Шоушенкээс оргосон нь

2015 оны 09 сарын 06

Ийм нэртэй кинонд гардаг, шоронд хоригдож байсан Фрэнк Фрешоутерсийг 2015 оны тавдугаар сард Флоридагаас барьсан байна. Тэрбээр 55 жил, долоон сар, тав хоног нуугдсан юм санж. Оргоод ийм урт хугацаа өнгөрсний дараа түүхэнд хэн ч, хэзээ ч баригдаж байсангүй. Баригдчих вий хэмээн байнга болгоомжилж, Фрешоутерс үлгэр жишээ америк хүн шиг амьдарч чаджээ.

Ахмад жолооч 79 настай Уильям Коксын хаалгыг хүн тогшихоор нь нээтэл тойргийн цагдаагийн газрын даргын орлогч Бревард зэвсэглэсэн цагдаа нарын хамт зогсож байв. Орлогч дарга түүнд нэгэн залуу хүний хар цагаан зураг үзүүлээд “Та энэ хүнийг таньж байна уу” гэлээ. У.Кокс “Түүнийг харалгүй удаж байна” гэхэд, “Энэ бол та шүү дээ” гэв.

Зураг дээрх хүн үнэхээр тэр өөрөө байлаа. Уильям Кокс бол зохиомол нэр нь. Түүнийг олон жилийн өмнө Фрэнк Фрешоутерс гэдэг байв. Шоронгоос оргосноос нь хойш түүнийг 56 жил хайсан байна. Ийм удаан хугацаанд нуугдаж амьдарсан хүнийг барьсан тохиолдол АНУ-ын Маршалуудын албаны түүхэнд байгаагүй аж. Фрэнк Фрешоутерсийн намтар бодит амьдрал гэхээсээ киноны зохиолтой төстэй гэмээр.

Энэ намтар 1957 онд Охайо муж улсын Акрон хотоос эхэлжээ. Тэр үед энэ хот хөгжил цэцэглэлийнхээ ид үед байлаа. Машин техникийн дугуй, резинэн эдлэлийн гуравны нэгийг энд үйлдвэрлэдэг, “Goodyear”, “Firestone”-ийн төв байр тус хотод байв.

Есдүгээр ангийн боловсролтой Фрешоутерс резин хийдэг нэгэн үйлдвэрт ажиллаж байлаа. Армид алба хаачихсан, 24 настай Южин Флинт ч бас хамт ажиллана. Долдугаар сарын 30-ны шөнө Южин Флинт ажлаасаа бууж, ачааны машинаа тавьчихаад гэргий, гурван хүүхэд нь хүлээж буй гэртээ очихоор зам хөндлөн гарч явтал Фрешоутерсийн машин гэнэт гараад ирэв.

Тэрбээр цагт 80 км хурдалж явжээ. Флинтийн гэргий яг энэ үед гэртэй кофе бэлтгэж байсан бөгөөд ямар нэг юм цохих мэт чимээ гарахыг сонсоод цонх руу очтол нөхөр нь дээш хөөрөөд, унаж байхыг харав. Ю.Флинт амьсгал хураалаа. Ф.Фрешоутерсийг ч мэдээж баривчилсан байна. Шүүх түүнд таван жил тэнсэн харгалзах ял өглөө. Тэгэхдээ мань эр арга хэрэглэж байж жолоочийн үнэмлэхээ буцааж авч чаджээ. Үүнээс гадна Фрешоутерс амь үрэгдсэн хүний ар гэрийнхэнд алга тэнийлгэсэнгүй.

Бас харьяа газартаа ч бүртгүүлээгүй тул эдгээр зөрчлийнх нь төлөө түүнийг Мэнсфильдийн шоронд суулгасан байна. Энэ шорон “Шоушенкээс оргосон нь” киногоор олонд танил болсон юм. Асар том, зургаан давхар саарал цайз, энд алуурчин, хүчирхийлэгч, дээрэмчид хоригдоно. Харх, хорхой шавьжинд баригдсан, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй. Хоригдлууд өдөржин шөнөжин хийх юмгүй гиюүрнэ. Хоригдлууд нь нөхцөлийг нь голж гомдол гаргаснаар 1990 онд уг шоронг хаажээ.

Залуу Фрэнк Фрешоутерс дундаж түвшний харгалзаанд байх бөгөөд тэндхийн эмнэлэгт ажиллана. Түүнийг 20 жил шоронд хорих ял өгсөн юм. “Шоуненкээс оргосон нь” киноны гол баатар оргохын тулд олон жил газар ухаж, хонгил гаргадаг бол Фрешоутерс илүү хялбар зам сонгосон байна. Тэрбээр шаргуу ажиллаж, дэг журмыг сайн сахиж байв.

1959 оны есдүгээр сарын 1 болоход мань эрийг арай зөөлөн дэглэмд, зэвсэггүй харуултай байлгахаар тусгай комисс шийдвэрлэжээ. Түүгээр ч барахгүй Фрешоутерсийг ферм дээр ажиллуулах болов. Энэ байдлыг далимдуулан тэрбээр 1959 оны есдүгээр сарын 30-нд орголоо. Оргосныхоо дараах хэдэн өдрийг тэрбээр хэрхэн өнгөрөөсөн талаар ямар нэг мэдээлэл байдаггүй. Харин 1500 шахам км зам туулж, Флоридад очсон нь тодорхой байлаа.

Тэнд очоод шинэ нэрээр нийгмийн халамжийн карттай болсон байна. Тухайн үед ингэх боломж одоог бодвол илүү байж. Ийнхүү Фрэнк Фрешоутерс гэдэг залуу Уильям Кокс болжээ. Тэрбээр 1960 аад оны эхээр Баруун Виржини муж улсын Харрикейн гэдэг жижигхэн хотод суурьшив. Фрешоутерс нэг хүнийг үхтэл нь зодсон Акрон хотоос энэ нь 350 километр зайд байлаа. Кокс энд Жойс Уэйд гэх эмэгтэйтэй хамт амьдрах болжээ.

Тэд 13 жил эхнэр, нөхөр байж, хоёр хүүтэй болов. Фрешоутерс холын тээвэр хийж, завтай цагтаа мориор ачаа зөөнө. Бүх хүн биенээ мэддэг энэ хотод түүнийг “Ковбой” (адуучин) гэж дуудна. 1975 оноос байдал эвгүй болж эхэлжээ. Хамтран амьдрагч нь хүч хэрэглэх гээд байх боллоо гэж Ж.Уэйд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Харин цагдаагийн даргад байсан энэ тухай нарийн ширийн өгүүлсэн баримт нэгэн үерийн улмаас алга болсон аж.

Гомдлын дагуу цагдаа нар гэрт нь ирж нэгжлэг хийгээд тусгайлан бэлтгэсэн газарт нуугдсан Коксыг арай гэж олжээ. Энэ байдал сэжиг төрүүлснээс Коксыг баривчилж, хурууны хээг нь аваад хөрш муж улсад нь хүний амь бусниулсны улмаас эрж хайж байсан Фрэнк Фрешоутерс гэгч болохыг нь тодруулж орхих нь тэр. Тэр үед нуугдаад 16 жил болсон оргодлыг барьсан тухай мэдээлэл Баруун Виржини муж улсын амбан захирагч Арч Мурын сонорт хүрчээ.

Тэрбээр нэр хүндэд айхтар дуртай нэгэн байсан бөгөөд эрх баригчдадаа сайнгүй байлаа. Фрэнк Фрешоутерсийг дээш нь мэдэгдэхээс Мур татгалзав. Охайо муж улсын эрх баригчдад бичсэн захидалдаа тэрбээр Фрешоутерсийг тус мужид аж төрөх хугацаандаа ямар нэгэн хэрэг зөрчил гаргаагүй, өөрөөр хэлбэл, засарсан гэж үзэж буйгаа дурджээ.

“Манай тогтолцооны зорилго бол засан хүмүүжүүлэх, гэмт хэрэгтнийг өршөөх, нийгмээ хамгаалах явдал юм. Хэрэгтэй, хариуцлагатай хүн болохоо, нийгэмд ямар нэг аюул учруулахгүйгээ ноён Фрешоутерс сүүлийн 16 жилд батлан харуулж чадсан” гэж Амбан захирагч бичсэн байна. Фрэнк Фрешоутерс суллагдлаа. Уильям Кокс нэрээрээ Баруун Виржинидээ аж төрөх болов. 1980 онд нэгэн эмэгтэйг олж ханилаад долоон жилийн дараа Виржинийг бодвол дулаан уур амьсгалтай Флорида мужийн Мельбурнэд очлоо.

Хүү Жим нь ч удалгүй араас нь хүрээд ирэв. Жимийн яриагаар бол өнгөрсөн явдлын талаар энэ айлынхан ер ярьдаггүй байжээ. Кокс энд бас л ачааны машин барих болж, дараа нь тэд Альтманы гэр бүлийн эзэмшил газрыг хамгаалах ажил эрхлэх болов. Тэд Альтман нь одоо Флорида муж улсаасаа Сенатын гишүүнээр сонгогдоод байгаа гэнэ.

Энэ үедээ Кокс өөрийг нь мөрдөж мөшгиж байгаа гэж бодохоо болиод болгоомжлол сэрэмжээ алдсан гэж АНУ-ын Маршалын албаныхан үздэг юм. Кокс хээвнэг айх эмээх юмгүй ажиллаж, заримдаа хуучин муу машинаа ухаж төнхөж байх болжээ. 1999 онд гэргийгээ нас барснаас хойш нэг ёсондоо даяанч болж, хөрш айлынхантайгаа л хэдэн үг солих төдий болсон байна.

Сүүлийн 15 жил Кокстой ойр дотно явсан Ширл Читмэн гэдэг эмэгтэйн ярьснаас үзвэл тэрбээр гитар тоглох дуртай. Читемийн хүүхдүүд Коксыг Билл өвөө гэцгээнэ. Тавдугаар сард Фрэнкийг баривчлаад Охайо муж улсад өндөр настай гэмт хэрэгтнүүдийг хорьдог газарт аваачжээ. Гэртээ эсэн мэнд эргэж ирэх, торны цаана суугаад үлдэх хоёрын аль нь энэ хүнд оногдохыг одоо хэлэх боломжгүй.

Энэ талаар өнгөрсөн сарын 25-нд тусгай коммис шийдвэр гаргаж чадаагүй. 56 жилийн өмнө Фрэнк Фрешоутерсийн машины дугуйн дор амиа алдсан Южин Флинтийн хүү Ричард Флинт эхэндээ 79 настай “амьтныг” шоронд байлгаад ч яах юм билээ гэж байснаа ер нь хорих нь зүйтэй гэж хэлсэн аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД