Л.МЕССИ ЕВРОПЫН ШИЛДГЭЭР ХОЁР ДАХЬ УДААГАА

2015 оны 09 сарын 03

Өнгөрсөн пүрэв гаригт Европын шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслол болов. UEFA уг шагналыг тав дахь жилдээ олгож байна. Энэ жилийн шилдгийн төлөө Испанийн “Барселона” багийн Леонель Месси, Луис Суарес, “Реал Мадрид”-ын Криштиану Роналду нар өрсөлдсөн билээ.

Шагналын эзнийг UEFA-гийн гишүүн 54 орны спортын сэтгүүлчдийн санаалаар тодруулсан бөгөөд Л.Месси 49 хүний санал авч Европын шилдэг хөлбөмбөгчөөр хоёр дахь удаагаа шалгарав. Тэрбээр 2011 онд уг шагналыг анх олгоход хүртэж байсан юм.

Түүнтэй өрсөлдсөн багийн анд Л.Суарес гурван хүний санал авсан бол “Реал”-ын К.Роналду хоёр санал авчээ. Харин Европын шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр өнгөрсөн дэлхийн аваргаар гялалзаж, шилдэг мэргэн буучаар шалгарсан Германы шигшээгийн довтлогч Селиа Сашич тодорлоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД