ЭТИОП УЛС МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН ТУРШЛАГААС СУРАЛЦАЖ БАЙНА

2015 оны 09 сарын 03

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын Уул уурхайн яамыг төлөөлсөн найман хүний бүрэлдэхүүнтэй баг манай орны бичил уурхайн туршлагаас суралцахаар өнгөрөгч даваа гаригт иржээ.

Долоо хоногийн хөтөлбөртэй ирсэн тус төлөөлөгчид Монголд байх хугацаандаа төрийн болон төрийн бус байгууллагынхантай уулзаж, бичил уурхайг хуульчлах, албажуулах үйл ажиллагаа, эдийн засагт бичил уурхайн оруулж буй хувь нэмэр, бичил уурхайгаар олборлосон алтны худалдаа, сорьц тогтоох технологи, төрөөс бичил уурхайчдад эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа зэрэг ололт амжилтыг судлах аж.

Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо, Төв аймгийн Заамар суманд очин, бичил уурхайчдын төлөөлөлтэй уулзан, алтны уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн ажилтай танилцах юм байна. Үүнтэй холбогдуулан манай Уул уурхайн яамны холбогдох албан тушаалтнууд дээрх төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар манай улсын уул уурхайн болон бичил уурхайн салбарын өнөөгийн байдал, эрх зүйн орчны мэдээллийг сонсож, санал солилцсон юм. Энэ үеэр Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс дараах зүйлсийг тодрууллаа.

-Африкийн ихэнх улс газар дороо баялаг ихтэй гэдгийг бид мэднэ. Тэгвэл Этиоп улсын энэ салбарын хөгжил ямар түвшинд байгаа бол?

-Хоёр орны төлөөлөгчдийн уулзалт өнөөдөр (өчигдөр) эхэлж байна. Олон хоног туршлага солилцох учраас тус улсын уул уурхайн салбарын хөгжил, эрх зүйн орчин зэргийг улам сайн судална. Этиоп байгалийн баялгийн асар их нөөцтэй орны нэг.

Тус улсын бичил уурхайн салбарын томоохон хэсгийг алт олборлогчид бүрдүүлдэг юм байна. Энэ талаараа манай улстай нэлээд төстэй гэж хэлж болно. Мөн Этиоп улсад үнэт чулуу ихээр олборлодог. Экспортод гаргаж буй үнэт чулууны 98 хувийг бичил уурхайчид нь олборлодог юм байна.

-Монгол Улсын бичил уурхайн салбарын гол төлөөлөгч нь алт олборлогч жижиг компаниуд, хувь хүмүүс байдаг. Энэ салбарыг дэмжихийн тулд тусгайлан хууль хүртэл баталсан. Гэсэн ч Монголбанканд тушаах алтны хэмжээ дорвитой нэмэгдэхгүй байна. Шалтгааныг нь хэрхэн тайлбарлах вэ?

-Төр засгийн алдаатай бодлоготой шууд холбон тайлбарлаж болно. Монголбанканд нөөцлөгдөх алтны хэмжээ огцом буурсан нь 68 хувийн татвартай холбоотой байсан. 2000 оны эхэн үед Монголбанканд тушаасан алтны хэмжээ 20 тн-д хүрч байсан ч дээрх татвартай холбоотойгоор хоёр тонн болтлоо буурсан тохиолдол байдаг.

Мөн зарим компани алтыг хууль бусаар гадагш нь гаргасан. Тиймээс алтаа Монголдоо авч үлдэхийн тулд дээрх татварыг болиулах шийдвэр гаргасан нь маш зөв алхам болсон. Нөөц бага багаар нэмэгдэж байгаа.

-2015 оны эхний есөн сарын байдлаар Монголбанк ямар хэмжээний алт нөөцлөөд байгаа вэ. Мөн өнгөрсөн оны дүнг Этиоп улсынхтай харьцуулбал?

-Өнгөрсөн онд Монгол Улсын Төвбанк 13 тн алт нөөцөлсөн байдаг. Үүний 3.2 тн-ыг нь бичил уурхай эрхлэгч 100 хувь хүн тушаасан. Этиоп улсын хувьд 2014 онд Төвбанкандаа 12.5 тн алт хуримтлуулсан байна.

Үүнийх нь 25 хувийг бичил уурхайчид бүрдүүлжээ. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар Монголбанканд таван тонн гаруй алт тушаасан байна. Хэдийгээр энэ нь бага сонсогдож байж болох ч аж ахуйн нэгж, иргэд 9-11 сарын хооронд хамгийн их алт тушаадаг гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Тиймээс оны сүүл гэхэд өнгөрсөн оныхоос илүү их нөөц хуримтлуулсан байх боломжтой.

Г.БАЛЖИННЯМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД