Сато Хироши: Улаанбаатарын ундны ус дэлхийд ховорт тооцогдохоор цэвэр ч дамжуулах хоолой бохирдуулж байна

2015 оны 09 сарын 04

2011 оноос хойш жил бүр Улаанбаатар хотын ундны усны бохирдол, нөөцийг судалж буй Японы “Чюогакүин” их сургуулийн Нийгмийн тогтолцооны судалгааны төвийн захирал, доктор профессор Сато Хирошитой ярилцлаа.

-Яагаад Улаанбаатар хотын ундны усыг судлахаар болсон юм бэ?

-Намайг анх 1996 онд Монголд ирэхэд МУИС-ийн Эдийн засгийн факултетын багш асан Т.Дорж гуай (одоо ШУА-ийн дэд ерөнхийлөгч) Туул голыг үзүүлж байлаа. Тэр үед усны асуудал миний сонирхлыг татаж, судалгаа хийх тухай бодсон.

Мөн Улаанбаатар хотын захиргаанаас “Хүн амын төвлөрөл ихсэх тусам ус болон агаарын бохирдол нэмэгдэж байна. Энэ талаар судалгаа хийгээч” гэсэн хүсэлт тавьсан. Ингээд 2011 оны тавдугаар сард судалгаагаа эхлүүлсэн.

-Манай нийслэлийн ундны ус хэр бохир байна вэ?

-Би усны химийн найрлага болон бохирдлын хэмжээг тогтоохоос илүү нийгмийн асуудал талаас нь судалдаг. Юунаас болж бохирдож, нөөц багасаж буйг судалж, эрдэм шинжилгээний ажил хийж байна. Манай улсын Гифү хотын ус НҮБ-аас “Амьд ус” гэсэн үнэлэмж авсан. Улаанбаатарын ундны ус үүнээс дутахааргүй, дэлхийд ховорт тооцогдохоор цэвэр.

Гэвч 50 гаруй жил шинэчлээгүй, зэв идэж, гэмтсэн дамжуулах хоолойгоор түгээж буйгаас ус бохирдож байна. Мөн аж үйлдвэрүүдийн хаягдал ч нөлөөлж буй. Хэрвээ дамжуулах хоолойгоо шинэчилбэл танай хотын иргэд дээд зэргийн цэвэр ус уух боломжтой.

-Та Улаанбаатар болон Японы Күмамото хотын ундны усыг харьцуулан судалдаг. Ялгаа байна уу?

-Улаанбаатар болон Күмамото хот усаа 100 хувь газрын гүнээс авч, хэрэглэдгээрээ ижилхэн. Тиймээс харьцуулж, судлахаар шийдсэн. Судалгаанаас үзэхэд Монгол Улс байгаль цаг уурын хуурай бүсэд оршдог учир гүний усаа нөөцлөхөд их бэрхшээлтэй. Тухайлбал, Күмамотод жилд 3000 мм хур тунадас ордог ба манай улсын хамгийн урт гол 300 км урсдаг.

Тиймээс бороо ороход уулын ус урсаад голын усны хэмжээг амархан ихэсгэдэг. Мөн борооны усаа газар тариалангийн талбайд хуримтлуулж, хөрсний гүн рүү шингээх болон далан босгож усны нөөцөө арвижуулдаг. Гэтэл Улаанбаатарын жилийн хур тунадасны дундаж хэмжээ 200 мм байна.

Түүнчлэн Туул гол гэхэд 704 км урсдаг, тал газар зонхилдог учир далан босгоод ч усаа хуримтлуулах боломжгүй. Гол ялгаа нь үүнд л байна. Иймээс иргэд усаа ариг гамтай хэрэглэхээс өөр замгүй.

-Ундны усаа 100 хувь гүнээс авдаг өөр орон байдаг уу?

-Дэлхийд гүний ус хэрэглэдэг орон олон бий. Газрын гадарга дээр ус байхгүй учир худаг ухаж гүний ус гаргадаг. Жишээлбэл, Бангладеш болон Африкийн олон орон ийм. Гэхдээ эдгээр орны усыг Улаанбаатар, Күмамотогийн устай харьцуулашгүй.

-Нийслэлийн усны нөөц хэр байгаа вэ?

-Улаанбаатарын усны нөөц ойрын 30-50 жил хүрэлцэхүйц байна. Гэхдээ барилга, байгууламж олширч, дэд бүтэц хөгжихийн хэрээр усны хэрэглээ ихэснэ. Үүнийг дан Туул голынхоо гүний усаар шийднэ гэвэл дээрх хугацаа багасах аюултай.

- Япон улс усаа яаж хамгаалж байна вэ. Бид гүний усаа хэрхэн хамгаалбал зөв бол?

-Күмамото хот гүний усаа хамгаалахын тулд Чикуго голын усаа гүнийхтэйгээ нийлүүлэн иргэддээ түгээж, хэмжээг нь тогтоон барьж байна. Усны бодлого хариуцсан байгууллагатай учир хэрэглээг хянаж, шийдвэрлэх аргууд боловсруулж буй.

Мөн иргэддээ зориулж усны талаар олон төрлийн сургалт зохиож, ном товхимол тараадаг. Танай улсын хувьд иргэд усны ашиггүй хэрэглээгээ багасгах, усны бодлого дээр анхаарах, үйлдвэрүүд бохирдсон усаа хөрсөнд шингээхгүй байх хэрэгтэй.

Цаашдаа уул уурхайн олборлолтыг хязгаарлах, усаа хамгаалах чиглэлийн хууль боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх нь зүйтэй. Хамгийн гол нь иргэддээ усаа хайрлаж, хамгаалах сэтгэхүй суулгах ёстой.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.16 ЗӨВ ШҮҮ
103.26.193.186 австри улсын хөнгөлөлтэй зээлээр УСУГ тай хамтран хэрэгжүүлэх ундны усны шугам хоолойг ухалгүйгээр доторлох төслийг хурдан хэрэгжүүлмээр байна.энэ төсөл аль хэдийнэ хэрэгжих байсныг манай тал ялангуяа яамдууд,хэрэг эрхлэх газар мөн ч их гацаасандаа...эн