Гуравдугаар сургуулийнхан баяр хөөртэйгөөр хичээлийн шинэ байрандаа орлоо

2015 оны 09 сарын 08

Нийслэлийн гуравдугаар сургуулийнхан өчигдөр шинэ барилгаа хүлээн авч, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд I-XII ангийн 51 бүлгийн 1800 хүүхэд хоёр ээлжээр хичээллэх аж. Үүнээс I ангид хамгийн олон буюу 320 гаруй сурагч бүртгүүлжээ. IX, XII болон зарим XI ангийнхан ээлжгүйгээр хичээллэх юм байна.

Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож ““Алтан булаг трейд” компанийнхан нийслэлийн төсвийг хүлээн суулгүйгээр, гуравдугаар сургуулийг хугацаанаас нь өмнө барьж, ашиглалтад орууллаа. Сүүлийн үеийн евро стандартын дагуу барьсан учир жишиг сургууль болж байна.

Цаашдаа сургуулиудыг энэ стандартын дагуу барихаар болсон” хэмээн онцолсон. Ахмад багш нар сургуулийнхаа нээлтийн ёслолд хүрэлцэн ирж тасалгааны тав, таван цэцэг бэлэглэсэн юм. Тус сургуулийн монгол хэлний багш А.Цэцэгмаа “Бид өнгөрсөн гурван жил олон бэрхшээлтэй тулгарлаа. Дөрөв болон 16 дугаар сургуулийн хэдхэн ангид олон ээлжээр хичээллэж байв.

Анги танхимын хүрэлцээ муу байсан болохоор сурагчид хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцож чадаагүй. Энэ жил ийм сайхан, шинэ сургуульдаа хичээллэх болсондоо багш ажилчид, сурагчид болон эцэг эхчүүд туйлын их баяртай байна” гэв.

XI бүлгийн сурагч Ж.Ану-Үжин “Надад урлаг болон спортын заал их таалагдсан. Өмнөх гурван жилийн хугацаанд өөр сургууль дээр төгсөлтийн баяраа хийсэн ах, эгч нар сэтгэл дундуур байсан. Ирэх жил бид өөрсдийн сургуульдаа хонхны баяраа хийнэ гэхээр гоё байна” гэлээ. Тус сургууль өнгөрсөн долоо хоногт ороогүй дөрвөн өдрийн хичээлээ I ээлжийн сурагчдын амралтаар нөхөж хичээллэхээр болжээ.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД