2722 хүнийг 55 сая төгрөгөөр торгожээ

2015 оны 09 сарын 04

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөж эхлээд гурав хонож байна. Хууль хэрэгжсэнээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил эрс цөөрчээ. Уржигдар л гэхэд 37 жолооч ийм зөрчил гаргасан нь өмнөхөө бодвол цөөн тоо аж.

Энэ сарын 2-нд Замын цагдаагийн газарт нийт 400 дуудлага, мэдээлэл ирснээс зам тээврийн ослынх 282 байв. Зам тээврийн осолд 17 хүн өртөж, гэмтсэнээс явган зорчигч 12, хүүхэд долоо байжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг 118 дугаар сургуулийн урд замд “Daewoo” маркийн автобусны жолооч Т “Тоёота приус” маркийн автомашины жолоочтой мөргөлдсөний улмаас 10 настай эрэгтэй Б нарын таван хүн гэмтсэн байна.

Мөн тус дүүргийн III хорооны нутагт “Тоёота приус” маркийн авто машины жолооч О нь явган зорчигч таван настай хүүг мөргөж гэмтээжээ. Хүү ганцаараа явж байсан аж. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, энэ хуулийг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хүүгийн эцэг, эхэд хариуцлага тооцон, мөнгөн торгууль оногдуулах аж. Замын цагдаагийн алба хаагчид гудамж, замд шалгалт хийж, нэг өдөрт 2722 хүнийг 55.126.700 төгрөгөөр торгожээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.21.231 Сарын дараа, хагас жилийн дараа үр дүн харагдана. Тэр хүртэл тайван байцгаая!