БНЧУ, Вьетнамын спикертэй уулзжээ

2015 оны 09 сарын 03

УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн бага хуралд оролцож байгаа билээ. Тэрбээр энэ сарын 1-нд БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек, Вьетнам улсын парламентын дарга Нгуен Синх Хунг нартай уулзсан байна.

Манай улсад зохион байгуулах ЕАБХАБ болон АСЕМ-ын хуралд БНЧУ өндөр түвшинд оролцоно гэдгийг ноён Ян Хамачек уулзалтын үеэр онцлоод цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэйгээ хэлэв. Мөн тус улсын Засгийн газраас монгол оюутан залууст тэтгэлэг олгон хамтран ажиллахаа илэрхийллээ.

УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газар хоорондын хамтарсан комисс 2005 оноос амжилттай хуралдаж буй, энэ сарын 21-23-нд нийслэлд ээлжит хурлыг зохион байгуулна гэдгийг онцолжээ. Хоёр улс 1993 оны нэгдүгээр сарын нэгний өдөр дипломат харилцаа тогтоосон байна.

Вьетнамын тухайд манай улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн. Ноён Нгуен Синх Хунг “Монгол Улс 2016 онд АСЕМ-ын дээд хэмжээний яриа хэлэлцээрийг эх орондоо хийхээр төлөвлөж байгаад баяртай байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлснийг сонссон, бид дэмжинэ” гээд З.Энхболд даргыг ойрын үед эх оронд нь айлчлахыг урьжээ. Түүнчлэн Монголын парламент болон Вьетнамын Үндэсний Ассамблейн хамтын ажиллагааг идэвхжүүлэн, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өргөжиж, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж байна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан Вьетнам улсын туршлага бидэнд чухал.

Зүүн Өмнөд Азийн уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээрийг бүхий л түвшинд идэвхжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байна гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД