Яагаад

2015 оны 09 сарын 06

Цэнхэр гариг дээр Хэд хоногийн өмнө яагаад ч юм бэ, сэтгэлд минь гомдол “хургаад”, тайлагдах янзгүй. Юунд, яагаад гомдоод байгаагаа мэддэггүй. Хүн бүрийн үг өргөс шиг хатгаад хэцүү санагдана. Ажилдаа ядарч, бухимдаад байгаа юм уу гэтэл үгүй. Тэгээд яагаад ингээд байгаагаа үнэхээр ойлгосонгүй. Ямартай ч бугласан хар гомдол, бухимдлыг “хагалж” байж л сэтгэлээ амраахгүй бол галзуурч магадгүй боллоо.

Ингээд чаддагаар нь хөөрхий муу ээжийгээ бас дүүгээ өдөж, өөнтөглөж байгаад “сайхан” хэрэлдлээ. Хэрэлдэх ч гэж дээ, баахан загнаж, муу үгээр утлаа. “Та нарын төлөө би ингэсэн, тэгсэн, гэтэл та нар...” гээд л буулгаж гарсан. Бас нулимс ч дусаасан. Ингээд өрөөндөө ороод, сэтгэлээ чагнатал өнөөх бугласан бухимдал тайлагдах нь битгий хэл, улам нэмэгдчихэж.

Тэгж тэсэрч, орилсны дараа жижигхэн ч гэсэн нүх гарч, онгойно гэж бодсон юм сан. Үгүй аж, харин ч бухимдал дээр гомдол нэмэгджээ. Гэрийнхэндээ гомдож байна. Айл бүрт өдөр бүр л тулгардаг асуудлаас болоод, уурлаж, дэргэдэх хүмүүсээ зовоох элдэв үг цухуйлгасан өөртөө илүү ихээр гомдож байна. Дараа нь ингэж шаналдгаа мэдсээр байж яагаад болчимгүй үг хэлчихэв гэж өөрийгөө зүхлээ.

Гэхдээ хамгийн хачирхалтай нь би яагаад өөрийгөө буруушаагаад байгаа юм бол. Би тэгж уурлаж, муу үг хэлнэ гэдгээ урьдаас төлөвлөсөн биз дээ. Санаатайгаар бүр гайхаж, гомдоосой гэсэндээ зориуд унагасан үг шүү дээ, уг нь. Гэтэл санасан хэргээ гүйцэлдүүлчихээд баярлах биш, гомдож, шаналаад байх юм. Яагаад? Ердөө ялахын төлөө, өөрийгөө зөвтгөхийн тулд бусдыг, тэр дундаа хамгийн ойр дотнынхоо хүмүүст бурууг тохож, уурлах, туних үе бишгүй л байдаг.

Гэхдээ над шиг зориуд шуугиан дэгдээж, хүн гомдоочихоод дараа нь шаналдаг нь байдаг болов уу. Шаналахын учир нь юу юм бэ, тэгээд бас яагаад би л сүүлд нь ингэж тэнэг байдалтай хоцорч байгаа юм бэ. Яагаад... Яагаад гэвэл би тэдэндээ хайртай учраас. Яагаад гэвэл эргэх хорвоо дээр хүн муу үг шиг муухай дотортой явж болдоггүй учраас ам зөрөлдсөнийхөө дараа бүгд л ингэж шаналдаг байх.

Одоо би ганцаараа ингэж шаналаагүй нь лав. Надад загнуулсан ээж, “ачлалгүй амьтан” гэж хэлүүлсэн дүү минь ч өөртөө “Яагаад” гэдэг асуулт тавьчихаад, нэгнийгээ тайтгаруулах арга бодож яваа. Яагаад гэвэл энэ хорвоог гомдсон сэтгэлээр туулж барахгүй учраас тэр.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.191 eegiigee zagnah sain zuil bish shuu