялж, бүх дэлхийн аварга болох цаг удахгүй биз ээ. Мөн тэрбээр багийн барилдаанд олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Кубын Ашли Гонзалисыг үүрч шидэн вазари үнэлгээгээр ялсан бол, хагас шигшээд БНСУ-ын бөх, шинэ дэлхийн аварга Дон Хан Квакыг уран гоё үүрч цэвэр ялсан билээ. Аваргыг давж аварга болно хэмээн монгол түмэн хэлэлцдэг.

Хэдийгээр ганцаарчилсан төрөлд байр эзлээгүй ч, гэнэ алдаж медалиас мултарсан ч түүнийг дэлхий мэддэг боллоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.235.2 od ni guisen ym bailgvi dee harjil baiy daa
202.131.235.2 Таны хариулт ...өөрийнхөө бичсэнд хариулаад байх юмдаа
  • 2018 оны 09 сарын 25
202.131.235.2 Таны хариулт ...хаха
  • 2018 оны 09 сарын 25
202.131.235.2 Odoo harsan uu sda min
  • 2018 оны 09 сарын 25