Яг цагтаа

2015 оны 09 сарын 06

Сүүлийн үед улстөрчид овоо хариуцлагатай болоод байгаа гэнэ. Гэхдээ МАН-ын дарга М.Энхболдын ажигласнаар л шүү дээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл чуулганы хуралдаанд хоцорч ирчихээд “Тийм, би хоцордог юм” гээд хэнэггүйхэн хариулж, тэр нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн.

Үүнээс хойш манай түшээд “засрах” гэж хичээгээд л байгаа бололтой юм. МАН-аас Дээд шүүхэд бүртгэлтэй 22 намд урилга илгээж, улс оронд тулгамдаад буй асуудлаар “Үндэсний зөвшилцөл” хийе хэмээн хүсчээ. Өнгөрсөн пүрэв гаригт болсон уулзалтад 10 гаруй намын төлөөлөл ирсэн юм.

Уулзалтыг 11.00 цагт товлосон ч 10 минутын дараа эхэлсэн. Энэ үед М.Энхболд дарга “Сүүлийн үед Төрийн ордонд аливаа уулзалт, арга хэмжээ цагтаа эхэлдэг болсон. Ер нь 10 минутаас илүү хоцрохоо байсан шүү” хэмээн “бахдангуй” хэлсэн юм.

Уг нь 10 минут ч хоцрох ёсгүй л дээ. Гэхдээ 30 минут, цагаар хоцордгийн дэргэд аргагүй дэвшил биз ээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД