Ээлжит бус чуулган ХОЁРХОН ХОНОГ ХУРАЛДАХ УУ

2015 оны 09 сарын 08

УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр нээв. Хаврын чуулган завсарласнаас хойш хийж буй хоёр дахь ээлжит бус чуулган нь энэ болж буй юм. УИХ-ын даргын гаргасан захирамжид ээлжит бус чуулганыг энэ сарын 7-18-нд хуралдуулахаар тусгасан. Гэвч УИХ-ын Тамгын газраас гаргасан хэлэлцэх асуудлын дараалалд уг чуулганыг өнөөдөр хаахаар төлөвлөсөн байх юм.

“Намууд тохиролцоонд хүрэхгүй байна” хэмээгээд намрын чуулган хүртэл сайдын нөхөн томилгоогоо хойшлуулах гэж байсан Ерөнхий сайдыг УИХ-ын дарга “30 хоногт сайд нөхөн томилох хуультай. Хуулиа биелүүлнэ үү” хэмээн шахсан. Тэгвэл энэ “даалгавар”- ыг Ч.Сайханбилэг болон АН-ынхан давуулан биелүүлсэн байх нь.

Нэг ёсондоо бүх зүйлээ жин тан болгоод тохирчихсон, товчлуур дараад гүйцээ гэж үзсэнээс л хоёр өдөр хуралдахад хангалттай хэмээгээд ийм хуваарь хийсэн бололтой. Уг чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилж, Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, эсэхийг шийдэх юм.

...Сайд нөхөн томилоход асуудал гарахгүй байж болох ч Өршөөлийн хуульд тавьсан хориг дээр багагүй “зодоон” үүсэж мэдэхээр байна. УИХ дахь АНын бүлгийнхэн өчигдөр хуралдаад “Хоригийг хүлээн авна” гэдгээ мэдэгдсэн. МАН-ынхан ч ийм байр суурьтай байгаа...

Сайд нөхөн томилоход асуудал гарахгүй байж болох ч Өршөөлийн хуульд тавьсан хориг дээр багагүй “зодоон” үүсэж мэдэхээр байна. УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдөр хуралдаад “Хоригийг хүлээн авна” гэдгээ мэдэгдсэн. МАН-ынхан ч ийм байр суурьтай байгаа. Харин намын даргаа аврахын тулд хүчин зүтгэсэн ажил нь талаар болох нөхцөл үүсэхийг “Шударга ёс” эвслийнхэн, тэр дундаа МАХН-ынхан зөвшөөрөхгүй. Тиймээс тэд ямар нэг хариу үйлдэл үзүүлэх нь мэдээж.

Үйл явц өнөөдөр хэрхэн өрнөхийг харж байя. За юутай ч чуулганы хуралдаанд 42 гишүүн хүрэлцэн ирж, 55.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн. УИХын дарга Олон улсын парламентын спикерүүдийн хуралд оролцохоор яваад ирж амжаагүй байсан (тэрбээр өчигдөр орой эх орондоо ирсэн) учраас дэд дарга Р.Гончигдорж чуулганыг удирдсан юм.

УИХ-ын дэд дарга чуулганыг нээж “Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт Засгийн газрын гишүүн албан тушаалаас огцорч орон, гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилохоо заасан.

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт хууль, УИХ-ын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ түүнийг чуулганы хуралдааны үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална гэж заасан.

Иймд Засгийн газрын зарим гишүүнийг томилох болон Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ гэсэн. Үүний дагуу ээлжит бус чуулган хуралдахаар болж байна” гэлээ. Үүнээс гадна 25 жилийн өмнө, энэ сарын 9-ний өдөр Р.Гончигдорж УБХ-ын аргаар сонгогдож байсан аж.

Мөн гишүүн Д.Лүндээжанцан, Л.Цог, С.Баярцогт, Л.Болд, Д.Дэмбэрэл нар УБХ-д сонгогдож байсныг дурдаад баяр хүргэсэн юм. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг угтсан арга хэмжээ энэ сарын 11-13- нд болох аж.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД