Оросын хамгийн аймшигтай хүч нь атомын бөмбөг нь биш, авгай хүүхнүүд нь гэдэг шүү дээ

2015 оны 09 сарын 03

Хориг тавих хүмүүсийнхээ нэрийг аль болохоор тэлмээр байна. Украин дахь цэргийн ажиллагаанд татагдан орсон Оросын дээд зиндааныхны бүх хүнийг АНУ руу нэвтрэхийг нь хориглох төдийгүй энэ зарчмаа тэдний ойрын хүмүүс, авгай, хүүхэд, төрөл, садангуудад нь хэрэглэх нь зүйтэй.

Эдвард Лукас бол Английн нэрд гарсан сэтгүүлч, The Economist хэмээх нөлөө бүхий сэтгүүлийн ахлах редактор, Оросын бодлогын талаар олон нийтлэл бичсэн хүн. Тэрбээр “Шинэ хүйтэн дайн” гэдэг номондоо Орос улс Европын холбоонд эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлэх, шинэ хүйтэн дайн эхлүүлэх гэж оролдож байгаад анхаарлаа хандуулахыг Баруун Европын улсуудын удирдлагуудад уриалж байв.

Украинд одоо болж буй үйл явдал, Европын аюулгүй байдлын үзэл баримтлалд түүний учруулах хор хохирлыг Лукас үндсэндээ урьдчилан харсан гэж хэлж болно. Украин улсыг Гаалийн холбоонд элсүүлэхээр Виктор Янукович Владимир Путинтэй нууцаар үгсэн тохирч, хариуд нь ихээхэн мөнгөөр шагнуулсныг мөн Лукас л анх мэдээлсэн юм.

Түүнийг их сургуулийн оюутнуудад лекц уншихаар Украины Львов хотод ирээд байхад нь сэтгүүлч уулзаж ярилцжээ.

-Украинд Оросын явуулж буй түрэмгийллийн эсрэг Европын холбоо үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй гэж саяхны нийтлэлүүддээ та бичсэн байсан. Европын холбоо амжилт олоогүйн шалтгаан юунд байна вэ?

-Үнэн хэрэг дээрээ Европын холбооноос Орос улс ихээхэн сул байгаа. Түүний ДНБ нь 1.86 их наяд доллар байгаа бол Европын холбооных 18.46 их наяд доллар. Гэлээ ч ялалтад хүрэх зориг эрмэлзэл дүүрэн, улс төрийн эрсдэлийг хайхрахгүй, амжилт олохын төлөө иргэдийнхээ амь нас, эдийн засгаа сүйтгэхэд бэлэн байгаа учраас Орос улс ялж дийлж явна.

Тэгвэл европчууд бид эдийн засгаа үрэн таран хийх, ая тухтай байдлаа орхиж эрсдэлийг өөртөө хүлээхэд бэлэн биш байна. Суртал ухуулга, хохирлыг Оростой жишим түвшинд хийх, үүрэхийг бид хэзээ ч тэвчиж чадахгүй. Тиймээс ч Эстони, Гүржид, ялангуяа Украинд Оросын хийж буй түрэмгийлэлд Европын холбоо хийгээд Европын олон улсын бусад бүтэц маш сул хариу барьж буй юм.

Түүнээс гадна Оросын бизнес нь улс төрийн бодлогоо өөр арга хэрэгслээр үргэлжлүүлж буй явдал болохыг бид маш удаан хугацаанд анзаарсангүй. Оросын хөрөнгө Европын санхүүгийн тогтолцоонд хангалттай гүнзгий нэвтэрснээс Украины хямралд Европын холбооны байр суурийг сулруулж чадаж байна.

-Энэ хямрал эхэлснээс хойших нэг жил гаруйн хугацаанд таны үзэж буйгаар Украины хувьд юу хамгийн их аюул учруулж байх шиг байна вэ?

-Аюул хэд хэд байна. Юуны урьд Ойрхи Дорнод дахь хямралт байдал, Грек дэх үйл явдлаас болж дэлхий дахины анхаарал Украинаас ихээхэн хөндийрч байна. Энэ нь Орост ашигтай. Украинд одоо бий болоод буй нөхцөл байдал л сунжирсан цэргийн ажиллагаагаа явуулах боломжийг Орост олгож байна.

Үүнд Европын холбооны өгөх хариу ихээхэн эрч хүчтэй, хүчээ бөөгнүүлсэн байх шаардлагатай атал тийм юм бид олж харахгүй байна. Түүнээс гадна Оросын Ерөнхийлөгч Владимир Путин аливаа бэрхшээлтэй тулгарвал ухрах алхам хийдэггүйг бид ойлгох ёстой.

Тухайлбал, улсынхаа цөмийн зэвсгийн хүч чадлыг нэмэгдүүлэх талаар тэрбээр хатуухан мэдэгдэл хийлээ шүү дээ.

-Путин Украинд ямар зорилгоо биелүүлж, ямрыг нь чадахгүй байна гэж та бодож байна?

-Түүнд хэд хэдэн зорилго байсан. Тэдний нэг нь Украиныг хяналтандаа байлгах боломжийг нь үгүй хийж, цаашлаад Оросын дотоодод ч эсэргүүцэл өдөөж чадах Украины хувьсгалыг бүтэлгүйтүүлэх явдал байв. Оросын цэргийн түрэмгийлэл нь украинчуудыг амьдрах чадвартай болгож нэгтгэснээс энэ зорилгынхоо заримыг нь л Путин хэрэгжүүлж чадсан.

Та бүхний эх оронч чанар чинь Оросынхоос ялгаатай нь эх орныхоо төлөө амиа өгөхөөс гадна эрх чөлөөтэй оронд амьдрах, ажиллах, татвараа төлөх чадварт чинь байна. Үүнийг Путин тооцоолж чадаагүй нь илт.

Өөр нэг амин чухал зорилго нь Европ дахь аюулгүй байдлын дэг журмыг эвдэх явдал байсан бөгөөд Крымийг өөрийн болгосноор түүнийгээ бараг л хэрэгжүүлж чадсан даа. Үүнд өгөх хариугаа Европ ямар алгуур барьж буйг бид харж байна. Гурав дахь зорилгоо амжилттай биелүүлж буй бөгөөд энэ нь аливаа нааштай өөрчлөлт маш их бэрхшээлтэй тулгарч байх тийм нөхцлийг Украинд бий болгож чадсан.

Энэ хүчин зүйлийг Европын орнууд гүйцэд үнэлэхгүй, дайнд сүйдсэн том улс Европын төвд бий болох нь ямар бодит аюул учруулахыг ойлгож ухаарахгүй байна. Украин үнэндээ маш сул, танай Засгийн газарт ихэнхдээ Зөвлөлтийн үеийн хүнд сурталтнууд л ажиллаж байна. Гаднаас аюул заналхийлж буй нөхцөлд тэд дотоодын эсэргүүцлийг сөрөн зогсож чадахгүй.

Тэд гадаад дайснаас ч аюултай. Тиймээс Украинд тохиолдсоны хариуцлагыг Европын холбоо хуваалцаж, Путинийг сөрөн зогсох нь Украины зорилт төдийгүй өөрийн алдааг засах Европын холбооны зорилго чиглэлтэй үйл ажиллагаа байх ёстойг ойлгох хэрэгтэй байна.

-Ямар алдааны тухай Та яриад байна вэ?

-Ганцаар захирах тогтолцоо, эзэнт улсын санаархал Орост хүчтэй болж буйг Европын орнууд сүүлийн арван жилийн хугацаанд огт хайхраагүй. Хүйтэн дайны үе шувтарсан гэх бодолдоо хүчтэй автсан. 1998 оноос эхлэн 2008 он хүртэл Оросын эдийн засаг өсөж байгааг Мексик, ӨАБНУ-ынхтай харьцуулан шагшаад л байлаа.

Энэ хугацаанд “Оростой хамтарч мөнгө хийвэл ашиг олно” гэсэн уриатай байв. Оростой хамтрах нь түүний авлигын сүлжээнд гүнзгий орооцолдож, Путиний түншүүдтэй түрийвчээ нэгтгэнэ гэсэн үг болохыг одоо л ойлгож байх шиг байна. Кипр, Латви, Австри улс Лондоны банкуудад угааж буй Оросын бохир мөнгөний эсрэг хүчтэй, тууштай бодлого Европын холбоонд одоо хэр нь алга.

Түүнээс гадна Балти орчмын орнуудын тусгаар тогтнолыг Европын холбоо хоёрдмол бодолгүй, шаргуу дэмжих нь чухал. Эрчим хүчний тодорхой бодлого хэрэгтэй байна. Үүнийг 2001-2002 онд хийж чадсан бол Гүржийн нутгийн зарим хэсгийг Орос эзэлж авахгүй, Украинтай ч илт цэргийн зөрчилтэй алхам хийхгүй байсанд эргэлзэхгүй байна.

Энэ бүхэн Оросын түрэмгийллийн золиос болсон орнуудын өмнө Европын хүлээх буруутай үйлдлийн тодорхой хэсэг нь юм.

-Их Британид санхүүгийн талаар нөлөөлөх гэсэн Оросын оролдлогыг та юу гэж үзэж байна. Үр дүнд хүрч байна уу?

-Оросын төрийн мэдлийн компаниуд, Путиний ойрын хүрээллийнхний эрх ашигт Британийн банкууд үйлчилсээр байгаа нь нууц биш. Лондонгоос мөнгө олж буй Оросын бизнес нь Чеченийн дайнаас эхлээд Украин дахь үйл явдал хүртэл хүний цусаар олж буй ашиг болохыг хэлээд өгдөг олон түмэнд нээлттэй кампанит ажил бидэнд их үгүйлэгдэж байна.

Харамсалтай нь, Их Британи өөрийн санхүүгийн орчинг цэвэрлэхийг бодохгүй, гэмгүй амьтны дүр эсгэхийг сонирхох болжээ. Оросын томоохон олигархуудад ганц ч удаа хэрэг үүсгэхгүй болохоор Путин хийгээд түүний хамтрагчид Европыг өөрсдөдөө аюулгүй гэж үзэх болсон.

-Ойрын үед энэ талаар далайцтай ажил хийх боломж бий гэж Та үзэж байна уу?

-Би Их Британиас илүү АНУ-д найдаж байгаа. Тэд арай л буурьтай хандаад байдаг юм. Украинд үнэн хэрэг дээрээ Оросын нөлөө ямар байгааг тодруулах гэхдээ Украины олигарх Дмитрий Фирташийг өөрсдөд нь өгөхийг шаардаж байсныг санаж байгаа биз дээ.

-Орост тавьж буй Европын хориг хэр зэрэг үр ашигтай байгаа гэж Та бодож байна?

-Хангалтгүй байна. Манай ДНБ 18.46 тэрбум доллар байгаа, бид 502 саяул. Бидэн рүү довтлох гэж бүү оролд, өөрсдөд чинь хүнд байх болно шүү гэж бид эхнээсээ л Орост хэлэх ёстой байсан ч тэгсэнгүй.

Одоо бол Европын орнуудад цэрэг дайны бэлтгэлийг даруй өргөтгөж, байгалийн хий гадагш нь гаргах явдлыг хуулийн түвшинд эрчимтэй мөрдөн шалгаж, банкуудад хатуу хориг тавих нь зүйтэй гэж хувьдаа үзэж буй.

-Одоогийн нөхцөлд АНУ-ын зүгээс ямар хориг тавих бол?

-Хориг тавих хүмүүсийнхээ нэрийг аль болохоор тэлмээр байна. Украин дахь цэргийн ажиллагаанд татагдан орсон Оросын дээд зиндааныхны бүх хүнийг АНУ руу нэвтрэхийг нь хориглох төдийгүй энэ зарчмаа тэдний ойрын хүмүүс, авгай, хүүхэд, төрөл, садангуудад нь хэрэглэх нь зүйтэй.

Оросын хамгийн аюултай хүч бол атомын зэвсэг нь биш, уурлаж хилэгнэсэн хүүхнүүд нь гэдэг шүү дээ. Авгай нь АНУ-д очиж дэлгүүр хэсэхийг боддоггүй Оросын төрийн томоохон албан хаагчид, нэр хүндтэй их, дээд сургуульд нь сурахыг хүсдэггүй хүүхэд, эмчүүлэхсэн гэдэггүй өвгөд хөгшид бий гэж үү. Ийм хориг хөндүүр газрыг нь олж, Путиний засаглалын бүх шатныханд хүчтэй нөлөө үзүүлнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
140.115.31.238
140.115.31.238 yu ?
  • 2015 оны 09 сарын 03