Одоо хүртэл махаа экспортолж эхлээгүй байна

2015 оны 09 сарын 03

Мал нядлах, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор МХЕГ-аас өчигдөр 25 аж ахуйн нэгжийн итгэмжлэлийн хугацааг нэг жилээр сунгалаа. Аймаг, нийслэлийн МХГ-аас хийсэн хяналт шалгалт, хяналтын хуудас, эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр үнэлж, итгэмжлэл олгодог байна.

Итгэмжлэлийн гэрчилгээ нь манай улстай мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулсан ОХУ, БНХАУ зэрэг оронд мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болохыг нотолж буй аж. “Хаан хүнс”, “Монгол фүүд”, “Хүнс комплекс”, Эрдмийт”, “Вон март”, “Преком” зэрэг компани 2014 онд итгэмжлэл авах хүсэлт гаргаж, МХЕГ-аар хянан магадлуулснаар гэрчилгээ авчээ.

Энэ жил манай улсад малын халдварт өвчин их гарсны улмаас экспорт буурч буй аж. Цаашид хөрш орнуудад нийлүүлэх боломжийн талаар “Монгол мах экспо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Очирбатаас тодруулахад “Монголын махны үйлдвэрүүд 9-11 дүгээр сарын сүүлч хүртэл 2-3 сар л ажилладаг.

Гэтэл энэ жилийн экспорт одоо хүртэл эхлээгүй байна. Манай улсаас ОХУ руу 15, БНХАУ руу таван компани мах экспортлох урьдчилсан тооцоо гарсан. Тухайн аж ахуйн нэгжүүд мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл авсан ч одоогоор ямар ч гэрээ хийгээгүй хүлээж байна.

Орос руу махны уламжлалт экспорт хийдэг ч эдийн засаг нь хүндрэлтэй байгаа. Манай улс экспортлох махны хэмжээгээ нэмье гэхээр төлбөрөө рублиэр хийх хүсэлтэй байдаг. Рублийн үнэ унасан учраас аж ахуйн нэгжүүдэд ашиггүй. Мөн манай улсын бод мал цөөн.

Гэтэл хөрш орнууд бог малын махаас илүүтэй үхэр, адууны мах авах хүсэлтэй. Энэ мэт хүндрэлтэй асуудал их бий. Цаг алдалгүй экспортоо эхлүүлэх шаардлагатай, энэ жил оройтож байна” гэв. Түүнчлэн Япон, Вьетнам, Иран зэрэг орон манай улсаас мах импортлох хүсэлтэй байдаг ч хөрш орнууд зөвшөөрдөггүй аж.

Э.ДОЛГОРСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 2 hursh ih gatsaa boloh yumaa.